Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 116/ШШ2026/0024

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                                                      

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Давааням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* ******* *******, ******* тоотод байрлах, ******* регистрийн *******тай, “******* ******* *******” гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани /Цаашид “” гэх/-ийн[1],

Хариуцагч: Дорнод аймгийн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, хайгуулын ажлын байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахтай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Очбаяр /цахимаар/, хариуцагч /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.              

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. Нэхэмжлэгчээс тус шүүхэд хандан, “ ... Дорнод аймгийн сумын Засаг даргын “******* ******* *******” -д ашигт малтмалын хайгуулын тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгах”[2] шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хоёр. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:                          

2.1. Нэхэмжлэгч “******* ******* *******” -аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ... “******* ******* *******” ХХК нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн зарласан *******тай Дорнод аймгийн сумын нутаг 4,148.09 гектар бүхий хойморын нэртэй талбайд сонгон шалгаруулалтад оролцон шалгарч ашигт малтмалын хайгуулын тоот тусгай зөвшөөрлийг олгосон.           

Ийнхүү “******* ******* *******” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тоот тусгай зөвшөөрлийн хүрээнд Дорнод аймгийн сумын гэх газарт хайгуулын ажил хийхээр байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулан сумын Засаг даргад 2025 оны 08 ******* сарын 10-ны өдөр хүргүүлсэн.

Дорнод аймгийн сумын Засаг даргын зүгээс хурал цуглаантай байна, ээлжийн амралттай байна гэсээр тодорхой хариу өгөөгүй. 2026 он гарч энэ тухай дахин хандахад ямар нэгэн хариу өгөхгүй байсаар өөрийн амаар нутгийн иргэд маань ашигт малтмалыг эсэргүүцэж байгаа учир та нар шүүхээр асуудлаа шийдвэрлүүл гэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 ******* зүйлийн 38.1.1-т “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.3-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”, 38.1.5-т “хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх”, 38.1.6-д “энэ хуулийн 38.1.5-д заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах”, 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” дахь хэсэгт тус тус заасны хүрээнд Дорнод аймгийн сумын Засаг дарга нь Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах талаар төлөвлөгөөг зөвшилцөх, батлах, хэрэгжилтэд нь  хяналт тавих, үр дүнгийн тайланг нь хүлээн авч дүгнэх эрх, үүрэг бүхий албан тушаалтан юм.

Гэтэл Дорнод аймгийн сумын Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд ашигт малтмал эрэн хайх эрх зөрчигдөж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмал эрэн хайх, цаашлаад ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрх сэргэх юм.

Иймд Дорнод аймгийн сумын Засаг даргын “******* ******* *******” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгаж өгнө үү[3]” гэжээ.  

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2025 оноос хойш компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож явж байгаа. Манай компани улсын сонгон шалгаруулалтад ороод авсан лицензийнхээ дагуу хайгуулын ажил эхлүүлэх гэсэн боловч одоог хүртэл үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүй явж байна. Орон нутагтай хамтарч ажиллах хүсэлтэй байгаа талаараа илэрхийлсэн боловч зөвшөөрөл өгдөггүй. Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо шүүхийн шийдвэрийг харахыг хүсч байна гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Очбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч компанийн зүгээс Дорнод аймгийн сумын Засаг даргад холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь сумын Засаг даргын ХV-022928 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгах тухай байдаг. Нэхэмжлэлийн үндэслэлээ дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгч талаас 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр сонгон шалгаруулалтад орж, холбогдох журмын дагуу өрсөлдөж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын газраас олж авсан. Ингэхдээ тусгайлсан эрх үүргийн дагуу ажиллах ёстой болдог. Хайгуулын ажлыг хийхдээ байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг орон нутгийн удирдлагаар батлуулах ёстой байдаг. Энэ ажиллагааг л хийж явсан. Гэвч уг төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа, шийдвэрлэхгүй байгаа, хариу өгөхгүй байгаа үйлдэл нь хууль бус байна гэж үзсэн. Ингээд өөрийн эрхийг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Яагаад хууль бус гэж үзэж байна вэ гэхээр сумын Засаг даргын зүгээс тухайн төлөвлөгөөг хүлээн аваад засаж сайжруулах, өөрчлөх саналын талаар ярилцах ёстой байсан. Уг нь бол тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжтэй хамтарч ажиллах ёстой эрх бүхий этгээд байдаг. Хариуцагч талаас менежментийн төлөвлөгөөг хүлээж авсан гэдэгтэй маргадаггүй. Харин ямар нэгэн хариуг өгч байгаагүй болно. Хариуцагч талаас ерөнхийдөө орон нутгийн иргэд эсэргүүцээд байгаа учраас шүүхэд хандах хэрэгтэй гэж мэдэгдсэн. Ер нь анхнаасаа ямар нэгэн тодорхой хариу өгдөггүй байсан гэв.

2.4. Хариуцагч Дорнод аймгийн сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1 дэх заалт, Байгаль орчныг  хамгаалах тухай хуулийн 3.1 дэх заалт, 3.2.8 дахь заалтаар Байгалийн нөөцийн хамтын менежментийн нутгийн иргэдэд байгалийн нөөцийг хамгаалах нөхөн сэргээх эрхийг олгож нөхөрлөл байгуулсан. Мөн хуулийн 17.1.5-д заасанчлан уг нөхөрлөлд багийн ИНХ, сумын ИТХ-ын тогтоолуудыг үндэслэн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/12 тоот тушаалын 2 ******* хавсралтаар гэрчилгээ олгож, гэрээ байгуулан газар нутгийг хамгаалах зорилгоор хариуцуулсан. Иймд дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2025 оны 10 ******* сарын 17-ны өдөр сумын Засаг дарга миний бие хүлээн авч судлан танилцаад тусгай зөвшөөрлийн хамаарах талбай нь багийн “ ” Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн хариуцан хамгаалж буй газар нутагт хамаарч буй тул уг нөхөрлөлийн бүх гишүүдэд танилцуулж, мөн байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4.1.4 заасан иргэдийн мэдэх эрхийг олгох үүднээс нөхөрлөлийн удирдах зөвлөлд танилцуулсан. Ингээд Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтын хүрээнд “ ” Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн гишүүдийн байгалийн нөөц, баялгийн халдашгүй байдлыг хангах байгаль орчин, бэлчээр усаа хамгаалах эрх үүргийнхээ хувьд сумын Засаг даргад хандан хүсэлт ирүүлсэн юм.              

Сумын Засаг даргын хувьд миний бие Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан эрх үүргийнхээ хувьд Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлд сумын нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах халдашгүй байдлыг хангах үүднээс газар нутгийг хариуцуулан хамтран ажиллах гэрээ байгуулан зарим чиг үүргийг зөвшилцөх замаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.[4] ...Намайг ямар нэгэн хариу өгдөггүй гэж ярьдаг. Төлөвлөгөөг манайд өгсөн нь үнэн. Гэхдээ ямар нэгэн албан бичиг манайд ирээгүй гэдгийг тайлбарлаж хэлсэн. Уг төлөвлөгөөтэй холбоотой хоёр иргэн над дээр ирж уулзсан. Би амаар болон албан бичгээр тухайн хүмүүст тайлбарыг өгсөн. Өөрийн өрөөнд уулзаж ярилцсан. Тайлбарласан. Аливаа төрийн ажил албан бичгээр явах ёстой гэж бодож байна. Мөн тухайн аж ахуйн нэгжид хариу албан бичгийг өгсөн” гэжээ.                 

