| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2026/0487/З |
| Дугаар | 128/ШШ2026/0594 |
| Огноо | 2026-06-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2026/0594
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогтой гийн /РД:/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц. /ШТЭҮД:/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын хуулийн мэргэжилтэн Н. /РД:/.
Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохиролд 42,982,544 /дөчин хоёр сая есөн зуун наян хоёр мянга таван зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Нэхэмжлэгч Р. нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтийг холбогдох баримтын хамт гаргасан авч тус газраас Р.д хариу өгөөгүй тул нэхэмжлэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргажээ.
1.2. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “ Хариу хүргүүлэх тухай” 06/237 дугаар албан бичгээр “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30 өдрийн 183/ШШ2022/******* дугаартай шийдвэрээр ******* ******* /*******/-ыг ******* *******, ий д үрчлүүлснийг хүчингүйд тооцон тогтоосон болно. Дээр дурдсан шүүхийн шийдвэрээр ******* *******ыг танд үрчлэгдсэнийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь уг хүүхдийг 3 хүртэл настайд нь үрчлэн авч, 6 настай болтол өсгөсөн гэж үзэх боломжгүй...” тул хуульд заасан шаардлагыг хангахгүй байна гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн, улмаар нэхэмжлэгч нь “Өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар тус шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/******* дугаар шийдвэрээр Р.гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан бол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2025/******* дугаар магадлалаар тус шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээр тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
1.3. Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нь 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдох баримтуудыг хавсарган 2024 оны 09 дүгээр сараас эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгуулах тухай хүсэлтийг гаргасан боловч тус нийгмийн даатгалын газраас нэхэмжлэгч Р.д 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэвэр олгохоор шийдвэрлэсэн, энэ шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч “2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны тэтгэврийг нөхөж олгох тухай” гомдлыг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр болон 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт тус тус гаргасан ба,
1.4. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 04/911 дугаар албан бичгээр “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2025/******* дугаар магадлалын дагуу Р.д 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг зөвлөж” Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт хүргүүлсэн боловч шийдвэрлүүлж чадаагүй байна.
1.5. Нэхэмжлэгч Р.гаас “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохиролд 42,982,544 /дөчин хоёр сая есөн зуун наян хоёр мянга таван зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан ба тус шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 3677 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Миний бие нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд дөрөв ба түүнээс дээш хүүхдийг зургаан нас хүртэл өсгөсөн, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-оос доошгүй жил төлсөн, 50 насанд хүрсэн эмэгтэй болно. Иймд 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өргөдлийг холбогдох баримтын хамт гаргасан. Гэтэл тус байгууллагын албан тушаалтан миний өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэлгүй, бичгээр шийдвэр гаргалгүйгээр амаар татгалзсан нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах үүргээ биелүүлээгүй, хууль бус эс үйлдэхүй болсон.
Улмаар миний бие Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандсан боловч 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 06/237 дугаар албан бичгээр өгсөн хариу нь хууль зүйн үндэслэлгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2025/******* дугаар магадлалаар миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчийн үйлдэл (эс үйлдэхүй)-ийг хууль бус болохыг тогтоосон. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд хариуцагч байгууллага нь анхнаасаа 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тэтгэвэр тогтоох ёстой байсан нь тогтоогдсон. Ингээд 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч байгууллагад холбогдох баримтуудыг хавсарган 2024 оны 09 дүгээр сараас эхлэн тэтгэвэр тогтоож, тэтгэвэр олгох тухай хүсэлтийг гаргасан. Гэвч хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийг буруу тайлбарлан зөвхөн 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэвэр олгож, өмнөх хугацааны тэтгэврийг нөхөн олгоогүй бөгөөд хүсэлтийн хариуг бичгээр өгөхөөс татгалзсан. Хэрэв хариуцагч байгууллага анхнаасаа хуульд заасны дагуу миний өргөдлийг шийдвэрлэсэн бол би 2024 оны 09 дүгээр сараас эхлэн сар бүр тэтгэвэр авах байсан. Гэтэл хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас би 2024 оны 09 дүгээр сараас 2026 оны 01 дүгээр сар хүртэлх нийт 16 сарын хугацаанд тэтгэвэр авч чадаагүй бөгөөд нэг сарын тэтгэвэр 2,686,409 төгрөгөөр тооцвол 42,982,544 төгрөгийн хохирол учирсан болно. Энэхүү хохирол нь хариуцагч байгууллагын буруутай, хууль бус эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой бодит хохирол юм. Нэхэмжлэгчийн зүгээс 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр болон 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт тус тус гомдол гаргасан. Улмаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 04/911 дугаар албан бичгийг 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр цахим шуудангаар ирүүлсэн. Дээрх албан бичигт шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг зөвлөсөн агуулгатай хариу өгсөн. Гэвч уг хариу нь нэхэмжлэгчийн анх 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх ёстой байсан нөхцөл байдлыг үл харгалзан үзсэн, мөн хариуцагч байгууллагын хууль бус эс үйлдэхүйн улмаас үүссэн хохирлын бодит хугацааг бүрэн тооцоогүй тул хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохиролд 42,982,544 (дөчин хоёр сая есөн зуун наян хоёр мянга таван зуун дөчин дөрвөн) төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд гарсан нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна. 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Р. өндөр насны тэтгэвэр тогтоох эрх үүссэн. Энэ үеэс Нийгмийн даатгалын газарт холбогдох баримтыг өгсөн боловч хууль бусаар татгалзаж шийдвэрлэсэн. Татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгасан. Даалгаж шийдвэрлэсэн гэдэг нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос даалгах гэдэг агуулгаар биш, анхнаасаа 2024 оны 9 сард нэхэмжлэгч тэтгэвэр авах эрх үүссэн байна. Үүнийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгөөч гэж байгаа. Өөрөөр хэлбэл 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс тэтгэвэр тогтоох ёстой гэж үзэж байгаа. Иймд 2024 оны 9 дүгээр сарын 13-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл олгогдох ёстой тэтгэврийг гаргуулж өгнө үү” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
3.1. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар нийгмийн даатгалын холбогдох харилцааг зохицуулж байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн зорилго, хууль үйлчлэх хүрээ, нэр томьёоны тодорхойлолтод заасан хуулийн шаардлагыг хангуулах, хэрэгжилтийг зохион байгуулах эрх нь үүссэн даатгуулагчдад тэтгэвэр тогтоох олговол зохион байгуулан ажиллаж байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4.1.13-т “тэтгэвэр” гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүссэн даатгуулагч, хүнд сар бүр олгох мөнгөн хөрөнгийг; 4.1.14-т “тэтгэвэр авагч” гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр тогтоолгон авч байгаа хүнийг; Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 1.1-т “энэ хуулийн зорилго нь Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу шимтгэл төлсөн даатгуулагчид тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоох, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” 5.1.3-т “төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-оос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй” мөн хуулийн 22.1-т “даатгуулагч тэтгэвэр тогтоолгох шаардлагатай баримт бичиг, өргөдлийг доор дурдсан хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана”, 22.3-т "тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэтгэвэр олгохтой холбогдсон бусад харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална”, 22.4-т “тэтгэвэр тогтоолгох өргөдлийн маягтын загвар, тэтгэвэр тогтоолгох баримт бичгийн бүрдэлд хяналт тавих, тэтгэврийн хувийн хэрэг бүрдүүлэх, бүртгэх журам, тэтгэвэр бодох зааврыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална” гэж тус тус заасан байна.
3.1.1. Нэхэмжлэгч Р. нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.3-т “төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-оос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд үрчлэн авсан нэг хүүхдийн үрчлэлтийг хууль бус дагуу хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтийг буцаасан. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох өндөр насны тэтгэврийг тогтоохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Р. нэхэмжлэлийн шаардлагаа Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоохоор хариуцагчид даалгах гэж өөрчлөн гаргасан гэжээ. 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/******* дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т ... Р.д өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зохих журмын дагуу тогтоохыг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай гэж шийдвэрлэсэн бөгөөд Р.гийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт Өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэн 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс тооцож тэтгэврийг тогтоосон байна. Тэтгэврийн тогтоолтын хуудас, тэтгэврийн хувийн хэрэг, даатгуулагчийн гаргасан хүсэлт, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэргээр тогтоогдож байна.
3.1.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу Р.д өндөр насны тэтгэвэр тогтоож олгоход холбогдох хуулийг зөрчсөн тухай үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд 2026 оны 1 дүгээр сараас хөдөлмөрийн харилцааг дуусгаж тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гарган өндөр насны тэтгэвэр нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.3-т заасан нөхцөлөөр тогтоогдсон байна. Мөн Р. нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхэд 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүргүүлсэн мэдэгдэх хуудсыг хүлээн авч холбогдох баримт тайлбарыг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гарган хүргүүлж Иргэний журмаар гаргасан нэхэмжлэлийг гардан авсан бөгөөд Захиргааны хэрэг шүүх хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Энэ нь ямар хууль зүйн асуудал байгаа вэ гэхээр, Тэтгэврийн харилцаа гэдэг нь нэгдүгээрт, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох ёстой. Хоёрдугаарт, хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд Р.г хохирсон гэж үзэхээргүй байгаа. Учир нь 2024 оны 9 дүгээс сараас хойш 2026 оны 01 дүгээр сар хүртэл албан журмаар даатгуулж зохих журмын дагуу явж байгаа. Мөн шүүхээс шийдвэрлэсэн асуудал ярьж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны магадлал нь 4 хүүхэдтэй байх байсан уу, 3 хүүхэдтэй байх байсан уу? Тэтгэвэр тогтооход 4 хүүхэдтэй байх агуулгаар тогтоосон шийдвэр гэж үзэж байна. 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч хүсэлт гаргасан. Өргөдлийг нь хүлээн авч 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж тэтгэврийг нь олгож эхэлсэн. Үүнээс дүгнэж хэлэхэд Нийгмийн даатгалын байгууллага Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар тэтгэврийн харилцааг зохицуулсан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 22 дугаар зүйлд тэтгэвэр тогтоох өргөдөл гаргах, шийдвэрлэх хугацаа гэж байгаа. Даатгуулагч тэтгэвэр тогтоолгохоор шаардлагатай баримт бичгийг дор дурдсан хугацаанд Нийгмийн даатгалын байгууллагад цаас эсвэл цахим хэлбэрээр гарна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг хүссэн хугацаа гэж байгаа. Үүнд Р. 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өргөдөл гаргасан. Хүсэлтийнх нь дагуу бид шийдвэрлэсэн. 2024 оны хүсэлтээр яагаад тэтгэвэр тогтоогоогүй вэ гэхээр, энэ нь Нийгмийн даатгалын байгууллагад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, түүнийг шалгах явцад өргөж авсан С.Маргад-Эрдэнэ гэх хүүхдийн үрчлэлтийг хүчингүй болгосон тул өргөдлийн дагуу шийдвэрлэх боломжгүй. Яагаад шийдвэрлэх боломжгүй байсан бэ гэхээр, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-оос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй гэх хуулийн шаардлагыг хангаагүй байсан тул өргөдлийг нь шийдвэрлэх боломжгүй байсан. Нөгөө талаас дүгнэж үзэхэд энэ бүх хугацаанд Нийгмийн даатгалын байгууллага Р.д хуульд зохих журмын дагуу хүсэлтийг нь авч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Тэтгэврийг нь олгож байгаа. 42 сая төгрөгийн хохирол учруулаагүй гэж үзэж байна. Учир нь 2024 оноос хойш ажил хөдөлмөр эрхлээгүй, зөвхөн тэтгэврээ авах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэхгүй байгаа. Энэ хугацаанд ажил хөдөлмөр хийгээд явж байсан. Хавтаст хэрэгт ажлаас чөлөөлөгдөж өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардсан хүсэлтийг шүүх анхаарч үзэх хэрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэврийг хуульд заасан зохицуулалтын хүрээнд тогтоолгон авахаар хүсэлт гаргах явцад “...төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн... ” гэх хуулийн зарим шаардлагыг хангаагүй гэх хариуг эрх бүхий байгууллагаас өгснөөр,
2.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан ба тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШЗ2025/2795 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Р.гийн “өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлээр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсэж, хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/******* дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг нь бүхэлд хангаж шийдвэрлэхдээ, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын, Р.д өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Р.д өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр, зохих журмын дагуу тогтоохыг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгажээ.
2.2. Дээрх шүүхийн шийдвэр нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2025/******* дугаар магадлалаар хэвээр үлдэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдаагүй байна.
2.3. Ийнхүү дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд шүүхийн зүгээс энэхүү захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу үнэлж, нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг “...төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн... 50 насанд хүрсэн эмэгтэй...” гэх хуулийн шаардлагыг хангасан эсэх талаар шүүх нэгэнт дүгнэлт өгсөн гэж үзсэн болно.
3. Маргаан бүхий үйл баримтыг түүвэрлэн үзвэл,
3.1. Нэхэмжлэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт хандан нийгмийн даатгалын шимтгэлийг 27 жил 4 сар төлж, 50 нас хүрсэн зэргээр өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоолгох эрх үүссэн хэмээн хүсэлт гаргасан, энэ цаг хугацаанд нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх, нөхцөл шаардлагаас буюу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.3-д “төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн” гэснийг хангаагүй гэж үзэж, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тэтгэврийн байцаагч Ц.Ширчмаагаас шийдвэрлэж, баримт бичгийг нь буцаан хариу өгсөн.
3.2. Нэхэмжлэгч нь 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт хандан “нийгмийн даатгалын шимтгэлийг 22 жил 9 сарын хугацаанд төлж 3 хүүхэд төрүүлж, 1 хүүхэд үрчлэн авсан 6 жил нэмэгдэж нийт 28 жил 9 сар ажилласан..., 2024 оны 09 дүгээр сард өргөдөл гаргаснаас хойш үндсэн ажилтнаар 1 жил 4 сарын хугацаанд ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн..., ажилласан жил 30 жил 2 сар болсон..., 2024 оны 09 сараас 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны тэтгэврийг тоот дансанд олгож өгөх” зэргээр тэтгэврээ тотгоолгох, тэтгэврийн зөрүүгээ авах хүсэлт гаргасан.
3.3. Хариуцагчаас 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тэтгэврийн 1974070575473 дугаартай хувийн хэрэг нээж, нэхэмжлэгчийг 29 жил 6 сар, 27 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласнаар, бодогдсон тэтгэврийн бодит хэмжээ 2,686,410 төгрөг байхаар, өндөр насны тэтгэврийг 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэвэр авагчид олгож эхлэхээр шийдвэрлэжээ.
3.4. Нэхэмжлэгч нь 1974 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.3-д зааснаар “төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-оос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй” гэх нөхцөл шаардлагын талаар хариуцагч маргаагүй.
3.5. Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийгмийн даатгалын ерөнхий газраас шүүхийн шийдвэр, магадлалын дагуу Р.д 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг зөвлөж хариуцагчид хүргүүлсэн боловч шийдвэрлэгдээгүй байна.
4. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2. “даатгуулагч гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах зорилгоор нийгмийн даатгалын санд урьдчилан шимтгэл төлж даатгуулсан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг”, 4.1.13. “тэтгэвэр гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүссэн даатгуулагч, хүнд сар бүр олгох мөнгөн хөрөнгийг”, 4.1.14. “тэтгэвэр авагч гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр тогтоолгон авч байгаа хүнийг”, 33 дугаар зүйлийн 33.1. “Даатгуулагч дараах эрх эдэлнэ”, 33.1.1.“нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан нөхцөлийг хангасан тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах”, Нийгмийн даатгалын сангаас олгох олгох тэтгэврийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. “Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу шимтгэл төлсөн даатгуулагчид тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоох, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 2 дугаар зүйлийн 2.1.1.“тэтгэвэр гэж Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4.1.13-т заасныг”, 5 дугаар зүйлийн 5.1. “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 5.1.3. “төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-оос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй” гэж заажээ.
5. Дээрх хуулийн зохицуулалтаас болон нэхэмжлэгч, хариуцагч нарын маргасан агуулга, үндэслэлд дүгнэлт өгвөл, нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу шимтгэл төлсөн даатгуулагч байх бөгөөд хариуцагч захиргааны байгууллагатай тэтгэврийн даатгалын сангийн төрлүүдээс өндөр насны тэтгэвэр тогтоолгох, олгохтой холбогдсон харилцаанд оролцсон, нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн байна.
6. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4. “Шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь дараах хэлбэртэй байна”, 22.4.1. “анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр”, 22.4.2. “давж заалдах шатны шүүх магадлал”, 22.4.3. “хяналтын шатны шүүх тогтоол”, 23 дугаар зүйлийн 23.1. “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, 23.2. “Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ”, 23.3. “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд зориуд саад учруулсан этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
7. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-д заасан “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх” үндэслэлээр нэхэмжлэлээ гаргаж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасан “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” шийдвэр гаргуулахаар шүүхээс шаардаж, хариуцагч захиргааны байгууллагыг шүүхийн шийдвэрийг буруу тайлбарлан зөвхөн 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэвэр олгосон, тэтгэврээ авч чадаагүй саруудын мөнгө нь хариуцагч байгууллагын буруутай хууль бус эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой бодит хохирол зэргээр болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хариуцагчийн буруутай үйл ажиллагааг тайлбарлан мэтгэлцсэн.
8. Энэ тохиолдолд Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан тухай болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” 25 дугаар тогтоолын Тав. Тайлбарын дэлгэрэнгүй үндэслэл. 5.1.1.2-т “...мөн хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс, ...холбоотой маргааныг ч захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ” гээд, 5.1.3-д “Захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролтой холбоотой маргааны тухайд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 болон 3 дугаар зүйлийн 3.1.3-т хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх...”, 5.2-т Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж тус тус заасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх”-ээр заасан байна.
9. Иймд хүн, хуулийн этгээдийн зүгээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо захиргааны журмаар шаардах эрхтэй бөгөөд энэ нь бие даасан нэхэмжлэлийн төрөлд хамаарна. ... Дээр тайлбарласнаар хохирол гаргуулах нэхэмжлэл нь бие даасан нэхэмжлэлийн нэг төрөл тул энэ нэхэмжлэлийн хүрээнд захиргааны хэргийн шүүх хохирлын хэмжээг өөрөө шалган тогтоох ба хэрэв захиргааны буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид тодорхой хэмжээний хохирол учирсан нь тогтоогдвол тухайн хохирол болон хохирлын хэмжээний талаар хариуцагч эс зөвшөөрч маргасан эсэхээс үл хамаарч шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д зааснаар хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтооно” гэж тайлбарласныг иш үндэс болгон маргааны үйл баримтад дүгнэлт хийхээр байна.
10. Түүнчлэн хариуцагч нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг буюу “Р.д өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр, зохих журмын дагуу тогтоохыг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгасан” хэсгийг үл биелүүлсэн нь нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэл гаргаж хохирол арилгахыг шаардан маргаан үүсгэх үндэслэл болсон, шүүхээс хэргийн харьяалал зөрчигдөөгүй гэж үзэж, маргаан бүхий үйл баримтыг Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд дүгнэж, уг хуулиудыг тайлбарлан хэрэглэх үндэслэл болж байна.
11. Хохирлын тухайд, нэхэмжлэгч нь анх шүүхийн шийдвэрийн дагуу тэтгэвэр тогтоолгох эрхтэй болсон 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш тэтгэвэр тогтоолгож авч эхэлсэн 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох хугацааны тэтгэврийг хариуцагч захиргааны байгууллага нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.3. “тэтгэвэр бодох цалинд үндэслэсэн арга гэж даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаа, сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээнд үндэслэн сард олгох тэтгэврийн хэмжээг тооцохыг” гэж заасныг иш үндэс болгон мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан “Өндөр насны тэтгэвэр бодох арга”, 7 дугаар зүйлд заасан “Өндөр насны тэтгэврийн хэмжээг цалинд үндэслэсэн аргаар бодох”, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1. “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэх зохицуулалтыг хэрэгжүүлэн дээрх хугацаанд хамаарах өндөр насны тэтгэврийг бодож олгох нь зүйтэй.
12. Нэхэмжлэгч нь нийт 16 сараар тооцон хохирол нэхэмжилсэн нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, шүүх дээр дурдсаны дагуу 5 сарын хугацаанд хамаарах тэтгэврийг нөхөн гаргуулах нь зүйтэй гэж үзсэн бол, үлдэх 11 сарыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Энэ үндэслэлийн тухайд, нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3. “төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн...” гэх хуулийн шаардлагад хамаарах маргаан шүүхээр шийдвэрлэгдэж, үйл баримтын тухайд дүгнэгдсэн, энэ тохиолдолд шууд хариуцагчийг буруутгах боломжгүй, хэн альных нь хувьд маргаантай байсан, харин шүүхээр нэгэнт тогтоогдож шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт “Р.д өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр, зохих журмын дагуу тогтоохыг хариуцагчид даалгаж” заасаар байхад шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр хууль бус эс үйлдэхүй гаргаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Иймээс шүүхийн шийдвэр гарсан цаг хугацаанаас эхлэн тэтгэврээ тогтоолгон авах эрх үүссэн гэж үзнэ. Нэхэмжлэгчээс анх хариуцагч захиргааны байгууллагад хүсэлт гаргасан огноо болох 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан хугацаа болох 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд хамаарах өндөр насны тэтгэврийн нэхэмжилсэн мөнгөн дүн үндэслэлгүй болно.
13. Нэхэмжлэгч нь одоо авч буй тэтгэврийн мөнгөн дүн болох 2,686,410 төгрөгийг нийт 16 сараар үржүүлж хохирлын хэмжээг гаргасан нь учир дутагдалтай. Энэхүү шүүхийн шийдвэрийг хариуцагчаас биелүүлэхдээ, 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш тэтгэвэр тогтоож олгож эхэлсэн 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох хугацаанд нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа өөр гарахыг анхаарч, нэг сард олговол зохих тэтгэврийн хэмжээг шинээр тооцон бодож олговол зохино.
14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч гаргагч нь урьдчилан төлөх зохицуулалттай ба нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг мөн хуулийн 47.2-д зааснаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13, 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан Р.гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/******* дугаар шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тэтгэвэр тогтоолтын хуудас ёсоор 1974070575473 дугаартай тэтгэврийн хувийн хэргийн дагуу тэтгэвэр олгож эхэлсэн 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны өндөр насны тэтгэврийг бодож, нөхөн олгохыг хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах нэхэмжилсэн тэтгэврийн мөнгөн дүнг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН