Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/1291

 

 

 

 

 

    2024          12             03                                       2024/ДШМ/1291

 

Д.Б, Э.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч, хохирогч Д.Бын өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,

шүүгдэгч, хохирогч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Дагважанцан,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/815 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Т.Мөнхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Б, Э.Э нарт холбогдох эрүүгийн 2305 03582 2193 дугаар хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн ... гудамжны орчимд хохирогч Э.Этай “хажуу гудамжинд угаадас асгалаа” гэж маргалдаж, улмаар хүрзээр хөл хэсэг рүү нь цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Э.Э нь 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн ... гудамжны орчимд хохирогч Д.Бтой “хажуу гудамжинд угаадас асгалаа” гэж маргалдаж, улмаар хүрзээр баруун, зүүн гар орчимд нь цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Б, Э.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Э.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Э.Э нарт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Э.Э нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Боос 2.750.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Эд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Эаас 3.475.200 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Бд тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, мөн хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрз 2 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Т.Мөнхцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Б нь 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн ... гудамжны орчим хохирогч Э.Этай “гудамжинд угаадас асгалаа” гэж маргалдаж, хүрзээр хөл хэсэг рүү нь цохиж, улмаар хохирогч Э.Эын биед зүүн тохойд шарх, баруун бугалга, зүүн шилбэ, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт, баруун бугалга, зүүн гуя, шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд дээрх гэмтлүүдийг Д.Быг учруулсан гэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Тухайн хэрэг гарсан даруйд Цагдаагийн байгууллагаас дуудлагаар очсон цагдаа нар болон түргэний эмч нар хохирогч Эаас биеийн байдал болон бусад талаар асуухад ямар нэг гэмтэл байхгүй, эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй гэсэн, мөн гэрч Ц.Т, Т.О нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “...Э.Э нь гартаа том хүрз барьсан, ... орилсон байдалтай байсан. Э.Эын биед ямар нэг ил харагдах шарх гэмтэлгүй байсан, зодуулсан талаараа юу ч яриагүй...” гэх мэдүүлэг /хх 19-21/ байдаг.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12456 дугаартай шинжээчийн:

1. Э.Эын биед зүүн тохойд шарх, баруун бугалга, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт, баруун бугалга, зүүн гуй, шилбэнд цус хуралд гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 32-33/

Шинжээч эмч Д.Дунгаамаагийн “...уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, гэмтэл үүссэн өдрийг нарийвчлан тогтоох боломжгүй, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг зүүн тохойд үүссэн шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь нийлээд болон тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /хх 141/

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэг гарсан нөхцөл байдлаас дүгнэхэд, Д.Б нь хохирогч Э.Эын биед дээрх гэмтлүүдийг учруулсан гэх хангалттай нотлох баримт байхгүй, гэрчийн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй байх тул мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/815 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дуудлагаар ирсэн цагдаа намайг дагуулж яваад Гэмтлийн эмнэлэгт хүргэсэн. Өмгөөлөгчөөс миний мэдүүлэг хоорондоо зөрүүтэй гэж тайлбарлаж байгааг гайхаж байна. Би өөрөө хохирч, хүнд цохиулчихаад худал зохиож ярьсан зүйл байхгүй.” гэв.

Шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Б.Дагважанцан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шинжээчийн дүгнэлтээр “Э.Эын биед зүүн тохой, баруун бугалга, зүүн шилбэнд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд тус гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн, мөн шинжээч эмч Дунгаамаагийн “Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх, Э.Эын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хохирогчоор өгсөн “Зүүн гарын тохойны арын хэсэгт хөхөрч хавдсан” гэх мэдүүлгүүд бий. Шинжээчийн дүгнэлт 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гарсан бөгөөд Э.Э шинжээчийн дүгнэлттэй танилцаагүй байхдаа 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлэг өгсөн буюу өөрийн биед учирсан гэмтлийг шууд заах байдлаар мэдүүлсэн. Тэрээр тус шинжээчийн дүгнэлттэй 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр танилцсан. Нөгөөтээгүүр, дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч нарын гэрчийн мэдүүлгээр “Ил харагдах шарх гэмтэлгүй” гэсэн. Гэтэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Э.Э мэдүүлэхдээ биеийн хэлэмжээрээ “Би ийм цамцтай байсан” гэж заасан тул зүүн гарын тохой ил харагдахгүй, далд хэсэг тул цагдаа нарт харагдах боломжгүй. Мөн “Би настай хүнтэй барьцах ёс зүй байгаагүй тул тухайн үед хэлээгүй” гэх байдлыг шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан. Өмгөөлөгч Т.Мөнхцэцэг давж заалдах гомдолдоо “Эын биед учирсан гэмтлийг Б гуай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэдэг. Гэтэл Э.Эын биед өөр хүн гэмтэл учруулсан гэх баримт хэрэгт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.” гэв.

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь, Э.Э мэдүүлэхдээ зүүн гарын тохой хэсэг, зүүн гуяны ар хэсэг, зүүн шилбэ, шагайн дээд тал хөхөрсөн гэдэг. Шинжээчийн дүгнэлтээр Э.Эын биед учирсан гэмтэл нь “зүүн тохойд шарх, баруун болон зүүн шилбэ, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо” гэсэн. Хохирогчийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт хоёр хоорондоо таардаг. Мөн Д.Б нь цохиогүй, зодоогүй гэж мэдүүлдэг боловч Э.Э урт ханцуйтай цамц өмссөн байсан тул тухайн үйл явдал болох үед дуудлагаар очсон гэрч, цагдаагийн алба хаагч нар харах боломжгүй байсан болох нь шүүх хуралдааны явцад тогтоогдсон. Шинжээчийн мэдүүлгээр тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой гэсэн учраас дээрх гэмт хэргийг Д.Б үйлдээгүй гэх хангалттай нотлох баримт байхгүй учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Д.Бын үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн  өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Шүүгдэгч Д.Б, Э.Э нар нь 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн ... гудамжны орчим “гудамжинд угаадас асгадаг” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гартаа барьж байсан хүрзээр бие бие рүүгээ цохисноос тус бүрийнхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Д.Бын хохирогчоор өгсөн “... би хашаандаа түлээний модоо бэлдээд байж байсан чинь хашааны гаднаас хүн “хөөе, хашааны гадаа ус асгачихсан байна” гээд орилохоор нь би эргээд хартал манай баруун урд талын айлын эмэгтэй байсан. Нэрийг нь би мэдэхгүй, тэгээд тэр эмэгтэй “үхсэнээ харсан хар чавганц минь” гэхээр нь “би чамд ямар хамаатай юм бэ” гэхэд тэр эмэгтэй цаашаагаа яваад өгсөн. Тэгээд би үнсээ асгахаар гараад явж байгаад тэр чигээрээ хашаанаасаа гараад “ямар ус байсан юм бол” гэж харах гээд гартаа үнсний жижиг хүрзээ бариад гарахад нөгөө эмэгтэй над руу том хүрзээр шороо цацахаар нь би “болиоч” гээд хашхираад гараа өргөөд өөрийгөө хамгаалсан чинь намайг “хашааны булан дээр тогны утас тавиулаагүй, танайх дандаа хашааны гадна ус асгадаг, үхдэггүй чавганц, үхэж далд ордоггүй” гээд намайг хэл амаар доромжлоод гартаа барьсан хүрзээрээ намайг цавчаад миний хөл, гар дээр цохиод миний нүүр, гараас цус гараад уйлаад байсан чинь “цус нь гарсан юм чинь хараал хүрэхгүй” гэж хэлсэн. Тэгээд би уйлаад байж байсан чинь манай бэр Отгоо гарч ирээд цагдаад дуудлага өгсөн. ...” /1хх 135/ гэсэн,

Э.Эын хохирогчоор өгсөн “... хүүхдээ цэцэрлэгээс нь аваад явган ирж байх замдаа гудамж руу ордог үзүүрийн хэсэг дээр замын том том чулуунуудыг ухаж гаргаад шороог овоолсон, нүх рүү нь ус асгасан байхаар нь харалдаа хашаа руу нь шагайж хартал нэг 70 орчим насны эмэгтэй хүн мод хагалаад зогсож байхаар нь “та энд зориуд нүх ухаад угаадас асгаад байдаг юм уу” гэхэд тэр эмэгтэй “над руу чамд хамаагүй, пизда минь” гэсэн. Тэгэхээр нь би гаргасан чулуунуудыг нь буцааж нүх рүү нь хийгээд байж байтал тэр эмэгтэй араас ирээд намайг түлхэж овоолсон шороо руу унагаагаад хүрзээрээ над руу шороо цацаад байсан. Дараа нь хүрзээрээ миний хөл рүү 2 удаа цохисон. Тэгээд би зөрүүлээд гартаа барьсан хүрзээрээ биеэ хамгаалах гэж далайсан. Гарт нь учирсан гэмтлийг нь учруулсан гэж бодож байна. ...” /1хх 15/ гэсэн,

