Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2019/00025

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2019/00025

 

 

 

 

Шим ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг, даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/03367 дугаар шийдвэртэй, Шим ХХК-ийн нэхэмжлэлтэй Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ-т холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12 240 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Батаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Батаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ-аас зарласан Ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажилд хэрэглэх микробиологийн бэлдмэл худалдан авах ОйСХТ-2017/ОХШӨТ-06 тоот тендерийн Багц-3 тендерт оролцон шалгарсан бөгөөд тус газартай 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 5 дугаартай Bacillus thuringiensis Bt-MN-01cillus thuringiensis омгоор үйлдвэрлэсэн Bt-MN01 эсхүл түүнтэй дүйцэх био бэлдмэл худалдах, худалдан авах гэрээг байгуулж, хамтран ажилласан. Гэрээнд зааснаар манай байгууллага нь 63 000 литр био-бэлдмэлийг нийлүүлэх үүрэг хүлээсэн ба тухайн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж, хариуцагч байгууллага 2017 оны 5 дугаар сард бүтээгдэхүүнийг Бараа хүлээж авсан акт үйлдэж хүлээж авсан боловч төлбөрийг төлөхгүй, 2017 оны 8 дугаар сард төлбөрийг дутуу төлсөн. 2017 оны 12 дугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга н.Цэнгэл уг био-бэлдмэлийг цацсан газруудаас 2 газарт устгал хийгдээгүй, үүнийг устгах арга хэмжээ авч өгөөч, энэ талаар төрийн бус байгууллагууд хэл ам гаргаад байна гэж гуйхад нь бид зөвшөөрсөн. Бид бүтээгдэхүүнээ Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ-т өгсөн бөгөөд тус байгууллага нь манай нийлүүлсэн хорыг тухайн объектод цацах этгээдийг дахин тендер зарлаж өөр компаниар био-бэлдмэлийг цацуулсан. Уг био-бэлдмэлийг онгоцоор цацдаг бөгөөд цацахдаа дуслыг хэд хэд хуваасантай тэнцэх хэмжээгээр цацдаг юм. Ингээд цацах үед нь бороо орсон, салхи гарсан бол үр дүнд нь нөлөөлдөг ба тухай үед цаг агаар нь ямар байсан нь тодорхойгүй. 2017 оны тайлан танилцуулгад 16 000 га талбайд манай хорыг цацсан гэж байдаг. Хор үйлчлээгүй гэх талбай нь 600 га буюу нийт талбайн 3.75 хувийг эзэлж байна. Стандартад чанар 75 хувиас дээш байвал чанарын шаардлага хангасан гэж үздэг бөгөөд манай компаниас авсан био-бэлдмэлийг цацсан нийт талбайн 3.7 хувьд үйлчлээгүй буюу 96 хувьд нь үйлчилсэн. Тиймээс чанарын шаардлагын хувьд манай био-бэлдмэл нь бүрэн чанартай байсан гэж үзэж байна. Гэрээнд зааснаар уг био-бэлдмэлийн төлбөрийг тухайн үед бүтээгдэхүүнийг хүлээж аваад л төлөх ёстой байсан. Түүнчлэн манай хорыг муу, чанаргүй гэж хэлэхгүй атлаа уг үйлчилгээ үзүүлээгүй 1 800 литр био-бэлдмэлийг дараа жил нь нийлүүлээд өгөөч гэхэд нь мөнгөө авахын тулд зөвшөөрч уг протоколд нь гарын үсэг зурж 116 160 000 төгрөг аваад өр төлбөрөө төлж байсан. Уг 116 160 000 төгрөг нь 2017 оны 5 дугаар сард нийлүүлсэн био-бэлдмэлийн төлбөр юм. Иймд хариуцагч Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ-аас худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 12 240 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 онд Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ нь Монгол орны ойн хортон шавьж устгах зорилгоор шавьж устгах био-бэлдмэл худалдан авах тендер зарласан, тендерт Шим ХХК шалгарч 63 000 литр био-бэлдмэл нийлүүлэх гэрээ байгуулсан нь үнэн бөгөөд гэрээ байгуулсан тал дээр маргаан байхгүй. Мөн 63 000 литр био-бэлдмэл хүлээн авсан акт үйлдсэн нь үнэн боловч зөвхөн гаднах байдлаараа 63 000 литр био-бэлдмэл хүлээж авсан ба доторх шинж чанар байдлыг нь шалгаж хүлээж аваагүй. Тухайн 63 000 литр био-бэлдмэл нь тус бүр нь 100 литр орчмоор савлагаатай байдаг. Тус тусдаа савлагаатай байдаг бүтээгдэхүүнүүд учир чанарын шаардлага нь өөр өөр байх боломжтой бөгөөд тухайн чанаргүй бүтээгдэхүүнүүд нь Архангай аймгийн Төвшрүүлэх сум болон Горхи, Тэрэлжийн сав газарт цацагдсан ба цацалт хийгдсэний дараа ойн хортон шавьжийн хувь, нягтаршил буурахгүй байна гэсэн гомдол гаргасан байдаг. Ингээд хортон шавьж устгах ажил үр дүнд хүрээгүй болох нь тодорхой болсон. Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ-аас талуудыг байлцуулан Байгаль орчин аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын албан өрөөнд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хурал хийж бодис нийлүүлэгч болон бодис цацсан 2 компанийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрх бүхий албан тушаалтнууд оролцон хуралдсан. Нэхэмжлэгчийн нийлүүлсэн 63 000 литр бэлдмэлээс Горхи-Тэрэлжийн сав газарт болон Архангай аймгийн Төвшрүүлэх суманд цацсан 1 800 литр бодис үр дүнд хүрээгүй тул чанаргүй хорыг дахин 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор нийлүүлэх шийдвэрт хүрч, энэ талаар нэмэлт гэрээ байгуулсан. Нэмэлт гэрээний дагуу био-бэлдмэлийн дутууг гүйцээж нийлүүлсэн тохиолдолд үлдэгдэл төлбөрийг төлж тооцоог дуусгана гэж уг гэрээнд тусгасан. Нэгэнт нэмэлт гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээнээс үүдэх үүргээ гүйцэд биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Тус 12 240 000 төгрөг нь Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ-ын дансанд одоо ч байгаа бөгөөд 1 800 литр бүтээгдэхүүнийг хүлээж аваад, чанар шалгалтаа хийгээд болж байна гэж үзвэл төлбөрийг төлөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ-аас 12 240 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Шим ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 210 790 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Мөнхбат давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, хэргийг хэт нэг талыг барьж шударга бус шийдсэнээс шийдвэр хууль ёсны хийгээд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт захиалагч нь барааны нийлүүлэлтийг 428 400 000 төгрөгийг төвлөрсөн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлнэ, санхүүжилтийг барааг 100 хувь нийлүүлсний дараа бүрэн олгоно гэх үүргийг хүлээжээ гээд ... бараа хүлээн авсан №03/05 дугаар актын 2-т ... нийт 63 000 литр нийлүүлэх тоо хэмжээний бүрэн гүйцэд, чанар аюулгүй байдлыг хангасан савлагаа, баглаа боодолтой, бүтээгдэхүүнийг сертификат зэргийг тулгалт хийж шалгаж хүлээн авав гэж зааснаар Шим ХХК нь ... гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, талуудын хооронд байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаартай Ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажилд хэрэглэгдэх микробиологийн бэлдмэл худалдан авах ОйСХТ-2017/ОХШӨТ-Об тоот тендерийн Багц-3. Bacillus thuringiensis Bt-MN-01 омгоор үйлдвэрлэгдсэн Bt-MN-01 эсхүл түүнтэй дүйцэх биобэлдмэл худалдах-худалдан авах тухай гэрээ-ний бусад заалт буюу нийлүүлсэн бараа нь гэрээнд заасан бүх нөхцөл болзолд нийцсэн байх, гэмтэл согоггүй байх, чанар хангасан байх, хэрэв гэмтэл согог илэрсэн, чанаргүй бараа нийлүүлсэн бол зөрчил дутагдлыг арилгах, тухайн зөрчил дутагдлыг арилгасан байдалд дүйцүүлэн төлбөрийг хэсэгчлэн төлж болохоор зохицуулсныг зохих ёсоор үнэлээгүй. Тухайлбал, гэрээний 6 дугаар зүйлд Нийлүүлэгч энэхүү гэрээний дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн гэрээний бүх нөхцөл, болзолд нийцүүлэн энд заасан барааг нийлүүлж, гэмтэл, согогийг арилгах үүрэг хариуцлага хүлээнэ, 7 дугаар зүйлд Захиалагч нь гэрээний дагуу нийлүүлэгчийн нийлүүлэх бараа болон гэмтэл согог арилгах үйлчилгээг үндэслэн гэрээний үнэ эсхүл тухайн үед гэрээний заалтын дагуу төлөх бусад дүнг гэрээнд заасан хэлбэрээр нийлүүлэгчид төлөх үүрэг хариуцлага хүлээнэ гэж тус тус заасан байна.