2.5. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эхлээд энэ үйлдэл нь өөрөө хууль бус байх ёстой. Татгалзах эрхтэй юу үгүй юу гэдэг нь яригдах ёстой. Менежментийн төлөвлөгөөний хувьд тухайн газрын байгалийн онцлог, хүн ам, эдийн засгийн онцлогийг тусгахдаа энэ газрын биш өөр газрын суурь үнэлгээг хийлгэсэн байна. Өөрөөр хэлбэл сумын биш газар байсан. Хайгуулын талбайд аргаль, хар сүүлт, хулан гэх мэт амьтдыг дурдсан. Мөн өөр газрын үнэлгээ хийгдсэн болох нь менежментийн төлөвлөгөөнөөс харагддаг. Тиймээс сумын төлөвлөгөө биш гэж харж байгаа. Тухайн төлөвлөгөөнд заавал тусгагдах ёстой зүйл нь нөхөн сэргээлт, эдийн засгийн үзүүлэлтийг тусгах ёстой байсан. Гэвч ийм зүйлсийг дурдаагүй. Тиймээс сумын Засаг дарга өөрт олгогдсон эрхийн дагуу батлах боломжгүй байсан юм. Ашигт малтмалын тухай хуулийн 38 ******* зүйлийн 38.1.5 дахь хэсгийг дурдах хэрэгтэй байна. Нөхөн сэргээлтийг зайлшгүй хийх ёстой. Хайгуулын ажлын төлөвлөгөөнд 1080 м3 шуудууг ухахаар заасан. Ингэхдээ нөхөн сэргээлт хэсэг дээр 350 000 төгрөг гэж тусгасан байна. Өөр нөхөн сэргээлтийн зардал тусгагдаагүй байна. Нийт 24 цооног ухахаар тусгасан. Цооногийн гүний хэмжээг тусгасан зүйл байхгүй байна. Энгийн ойлголтын дагуу харсан ч 24 цооногийг 450 000 төгрөгөөр нөхөн сэргээх ямар ч боломжгүй юм. Журам зөрчсөн хууль бус төлөвлөгөөг батлахыг Засаг даргад даалгах боломжгүй гэж харж байгаа. Засаг дарга нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд дээрх төлөвлөгөөг батлахаас татгалзсан. Энэ үндэслэлээ дэмжиж байна. Хэрэв менежментийн төлөвлөгөөг хуульд заасны дагуу боловсруулсан бол асуудал өөр байх байсан гэдгийг хэлэхийг хүсч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:                

1. Шүүхээс нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, хайгуулын ажлын байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлах асуудлыг хуульд нийцүүлэн зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Дорнод аймгийн сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчээс тус шүүхэд хандан, “... Дорнод аймгийн сумын Засаг даргын “******* ******* *******” -д ашигт малтмалын хайгуулын тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгах”[5] шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.     

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “... Нэхэмжлэгчээс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө боловсруулан сумын Засаг даргад хүргүүлсэн,  Сумын Засаг дарга эс үйлдэхүй гаргаж нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд ашигт малтмал эрэн хайх эрх зөрчигдөж байгаа” гэж тайлбарладаг.

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ, “... Засаг даргын хувьд “Байгалийн нөөцийн хамтын менежментийн” нөхөрлөлд сумын нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах халдашгүй байдлыг хангах үүднээс газар нутгийг хариуцуулан хамтран ажиллах гэрээ байгуулан зарим чиг үүргийг зөвшилцөх замаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа, журам зөрчсөн хууль бус төлөвлөгөөг батлахыг даалгах боломжгүй, Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд дээрх төлөвлөгөөг батлахаас татгалзсан” гэх зэргээр тайлбарлаж маргадаг.                            

5. Хэрэгт тогтоогдсон үйл баримтын тухайд:         

5.1. Нэхэмжлэгч “******* ******* *******” -д Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 05 ******* сарын 30-ны өдөр ХV-022928 *******тай, Дорнод аймгийн сумын “ ” гэх нэртэй газарт орших 4148.09 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал хайхыг зөвшөөрч улсын бүртгэлийн ******* тоот регистрийн *******тай тусгай зөвшөөрлийг 2028 оны 05 ******* сарын 30-ны өдрийг дуустал хугацаагаар олгосон[6] байх бөгөөд нэхэмжлэгчийг хайгуулын тусгай зөвшөөрөлтэй эсэх, мөн тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ, хугацааны талаар  талууд маргадаггүй.

5.2. Нэхэмжлэгчээс, дээрх тусгай зөвшөөрлийн хүрээнд 2025 онд буюу 1 дэх жилд гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөөг боловсруулан, Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.[7]

5.3. Нэхэмжлэгчээс, мөн дээрх тусгай зөвшөөрлийн хүрээнд, “Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө” боловсруулан, Дорнод аймгийн сумын Засаг даргад 2025 оны 08 ******* сарын 10-ны өдөр хүргүүлсэн гэж тайлбарладаг боловч тус хугацаанд сумын Засаг даргын тамгын газрын ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй, түүнчлэн “албан бичиггүй, төлөвлөгөөний хувийг хүргүүлсэн” гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарладаг.  

5.4. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа, “... Дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2025 оны 10 ******* сарын 17-ны өдөр сумын Засаг дарга миний бие хүлээн авч судлан танилцсан”[8] гэж тайлбарлан, шүүхэд нотлох баримтаар дээрх менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргын тамгын газрын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулан ирүүлж[9], шүүх хуралдаанд “дээрх төлөвлөгөө нь нэхэмжлэгчээс ирүүлсэн төлөвлөгөө” болохыг хариуцагч тайлбарласан.

5.5. Дээрхээс, нэхэмжлэгч “******* ******* *******” -аас байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг боловсруулан, хариуцагч Дорнод аймгийн сумын Засаг даргад хүргүүлсэн, сумын Засаг дарга нь дээрх төлөвлөгөөг хүлээн авч танилцсан болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

6. Нэхэмжлэлийн үндэслэлт байдал:

6.1. Нэхэмжлэгчээс “... Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг боловсруулан хүргүүлснийг хариуцагч хуульд заасан хугацаанд батлах үүргээ зөрчсөн” гэж, хариуцагчийн зүгээс “... тухайн төлөвлөгөөг батлах боломжгүй тул татгалзсан” гэж тайлбарлан маргасан.

6.2. Ашигт малтмалын тухай хуулийн 12 ******* зүйлийн 12.2-т “Ашигт малтмалын асуудлаар сумын Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.2.5-д “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах” гэж заасан байна.

Мөн уг хуулийн 38 ******* зүйлийн 38.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ”, 38.1.3-д “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах” гэж заасан байна.

6.3. Нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрөл авсныхаа дараа тухайн хайгуулын талбайд “Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө” боловсруулж, хайгуулын талбай байрших сум буюу Дорнод аймгийн сумын Засаг даргад хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон тул дээрх хуульд заасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

6.4. Ашигт малтмалтын тухай хуулийн 38 ******* зүйлийн 38.2-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасан бөгөөд хариуцагч нь тухайн төлөвлөгөөг “2025 оны 10 ******* сарын 17-ны өдөр хүлээн авч танилцсан” гэж байгаа боловч дээрх хуульд заасан “төлөвлөгөөг хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх” үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

6.5. Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “... “ ” байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн гишүүд сумын Засаг даргад хүсэлт ирүүлсэн”[10] гэж тайлбарлаж, дээрх нөхөрлөлөөс ирүүлсэн гэх “... Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн аливаа үйл ажиллагааны төлөвлөгөөг батлахгүй байхыг хүсье”[11] гэсэн хүсэлтийн хуулбарыг шүүхэд ирүүлсэн байх боловч дээрх үндэслэлээр тухайн төлөвлөгөөг батлахаас татгалзсан шийдвэр, хариуг нэхэмжлэгчид хүргүүлээгүй байна.

6.6. Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “... Журам зөрчсөн хууль бус төлөвлөгөөг батлахыг даалгах боломжгүй, Засаг дарга нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд дээрх төлөвлөгөөг батлахаас татгалзсан” гэж тайлбарлаж, тухайн төлөвлөгөөний агуулгын хүрээнд тайлбар гаргадаг.

Гэвч дээрх тайлбарлаж буй болон бусад ямар нэг үндэслэлээр хуульд заасан хугацаанд буюу төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор нэхэмжлэгчид хариу өгөөгүй байна.  

6.7. Түүнчлэн, хариуцагчаас шүүх хуралдаанд “... компанийг төлөөлж, төлөвлөгөөг хүргэж ирсэн хүмүүст амаар тайлбарлаж, явуулсан” гэж тайлбарлаж байх боловч хэрэв дээрх хариуг амаар мэдэгдсэн бол энэ тухайгаа баримтжуулаагүй, хэрэгт нотлох баримт ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.    

6.8. Хэрэгт хариуцагчаас нэмэлт нотлох баримтаар, сумын Засаг даргаас нэхэмжлэгч компанид хаягласан 2026 оны 03 ******* сарын 24-ний өдрийн 1/*******5 *******тай “Хариу тайлбар хүргүүлэх” албан бичгийн хуулбар[12], сумын Засаг даргын тамгын газрын 2026 оны явуулсан баримт бичгийн бүртгэлийн 9 дүгээрт дээрх албан бичгийг бүртгэснийг хуулбарлан ирүүлсэн байна.

Гэвч дээрх албан бичгийг нэхэмжлэгч талд хүргүүлсэн болох нь тогтоогдохгүй, энэ талаар баримтыг хариуцагчаас шүүхэд ирүүлээгүй бөгөөд, дээрх албан бичиг нь “төлөвлөгөөг батлахаас татгалзсан” агуулгатай байх боловч хуульд заасан хугацаанд буюу “төлөвлөгөөг хүргүүлснээс хойш 10 хоногийн дотор” бус, нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг үүсгэсний дараа үйлдэгдсэн албан бичиг болохыг дурдах нь зүйтэй.

6.9. Дээрхээс, Дорнод аймгийн сумын Засаг даргыг Ашигт малтмалын тухай хуулийн 38 ******* зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасныг биелүүлээгүй тул хууль бус эс үйлдэхүй гаргасан, үүний улмаас нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу хайгуулын үйл ажиллагаа эрхлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж шүүх дүгнэлээ.

6.10. Захиргааны ерөнхий хуулийн 37 ******* зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 ******* зүйлийн 106.3.4-т “Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасны дагуу шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6.11. Харин, хариуцагч нь дээрх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөтэй холбоотой шаардлагатай асуудлыг тодруулах, хянан үзэх бүрэн эрхтэй байх тул нэхэмжлэгчээс ирүүлсэн төлөвлөгөөг батлахыг шууд даалгаж шийдвэрлэх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлах асуудлыг хуульд нийцүүлэн зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 ******* зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 107 ******* зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 ******* зүйлийн 12.2.5, 38 ******* зүйлийн 38.1.3, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, “******* ******* *******” -д ашигт малтмалын хайгуулын тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлах асуудлыг хуульд нийцүүлэн зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Дорнод аймгийн сумын Засаг даргад даалгасугай.         

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 ******* зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “******* ******* *******” -д олгосугай.          

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 ******* зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор  хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                                                   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     В.ДАВААНЯМ

 

[1] Хэргийн 9 дүгээр хуудас

[2] Хэргийн 1-2 ******* хуудас

[3] Хэргийн 1-2 ******* хуудас

[4] Хэргийн 31 дүгээр хуудас

[5] Хэргийн 1-2 ******* хуудас

[6] Хэргийн 118-120, 122-124 дүгээр хуудас

[7] Хэргийн 140- 191 дүгээр хуудас            

[8] Хэргийн 31 дүгээр хуудас

[9] Хэргийн 44-57 ******* хуудас

[10] Хэргийн 31 дүгээр хуудас

[11] Хэргийн 38 ******* хуудас

[12] Хэргийн 80-81 дүгээр хуудас