гэрч Ц.Т-ын “...Би 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Бугат 112 чиглэлд эргүүлийн цагдаа жолооч д/а Т.О-ын хамт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед (дуудлага өгсөн дугаарыг нь санахгүй байна) Баянгол дүүргийн ... гудамжинд маргаан гараад байна гэх дуудлагын дагуу очиж шалгахад Д.Б (80 настай) зүүн гараас цус гарсан, уйлсан байдалтай байсан. Хажууд нь Д.Б гэх хүний бэр нь гэх хүн байсан. Тэр хүн сүүлд ирсэн гэсэн. Тэгээд 103 сүүлд ирээд гарт нь боолт хийгээд аваад явсан. Э.Э нь гартаа том хүрз барьсан “дандаа гудамжинд угаадас асгадаг” гэж орилсон байдалтай байсан. ...Э.Эын биед нь ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Зодуулсан талаараа юу ч яриагүй. ...” /1хх 19/ гэсэн тус тус мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 12190 дугаартай шинжээчийн “1. Д.Бын биед зүүн сарвууны чигчий хуруунд няцарсан шарх, зүүн бугалга, шуунд өнгөц шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, хоёр сарвуу, зүүн өвдөгт цус хуралт, хамар, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /1хх 24-25/ гэсэн,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12456 дугаартай шинжээчийн “1. Э.Эын биед зүүн тохойд шарх, баруун бугалга, зүүн шилбэ, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт, баруун бугалга, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, хуучин гэмтэл байна. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /1хх 32-33/ гэсэн тус тус дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Д.Б, Э.Э нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Б, Э.Э нар нь маргалдаж, улмаар хүрзээр бие бие рүүгээ цохисноос тус бүрийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Т.Мөнхцэцэг “...Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэг гарсан нөхцөл байдлаас дүгнэхэд Д.Б нь хохирогч Э.Эын биед дээрх гэмтлүүдийг учруулсан гэх хангалттай нотлох баримт байхгүй, гэрчийн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй байх тул мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, Д.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэргийг хянан шийдвэрлэхэд тухайн үйл явдлын өрнөл, үргэлжилсэн хугацаа, гэмт үйлдлийн шалтгаан нөхцөл, үр дагавар, тухайн хэргийг үйлдсэн хүний үйлдэлдээ болон учруулсан хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн хандлага, үйлдлийнхээ аюултай шинж чанарыг ухамсарласан байдал, гэмт үйлдэлдээ ашигласан хэрэгсэл, шүүгдэгч хохирогч нарын харилцааны түүх, тэдгээрийн хувийн байдал зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн судалж, бодитой үнэлэх замаар гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг сэргээн тогтоох нь гэмт хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулах асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж,

мөн зүйлийн 15 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Э.Э нь хохирогчоор “...Дараа нь хүрзээрээ миний хөл рүү 2 удаа цохисон...” гэж мэдүүлэг өгсөн байх бөгөөд Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12456 дугаартай дүгнэлтэд Э.Эын биед учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой талаар заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасанд нийцүүлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Быг гэм буруутай гэж дүгнэснийг үгүйсгэн няцаах үндэслэл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед нотолбол зохих асуудлуудын талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн байх бөгөөд шүүхээс Д.Б, Э.Э нарын болон гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцсэн байх бөгөөд хохирогч, гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлгүүдийг няцаан үгүйсгэх болон худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүх Улсын Дээд шүүхийн Нийт Шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолд заасны дагуу хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлалын дагуу шүүгдэгч Д.Б, Э.Э нараас тус тус 2.750.000 төгрөгийг гаргуулж, харилцан сэтгэцэд учирсан хохиролд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх”-аар, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Сэтгэцийн шинжилгээг дараах тохиолдолд хийнэ”, 39.1.8-д “энэ хуулийн 40.1-д заасан сэтгэцэд учирсан хор уршиг” гэж сэтгэцийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлагын талаар хуульчилжээ.

Түүнчлэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-т “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.”, 2.1.1-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж, 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч ... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч ... танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус заажээ.

Дээрх зохицуулалтаас үзэхэд, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч бус шүүх шинжилгээний байгууллага тогтоохоор байх бөгөөд мөрдөгч зөвхөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг танилцуулах/тусгай маягт/-аар байна. 

Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хууль болон журмаар тусгай мэдлэг бүхий шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан бөгөөд Д.Б, Э.Э нар нь хохирогчийнхоо хувьд сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүхээс зөвхөн мөрдөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягтыг танилцуулсан /хх 201-202/ баримтыг үндэслэн шүүгдэгч тус бүрээс 2.750.000 төгрөг харилцан гаргуулж хохирогчийнх нь хувьд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Д.Б, Э.Э нар нь өөрсдийн сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Т.Мөнхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлтийг оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/815 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Эаас 725.200 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Бд олгосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Т.Мөнхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Д.Б, Э.Э нар хохирогчийн хувьд өөрсдийн сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой асуудлаа Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР