Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/1290

 

 

 

 

 

    2024          12             03                                       2024/ДШМ/1290

 

Л.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Түвшинбаяр,

хохирогч Ж.Э,

шүүгдэгч Л.О,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/720 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Оын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2405018960872 дугаар хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 урьд,

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 367 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн;

Шүүгдэгч Л.О нь 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн үед Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” караокед хохирогч Ж.Этай үл ойлголцол үүссэний улмаас биед нь халдаж, 2 гараас нь гараараа татан чирч, түүний эрүүл мэндэд “хоёр бугалга, шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас Л.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Оыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.От оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Оаас 3.300.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Эд олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Л.Оаас 124.762 төгрөгийг гаргуулан зохих байгууллагад олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээж, шүүгдэгч Л.О энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг миний бие зөвшөөрөхгүй, тодруулж хэлбэл шүүгч Л.Одончимэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул энэхүү гомдлыг гаргаж байна.

2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” караокед иргэн Ж.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт цагдаа намайг шалгаж, прокурор яллах дүгнэлт үйлдэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Энэхүү гэмт хэрэг гарах болсон үндэслэл хохирогч гэх Ж.Эаас болсон гэж би үздэг. Энэ хүн түрээсийн төлбөрөө хугацаанд нь бүрэн бүтэн төлсөн бол ямар нэгэн маргаан, хэрүүл гарахгүй байсан. Улмаар намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон тул би өөрийн эзэмшлийн байрнаас гаргах гэж гарнаас нь /бугалга болон шуу/ барьж татсан, чирсэн тохиолдол бий. Үүнээс болж Ж.Эын хоёр гарын бугалга, шуунд цус хуралт үүссэн байхыг би үгүйсгээгүй. Түүнээс би цохиж зодсон зүйл огт байхгүй. Энэ үйлдэлд маань надад л торгуулийн ял оногдуулсан. Мөрдөн байцаалтын явцад ч би бусдад хохирол учруулсан бол төлж барагдуулахаа илэрхийлж мэдүүлэг өгсөн.

Гэтэл хохирогч Ж.Э нь шүүх хуралд ирэхдээ үсээ хусуулсан байсан ба энэхүү байдлаа хуралдааны явцад сэтгэл санааны хохирол учирсан тул үсээ хуссан гэх үгийг хэлж сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн. Үүнийг шүүгч Л.Одончимэг хүлээн авч шийтгэх тогтоол гаргахдаа Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч надаас 3.300.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Эд олгох шийдвэр гаргасан. Миний бие энэ гэмт хэрэг гарах болсон үндсэн суурь, бусдад учирсан хор хохирол, миний хувийн байдал гэх зэрэг бүх л талын байдлыг авч үзэж хэргийг шийдвэрлэнэ гэж итгэж өмгөөлөгч авалгүй шүүх хуралдаанд орсон. Гэтэл шүүх хуралдааны явцад хэлтэй амтай, хэлэмгий, ааштай Ж.Эын надад сэтгэл санааны хохирол учирсан гэх, түүнийгээ нотолсон, баталсан ямар ч баримт байхгүй байхад надаас сэтгэл санааны хохиролд нь 3.300.000 төгрөг гаргуулахаар шийдвэр гаргасанд нь үнэхээр гайхаж, бас харамсаж байна.

Учир нь, прокурорын яллах дүгнэлтэд хохирогч Ж.Эын сэтгэл санааны хохирол гэж хэдэн төгрөг, сэтгэл санааны хохирол учирсныг хэн хэрхэн тогтоосон болох талаар огт дурдаагүй байсан ба зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд шүүгч хэргийг шийдвэрлэх ёстой.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хавсралтын 3.2-т “Сэтгэцийн эмгэгийн зэргийг ... Шинжилгээний байгууллага тогтооно” гэж заасан байдаг юм байна. Надаас 3.300.000 төгрөгийг гаргуулахдаа энэхүү тогтоолоор баталсан аргачлалыг үндэслэл болгосон бол мөн энэхүү заалтаа яагаад хангаагүй байхад сэтгэл санааны хохирол гаргуулах шийдвэр гаргаж байгаа юм.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг үндэслэсэн байдаг. Энэхүү заалтад “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэжээ.

Гэтэл энэ зүйлийн 497.2-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж байх юм. Өөрөөр хэлбэл, сэтгэл санааны хохирол учирсан эсэхийг нь нотлоогүй байж надаас сэтгэл санааны хохирол гаргуулах шийдвэр гаргаж байх юм.

Хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэдэг зарчим хаана байна вэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг шалгасан мөрдөгч сэтгэл санааны хохирол учирсан эсэхийг тогтоогоогүй, прокурор яллах дүгнэлтдээ сэтгэл санааны хохирлын талаар дурдаагүй байхад шүүгч шүүх хуралдааны явцад сэтгэл санааны хохирлын талаар хохирогч ярихаар, сэтгэл санааны хохирол хэдэн төгрөг гэж хэлэхээ мэдэхгүй байхад хохирогч гэх Ж.Эыг сэтгэл санааны хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхиж зөвхөн Эрүүгийн хэргийг шийдвэрлэх байсан гэж би үзэж байна. Ингэх ч ёстой байх.

Иймд 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/720 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь хэсгийг хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна. Хүлээн авч шударгаар шийдвэрлэж өгнө үү.

Би энэ асуудал нь гэмт хэрэг гэхээс илүү маргаан байсан бөгөөд эхлээд захиргааны журмаар шийдвэрлэх гээд явж байсан. Шүүх шинжилгээний дүгнэлт гарснаар хэрэг болоод явсан. Прокурор яллах дүгнэлтэд санаатай гэсэн байдаг. Бүгдийг нь эсэргүүцдэг. Би санаатай байсан бол гар хүрэх юм уу, ямар нэгэн байдлаар Ж.Эын эрх чөлөөнд халдах байсан. Би ороод Ж.Этай 5-6 минут ярилцсан бөгөөд энэ талаар бичлэг дээр тодорхой байдаг. Тэгээд ойлголцохгүй болохоор Ж.Э намайг “эхийгээ шаа” гэх зэргээр хэлэх хэлэхгүй үг хэлсэн. Үүний дагуу би тусад нь гомдол гаргаж, Ж.Э 100.000 төгрөгөөр торгуулсан. Би прокурортой уулзаад “та бичлэгээ харсан уу, нягтлаарай, хүнийг буруутгах үндэслэл байж болно, тэрийгээ сайн анхаараарай, дүгнээрэй” гэхэд прокурор өөрийнхөө байр суурин дээр зогсоно гэдэг утгаараа надад хариулт өгөөгүй. Тэгээд анхан шатны шүүхээс надад 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, сэтгэл санааны хохиролд 3.300.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Би анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргасан.” гэв.

Хохирогч Ж.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Л.Оыг гайхаж байна. Л.О намайг эхэлж цохиж зодсон, зарим бичлэгээ устгасан байсан. Архи, виски зэрэг олон зүйл зөөж гаргаж хохироосон байхад би ийм, тийм гэж хэлээгүй. Хүүхдийн минь хамрыг мөргөөд хавдсан байхад нь үзүүл гэхэд би за яахав гээд тоогоогүй юм. Хуулийн дагуу яваад илүү дутуу юм нэхээгүй байхад өөрийгөө зөвтгөж байгаад би гайхаж байна.” гэв.

Прокурор Г.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Л.О хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байгаа. Л.О сэтгэл санааны хохиролд 3.300.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан гэж үзэж байна. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал болон Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журамд тухайлсан 5 төрлийн гэмт хэрэгт сэтгэл санааны хохирлыг мөрдөгч хүснэгтээр танилцуулж, маягт үйлдэж, хохирогч зөвшөөрсөн тохиолдолд шинжээчийн дүгнэлттэй адилтгахаар заасан. Үүний дагуу мөрдөгч хүснэгтээр танилцуулж, маягт үйлдэж хавтаст хэрэгт хавсаргасан. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8-д шүүх хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу талуудын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг үндэслэн сэтгэл санааны хохирлыг тухайн зүйл, хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээр гаргасан. Энэ нь шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дүрэм, журамд заасны дагуу гаргавал зохих төлбөр байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Шүүгдэгч Л.О нь 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн үед Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” караокед хохирогч Ж.Этай үл ойлголцол үүссэний улмаас биед нь халдаж, 2 гараас нь гараараа татан чирч, түүний эрүүл мэндэд “хоёр бугалга, шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Эын “...2024 оны 4 дүгээр сарын 24-ний орой 19 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “...” караокены зохион байгуулагч О.А “4 дүгээр сарын түрээсийн мөнгө 2.200.000 төгрөгөө авъя” гэж надаас нэхэхэд “одоогоор 1.000.000 төгрөг өгөөд, үлдсэн 1.200.000 төгрөгийг удахгүй өгнө” гэхэд О.А намайг хэл үгээр доромжилж түрээсийн мөнгийг өгөхгүй байна гэж Л.О руу залгаж яриад түүнийг дуудсан. Удалгүй гаднаас 20 цагийн үед О.Аын аав Л.О орж ирээд надтай хэрүүл хийж, намайг доромжлоод миний хэлсэн тайлбарыг сонсохгүй байсан. Би “...” караокены үүдний текний хойно зогсож байтал надтай хэрүүл маргаан хийж байгаад Л.О миний 2 гарын бугалгаас татаж унагаад намайг чирч гаргаж ирээд хананд шахсан. Л.О намайг ханатай хавсарч түлхээд толгой руу 2 удаа мөргүүлсэн. Надад Л.Оаас өөр хүн гар хүрээгүй, намайг Л.О зодсон. Л.О миний баруун гар руу 2 удаа гараараа цохисон. Мөн миний 2 гараас татаж чирээд байсан, би “болиоч” гэж орилсон. Удалгүй Л.О үйлдлээ зогсоож больсон. ... Би сэтгэл санааны хохирол гаргуулна. ...” /хх 30-31/ гэсэн,

Л.Оын яллагдагчаар өгсөн: “...Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” караокены эзнээр би ажилладаг. Би 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гадуур ажил амжуулаад явж байхад манай хүүхэд О.А над руу 15 цагийн үед залгаад “... караокег ажиллуулдаг хүмүүс түрээс өгөхгүй, намайг хэл үгээр доромжлоод байна, та хүрээд ирээч” гэж хэлсэн. Би 19 цагийн үед “...” караоке дээр очиход түрээслэгч Ж.Э үүдний текний хэсэгт зогсоод учир зүггүй намайг хэл үгээр доромжлоод байсан. Тэгэхээр нь “би та нартай хамтарч ажиллаж чадахгүй юм байна” гэж хэлээд гараас нь татахад Ж.Э доош суусан. Би 2 гараас нь татаад цааш чирсэн. ...” /хх 82-83/ гэсэн тус тус мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5714 дугаартай шинжээчийн “...Ж.Эын биед хоёр бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хх 62-63/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 67-70/,

дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 5-8/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Л.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Л.Оын “...” караокед хохирогч Ж.Этай түрээсийн төлбөрөөс үүдэн маргалдаж, улмаар 2 гарын шуунаас нь гараар базаж татахдаа эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан бөгөөд анхан шатны шүүх  шүүгдэгч Л.Оын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй, тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Л.О “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг миний бие зөвшөөрөхгүй байна. Прокурорын яллах дүгнэлтэд хохирогч Ж.Эын сэтгэл санааны хохирол гэж хэдэн төгрөгийг хохирол учирсан, сэтгэл санааны хохирол учирсныг хэн хэрхэн тогтоосон болох талаар огт дурдаагүй байсан ба зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд шүүгч хэргийг шийдвэрлэх ёстой.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хавсралтын 3.2-т “Сэтгэцийн эмгэгийн зэргийг ... Шинжилгээний байгууллага тогтооно” гэж заасан байдаг юм байна. Надаас 3.300.000 төгрөгийг гаргуулахдаа энэхүү тогтоолоор баталсан аргачлалыг үндэслэл болгосон бол мөн энэхүү заалтаа яагаад хангаагүй байхад сэтгэл санааны хохирол гаргуулах шийдвэр гаргаж байгаа юм.

Иймд 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/720 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т Шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргахдаа “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх” нөхцөлийг харгалзан үзэхээр, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Сэтгэцийн шинжилгээг дараах тохиолдолд хийнэ”, 39.1.8-д “энэ хуулийн 40.1-д заасан сэтгэцэд учирсан хор уршиг” гэж сэтгэцийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлагын талаар хуульчилжээ.

Түүнчлэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-т “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.”, 2.1.1 Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж, 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч ... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч ... танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус заажээ.

Дээрх зохицуулалтаас үзэхэд, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч бус шүүх шинжилгээний байгууллага тогтоохоор байх бөгөөд мөрдөгч зөвхөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг танилцуулах/тусгай маягт/-аар байна.  

Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хууль болон журмаар тусгай мэдлэг бүхий шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан бөгөөд хохирогч Ж.Эын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүхээс мөрдөгч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож /хх 45-48/, улмаар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягтыг танилцуулсан /хх 44/ нөхцөл байдалд дүгнэлт хийн 3.300.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй байх тул хохирогч Ж.Эын өөрийн сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Л.Оын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлтийг оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/720 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

5 дахь заалтыг “Хохирогч Ж.Э нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой асуудлаа Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.” гэж,

6 дахь заалтыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Оаас 124.762 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Оын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР