Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 0890

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Н.Гэрэлтуяа

улсын яллагч: Ю.Батсүх

          шүүгдэгч: Ц.Г  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт  Б овогт Ц Г холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806036811085  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Ц Г, Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой,  инженер мэргэжилтэй, СЛВТинженеринг  ХХкомпанид  цахилгаанчин ажил  эрхэлдэг, ам  бүл 5, эхнэр,3 хүүхдийн оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

           Ц.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө 23.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 58 дугаар байрны орцонд иргэн Н.О-г орцонд бөөлжсөн байна гэх шалтгаанаар нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

            Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр 11.00 цаг өнгөрч байхад гэр лүүгээ орж байсан. 12 давхар хүртэл лифтээр гараад 13 давхар луу алхаж гардаг юм. Манайх 13 давхарт байдаг учир лифтнээс буугаад шатаар өгсөх гэхэд бөөлжсөн байсан. Тэгээд дээшээ гартал 2 залуу пиво уугаад сууж байхаар нь би “юу болж байна вэ, энд нялх хүүхдүүд амьдардаг шүү дээ, цэвэрлэ” гэж хэлсэн. Ингээд нэг давхар луу бууж жижүүрээс цэвэрлэгээний матераил аваад дээшээ явах гэхэд О удаан яваад байсан ба бид хоёр маргаж, би Ог нэг цохиход хоёр шүд нь унасан. Тэгээд бөөлжсийг цэвэрлүүлээд маргааш өглөө  надтай уулзаарай, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна шүү гэж хэлээд явуулсан гэв.

     Шүүгдэгч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: 2018 оны 4 дүгээр сарын 22-ны орой 00.00 цагийн орчимд гэр лүүгээ орох гээд явж байтал 12-13 давхарын шатны эргэлтэн дээр 20 орчим насны 2 эрэгтэй хүүхэд пиво уучихсан тамхи татаад сууж байхаар нь тэр 2 залууд наана чинь хүмүүс амьдарч байгаа та хоёр доод талын шатан дээр бөөлжөөд буланд нь шээсэн юм уу ингэж болохгүй нялх нойтон хүүхэдтэй хүмүүс амьдарч байгаа байр шүү дээ гэж хэлсэн. Тэгээд тэр хоёрыг жижүүр рүү дагуулж очоод хувин алчуур авахуулаад 1 давхарт байж байтал лифтэнд суухгүй гээд тэр хоёр хүүхэд надтай маргахаар нь би Ог 1 удаа алгадаад нүүрэн тус газар нь 1 удаа цохиход шүднээс нь цус гараад шүд нь уначихсан. Тэгээд би дээш нь дагуулж гараад шалыг цэвэрлүүлээд гэрийн хаягаа зааж өгөөд өглөө уулзий гээд салсан. Өглөө нь уулзахад О-н 2 дээд үүдэн шүд нь унасан байсан. Шатан дээр бөөлжсөн байхаар нь би уурлаад л нэг цохисон гэжээ. /хх-ийн 24/ 

     Хохирогч  Н.О    мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 4 дүгээр сарын 21-ны орой найз С-н гэр болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 58 дугаар байрны 98 тоотод очоод 12 давхарт найз С-н хамт орцонд пиво уух гэж байсан чинь үл таних 30 гаран насны ах ирээд тухайн орцны шатан дээр бөөлжсөн байсныг хараад бид хоёрыг бөөлжсөн байна цэвэрлэ гэж хэлээд бид хоёрыг 1 давхар луу бууж цэвэрлэгчээс алчуур авч ир гэсэн. Бид хоёр эргээд иртэл нөгөө ах цэвэрлэ гэхээр нь бид хоёр бөөлжөөгүй ш дээ  гэтэл та хоёроос өөр хэн байдгын гээд миний зүүн шанаа руу 3-4 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгэхээр нь би яагаад цохиж байгаа юм бэ гэхэд миний ам руу хүчтэй нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Гэтэл миний үүдэн хоёр шүд унасан. Би шүд уначихлаа ш дээ гэхэд тэр ямар хамаатай юм гарын оёдол задарчихлаа гээд байсан. Мөн манай найзыг хэд хэд дахиад цохисон. Бид хоёрыг тэнд суухаас өмнө нэг согтуу ах сууж байсан тэр ахыг С гэрт нь оруулж өгсөн юм. Гэтэл тэр байдлыг хэлсэн чинь нөгөө ах тэгвэл би андуурсан юм болов уу гээд байсан. Тэгээд ах нь их түргэн ууртай гэж байсан.  / хх-н 6-14/

   Хохирогч С.С  мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 4 дүгээр сарын 21-ний орой найз О Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 58 дугаар байрны 98 тоот манай гэрт ирсэн. Бид хоёр манай хойт талын дэлгүүрээс пиво аваад 12 давхарт гараад уугаад сууж байтал үл таних ах согтуу унтаж байсан. Мөн шатан дээр бөөлжөөд юм асгасан байсан. Бид хоёр доошоо 1 давхар луу нөгөө хүнийг буулгаж өгсөн. Тэгээд бид хоёр эргэж 12 давхарт гараад пиво уугаад сууж байтал 130 тоотын ах гарч явж байснаа нөгөө бөөлжсийг хараад үүнийгээ цэвэрлэ гэсэн. Бид хоёр бөөлжөөгүй юм гэхэд доошоо буугаад алчуур авчир гэсэн. Бид хоёр хувин алчуур аваад гараад иртэл хувинд бөөлжис хийлгэхгүй гэсэн. Бид хоёр цэвэрлэчихнээ гэтэл коридонон цаасан дээр ав гээд байсан. Бид хоёр ус хийгээд цэвэрлэчихнээ гэтэл манай найз Оийг 5 удаа цохисон чинь Огийн үүдэн хоёр шүд нь унасан. Бид хоёр лифт рүү орох гэтэл яасан олон үгтэй юм гээд миний зүүн шанаа руу 3 удаа хүчтэй цохисон гэжээ.  / хх-н 15/       

    Гэрч  С.С   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Бид хоёрыг уг ах бөөлжсөө цэвэрлэ гэснээс болж бид хоёрыг зодсон. Намайг хэд хэдэн удаа л цохисон. Харин О цохиж шүдийг нь унагаасан гэжээ.  / хх-н 20-21/

    Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 25-26/

          Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний/ хх-н 8/ 5307 тоот ДҮГНЭЛТ:

            1.Сийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. /хх-ийн 27/

          Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний/ хх-н 30/ 5308 тоот ДҮГНЭЛТ:

            1.О биед 2 шүдний булгарал дээд уруулын дотор салстад шарх эрүүний зүүн буланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид 2 шүдний булгарал /унах/ нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонгийг 10% алдагдуулна.

            5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. /хх-ийн 30/

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 29,32-33/

            Шүдний эмнэлэгт үзүүлсэн тооцны хуудас/ хх-н 34-37/

       Ц.Г эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/ хх-н 41-45/

          Ц.Г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 38,40/

     Ц.Г иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-н 46/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /  хх-н 48 /,  оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н  39/ Хохирогч  Н.О 4.150.000 төгрөг шүдний эмчилгээний зардалд авса,цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт / хх-н 52/зэрэг болно.

          Ц.Гнь 2018 оны 4 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 58 дугаар байрны орцонд иргэн Н.О-йг  орцонд бөөлжсөн байна, үүнийгээ цэвэрлэ гэсэн шаардлага тавиад цэвэрлэгээний материал аваад явж байхдаа удаа явлаа гэсэнээр шалтаглан  нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг   үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:    

          О биед 2 шүдний булгарал дээд уруулын дотор салстад шарх эрүүний зүүн буланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид 2 шүдний булгарал /унах/ нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонгийг 10% алдагдуулна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэсэн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 5307 тоот дүгнэлт

     Хохирогч  Н.О мөрдөн  шалгах ажиллагааны үед  өгсөн ….үл таних 30 гаран насны ах ирээд тухайн орцны шатан дээр бөөлжсөн байсныг хараад бид хоёрыг бөөлжсөн байна цэвэрлэ гэж хэлээд бид хоёрыг 1 давхар луу бууж цэвэрлэгчээс алчуур авч ир гэсэн. Бид хоёр эргээд иртэл нөгөө ах цэвэрлэ гэхээр нь бид хоёр бөөлжөөгүй ш дээ  гэтэл та хоёроос өөр хэн байдгын гээд миний зүүн шанаа руу 3-4 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгэхээр нь би яагаад цохиж байгаа юм бэ гэхэд миний ам руу хүчтэй нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Гэтэл миний үүдэн хоёр шүд унасан. Би шүд уначихлаа ш дээ гэхэд тэр ямар хамаатай юм гарын оёдол задарчихлаа гээд байсан гэсэн мэдүүлэг  / хх-н 6-14/

    Гэрч  С.С  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн …Бид хоёрыг уг ах бөөлжсөө цэвэрлэ гэснээс болж бид хоёрыг зодсон. Намайг хэд хэдэн удаа л цохисон. Харин О-г цохиж шүдийг нь унагаасан гэсэн мэдүүлэг   / хх-н 20-21/

        Шүүгдэгч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … 20 орчим насны 2 эрэгтэй хүүхэд пиво уучихсан тамхи татаад сууж байхаар нь тэр 2 залууд наана чинь хүмүүс амьдарч байгаа та хоёр доод талын шатан дээр бөөлжөөд буланд нь шээсэн юм уу ингэж болохгүй нялх нойтон хүүхэдтэй хүмүүс амьдарч байгаа байр шүү дээ гэж хэлсэн. Тэгээд тэр хоёрыг жижүүр рүү дагуулж очоод хувин алчуур авахуулаад 1 давхарт байж байтал лифтэнд суухгүй гээд тэр хоёр хүүхэд надтай маргахаар нь би Ог 1 удаа алгадаад нүүрэн тус газар нь 1 удаа цохиход шүднээс нь цус гараад шүд нь уначихсан. Тэгээд би дээш нь дагуулж гараад шалыг цэвэрлүүлээд гэрийн хаягаа зааж өгөөд өглөө уулзий гээд салсан. Өглөө нь уулзахад О 2 дээд үүдэн шүд нь унасан байсан. Шатан дээр бөөлжсөн байхаар нь би уурлаад л нэг цохисон гэсэн мэдүүлэг  /хх-ийн 24/  зэрэг болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

         Ц.Г холбогдох хэргийн зйлчлэл тохирсон ба түүний дээрх үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.

         Ц.Г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан   гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Хохирогч Н.О эмчилгээний зардалд 4.150.000 төгрөг сайн дураар  төлсөн,  хохирогч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Ц.Г нь  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд торгох ялын доод хэмжээгээр торгох ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ц Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан   гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар               Ц.Г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 4-д зааснаар                          Ц.Г  нь шүүхээс оногдуулсан  торгох  ялыг нэг  сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 5-д зааснаар                          Ц.Г нь торгох  ялыг шүүхээс  тогтоосон хугацаанд биелүүлээгүй  бол биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Ц.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.                              

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Г  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7 .Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  Ц.Г нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ц.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН