Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 116/ШШ2026/0026

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                                     

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 3 дугаар *******, 2 дугаар *******лол, ******* тоотод байрлах, регистрийн дугаартай, “” хязгаарлагдмал хариуцлагатай компани /Цаашид “” гэх/-ийн[1],

Хариуцагч: Дорнод аймгийн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, хайгуулын ажлын байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахтай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн /цахимаар/, хариуцагч П.******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.              

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. Нэхэмжлэгчээс тус шүүхэд хандан, “ ...Дорнод аймгийн сумын “******* *******” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх 2026 оны Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хянан батлахгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг хянан баталж өгөхийг сумын Засаг даргад даалгах”[2] шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хоёр. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:                          

2.1. Нэхэмжлэгч “” шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Дорнод аймгийн сумын “******* *******” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн эзэмшиж ирсэн болно. Бид хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байх хугацаандаа хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүхий л үүргийг хуулийн дагуу биелүүлж ирсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацааг сунгуулах тухай өргөдлийг хуульд заасан баримт бичгийг хавсарган төрийн захиргааны байгууллагад гаргах ёстой ба тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтэд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримтыг хавсаргах талаар хуулийн 22.1.3-т тухайлан заасан. Бид 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлуулахаар Дорнод аймгийн сумын Засаг даргад хандсан болно. Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 38 дугаар зүйлийн 38.2-т тус тус зааснаар Сумын Засаг дарга хуулийн этгээдээс ирүүлсэн төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүгүүлэх үүрэгтэй.

Гэтэл сумын Засаг дарга байгаль орчны хамгаалалтын менежментийн төлөвлөгөөг хянан батлах үүргээ хэрэгжүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж, “Байгаль орчны хамгаалалтын менежментийн төлөвлөгөөг уурхайн бүсэд амьдардаг малчдаар буюу нөхөрлөлөөр хэлэлцүүлж зөвшөөрүүлсний дараа тус төлөвлөгөөг хянана” гэх үндэслэлгүй тайлбарыг хэлсний дээр манай компанийг тус сумын нутаг дэвсгэрт байрладаг “******* *******” уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор орон нутгийн захиргааны байгууллага болох Дорнод аймгийн Засаг дарга болон сумын Засаг даргатай байгуулсан гэрээнд заасан төлбөрөө бүрэн өгөөгүй гэх тухайн асуудалд огт хамаагүй зүйлээр шалтаглан татгалзаж хуульд заасан үүргээ биелүүлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байна.

Уг орон нутагт төлж байгаа 1 жилийн 500,000,000 төгрөгийн төлбөр нь хайгуулын тусгай зөвшөөрөл болон түүнд хамааралтай бусад нөхцөлд огт хамаагүйн дээр бидний зүгээс уурхайн үйл ажиллагааг эхэлснээс хойш жил бүр гэрээний дагуу холбогдох мөнгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж ирсэн. Гэвч БНХАУ-д нүүрсний үнэ унаж, экспортын үйл ажиллагаа доголдсон, орон нутагт үүссэн байгаль орчны давагдашгүй хүчин зүйлүүдээс шалтгаалан бидний төлөвлөгөөт үйл ажиллагаа тасалдаж, улмаар хөрөнгө орлогын эх үүсвэргүй болсоноос манай компанийн санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учирч 2024-2025 онд гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд энэ тухай аймаг, сумын Засаг дарга нарт мэдээлэл хүргүүлж байсан болно. Байгаль орчны хамгаалах менежментийн төлөвлөгөөг бүх шатны Засаг даргаар батлуулж авахад орон нутгийн малчдын нөхөрлөлөөр хэлэлцүүлэх, батлуулах хуулийн зохицуулалт байхгүй болно.

Иймд сумын Засаг дарга ******* манай компанийн эзэмшиж байгаа Хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх Байгаль орчны хамгаалалтын менежментийн төлөвлөгөөг хянаж батлаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг хянан батлаж өгөхийг сумын Засаг дарга П.*******д даалгаж өгнө үү” гэжээ[3].  

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компаний хувьд 2025 онд хайгуулын зөвшөөрлөө Ашигт малтмалын газарт хянуулж, төлөвлөгөөгөө батлуулсан. Маркшейдэрийн ажил л хийгдэж явж байгаа. Газрын хэмжилт л хийгдэж яваа гэсэн үг юм. Тэрнээс биш ухаж сэндийчсэн зүйл байхгүй. Уг төлөвлөгөөг батлуулахтай холбоотой асуудлаар Засаг даргатай хоёр ч удаа уулзсан. Би өөрөө уулзсан. ******* даргын хувьд хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хольж хутгаж ойлгоод байх шиг санагдсан. Манай талаас гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй үйлдэл гаргасан. Суманд төлөх ёстой төлбөрөө бүрэн төлж дуусгаагүй байгаа. Үүнтэй холбогдуулж хайгуулын ажлын менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байна гэж ойлгосон. Амаар надад тийм тайлбар гаргаж өгсөн. Аймаг, сум, компани гурав гурвалсан гэрээ байгуулдаг юм. Жил бүр 500 сая төгрөг төлөх ёстой байгаа. Гэхдээ энэ нь ашиглалттай холбоотой асуудал гэдгийг хэлэхийг хүсч байна. Бид нар одоо зөвхөн хайгуул л хийж байгаа гэдгийг анхаарч үзээч гэж хүсч байна гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байгаа. Нэхэмжлэгч талаас менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлт өгсний дараа тухайн асуудлыг шийдвэрлэж хариуг өгөх үүрэгтэй этгээд байгаа. Гэтэл одоог хүртэл ямар нэгэн батлах, эсхүл батлахаас татгалзсан хариу өгөхгүй байгаа юм. Ингэснээр эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байна. Яагаад батлахгүй байгаа гэдгээ ядаж илрэхийлэхгүй байна. Энэ асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна. Хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

2.4. Хариуцагч Дорнод аймгийн сумын Засаг дарга П.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/618 дугаар тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 2.4-т “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээлэл, төслийн танилцуулга, төслийн хэрэгжилтийн явц, ашиглаж байгаа техник технологи, төсөл хэрэгжиж буй нутгийн байгаль орчин, нийгэм-эдийн засгийн төлөв байдлын товч танилцуулга, энэ журмын 1.5-д заасан бүрдэл хэсгүүд, баримтлах хууль тогтоомж, стандартын шаардлага болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг тодорхой тусгана”, 3.3-т “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэхүү журамд заасан шаардлагыг хангаж боловсруулаагүй бол түүнийг хүлээн авч хянах, батлахаас татгалзах үндэслэл болно” гэж заасан. Мөн 4.12-т “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг аймаг, нийслэлийн Засаг даргаас томилсон ажлын хэсэг газар дээр нь хянаж үнэлсэн нэгдсэн дүн 90 онооноос дээш гүйцэтгэлтэй байвал төсөл хэрэгжүүлэгчээс боловсруулж ирүүлсэн дараа жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлах нэг нөхцөл болно” гэж тус тус заасан байдаг.

Гэтэл нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хууль болон журмын холбогдох заалтуудыг биелүүлээгүй учир Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлаагүй болно. Үүнд:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд дараах хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ”, 48 дугаар зүйлийн 48.8-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайланг холбогдох байгууллагад хүргүүлнэ”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/618 дугаар тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 4.12-т “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг аймаг, нийслэлийн Засаг даргаас томилсон ажлын хэсэг газар дээр нь хянаж үнэлсэн нэгдсэн дүн 90 онооноос дээш гүйцэтгэлтэй байвал төсөл хэрэгжүүлэгчээс боловсруулж ирүүлсэн дараа жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлах нэг нөхцөл болно” гэж заасан тул нэхэмжлэгч компани нь 2025 онд хайгуулын ажил хийгээгүй ба Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах үүргээ хэрэгжүүлээгүй болно.

2. Дээрх журмын 2.4-т “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээлэл, төслийн танилцуулга, төслийн хэрэгжилтийн явц, ашиглаж байгаа техник технологи, төсөл хэрэгжиж буй нутгийн байгаль орчин, нийгэм-эдийн засгийн төлөв байдлын товч танилцуулга, энэ журмын 1.5-д заасан бүрдэл хэсгүүд, баримтлах хууль тогтоомж, стандартын шаардлага болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг тодорхой тусгана” гэж заасан боловч мөн нэхэмжлэгчээс ирүүлсэн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь төсөл хэрэгжиж буй нутгийн байгаль орчин, нийгэм-эдийн засгийн төлөв байдлын товч танилцуулгад хөрс, ургамлын мэдээлэл, Дэд бүтэц, эдийн засаг, хүн амын зарим мэдээлэл нь буруу байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь холбогдох хууль тогтоомж, журамд заасан үүргээ биелүүлээгүй байхад дараа жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. ...Үндсэндээ энэ оны 3 дугаар сард албан бичгээр нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* ирж хүсэлтээ өгсөн. Өөртэй нь уулзсан. Амаар өөрийн тайлбараа хэлж танилцуулсан. Нөхөрлөлөөр асуудлыг хэлэлцээд хариуг өгнө гэдгээ илэрхийлсэн. Менежментийн төлөвлөгөөг батлах явцад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тиймээс шүүхийн шийдвэрийг харзнах шаардлагатай болсон” гэжээ.[4]              

2.5. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн менежментийн төлөвлөгөө нь журамд заасны дагуу байсан эсэхийг ярих хэрэгтэй болж байна. Хэрэв журамд заасны дагуу биш байвал татгалзах үндэслэл болдог. Тухайн менежментийн төлөвлөгөөнд тусгагдаад байгаа 1 000 000 төгрөгийн зардал байгаа. Нөхөн сэргээлт нь ердөө л 1 сая төгрөгөөр тугсгагдсан байна. Гэтэл нийт 4 цооног өрөмдөхөөр тусгасан. Хайгуулын ажлын төлөвлөгөөтэй менежментийн төлөвлөгөө уялдаагүй байна. Энэ талаар нотлох баримт шинжлэн судлах үед танилцуулна. Мөн өмнө жилийн хайгуулын ажлын төлөвлөгөөний биелэлтийг харгалзаж үзээд батлах ёстой байдаг. Манайхаас Байгаль орчны газарт лавлагаа авах хүсэлт явуулсан. Гэтэл 2024, 2025 онд төлөвлөгөө ч батлуулаагүй явсан болох нь харагддаг. Мөн 2023 онд тайланг ирүүлж бүртгүүлээгүй байсан. Тиймээс бид өмнөх жилийн төлөвлөгөөг биелүүлээгүй байгаа учраас одоо өгч байгаа төлөвлөгөөг батлах боломжгүй байна л гэж тайлбарлаад байгаа юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:                

1. Шүүхээс нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, хайгуулын ажлын байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлах асуудлыг хуульд нийцүүлэн зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Дорнод аймгийн сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчээс тус шүүхэд хандан, “...Дорнод аймгийн сумын “******* *******” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх 2026 оны Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хянан батлахгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг хянан баталж өгөхийг сумын Засаг даргад даалгах”[5] шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.     

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Бид 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлуулахаар Дорнод аймгийн сумын Засаг даргад хандсан болно. Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 38 дугаар зүйлийн 38.2-т тус тус зааснаар Сумын Засаг дарга хуулийн этгээдээс ирүүлсэн төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх үүрэгтэй. Гэтэл сумын Засаг дарга байгаль орчны хамгаалалтын менежментийн төлөвлөгөөг хянан батлах үүргээ хэрэгжүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж, “Байгаль орчны хамгаалалтын менежментийн төлөвлөгөөг уурхайн бүсэд амьдардаг малчдаар буюу нөхөрлөлөөр хэлэлцүүлж зөвшөөрүүлсний дараа тус төлөвлөгөөг хянана” гэх үндэслэлгүй тайлбарыг хэлсний дээр манай компанийг тус сумын нутаг дэвсгэрт байрладаг “******* *******” уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор орон нутгийн захиргааны байгууллага болох Дорнод аймгийн Засаг дарга болон сумын Засаг даргатай байгуулсан гэрээнд заасан төлбөрөө бүрэн өгөөгүй гэх тухайн асуудалд огт хамаагүй зүйлээр шалтаглан татгалзаж хуульд заасан үүргээ биелүүлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байна. ...Байгаль орчны хамгаалах менежментийн төлөвлөгөөг бүх шатны Засаг даргаар батлуулж авахад орон нутгийн малчдын нөхөрлөлөөр хэлэлцүүлэх, батлуулах хуулийн зохицуулалт байхгүй болно” гэж тайлбарладаг.

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ, “...нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хууль болон журмын холбогдох заалтуудыг биелүүлээгүй учир Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлаагүй болно. Үүнд: 1. Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд дараах хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ”, 48 дугаар зүйлийн 48.8-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайланг холбогдох байгууллагад хүргүүлнэ”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/618 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 4.12-т “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг аймаг, нийслэлийн Засаг даргаас томилсон ажлын хэсэг газар дээр нь хянаж үнэлсэн нэгдсэн дүн 90 онооноос дээш гүйцэтгэлтэй байвал төсөл хэрэгжүүлэгчээс боловсруулж ирүүлсэн дараа жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлах нэг нөхцөл болно” гэж заасан тул нэхэмжлэгч компани нь 2025 онд хайгуулын ажил хийгээгүй ба Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах үүргээ хэрэгжүүлээгүй болно. 2. Дээрх журмын 2.4-т “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээлэл, төслийн танилцуулга, төслийн хэрэгжилтийн явц, ашиглаж байгаа техник технологи, төсөл хэрэгжиж буй нутгийн байгаль орчин, нийгэм-эдийн засгийн төлөв байдлын товч танилцуулга, энэ журмын 1.5-д заасан бүрдэл хэсгүүд, баримтлах хууль тогтоомж, стандартын шаардлага болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг тодорхой тусгана” гэж заасан боловч мөн нэхэмжлэгчээс ирүүлсэн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь төсөл хэрэгжиж буй нутгийн байгаль орчин, нийгэм-эдийн засгийн төлөв байдлын товч танилцуулгад хөрс, ургамлын мэдээлэл, Дэд бүтэц, эдийн засаг, хүн амын зарим мэдээлэл нь буруу байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь холбогдох хууль тогтоомж, журамд заасан үүргээ биелүүлээгүй байхад дараа жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэх зэргээр тайлбарлаж маргадаг.                            

5. Хэрэгт тогтоогдсон үйл баримтын тухайд:         

5.1. Нэхэмжлэгч “” -д Ашигт малтмал, газрын тосны газар анх 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дугаартай, Дорнод аймгийн сумын “******* *******” гэх нэртэй газарт орших 15240.70 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал хайхыг зөвшөөрч улсын бүртгэлийн 9011256001 тоот гэрчилгээтэй тусгай зөвшөөрлийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаагаар олгосон[6] байх бөгөөд дээрх тусгай зөвшөөрлийг 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 9 удаа сунгажээ.[7]

 Нэхэмжлэгчийг хайгуулын тусгай зөвшөөрөлтэй эсэх, мөн тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ, хугацааны талаар  талууд маргадаггүй.

5.2. Нэхэмжлэгчээс, дээрх тусгай зөвшөөрлийн хүрээнд 2026 онд буюу 9 дэх жилд гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөөг боловсруулан, Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.[8]

5.3. Нэхэмжлэгчээс, мөн дээрх тусгай зөвшөөрлийн хүрээнд, “Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө” боловсруулан, Дорнод аймгийн сумын Засаг даргад 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр, мөн сумын Засаг даргын тамгын газарт 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тус тус хүргүүлсэн гэж тайлбарладаг боловч 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр сумын Засаг даргын тамгын газрын ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй, харин 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн албан бичиг бүртгэгдсэн боловч хариуг хүргүүлээгүй гэж хариуцагч шүүх хуралдаанд тайлбарладаг.  

5.4. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа, “... нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хууль болон журмын холбогдох заалтуудыг биелүүлээгүй учир Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлаагүй. ... нэхэмжлэгч компани нь 2025 онд хайгуулын ажил хийгээгүй ба Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах үүргээ хэрэгжүүлээгүй болно. Мөн нэхэмжлэгчээс ирүүлсэн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь төсөл хэрэгжиж буй нутгийн байгаль орчин, нийгэм-эдийн засгийн төлөв байдлын товч танилцуулгад хөрс, ургамлын мэдээлэл, Дэд бүтэц, эдийн засаг, хүн амын зарим мэдээлэл нь буруу байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь холбогдох хууль тогтоомж, журамд заасан үүргээ биелүүлээгүй байхад дараа жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна”[9] гэж тайлбарлан, шүүхэд нотлох баримтаар дээрх менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргын тамгын газрын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулан ирүүлсэн[10].

5.5. Дээрхээс, нэхэмжлэгч “” -иас байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг боловсруулан, хариуцагч Дорнод аймгийн сумын Засаг даргад хүргүүлсэн, сумын Засаг дарга нь дээрх төлөвлөгөөг хүлээн авч танилцсан болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

6. Нэхэмжлэлийн үндэслэлт байдал:

6.1. Нэхэмжлэгчээс “... Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг боловсруулан хүргүүлснийг хариуцагч хуульд заасан хугацаанд батлах үүргээ зөрчсөн” гэж, хариуцагчийн зүгээс “... тухайн төлөвлөгөөг батлах боломжгүй тул татгалзсан” гэж тайлбарлан маргасан.

6.2. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Ашигт малтмалын асуудлаар сумын Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.2.5-д “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ”, 38.1.3-д “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах” гэж тус тус хуульчилжээ.

6.3. Нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулсныхаа дараа тухайн хайгуулын талбайд “Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө” боловсруулж, хайгуулын талбай байрших сум буюу Дорнод аймгийн сумын Засаг даргад хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон тул дээрх хуульд заасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

6.4. Ашигт малтмалтын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасан бөгөөд хариуцагч нь тухайн төлөвлөгөөг “энэ оны 3 дугаар сард албан бичгээр нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* ирж хүсэлтээ өгсөн. Өөртэй нь уулзсан. Амаар өөрийн тайлбараа хэлж танилцуулсан. Нөхөрлөлөөр асуудлыг хэлэлцээд хариуг өгнө гэдгээ илэрхийлсэн. Менежментийн төлөвлөгөөг батлах явцад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тиймээс шүүхийн шийдвэрийг харзнах шаардлагатай болсон” гэж байгаа боловч дээрх хуульд заасан “төлөвлөгөөг хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх” үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

6.5. Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “... Журам зөрчсөн хууль бус төлөвлөгөөг батлахыг даалгах боломжгүй, Засаг дарга нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд дээрх төлөвлөгөөг батлахаас татгалзсан” гэж тайлбарлаж, тухайн төлөвлөгөөний агуулгын хүрээнд тайлбар гаргадаг.

Гэвч дээрх тайлбарлаж буй болон бусад ямар нэг үндэслэлээр хуульд заасан хугацаанд буюу төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор нэхэмжлэгчид хариу өгөөгүй байна.  

6.6. Түүнчлэн, хариуцагчаас шүүх хуралдаанд “...Үндсэндээ энэ оны 3 дугаар сард албан бичгээр нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* ирж хүсэлтээ өгсөн. Өөртэй нь уулзсан. Амаар өөрийн тайлбараа хэлж танилцуулсан. Нөхөрлөлөөр асуудлыг хэлэлцээд хариуг өгнө гэдгээ илэрхийлсэн. Менежментийн төлөвлөгөөг батлах явцад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тиймээс шүүхийн шийдвэрийг харзнах шаардлагатай болсон” гэж тайлбарлаж байх боловч хэрэв дээрх хариуг амаар мэдэгдсэн бол энэ тухайгаа баримтжуулаагүй, хэрэгт нотлох баримт ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.    

6.7. Нэхэмжлэгчээс Дорнод аймгийн сумн Засаг даргад 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/07 тоот албан бичгийг[11], мөн тус сумын Засаг даргын тамгын газарт 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/17 тоот албан бичгийг[12] тус тус хүргүүлсэн нь хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудаст авагдсан байх боловч Дорнод аймгийн сумын Засаг даргын тамгын газрын 2026 оны ирсэн бичгийн бүртгэлийн 42 дугаарт нэхэмжлэгч талаас тус сумын Засаг даргын тамгын газарт хаягласан 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/17 тоот албан бичгийг бүртгэснийг хуулбарлан ирүүлсэн байна.[13]

Гэвч дээрх албан бичгийн хариуг нэхэмжлэгч талд хүргүүлсэн болох нь тогтоогдохгүй, энэ талаар баримтыг хариуцагчаас шүүхэд ирүүлээгүй бөгөөд хуульд заасан хугацаанд буюу “төлөвлөгөөг хүргүүлснээс хойш 10 хоногийн дотор” хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

6.8. Дээрхээс, Дорнод аймгийн сумын Засаг даргыг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасныг биелүүлээгүй тул хууль бус эс үйлдэхүй гаргасан, үүний улмаас нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу хайгуулын үйл ажиллагаа эрхлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж шүүх дүгнэлээ.

6.9. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасны дагуу шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6.10. Харин, хариуцагч нь дээрх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөтэй холбоотой шаардлагатай асуудлыг тодруулах, хянан үзэх бүрэн эрхтэй байх тул нэхэмжлэгчээс ирүүлсэн төлөвлөгөөг батлахыг шууд даалгаж шийдвэрлэх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлах асуудлыг хуульд нийцүүлэн зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5, 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, “Дорнод аймгийн сумын “******* *******” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх 2026 оны Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хянан батлахгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлах асуудлыг хуульд нийцүүлэн зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Дорнод аймгийн сумын Засаг даргад даалгасугай.         

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “” -д олгосугай.          

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор  хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                                                   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      П.АМАРЖАРГАЛ

 

[1] Хэргийн 4 дүгээр хуудас

[2] Хэргийн 1-2 дугаар хуудас

[3] Хэргийн 1-2 дугаар хуудас

[4] Хэргийн 24-25 дугаар хуудас

[5] Хэргийн 1-2 дугаар хуудас

[6] Хэргийн 8-10, 62-66, 70-72 дугаар хуудас

[7] Хэргийн 62-66, 70-72 дугаар хуудас

[8] Хэргийн 26-66 дугаар хуудас            

[9] Хэргийн 24-25 дугаар хуудас

[10] Хэргийн 62-66 дугаар хуудас

[11] Хэргийн 74 дүгээр хуудас

[12] Хэргийн 73 дугаар хуудас

[13] Хэргийн 220-222 дугаар хуудас