| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2408021661155 |
| Дугаар | 2024/ДШМ/1289 |
| Огноо | 2024-12-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2024/ДШМ/1289
2024 12 03 2024/ДШМ/1289
Г.Жд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Анхбаяр,
шүүгдэгч Г.Ж, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/1055 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Жгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2408 02166 1155 дугаар хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
урьд,
- Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ял,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 10 сар 15 хоногийн хорих ял,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1635 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгүүлсэн;
Шүүгдэгч Г.Ж нь 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн 108 тоот өрөөнөөс хохирогч О.Оын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г.Жгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Жг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жгаас 350.000 төгрөг гаргуулан хохирогч О.От олгож, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Ж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие ясны сүрьеэ өвчнөөр 70 хувийн группэд байдаг ба тухайн үед эмчийнхээ хяналтад хамрагдаж явсан бөгөөд уг үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна. Иймд миний бие хохирол төлбөрөө бүрэн барагдуулж шүүх хуралдаанд оролцох ба өөрт оноосон ялыг хөнгөрүүлэх зорилгоор гомдол гаргаж байгааг хүлээн авна уу...” гэв.
Шүүгдэгч Г.Жгийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хуралдаанд Г.Ж өмгөөлөгчгүй оролцсон. Г.Жгийн тухайд өөрийн үйлдсэн гэм буруу дээр маргадаггүй, давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө 350.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Мөн ясны сүрьеэ өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоогдсон баримтыг гаргаж өгсөн байгаа. Одоогоор биеийн эрүүл мэндийн байдал сайнгүй, байнгын эмчийн хяналтад байх шаардлагатай байдаг. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан, өөрийн үйлдсэн хэрэгт гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү. Г.Жгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна.” гэв.
Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан баримтууд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалган тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Прокурорын зүгээс 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан. Анхан шатны шүүхээс хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Ж нь 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн 108 тоот өрөөнд ороод гарахдаа хохирогч О.Оын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч О.Оын “...өрөөний ширээний нүдэнд хийсэн байсан гар утас алга болсон байсан тул цагдаа дуудсан. Миний гар утсыг авсан хүн надад үйлчлүүлсэн хүн байгаа, тэр хүний бүх мэдээлэл надад байгаа. Би гар утсаа 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Мобикомоос 780.000 төгрөгөөр авч байсан. “Samsung А23” маркийн гар утас байсан. ...” /хх 7/ гэсэн,
шүүгдэгч Г.Жгийн яллагдагчаар өгсөн “... тухайн эмчийн өрөөнд ороод суухад эмчийн өрөөний үзлэгийн орон дээр цагаан саарал өнгөтэй гар утас байхаар нь би аваад эмнэлгээс гарч Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай Хархорин худалдааны төвийн гадаа гар утас зардаг хүмүүст зарах гэсэн боловч аваагүй. Тэгэхээр нь явуулын хүнд бэлэн 100.000 төгрөгөөр худалдан борлуулж, мөнгөөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. ...” /хх 39-40/ гэсэн тус тус мэдүүлгүүд,
2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Ашид Билгүүн” ХХК-ийн “...Samsung А23 маркийн гар утас... 320.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 14-18/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Г.Жг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Г.Жгийн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн 108 тоот өрөөнд хохирогч О.Оаас эмнэлгийн үйлчилгээний талаар асуугаад гарахдаа түүний гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Г.Ж “...миний бие ясны сүрьеэ өвчнөөр 70 хувийн группэд байдаг, хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна, хохирол төлбөр төлөх тул оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.
Шүүгдэгч Г.Жгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 350.000 төгрөг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх боломжтой байна гэж үзлээ.
Иймд дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.Жгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Жгийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 67 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/1055 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,
3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жд оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Г.Ж нь хохирогч О.От 350.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Жгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жгийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 67 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР