Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/1375

 

                                                    ***д холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сүхчулуун,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, түүний өмгөөлөгч М.Чинзориг,

шүүгдэгч *** /цахимаар/,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/1117 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ***ы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2406000001419 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

*** овгийн ***гийн ***, 1982 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 42 настай, дээд боловсролтой, тэтгэвэрт, ам бүл 1, Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух хаягтай, /РД:***/,

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлсэн.

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 14-ний үүрээр “***” дэн буудал дотор намайг зодож, буудлаас хөөж гаргасан үл таних эрэгтэйчүүдээс өс хонзон авна, хохирогч *** нь намайг зодож хөөж гаргасан эрэгтэй хүн мөн байна” гэж андуурч бодон, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо “***” дэн буудлын 2 дугаар давхрын коридорт хохирогч ***тай өс хонзонгийн сэдэлтээр маргаан үүсгэж, амь хохирогч хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, зориуд бэлтгэж биедээ авч явсан ахуйн хэрэглээний эвхдэг хутгаар хохирогчийн хүзүүний баруун урд хэсэгт 1 удаа хутгалж, хүзүүний баруун урд доод хэсэгт гүрээний баруун хураагуур судсыг бүрэн бус гэмтээж цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун уушгины уналт, цээжний хөндийд цус сул алдалт /430гр цусан бүлэн, 200мл цус/, дээд уруулын салстад шарх, эрүүний төвгөрт зулгаралт бүхий хохирогчийг үхэлд хүргэсэн, амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: ***ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.7 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч *** овогт ***гийн ***ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч ***ы цагдан хоригдсон 123 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ***аас 99,000,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***д олгож, хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч *** нь оршуулгын зардалд 15,485,968 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***д төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *** давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би тус хэрэгт холбогдсон цагаас эхлэн өөрийн мэдүүлэг болох бүх шатанд хэргээ хүлээж гэм буруугаа ухамсарлаж ирсэн. Хохирогчийн ар гэрт 15,485,968 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж дуусгасан. Мөн анхан шатны шүүхээс тогтоосон 99 сая төгрөгийн хохирлыг өөрийн сар бүр авдаг цэргийн тэтгэмжээс тодорхой хэсгийг байнга төлж дуусгахаа илэрхийлж байгаа. Би элэгний архаг дутмагшил, элэгний бусад ба тодорхойгүй цирроз гэсэн оноштойгоор элэгний ус авхуулж эмчлүүлсээр өнөөдрийг хүрсэн. Хуульд яллах, цагаатгах талыг адил тэнцүү баримтална гэж заасан байгаа байдал болоод гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэх зорилго зэргийг харгалзан үзэж, *** миний Монгол Улсад 26 жил 3 сар 8 хоног ажилласан байдал, хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн хохирлоо төлсөн /сэтгэл санааны хохирол болох 99 сая төгрөгийг бүрэн төлөхөө илэрхийлсэн/ байдлуудыг, мөн элэгний хүнд өвчтэй байдал зэргийг минь харгалзан үзэж хуулийн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг ашиглаж өгнө үү гэх хүсэлтэй байна. Хорих ялаас минь бага ч болов хасаж дэглэмийг нээлттэй болгон өөрчилж өгөөч гэж чин сэтгэлээс хүсэж байна. Учир нь хорих байгууллагын дэглэмээс шалтгаалж биеэ эмчлүүлэх нөхцөл байдал өөр өөр байдгийг мэдсэн. ...Миний бие хохирогчийн ар гэрээс дахин уучлал гуйж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дагуу хохирлыг төлж барагдуулна. Би мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн өөрийн гэм бурууг хүлээсэн ба бусдын нэр төрд халдаагүй. Хаалттай хорих ангид 14 жилийн хугацаагаар хорих ял эдлэхэд биеийн эрүүл мэндийн байдал дийлэхгүй. Би өөрийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж цэргийн албанаас халагдсан. Иймд надад оногдуулсан эрүүгийн хариуцлагын хугацаанаас хасаж өгнө үү гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж, давж заалдах гомдол гаргаагүй. ***ыг давж заалдах гомдол гаргасныг гайхаж байна, гомдолтой байна. Миний эх одоог хүртэл сэтгэл санааны асуудалтай хэцүү байгаа. Сар бүр эмнэлэгт хэвтэж байна. Бид түүнийг байнгын асаргаа, сувилгаанд авч явж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын өмгөөлөгч М.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.7 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүх хуралдаанд прокурорын саналыг дэмжиж оролцсон боловч анхан шатны шүүх шүүгдэгчийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хохироогчийн амь насыг хохироосон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хүнийг санаатай алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 14 жилийн хугацаагаар хорих ял шитгэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж, давж заалдах гомдол гаргаагүй. Нөгөөтээгүүр, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөх тухай ойлголтыг Улсын дээд шүүх 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолдоо “гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаврыг ухамсарласан, гэмт этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн илэрхийлэл” хэмээн тодорхойлсон. Хэдийгээр шүүгдэгч “өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна, маргахгүй” гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “би энэ хэргийг хийгээгүй, мэдэхгүй, санахгүй байна” гэж, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “би энэ хэргийг хийснээ мэдэхгүй байна” гэж мэдүүлж байснаас түүнийг өөрийн гэм буруугийн талаар маргаж байна гэж дүгнэхэд хүргэж байна. Анхан шатны шүүх ***аас гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол болох 99,000,000 төгрөгийг гаргуулан, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэж, *** болон түүний өмгөөлөгч нарт уг хохирлыг барагдуулах зорилгоор завсарлага авах эрхийг сануулсан боловч шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах санал гаргасан. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж, хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж шийдвэрээ гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Сүхчулуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд шүүгдэгчийн үйлдлийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгаа байдлыг далимдуулж алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдааны явцад хохирогч өөрийн биеэ хамгаалж чадахгүй байсан гэх нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадаагүй тул анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн уг шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хэмжээнд ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай. ...” гэв.      

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын “...Миний төрсөн ах болох талийгаач *** нь *** дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр гудамжны *** тоотод ээж ***гийн хамт оршин суудаг ба 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр холбогдож ажил төрлийн талаар асууж өөрийнхөө ажлын ээлжийг солигдохгүй байгаа талаар болон Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хороо байрны дугаарыг мэдэхгүй төрсөн дүү болох ***ын гэрт ажлыг хүлээж байгаа талаар хэлж холбогдсон. ...2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр цагдаагаас холбогдож нас барсан талаар хэлж ирж уулзаж байна. Энэ асуудал болсны дараа төрсөн дүү ***аас талийгаач ах ***ыг хэзээ гарч явсан талаар асуухад 2024 оны 06 дугаар сарын 13-ны 04 цагийн орчимд ***т гэртээ харих талаар хэлж хувцсаа авч гарч яваад буцаж утсаар холбогдохгүй болохоор нь ээжээс тодруулж асуухад ээж ах руу холбогдож асуухад өнөөдөр ямар ч гэсэн очно гэж хэлээд очоогүй байсан. Бид нар зүгээр байсан хүн гэнэт нас барсан асуудалд маш их гомдолтой байна. ...” /1хх 41-42/,

гэрч ***ын “...”***” нэртэй дэн буудалд ресейпшний ажил хийдэг ба 2024 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө ээлжийн ажилтай хонож байхад 07 цагийн орчимд миний *** дугаарын утас руу өөрийнхөө *** дугаарын утаснаас холбогдож би архи ууж байгаад ажлаасаа халагдсан одоо таксинд сууж байна, Улаанбаатар хотод очоод шууд ажил дээр чинь очиж гэрийнхээ түлхүүрийг авна гэж ярьсан найз болох ***гийн ***ыг 23 цагийн орчимд ирж ядарч байгаа талаар хэлж өрөө авна гэхэд нь 203 тоот өрөөнд оруулсан. Тухайн үед *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба надаас архи аваад өгчих гэж гуйгаад байхаар нь доод талын дэлгүүрээс 4 ширхэг 0.5 литрийн лаазтай Сэнгүр пиво авч өгөөд хамт байхад 3 ширхгийг нь ганцаараа уучхаад унтаж байхад нь хажуу өрөөний залуучуудыг гаръя гэж орж ирэхэд нь буудлын хаалгыг нээж өгч гаргачхаад буцаж 203 тоот өрөөнд ороход *** сэрж хаашаа яваад ирж байгаа юм гэж уурлаж архины шилээр толгой руу цохиж хагалахад нь муухай орилоход гадагш гарсан 3 залуу пиво барьж орж ирэх нь таарч болиулж ***ыг чирч гаргахад нь хаалгыг түгжсэн. ...хэсэг хугацааны дараа над руу өөрийнхөө утсаар холбогдож “Киоски машинаас мөнгө авах гэсэн чинь иргэний үнэмлэхийг залгуулчихлаа хүрээд ир” гэж дуудахад нь “ажлаас буух болоогүй байна наанаа хүлээж бай ажлаас буугаад яваад очъё” гэхэд “чи яг наанаа байж байгаарай, би явж очоод чамайг хутгалж ална” гэхэд нь шинэ үйлчлэгч эмэгтэйд өөрийнхөө утасны дугаарыг хэлж “намайг хайж эрэгтэй хүн орж ирэх юм бол ажлаасаа буугаад явсан гэж хэлээрэй, тэгээд явчихаар нь над руу залгаарай” гэж хэлээд уг газраас гарч зочид буудалтай ойролцоо байдаг гэрийн гадна ирэхэд үйлчлэгч эмэгтэй над руу залгаж “танай хүн гаднаас хутга барьж орж ирж чамайг хайгаад байхгүй гэсэн чинь гарч явсан. Нэг өрөөнд цусандаа хутгалдсан хүн хэвтэж байна, түргэн тусламж дуудаарай” гэж хэлэхэд нь түргэн болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...намайг ирэхэд 201 тоот өрөөний дотор талын үүд хэсэгт ***ыг хөөж шат руу түлхэж холдуулсан гурван залуугийн нэг нь цустайгаа хутгалдсан байдалтай хэвтэж харагдсан. ...” /1хх 44-45/,

гэрч ***ын “...*** ахыг очиж аваад буудалд орсон. Буудалд орохын өмнө *** ахын худалдан авсан 0.5 литрийн 4 ширхэг Сэнгүр, 2 ширхэг 0.5 литрийн улаан касс нэртэй пиво хувааж ууж байхад эмэгтэй хүн ёолж орилох чимээ гарахад нь ***, *** нарын хамт явж очиход буудлын ресейпшн эмэгтэй нэг эрэгтэйн хамт байсан ба ресейпшн эгч миний толгойг архины шилээр цохичихлоо, чирээд гаргачих гэж хэлэхэд нь *** уг эрэгтэйг гаргахаар чирч байхад хажуу талаас нь *** өшиглөх гэхэд нь татаж холдуулахад *** уг эрэгтэйг гаргаж буудлын ресейпшн эгч хаалгыг түгжсэн. Бид нарыг өрөөнд буцаж орох гэж байхад буудлын ресейпшн эгчийг цүнхийг нь гаргаад өгчих гэж хэлэхэд нь *** би гаргаад өгчихье гэхэд буудлын ресейпшн эгч намайг хамт гар гэсэн болохоор нь ***ын хамт цүнхийг нь гаргаж өгчхөөд буцаж орж үргэлжлүүлж ууж байгаад уух пиво дуусахад нь ***, *** нарын хамт буудлаас гарч буудлын хажуу талын CU үйлчилгээний төв орж 2.4 литрийн Сэнгүр нэртэй пиво, 0.5 литрийн 2 ширхэг улаан касс худалдан авч буцаж ороод үргэлжлүүлж ууж байхад би тасраад унтчихсан байсан ба нэг мэдэхэд цагдаа нар ирчихсэн намайг сэрээсэн. ...” /1хх 47/,

гэрч Д.***ын “...хамт ажилладаг *** нь *** руу чат бичээд яармагт байна ирээд авчих гэж хэлсэн байсан ба согтууруулах ундаа хэрэглэчихсэн гэдгээ хэлсэн. ...***ыг аваад буцаад гурвуулаа буудалдаа ирэхдээ *** нь 4 лаазтай Сэнгүр пиво, 2 ширхэг улаан касс пивотой нийтдээ 6 ширхэг лаазтай пиво Чулуун-Овооны CU дэлгүүрээс авчхаад орж гурвуулаа орж ирсэн. ...Уугаад сууж байхад ресейпшн эгч намайг дуудаад “Миний толгойг хүн хагалаад хаячихлаа, тэр хүнийг эндээс гаргаад өгөөч” гэж хэлэхээр би хамгийн түрүүлж очиход намхан бордуу царайтай, ширүүн харцтай ойролцоогоор 40 гаран настай эрэгтэй хүн байсан ба согтууруулах ундаа хэрэглэчихсэн байр байдалтай байсан. Намайг орж ирэхэд ална шүү гээд өөдөөс босоод ирсэн учраас түүнийг дарж аваад, газарт суулгаад хөдөлгөөнгүй барьчихсан байсан. Тэгэхэд миний араас ***, *** нар ороод ирчихсэн байсан ба гурвуулаа хамтдаа нийлээд буудлаас чирээд гадаа гаргасан. ...*** ах буудлын коридороор явангаа чанга хоолойгоор “***” гэж дуудаж байсан. Тэгэхээр нь бид хоёрыг цүнхээ авах гээд хайж байгаа юм байна гэж бодоод хэвтэж байгаад унтчихсан байсан. Унтаж байхад дүү *** болон ресейпшн эгч хоёр манай өрөөнд орж ирээд *** ахыг цус болоод доошоо хараад унтчихсан байна гэж хэлсэн...” /1хх 49-50/,

гэрч ***ийн “...2024 оны 06 дугаар сарын 13-ы өдөр Үнэгүй.мн сайт дээрээс Баянзүрх дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй зочид буудалд үйлчлэгчээр ажилд авна гэх зарын дагуу холбогдоод очиж уулзаад өнөөдрөөс ажлаа аваад ажиллаж байсан. ...10 цаг болж байсан байх *** надад “намайг асууж хар малгайтай залуу ирнэ, намайг ажлаасаа буусан гэж хэлээрэй” гэж надад хэлээд эмийн сангаас эм аваад ирье гээд гарч явсан. Би ганцаараа үлдээд байж байтал гаднаас хар өнгийн малгайтай, хөр өнгийн куртиктэй, 40 гаран настай үл таних эрэгтэй хүн орж ирээд “ресейпшн хаана байна” гэж асуухаар нь “ажлаасаа буугаад явсан, би ээлжийг нь хүлээж авсан хүн байна” гэж хэлсэн чинь тэр эрэгтэй хүн “худлаа яриад бай, энд байх ёстой бас намайг зодуулсан 5 залуу нь хаана байна” гэж хэлээд өрөөнүүдээр хайгаад яваад байсан. Тэгтэл ардаас нь үл таних эрэгтэй хүн гарч ирээд тэр хоёр хүмүүс хоорондоо маргалдаад бие биетэйгээ зодолдсон. Тэгэхээр нь би дундуур нь ороод одоо болиоч ээ гэж хэлээд салгасан чинь нөгөө сүүлд орж ирсэн эрэгтэй нь хаашаа ч юм яваад өгсөн. Харин анх орж ирсэн хар өнгийн малгайтай, хар өнгийн куртиктэй 40 гаран настай үл таних эрэгтэй хүн өрөөнүүдээр ороод хүн хайгаад байх шиг байсан ба ардаас нь цагаан малгайтай туранхай биетэй үл таних эрэгтэй хүн орж ирсэн чинь нөгөө хар өнгийн куртиктэй эрэгтэй тухайн хүнтэй мөн адил маргалдсан. Тэр үед би сандраад цагаан малгайтай эрэгтэй хүнийг өөрийнхөө нөхөр гэж нөгөө хар куртиктэй хүнд хэлсэн. Учир нь би дахиад олон хүмүүстэй маргалдаад асуудал үүсгэчих болов уу гэж бодоод тэгж хэлсэн. ...Тэгээд нөгөө хар куртиктэй эрэгтэй гараад явсан. Би хар куртиктэй эрэгтэйг өрөөнүүдээр хүн хайгаад явж байх үед *** руу залгаад “нөгөө эрэгтэй хүн чинь орж ирээд чамайг хайгаад байна, нэг эрэгтэй хүнтэй зодолдсон” гэж хэлсэн чинь *** нь “за одоо очлоо” гэж хэлсэн. Тэгтэл 201 тоотод байсан нэг үл таних шар царайтай залуу буудлын коридорт гарч ирээд манай өрөөнд нэг хүн хачин болчихсон байна, цагдаа, эмнэлэг дуудъя гэж хэлэхээр нь би очиж харсан чинь 201 тоот өрөөний үүдэнд нөгөө хар куртиктэй эрэгтэй хүнтэй маргалдсан үл таних залуу шалан дээр хэвтчихсэн, шалан дээр их хэмжээний цус асгарсан байдалтай байхаар нь би сандарч *** руу дахин залгаад болсон асуудлыг хэлсэн чинь *** нь “би цагдаа, эмнэлэг рүү дуудлага өгчихье” гэж хэлээд гар утсаа салгасан. ...” /1хх 52-54/,

гэрч Д.***гийн “...тус буудалд би үеэл ах болох Д.***ын хамт орсон. Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 05:00 цагийн орчим Д.*** ах гаднаас найзууд гээд 2 эрэгтэйн хамт орж ирээд манай өрөөнд пиво ууж байгаад 06:00 цаг өнгөрч байхад CU дэлгүүрээс нэг шил архи аваад ууна гэж хэлээд гарсан. Би өрөөндөө ганцаараа үлдээд унтсан. Өглөө 08:00 цагаас 09:00 цагийн орчим байх бие засах санаатай өрөөнөөсөө гартал манай өрөөний үүдэнд Д.*** ахтай хамт явсан найз нь /нэрийг мэдэхгүй/ доошоо харсан биеэс нь их хэмжээний цус гарсан байдалтай газар хэвтэж байсан. ...” /1хх 56-57/,

гэрч ***ын “...Би 2024 оны 06 дугаар сарын 12-ны шөнө тухайн 16 дугаар хорооллын замын хойд талд байдаг *** гэх буудалд хоноод маргааш нь буюу 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тус буудлаас гарсан. ...Тэгээд өнөөдөр өглөө би өмнөх өдрөө буудлаас гарахад өрөөндөө үлдээсэн байсан эрүүл мэндийнхээ картыг хайгаад олоогүй учраас тус буудалд хамтдаа хоносон найз *** доод ресейпшн дээр үлдээсэн байж магадгүй гэж бодоод тэр буудалд 09:00-10:00 цагийн орчимд очсон. Тэгэхэд ресейпшн нь байхгүй байсан бөгөөд 2 давхарт гарч ирэхэд 2 давхрын коридорт цэвэрлэгч нь бололтой хүн цэвэрлэгээ хийгээд явж байсан ба асуухад ресейпшн нь байхгүй байна, одоо удахгүй хүрээд ирнэ гэж хэлсэн. Тэр үед 2 давхрын нэг өрөөнд нь нэг эрэгтэй хүний хоолойгоор чанга чанга дуугараад хүнтэй муудалцаж байгаа мэт сонсогдож байсан. Тэгэхэд цэвэрлэгч нь цаана дугараад байгаа хүнтэй маргалдаж магадгүй гэж бодоод намайг цэвэрлэгээ хийчихсэн өрөөнд ороод хүлээгээд сууж бай гэсэн. Тэгээд яг өрөөнд орж ирэхэд цаанаас чанга дуу гаргаад байсан эрэгтэй хүн гарч ирээд цэвэрлэгч дээр хүрч ирээд “Намайг 4-5 хүн зодчихлоо, ресейпшн нь хаана байна” гэж асууж байсан. Тэгснээ өрөөний хаалга онгорхой, хаалганы яг урд цэвэрлэгч зогсож байсан учраас тэр эрэгтэй намайг хараад шууд орж ирээд “чи намайг зодсон хүмүүсийн нэг нь мөн үү” гэж хэлэхэд нь би биш хамаагүй гэдгээ хэлэхэд цэвэрлэгч нь намайг хамгаалаад “наадах хүн чинь хамаагүй, манай нөхөр байна” гэж хэлж тайвшруулаад гаргасан. ...Тэгээд шууд буудлаас гараад явчих шиг болсон бөгөөд удалгүй миний суугаад хүлээж байсан өрөөний яг хажуугийнх нь өрөөнөөс бас 20-30 орчим настай залуухан залуу гарч ирээд цэвэрлэгчид хандаад “гар утас байна уу, цагдаа түргэн дуудъя, манай өрөөнд нэг хүнээс аймар их цус гараад хэвтэж байна” гэж хэлэхэд нь би гарч ирээд цэвэрлэгчтэй хамтдаа харахад өрөөний шалан дээр нь цус алдсан байдалтай эрэгтэй хүн доош хараад хэвтчихсэн байсан. ...” /1хх 60-61/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2191 дугаар дүгнэлт “...Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр хүзүүний баруун урд доод хэсэгт гүрээний баруун хураагуур судсыг бүрэн бус гэмтээж цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун уушгины уналт, цээжний хөндийд сул алдалт /430гр цусан бүлэн, 200мл цус/, дээд уруулын салстад шарх, эрүүний төвгөрт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх “хүзүүний баруун урд доод хэсэгт гүрээний баруун хураагуур судсыг бүрэн бус гэмтээж цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун уушгины уналт, цээжний хөндийд сул алдалт /430гр цусан бүлэн, 200мл цус/ гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, “дээд уруулын салстад шарх, эрүүний төвгөрт зулгаралт” гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь бүгд амьд үед үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх “хүзүүний баруун урд доод хэсэгт гүрээний баруун хураагуур судсыг бүрэн бус гэмтээж цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун уушгины уналт, цээжний хөндийд сул алдалт /430гр цусан бүлэн, 200мл цус/” гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-д зааснаар хохирлын хүнд зэрэгт, “дээд уруулын салстад шарх” гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул дээрх журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт, “эрүүний төвгөрт зулгаралт” гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул дээрх журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэгт хамаарагдахгүй. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь дээрх гүрээний хураагуур судсыг гэмтээж цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас цочсогоор цус алдаж зүрх судасны дутагдлаар нас баржээ. Химийн шинжилгээгээр амь хохирогч ***ын цусанд 3.4 промилли, ходоодны шингэнд 7.1 промилли, шээсэнд 3.6 промилли спиртийн зүйл илэрсэн. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Цусанд 3.4 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. ...” /1хх 131-135/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 733 дугаар дүгнэлт “...*** нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. *** нь өөрийнхөө үйлдлийг зөвөөр ойлгон мэдэж удирдан жолоодох чадвартай байна. *** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. *** нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. *** нь өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдах чадвартай байсан байна. *** нь тухайн үедээ өөрт болон нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийх боломжтой эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй байна. *** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. *** нь өөрийн үйлдсэн хэргийн учир холбогдлыг зөвөөр тусган авах, хэрэг хариуцах чадвартай байна. ***д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. *** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. *** нь болсон байдлыг зөв тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...” /1хх 193-195/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 11-29/, цогцост үзлэг хийсэн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 30-33/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 70-74/, эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл /1хх 76-97/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2/246 дугаар тоот “Шүүгдэгч ***ы Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөр үйлчлүүлсэн мэдээлэл /1хх 185-192/, *** дэн буудлын хяналтын камерын бичлэг зэргийг өөр хооронд нь харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан байх үедээ 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо “***” дэн буудлын *** давхрын коридорт хохирогч ***ын хүзүүний баруун урд хэсэгт 1 удаа хутгалж, хүзүүний баруун урд доод хэсэгт гүрээний баруун хураагуур судсыг бүрэн бус гэмтээж цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун уушгины уналт, цээжний хөндийд цус сул алдалт /430гр цусан бүлэн, 200мл цус/, дээд уруулын салстад шарх, эрүүний төвгөрт зулгаралт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулж хүнийг алсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх тул анхан шатны шүүх шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж прокуророос хүндрүүлэн зүйлчилсэн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн нь зөв, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримттай нийцсэн байна.

Шүүгдэгч *** “...хорих ялаас багасгаж, эрүүл мэндийн байдлыг харгалзан хорих байгууллагын дэглэмийг нээлттэй болгуулах” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхээс ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэгт заасан 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг сонгон оногдуулах нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой эрх билээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Иймд, анхан шатны шүүхээс сонгон оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч ***ы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр, хэмжээ, гэм буруу, хувийн байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх  дүгнэлээ.    

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ***ы “хорих ялаас багасгаж, эрүүл мэндийн байдлыг харгалзан хорих байгууллагын дэглэмийг нээлттэй болгуулах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч ***гийн ***ы овгийг Б.*** бичсэн байх тул үүнийг зөвтгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч ***ы шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 63 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/1117 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “...шүүгдэгч Б.***д...” гэснийг “...шүүгдэгч ***д...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч ***ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ы 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 63 /жаран гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                          С.БОЛОРТУЯА