Дээрх заалтыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажилд хэрэглэгдэх микробиологийн бэлдмэл худалдан авах ОйСХТ-2017/ОХШӨТ-06 тоот тендерийн Багц-3. Bacillus thuringiensis Bt-MN-01 омгоор үйлдвэрлэгдсэн Bt-MN-01 эсхүл түүнтэй дүйцэх биобэлдмэл худалдах-худалдан авах тухай гэрээний нэмэлт гэж тодорхойлоод нэмэлт гэрээ байгуулж, үндсэн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн гүйцэтгэлийн хэмжээнд тохирсон хэмжээнд нь дүйцүүлэн урьд нь төлсөн байсан 300 000 000 төгрөг дээр нэмж 116 160 000 төгрөгийг хугацаа заан төлөх, илэрсэн зөрчил дутагдлыг 2018 онд арилган 1 800 литрийг захиалагчид нийлүүлэх, зөрчлийг арилгасан тохиолдолд 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор нийлүүлсэн тохиолдолд үлдэх 12 240 000 төгрөгийг нийлүүлэгчийн дансанд шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл анхан шатны шүүх нэмэлт хугацаа тогтоогоогүй, харин зохигчдын хооронд шинээр үүрэг үүсгэсэн, шинэ үүргийн хугацааны талаар тохиролцсон шинжийг агуулсан байна гэж үзсэн нь ойлгомжгүй. Нэмэлт гэрээнээс харахад үндсэн гэрээний гүйцэтгэлд илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, түүнийг арилгах хугацааг захиалагчаас таатай нөхцөлөөр тогтоож өгч, зөрчлийг арилгасны дараа санхүүжилтийн үлдэгдлийг шилжүүлэхээр тохиролцсон байхад, түүнчлэн илэрсэн зөрчил дутагдалтай адил үнийн дүнтэй хэлцлийг сонгон шалгаруулалт зарлахгүйгээр шууд Шим ХХК-тай гэрээ байгуулж шинээр үүрэг үүссэн гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, шинээр үүрэг үүссэн, шинэ үүргийн хугацааны талаар тохиролцсон шинжийг агуулсан байна" гэж дүгнэлт хийсэн боловч хэрхэн энэхүү дүгнэлтэд хүрснээ тайлбарлаагүй нь шүүгч хэт нэг талыг барьсан, шударга бус шийдвэр гаргасан. Мөн хариуцагч Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ нь аливаа гэрээг хэлцэл байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль-д заасан журмын дагуу гагцхүү сонгон шалгаруулалт явуулах үүрэг бүхий этгээд байхад сонгон шалгаруулалт явуулахгүйгээр шинээр үүрэг үүсгэсэн гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь хэргийн оролцогчдынхоо эрх зүйн байдлыг бүрэн дүүрэн ойлгоогүй, хариуцагч нь өмнө явуулсан сонгон шалгаруулалт болон, өмнө байгуулсан үндсэн гэрээний үүргийн зөрчлийг арилгахаар нэмэлт гэрээ байгуулсныг зориуд үгүйсгэсэн. Дээр дурдсанаар талуудын хооронд байгуулсан үндсэн гэрээний 6, 7 дахь заалтуудыг зохих ёсоор үнэлээгүйгээс гадна хэрэгт авагдсан 116 160 000 төгрөг олгохыг хүссэн Шим ХХК-ийн нэхэмжлэхийг бүрэн дүүрэн үнэлээгүй, гэрчийн мэдүүлгүүдийг бүрэн дүүрэн үнэлээгүй, эдгээр баримтуудыг хэрхэн үнэлээгүй болон хариуцагчийн татгалзлын тайлбарыг нотлох болон нотолж эс чадах болохыг шийдвэртээ тайлбарлаж, дүгнээгүйгээс харвал нотлох баримтыг тал бүрээс бүрэн дүүрэн, бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь: шинжлэн судлах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, зориуд орхигдуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Шим ХХК нь хариуцагч Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12 240 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шим ХХК нь ОйСХТ-2017/ОХШӨТ-06 тоот тендерийн Багц-3 тендерт оролцон шалгарч, Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ-тай 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 5 дугаар Bacillus thuringiensis Bt-MN-01cillus thuringiensis омгоор үйлдвэрлэгдсэн Bt-MN01 эсхүл түүнтэй дүйцэх биобэлдмэл худалдах-худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр 63 000 литр био-бэлдмэлийг нийлүүлэх, 428 400 000 төгрөгийн санхүүжилтийг олгох үүрэг тус тус хүлээсэн үйл баримт хэрэгт авагдсан худалдах худалдан авах гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 8 дугаар тал/

Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч 63 000 литр биобэлдмэлийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нийлүүлсэн, хариуцагч 416 160 000 /300 000 000+116 160 000/ төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн бараа хүлээн авсан болон гэрээ дүгнэсэн 03-05 тоот акт, бэлэн бусаар мөнгө төлсөн төлбөрийн баримт зэргээр нотлогдож байна. /хх-ийн 10, 11,113,114 дүгээр тал/

Хэргийн 9 дүгээр талд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажилд хэрэглэх микробиологийн бэлдмэл худалдан авах ОйСХТ-2017/ОХШӨТ-06 тоот тендерийн Багц-3, Bacillus thuringiensis Bt-MN-01 омгоор үйлдвэрлэгдсэн Bt-MN01 эсхүл түүнтэй дүйцэх биобэлдмэл худалдах-худалдан авах гэрээний нэмэлт гэх баримт авагдсан.

Уг нэмэлт гэрээний 3-т Архангай аймгийн Төвшрүүлэх сум, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн санд хийгдсэн тэмцлийн ажлын гүйцэтгэлд илэрсэн зөрчил гологдлыг арилгахын тулд шаардагдах 1800 литр бэлдмэлийн үнэ 12 240 000 төгрөгийг 2018 онд бэлдмэл нийлүүлэгдсэн даруйд нийлүүлэгчийн дансанд шилжүүлнэ. 5-т ... Гэрээ нь энд дурдсан барааны нийлүүлэлтийн талаарх талуудын хоорондын эцсийн тохиролцоо болох ба урьд өмнө үйлдсэн бүх хэлцлийг орлоно гэж харилцан тохиролцсон.

Шүүх хуралдаанд оролцсон гэрч З.Болдбаатар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Архангайн Төвшрүүлэх сумын 600 га газарт хийсэн ажил үр дүнгүй болсон талаар гомдол гарч 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр мониторинг хийх ажилд томилогдсон. ... Судалгаа хөгжлийн төв болон Байгаль орчны яамны мэргэжилтэнг байлцуулан Шим ХХК ийн зөвлөх инженерийг авч газар дээр нь шалгаж байсан ... гэж мэдүүлжээ. /хх-ийн 87 дугаар тал/

Дээрх байдлаас үзвэл нэхэмжлэгчийн нийлүүлсэн бүтээгдэхүүн нь доголдолтой байсан, уг доголдлыг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн талуудын хоорондын гэрээний нэмэлтээр нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн, талууд уг доголдлоо арилгах, 1800 литр биобэлдмэлийг дахин нийлүүлэх, ийнхүү нийлүүлэгдсэн даруйд санхүүжилтийн үлдэгдэл 12 240 000 төгрөгийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. Гэтэл шүүх нэхэмжлэгч 1800 литр биобэлдмэл дахин нийлүүлээгүй буюу доголдлыг арилгаагүй байхад хариуцагчийг гэрээний үүргийг зөрчсөн гэж үлдэгдэл үнийг түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болно.

Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах ... үүрэгтэй гэж заасан бол мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах эрхтэй.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт ... эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй. гэжээ.

Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчаас худалдан авах гэрээний үүрэгт 12 240 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/03367 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12 240 000 төгрөг гаргуулах Шим ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Б.НАРМАНДАХ