| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0839/э |
| Дугаар | 0889 |
| Огноо | 2018-06-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 0889
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: А.Цэнд-Очир
улсын яллагч: Ч.Батбаяр.
шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бум-Аюуш
шүүгдэгч: Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Д овогт Т Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 17060225100991 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д овогт Т Б, 1996 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, Ирээдүйн саятан ХЗХ-д хамгаалагч ажилтай, ам бүл 4, эцэг,эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Саруул хороололын 115 дугаар байрны 66 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Т.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.М гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.Бат-Ерөөлт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухайн хүүхдийн эмчилгээний зардал болох 939,260 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би дүү М гэртээ блонтой ахуйн газ хүргүүлчихээд бид гэрээс хамт гараад дүү дугуйгаа унаад би араас нь машинтайгаа явж байхад Гангарын баруун талд манай дүү хоёр хүүхэдтэй юм ярьж байгаад тэр хоёр хүүхэд нь зугтааж явснаа байшингийн булангаас 4-5 хүүхэдтэй хамт гарч ирээд нэг хүүхэд нь гадуур хувцасаа тайлаад манай дүү М цохиод дугуй нь газар унаад тэдгээр хүүхдүүд нь тойроод цохих гээд дайрхаар нь би очоод нэг хүүхдийх нь хамарлуу нь гараараа нэг удаа цохиод тэр хүүхэд нь хамараа дараад доошоо суусан. Тэр хүүхдийн хамраас нь цус гарсан байсан. Би М дугуйтай нь явуулчихаад араас нь машинтайгаа явсан.Тухайн үед ээж машинаас бууж ирсэн.:”гэх мэдүүлэг /хх-ийн 43/
Хохирогч А.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2017 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр орой 20 цагийн орчим ажилаасаа тараад гэртэй ирчихсэн байж байхад манай эгчийн хүүхэд /13 настай/ орж ирээд дүүг чинь гадаа хүн зодоод байна гэж хэлсэн би гараад очиход Гангар гээд байрны гадаа манай дүү М М гэх залуу зодож байсан би очоод салгаж байсан чинь хажуунаас М ах гээд нэг залуу намайг цохисон би газар унаад хэсэг хугацаанд манаралтын байдалтай байсан тэгээд босоод ирсэн чинь явчихсан байсан. Тэгээд цагдаад хандсан..”гэх мэдүүлэг / хх-н 21-24/
Эмчилгээний зардлын талаарх баримтууд /хх-н 16-20/
Насанд хүрээгүй гэрч С.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Хэдэн сарын хэдний өдөр байсныг би мэдэхгүй байна. Найз Билгүүний хамт гэрийн хажуу талын Шинэ амгалан хорооллын гадаа сууж байхад нэг банди дугуйтай хажуугаар гарахдаа муухай хараад өнгөрсөн юм.Манай найз чи муухай хараад байна уу гэхэд яасан гээд дугуйнаасаа буугаад дугуйгаа түрээд надруу ирхэд нь манай найз Бэ тэр хүүхдийн хойд дугуйруу нь нэг удаа жийгээд байрны хажуулуу зугтаагаад явсан. Тэгсэн байрны гадаа сууж байсан манай 4 найз хүрч ирэх үед тэр хүүхэд миний шанааруу гараараа хоёр удаа цохиход манай ах М гарч ирээд тэр хүүхдийг надаас юу болоод байгаа юм гээд салгасан чинь машинтай хүн хүрч ирээд машинаасаа буугаад манай ах М нүүрлүү нэг удаа цохиход манай ах газар унаад тэр хүн машиндаа суугаад явсан. Тэр дугуйтай хүүхэд нь машиндаа суугаад яваад өгсөн..” гэх мэдүүлэг / хх-н 25/
Насанд хүрээгүй гэрч Л.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би хэрэг гарсан он сар өдрийг нь мэдэхгүй байна. Тэр өдөр 17 цагийн орчим Гангарын байранд байх Б ахынд ахуйн газ аваачиж өгчихөөд тэдний гэрээс нь гараад байрны гадаа хоёр хүүхэд намайг хөөш нааш ир дуудхаар нь би яасан гээд очиход тэр хоёр хүүхэд надаас зугтаагаад машины араар гүйж ороод эргээд 45 ах нар нь бололтой хэдэн хүүхэд гарч ирээд хоеулаа үзчих үү гээд хувцасаа тайлаад миний зүүн шанаа тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгсэн миний хажууд тэр хүүхдийн ах нь бололтой нэг залуу зогсоод миний цамцнаас татаад чи яв гэж хэлээд зогсож байхад манай ах Батерөөлт гарч ирээд тэр ахын хамарлуу нь нэг удаа гараараа цохиод газар унаад хамраас нь цус гарсан. Тэгсэн манай эгч Заяа гарч ирээд тэднийг болиулсан. Тэгээд бид салцгаагаад би гэрлүүгээ яваад ах Заяа эгчтэй хамт 55-69 УН... дугаартай прадо маркын машинд суугаад явсан...” гэх мэдүүлэг / хх-н 27/
Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Манай гэрээс хүү Б, М бид гурав гараад М дугуйтай яваа гээд түрүүлээд явсан. Б бид хоёр ондоо тийшээ явах гэж байснаа харанхуй болсон байхад хойноос нь гэрэлтүүлээд явъя гээд баруун тийш явах гэж байснаа болиод зүүн тийш эрэгтэл гэрэлд Мөнхэрдэнийг хэдэн хүүхэд тойроод зогсчихсон нэг хүүхэд нт цээж нүцгэн орилоод байхаар нь би дүүгээ яваад аваад ир гээд хүүгээ буулгасан чинь манай хүү Батерөөлт тэдэн дээр очоод нэг хүүхдийг нь татаад цохчихсон. Чухам хаашаа цохисоныг нь би мэдээгүй...” гэх мэдүүлэг / хх-н 29/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол /хх-н 30/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 12176 тоот ДҮГНЭЛТ:
1.А.М биед зүүн гайморын хөндийн урд хана, нүдний ухархайн доод ханын хугарал, хамрын ясны хугарал, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Зүүн гайморын хөндийн урд ханын хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдалтанд нөлөөлөхгүй.
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 32-33/
Т.Б эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/ хх-н 40-43/
Т.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 44-45/
Т.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 36/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 38-39/, хохирогч А.М эмчилгээний зардалд 936.260 төгрөг төлсөн баримт /хх-н 46/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 35/ зэрэг болно.
Т.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 24-ний орой Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.М дүүг явуулахгүй хоргоогоод байж байхад нь очиж уулзан өөрийг нь цохих үед эргэж хараад түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:
А.М биед зүүн гайморын хөндийн урд хана, нүдний ухархайн доод ханын хугарал, хамрын ясны хугарал, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн гайморын хөндийн урд ханын хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 12176 тоот дүгнэлт / хх-н 31/
Хохирогч А.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … манай эгчийн хүүхэд /13 настай/ орж ирээд дүүг чинь гадаа хүн зодоод байна гэж хэлсэн би гараад очиход Гангар гээд байрны гадаа манай дүү М М гэх залуу зодож байсан би очоод салгаж байсан чинь хажуунаас М ах гээд нэг залуу намайг цохисон би газар унаад хэсэг хугацаанд манаралтын байдалтай байсан тэгээд босоод ирсэн чинь явчихсан байсан гэсэн мэдүүлэг / хх-н 21-24/
Насанд хүрээгүй гэрч С.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … нэг банди дугуйтай хажуугаар гарахдаа муухай хараад өнгөрсөн юм.Манай найз чи муухай хараад байна уу гэхэд яасан гээд дугуйнаасаа буугаад дугуйгаа түрээд надруу ирхэд нь манай найз Билгүүнээ тэр хүүхдийн хойд дугуйруу нь нэг удаа жийгээд байрны хажуу луу зугтаагаад явсан. Тэгсэн байрны гадаа сууж байсан манай 4 найз хүрч ирэх үед тэр хүүхэд миний шанааруу гараараа хоёр удаа цохиход манай ах М гарч ирээд тэр хүүхдийг надаас юу болоод байгаа юм гээд салгасан чинь машинтай хүн хүрч ирээд машинаасаа буугаад манай ах М нүүрлүү нэг удаа цохиход манай ах газар унаад тэр хүн машиндаа суугаад явсан. Тэр дугуйтай хүүхэд нь машиндаа суугаад яваад өгсөн гэх мэдүүлэг / хх-н 25/
Насанд хүрээгүй гэрч Л.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .. байрны гадаа хоёр хүүхэд намайг хөөш нааш ир дуудхаар нь би яасан гээд очиход тэр хоёр хүүхэд надаас зугтаагаад машины араар гүйж ороод эргээд 45 ах нар нь бололтой хэдэн хүүхэд гарч ирээд хоеулаа үзчих үү гээд хувцасаа тайлаад миний зүүн шанаа тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгсэн миний хажууд тэр хүүхдийн ах нь бололтой нэг залуу зогсоод миний цамцнаас татаад чи яв гэж хэлээд зогсож байхад манай ах Батерөөлт гарч ирээд тэр ахын хамарлуу нь нэг удаа гараараа цохиод газар унаад хамраас нь цус гарсан гэсэн мэдүүлэг / хх-н 27/
Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Мг хэдэн хүүхэд тойроод зогсчихсон нэг хүүхэд нт цээж нүцгэн орилоод байхаар нь би дүүгээ яваад аваад ир гээд хүүгээ буулгасан чинь манай хүү Б тэдэн дээр очоод нэг хүүхдийг нь татаад цохчихсон. Чухам хаашаа цохисоныг нь би мэдээгүй гэсэн мэдүүлэг / хх-н 29/
Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Гангарын баруун талд манай дүү хоёр хүүхэдтэй юм ярьж байгаад тэр хоёр хүүхэд нь зугтааж явснаа байшингийн булангаас 4-5 хүүхэдтэй хамт гарч ирээд нэг хүүхэд нь гадуур хувцасаа тайлаад манай дүү М цохиод М дугуй нь газар унаад тэдгээр хүүхдүүд нь тойроод цохих гээд дайрахаар нь би очоод нэг хүүхдийх нь хамарлуу нь гараараа нэг удаа цохиод тэр хүүхэд нь хамраа дараад доошоо суусан. Тэр хүүхдийн хамраас нь цус гарсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 43/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Т.Б нь А.М цохисоноос эрүүл мэндэд нь хөнгөн болон хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал хангалттай тогтоогдсон, түүний энэ үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирч байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Т.Б нь хохирогч А.М эмчилгээний зардалд 939.260 төгрөг төлсөн хохирогч нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Т.Б нь нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Донж овогт Т Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар , 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Т.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар , тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангин 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Т. 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял дээр , 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нийт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Т.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг нэг сарын дотор төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
6. Т.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8 .Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Т.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Т.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН