| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0813/Э |
| Дугаар | 0878 |
| Огноо | 2018-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Багшбаяр, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 0878
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Г.Номин
улсын яллагч: О.Багшбаяр
шүүгдэгч: Г.Г, Б., Б.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт Ш овогт Г Г, Б овогт Б Э, Б овогт Б У нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806018690846 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш овогт Г Г Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй
2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б Э, Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,
3.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б У, Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,
Холбогдсон хэргийн талаар:
Б.Э нь Б.У, Г.Г нартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 24-ний орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг онон нэртэй караокед Ж.Г-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн
Г.Г нь Б.У, Б.Э нартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 24-ний орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг онон нэртэй караокед Ж.Г-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн
Б.У нь Б.Э, Г.Г нартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 24-ний орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг онон нэртэй караокед Ж.Г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан
Б.У нь ганцаараа 2018 оны 02 дугаар сарын 24-ний орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг онон нэртэй караокед Д.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан
гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна, дахин ийм асуудал гаргахгүй. Хохирогчоос уучлалт гуйж учирсан хохирлыг барагдуулсан.”гэв
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Сонсгож байгаа ял зүйл ангийг уншлаа ойлгож мэдсэн. О.Б прокурор намайг 2018 оны 2 дугаар сарын 24-ны өдөр Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Онон караоке дотор яллагдагч Б.Э-й бүлэглэн хохирогч Ж.Г-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд яллагдагчаар татагдаж байна. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.”гэв
Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.Надад өөр нэмэж ярих зүйл байхгүй..” гэв
Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “ 2018 оны 2 дугаар сарын 24-ны өдөр нэг айлын бэрүүд болох Г.Г, Б.У, Ч.Б нарын хамт “Онон” нийтийн караокед 01:00 цагийн үед орсон.Тэгээд нийтийн зааланд ээлжилж дуулж байгаад хажуу ширээний хохирогч эмэгтэй нэг мэдсэн бид нарыг доромжлоод байсан.Тэгээд бүжгийн талбайд бүжиглэж байхад хохирогч Д.Б намайг түлхээд байсан би тоогоогүй.Тэгээд бүжиглэж байтал Г хохирогч эмэгтэй 2 бие биенийхээ энгэрээс таталцаад байхаар нь би дундуур нь ороод салгасан чинь намайг цохиод авсан, би зөрүүлээд нэг цохисон. Би хохирогчийн нүүрэнд нь хүрээгүй хүрэх боломж байгаагүй.Тэгээд бид нар үстэлцээд ширээний нөгөө талруу унасан тэнд байсан хүмүүс салгасан Ж.Г, Ч.Б хоёр хохирогчийг маажсан эсхийг хараагүй.Хохирогчийн нүүрийг хэн маажсан эсхийг хараагүй...” /хх-н 89-92/
Шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 2 дугаар сарын 24-ны өдөр нэг айлын бэрүүд болох Г.Г, Б.У, Ч.Б нарын хамт “Онон” нийтийн караокед 01:00 цагийн үед орсон.Тэгээд нийтийн зааланд ээлжилж дуулж байгаад хажуу ширээний хохирогч эмэгтэй нэг мэдсэн бид нарыг доромжлоод байсан.Тэгээд бүжгийн талбайд бүжиглэж байхад хохирогч Д.Б намайг түлхээд байсан би тоогоогүй.Тэгээд бүжиглэж байтал Г хохирогч эмэгтэй 2 бие биенийхээ энгэрээс таталцаад байхаар нь би дундуур нь ороод салгасан чинь намайг цохиод авсан, би зөрүүлээд нэг цохисон. Би хохирогчийн нүүрэнд нь хүрээгүй хүрэх боломж байгаагүй.Тэгээд бид нар үстэлцээд ширээний нөгөө талруу унасан тэнд байсан хүмүүс салгасан Ж.Г, Ч.Б хоёр хохирогчийг маажсан эсхийг хараагүй.Хохирогчийн нүүрийг хэн маажсан эсхийг хараагүй.Энэ үед тэнд байсан эрэгтэй хүмүүс бид нарыг салгаж байсан тэгээд хохирогчтой үсдэлцсэн чигээрээ ширээний нөгөө талд очиж хохирогч Ж.Г, Д.Б хоёр миний зулгаагаад тавихгүй байсан тэнд байсан хүмүүс тавиулсан .Ингээд маргаж байгаад тэндээс гарсан чинь миний 2 ээмэг алга болсон байсан тул иргэж ороод ээмгээ хайхад хохирогч нар хэрүүл өдөөд байхаар нь хог шүүрдэж байсан хогийн хутгуураар Ж.Гг нэг удаа цохисон. хх-н 83-86/
Шүүгдэгч Б.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Г.Гийн ээмгэг алга болсон тул ээмгийн хайхаар буцаж ороход хохирогч Ж.Г нүүрээ маажуулсан байсан. Ингээд ээмгээ хайхад хохирогч нар хэрүүл өдөөд байхаар нь хог шүүрдэж байсан хогийн хутгуураар Г.Г эгч Ж.Гг нэг удаа цохиж буйдан дээр үсдэлцсэн.Ингээд гарах гээд байж байхад хохирогч Д.Б намайг жирэмсэн байж биеэ үнэлэгч, гичий гэх зэргээр маш муухайгаар доромжилсон тэгхээр нь уур хүрээд дөхөөд очсон чинь гэдэс рүү өшиглөнгүүт нь дараад авсан чинь үснээс зулгаасан тэгэхээр нь нүүрийг нь маажсан.Хохирогч Д.Бын нүүрийг маажсанн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.Д.Бд учирсан хохирлыг төлж барагдуулна, Гэрэлтуяад учирсан хохирлыг би төлөхгүй..” /хх-н 95-98/
Хохирогч Ж.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Бааранд байсан надтай муудалцсан 4 эмэгтэйгээс 3 эмэгтэй нь эхэлж над руу дайраад нэг нь үстэж байхад хажуунаас жирэмсэн эмэгтэй нь үсдэж татаад ширээний хойд тал буюу хамт явсан Б эгчийн сууж байсан тал руу унахад дээрээс 2 эмэгтэй нь үсдэж нүүр маажиж харилцан үсдэлцэж энэ үед бааранд байсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс салгахад би ширээний доороос босч ирсэн. Тэгээд хэрэлдэж, маргалдаж байгаад бүгдийг нь гаргаад цагдаа дуудсаны дараа бүгдээрээ ээмгээ алга болгочлоо гэж дайрч орж ирээд ээмгээ хайж байхдаа Б эгчийг жирэмсэн эмэгтэй нь сандал дээр дарж боосон. Мөн миний нүүр мааждаг эмэгтэй хогийн хутгуураар хөл рүү цохисон. Ингээд маргалдаж байхад цагдаа ирсэн. Гомдолтой байна. / хх-н 13-16/
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 2 сарын 24-ны өдөр хамт ажилладаг Ж.Гийн хамт Онон нийтийн караокед ороод дуулж байхад хажуу ширээний эмэгтэйчүүд микрофон авах гэхээр нь өгөөгүй тэгхэд тэр хэдэд таагүй сэтгэгдэл төрсөн байлгүй бүжиглэж байсан чинь Г гэдэг нь Г-н цамцнаас татсан түүнээс болж хоорондоо маргалдсан.Эхлээд Г.Гнь очиж үсдэж харилцан үсдэлцэхэд араас нь хамт явсан Б.Э гэгч нь үсдэж ноцолдсон, нүдний шилтэй эмэгтэй салгах гээд чадахгүй байсан тэгтэл хажуунаас нь намайг үсддэг жирэмсэн эмэгтэй Ж.Г үсдэж нааш нь чирээд тэр хэд миний өмнө унасан Ж.Гийн биед хэн нь яаж маажиж байгааг нь хараагүй, Г.Г, Б.Э хоёр нийлж үсдээд унасан, хажуунаас нь жирэмсэн эмэгтэй /У/ үсдэж чирсэн. Тэнд байсан хүмүүс зөвхөн салгах гэж татсан. Камерын бичлэг дээр тодорхой харагдаж байна лээ..”гэх мэдүүлэг / хх-н 17-19/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд / хх-н 20/ онон караокены камерт үзлэг хийж бэхжүүлсэн цагаан өнгийн СД-г эд мөрийн баримтаар тооцсугай.
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, СД, гэрэл зургууд/ хх-н 21-25/
Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 2 дугаар сарын 24-ны өдөр Онон караокед манай бэрүүд болох Э, Г, У нарын хамт орж 1 шил архи ууж дуулсан. Нийтийн караокед микрофон булаацалдсанаас болж хохирогч эмэгтэйтэй Э жоохон маргалдсан. Ингээд бүжгийн талбай дээр бүжиглэж байсан чинь хохирогч Г хэрүүл өдөж хэл үгээр доромжлоод байхлаар нь Г бид 2 очиж хэрэлдсэн. Ингээд бүжиглэж байсан чинь Г, Э хоёр хохирогч эмэгтэйтэй үстэлцээд ширээний урд талруу орсон би араас нь очиж салгах гэтэл салахгүй байсан тул хойшоо болсон. Тэгээд тэр хэд ширээний нөгөө тал руу үсдэлцээд унасан дээрээс нь тэнд байсан эрэгтэй хүмүүс салгасан.Тэгэхэд хохирогчийн нүүр нь маажуулсан босч ирсэн.Тэгээд бид нар хэрэлдэж байгаад тэнд байсан хүмүүс түлэхсээр байгаад бид нарыг гаргасан. Тэгтэл Г нүднийхээ доор жоохон маажуулсан, 2 ээмэг нь алга болсон байсан тул ээмгээ хайж буцаж орж ирээд хайхад хохирогч эмэгтэй лангууны ард очоод үгээр идэж хэрүүл өдөөд байсан тул бид нар тэр хоёртой хэрэлдэж байгаад нэг ээмгээ олсон энэ үед цагдаа нар ирсэн..”гэх мэдүүлэг / хх-н 26-27/
Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 2 дугаар сарын 24-ны өдөр ажил дээрээ байхад манай нийтийн караокед 1-р ширээнд хохирогч 2 эмэгтэй 3 эрэгтэйн хамт орж ирээд үйлчлүүлж байхад үүнээс хойш 2 цагийн дараа 2 ширээнд зодолддог эмэгтэйчүүд 4 үүлээ орж ирж суусан. 1-р ширээнд пиво, 2-р ширээнд архи захиалсан.Ширээ ширээгээрээ ээлжилж дуулж байсан чинь хохирогч “ууснаа шингээрээ гэж микрофоноор хэлсэн хэнд хандаж хэлнийг нь мэдэхгүй, зодолдсон эмэгтэйчүүд өөр дээрээ тусгаж аваад уурлаад байсан.Тэгээд ер нь дууныхаа дундуур бие бие рүүгээ үг хаяад эхэлсэн, бүжиглэж байгаад үсдэлцээд зодолдоод хэн хэнийгээ яаж цохисныг хараагүй, харах боломжгүй байсан, тэнд байсан хүмүүс бөөгнөрөөд салгасан. Миний санаж байгаагаар жирэмсэн эмэгтэй нүүрээ маажуулсан эмэгтэйтэй хамт явж байсан эмэгтэйтэй маргалдаж байгаад буйдан дээр дарж унагаагаад нүүрийг нь маажсан. .”гэх мэдүүлэг/ хх-н 28-29/
Гэрч Ж.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сард өдрийг нь санахгүй байна цэргийн найз 2 найз Б, С нар ирсэн гэсэн гудамжинд таараад Онон караокед орж яваад үсээ засуулдаг зүс мэдэх Г-тй шөнө 01 цагийн үед таараад хамт суусан. Би машин барьж явсан учраас архи уугаагүй. Тэд нар пиво авч уусан.Тэгээд нийтийн караоке байсан учраас манай ширээ дуу дуулж байсан чинь хажуу ширээний согтуу хүүхэн микрафон булааж авах гэсэн чинь хамт явж байсан хүүхэн нь салгаад аваад явсан.Үүнээс болж хэрүүл маргаан үүссэн.Дараа нь бүжгийн талбай дээр микрафон авсан хүүхэн Г-тай маргалдаж ширээний буланд шахаж, үсдэж маажсан, хажуунаас нь 1 хүүхэн орж нүүрийг нь маажсан, би дундуур нь орж салгахад хохирогч Г нүүрээ маажуулсан үс нь туг тугаар унасан байсан.Тэгтэл хажуунаас нь биеэрхүү хүүхэн хохирогчийг үсдэж татаад ширээний наад талд гаргаж тэнд байсан хүмүүс салгасан..” гэх мэдүүлэг / хх-н 30-31/
Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Г нь миний доод талын хамгийн бага дүү. Нөхөр Б нь хувиараа барилгын ажил хийдэг 3 хүүхдийн хамт ам бүл 5 уулаа амьдардаг.Манай дүү Г нь ер нь л төлөв даруу зантай, архи дарс уудаггүй, ямар нэгэн илүү дутуу ааш зангүй. Ер нь дуу цөөтэй тайван зантай хүн.Урьд нь хүнтэй зодолдож, маргалдаж байгаагүй. / хх-н 38-39/
Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай эхнэр Уранзаяа нь зан байдлын хувьд маш их тайван зантай юмны түрүүнд хүнтэй муудалцаад байдаггүй, ямар нэгэн муу зуршилгүй, гэр бүлийн харилцаа хэвийн.Надад хэрэгт хобогдсон талаараа хэлээгүй би саяхан мэдсэн.Архи бараг хэрэглэдэггүй./ хх-н 101-102/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 43/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний/ хх-н 44/ 2964 тоот ДҮГНЭЛТ:
1.Ж.Гийн биед дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, үзүүр, баруун, зүүн хацар, эрүү, хүзүүний олон тооны зулгаралт, шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 46/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний/ хх-н 47/ 2965 тоот ДҮГНЭЛТ:
1.Д.Б биед хамрын хажуу ба доод хэсэгт, уруулын хажуу хэсэг, ооч, зүүн шанаа зулгаралтууд, хүзүүний зулгаралт, цус хуралт,баруун гарын хурууны зөөлөн эдийн няцрал,цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 48/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2973 тоот ДҮГНЭЛТ:
1.Г.Г-н биед хоёр нүдний доод зовхинд шинэ цус хуралт, зүүн гуянд хуучин цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх зовхины цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Зүүн гуяны цус хуралт хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдээгүй хуучин гэмтэл байна.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэжээ.
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 50-54/
Г.Г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 87-88/
Б.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 93-94/
Б.У хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 89-90/
Г.Г эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 76-77, 83-86/
Б.Э эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 78-79, 89-82/
Б.У эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 80-82, 95-98/
Б.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 57/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 63/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 61/ захиргааны зөрчлийн талаарх баримт /хх-н 67/
Б.У иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 59/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 64 /, хорооны тодорхойлолт /хх-н 56/ , захиргааны зөрчлийн талаарх баримт / хх-н 65-66/
Г.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 60/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 62 / оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 58/
Г.Г, Б.Э нараас хохирогч Г 101.000 төгрөг өгсөнийг хүлээлгэн өгсөн баримт /хх-н 70/ зэрэг болно.
Б.Э нь Б.У, Г.Г нартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 24-ний орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Онон нэртэй караокед Ж.Г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Г.Г нь Б.У, Б.Э нартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 24-ний орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Онон нэртэй караокед Ж.Г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Б.Ур нь Б.Э, Г.Г нартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 24-ний орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Онон нэртэй караокед Ж.Гзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Б.У нь ганцаараа 2018 оны 02 дугаар сарын 24-ний орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Онон нэртэй караокед Д.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан
гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн болон хохирогч нарын мэдүүлгүүд, гэрч нарын мэдүүлгүүд, шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн актууд, шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн талаарх мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Г.Г, Б.Э, Б.У нар нь караокед сууцгааж байхдаа дуу дуулах ээлж дараалалаас болж хоорондоо маргалдан улмаар харилцан зодолдсоноос бие биендээ хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тэдний дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.
Хохирогч Д.Бнь сорви арилгах тосны мөнгө 27.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэний 8000 төгрөг нийт 35.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч Б.У-ас гаргуулж олгохоор шийдвэрлэв.
Б.Э, Г. Б.У нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Б.У 35.000 төгрөгийг гаргуулж Д.Б-д олгох, хохирогч нар бусад зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.
Г.Г, Б.Э нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ш овогт Г Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг
Б овогт Б Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг
Б овогт Б У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Г.Г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар
Б.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар
Б.У-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Г, Б.Э, Б.У нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Г, Б.Э, Б.У нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй тогорх ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Г.Г, Б.Э, Б.У нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6 .Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Г, Б.Э, Б.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэгт хавсаргасугай.
9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.У-ас 35.000 төгрөгийг гаргуулж Д.Б-д олгох, хохирогч нар бусад зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй, Г.Г, Б.Э нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
10.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Г.Г, Б.Э, Б.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН