Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 19

 

 

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Монгол Ардын намыг /Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар 8082001001/ төлөөлж, Увс аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Д.Батсайханы нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Улаангом сумын Сонгуулийн хороонд холбогдох,

       “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 17 дугаар тойргийн санал авах байрны ерөнхий зохион байгуулагч Р.Буянхишигийг өөрчлөн нэр дэвшигчид хамааралгүй ажилтан томилж ажиллуулахыг Улаангом сумын Сонгуулийн хороонд даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтан, хариуцагч Улаангом сумын Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Увс аймгийн Монгол Ардын намын  хорооны дарга Д.Батсайхан шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 17 тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж бүртгэгдсэн М.Ганбаатартай төрсөн ах дүүгийн хүүхдүүд болох Рэндэрэгийн Буянхишиг нь 17 дугаар тойргийн санал авах байрны ахлах зохион байгуулагчийн ажилд томилогдон ажиллаж байна.

        М.Ганбаатарай төрсөн ах дүүгийн хүүхдүүд болох Р.Буянхишиг нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 17 дугаар тойргийн санал авах байрны ахлах зохион байгуулагчаар ажиллаж байгаа нь албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх, албан үүргээ тэгш шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл үүсэхээр байна.

        Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд энэ хуулийн үйлчлэлд  Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна гэж заасан бөгөөд Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч хамаарахаар заасан байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д хамаарал бүхий этгээд /нэр дэвшигчийн/ тухайн нийтийн албан тушаалтны эцэг эх, төрсөн ах эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч эхнэр /нөхөрийн/ эцэг эх, төрсөн ах эгч, дүү бусад нэгдмэл этгээдийг хэлнэ.

            Нэр дэвшигч М.Ганбаатарын хамаарал бүхий этгээд өөрөөр хэлбэл түүний ах дүүсийн хүүхдүүд болох Р.Буянхишиг нь 17 дугаар тойргийн санал авах байрны ахлах зохион байгуулагчаар ажиллаж байгаа явдал нь дээрх хуулийн 11 дүгээр зүйлд заасан үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалтад хамаарч байна.

            Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “Төрлийн хүн“ гэж гэрлэгчийн эцэг эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин тэдгээрийн хүүхдүүдийг хэлнэ гэж хуульчилсан бөгөөд М.Ганбаатар, Р.Буянхишиг нар нь хуулинд зааснаар төрлийн хүмүүс байгаа учраас Сонгуулийн тухай хуулийг зөрчиж байна. Р.Буянхишиг нь сумын Сонгуулийн санал авах байрны ахлах зохион байгуулагчаар ажиллах эрх зүйн боломжгүй байна.

         Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 17 дугаар тойргийн санал авах байрны ахлах зохион байгуулагч Р.Буянхишигийг өөрчлөн нэр дэвшигчид хамааралгүй ажилтан томилж ажиллуулахыг Улаангом сумын Сонгуулийн хороонд даалгасан шийдвэр гаргаж өгнө үү. Энэ талаар Улаангом сумын Сонгуулийн хороо болон аймгийн Сонгуулийн хороонд өргөдөл гаргасан боловч аймгийн Сонгуулийн хорооноос цагдаагийн байгууллагаар шалгуулж шүүхээр шийдвэрлүүлэх тухай хариу өгсөн. Дээрх асуудал нь сонгуулийн байгууллагын эрх хэмжээний асуудал байхад шийдвэрлэж өгөөгүй гэжээ.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтан шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 17-р тойргийн санал авах байрны ахлах зохион байгуулагч Р.Буянхишигийг өөрчилж нэр дэвшигчид хамааралгүй ажилтан томилж ажиллуулахыг Улаангом сумын Сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Р.Буянхишиг нь Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 17-р тойрогт нэр дэвшигч М.Ганбаатартай төрөл сандангийн хүмүүс учраас ахлах зохион байгуулагчаар ажиллах боломжгүй юм. Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар ахлах зохион байгуулагч нь санал авах байранд нэлээд өргөн хүрээтэй эрх үүргийг эдэлж оролцох учраас манай намын нэр дэвшигчийн эрх ашиг хөндөгдөх магадлалтай гэдэг үүднээс нэхэмжлэл гаргасан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан ерөнхийлөгч, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид энэ заалт хамаарахаар заасан байдаг.

       Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д хамаарал бүхий этгээдүүдийн талаар тусгасан байх ба Р.Буянхишиг нь нэр дэвшигч М.Ганбаатартай ах дүүсийн хүүхдүүд учраас уг хуулийн 11 дүгээр зүйлд заасан хориглосон заалтанд хамаарч байна гэж үзэж байна. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д төрлийн хүн гэж ямар хүмүүс хамаарахыг хуульчилсан бөгөөд Р.Буянхишиг М.Ганбаатар нар нь уг хуулинд зааснаар төрлийн хүмүүс юм. Тиймээс Р.Буянхишиг нь 17-р тойргийн санал авах байрны ахлах зохион байгуулагчаар ажиллах боломжгүй юм. Р.Буянхишиг М.Ганбаатар нар нь Бороош гэх овогтой бөгөөд Бороош нь Гааван, Сосор, Тэгш гэсэн ах дүү нартай байсан ба Гаваагийн хүүхэд нь Рэнзаан, Мягмаржав нар, Мягмаржавын хүүхэд нь Ганбаатар юм. Сосорын хүү Рэндэрэг, Рэндэрэгийн охин нь Буянхишиг гэсэн 4 дэх үе дээрээ явж байгаа төрлийн хүмүүс юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

      Хариуцагч Улаангом сумын Сонгуулийн хорооны дарга Н.Батжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн 17-р тойргийн санал авах байрны ахлах зохион байгуулагч Р.Буянхишиг, 17-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч М.Ганбаатар нартай холбоотой Монгол ардын намын хорооноос 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 123 тоот албан бичгээр гомдол гаргуулж ирүүлсэн. Уг гомдолын дагуу Р.Буянхишигээр тайлбар гаргуулж, Увс аймгийн Улсын бүртгэл, статистикийн газраас төрөл садангийн хамааралтай эсэх талаар лавлагаа авсан. Ингээд 2016 оны 6 дугаар сарын 17-ны сумыг сонгуулийн хороо хуралдаж 13 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн болно. Сонгуулийн хороо хуульд заасны дагуу тогтоол, албан бичиг, зөвлөмж хэлбэрээр олонхоороо шийдвэр гаргадаг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.5 Хамаарал бүхий этгээд,  3 дугаар зүйлийн 3.1.6-д “Нэгдмэл сонирхолтой этгээдийн алинд ч хамаарахгүй гэж үзсэн болно гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймгийн Монгол Ардын намын хорооноос 2016 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 123 дугаартай гомдол гаргах тухай албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичгийг үндэслэн Улаангом сумын Сонгуулийн хороо хуралдаж Р.Буянхишигийг дуудаж тайлбар авсан. Р.Буянхишиг тайлбартаа М.Ганбаатар бид хоёр Бороош овгийн 5 дахь үе дээрээ байгаа ач нар бөгөөд энэ нь сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй ба ашиг сонирхлын зөрчил үүсэх үндэслэл болохгүй гэдэг зүйлийг хэлсэн. Улаангом сумын сонгуулийн хороо үүнтэй холбогдуулан Улсын бүртгэл, статистикийн хэлтэст хандаж төрөл садангийн лавлагаа гаргуулахад Р.Буянхишиг М.Ганбаатар нар нь төрөл садан болж харагдахгүй байна гэсэн лавлагаа ирүүлсэн. Уг лавлагааг үндэслэн Монгол Ардын намын хороонд албан тоотоор хариу хүргүүлсэн. Монгол Ардын намын хороо нэхэмжлэлээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дагуу гаргасан бөгөөд Р.Буянхишиг, М.Ганбаатар нар нь төрлийн хүмүүс биш, нэгдмэл сонирхолтой этгээдүүд биш учраас уг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

      Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгчийн зүгээс Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 17 тойргийн хэсгийн санал авах байрны ахлах зохион байгуулагчаар төрийн албан хаагч Р.Буянхишиг томилогдон ажиллаж байгаа нь тухайн тойрогт аймгийн Ардчилсан намаас нэр дэвшигч М.Ганбаатарын ах дүүсийн хүүхдүүд бөгөөд энэ байдал нь Гэр бүлийн тухай хуулийн холбогдох заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтууд зөрчигдөж байгаа тул уг ахлах зохион байгуулагчийг нэр дэвшигчид хамааралгүй өөр этгээдээр өөрчлөн солихыг даалгуулахаар маргааны зүйлээ тодорхойлжээ.

         Нэг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч  хамаарахаар заасан зохицуулалт нь тухайн шатны сонгуульд нэр дэвшигчид уг хуулийн үйлчлэл шууд хамаарахаар заасан зохицуулалт бөгөөд энэ тохиолдолд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 17 дугаар тойрогт нэр дэвшигч М.Ганбаатар дээрх хуулийн үйлчлэлд хамаарч тухайлбал, хөрөнгө орлогын байдлаа мэдүүлэх зэргээр сонгуульд нэр дэвшигч-нийтийн албан тушаалтны хувьд хуулийн үйлчлэх хүрээ тодорхойлогдохоор байна. Түүнчлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч М.Ганбаатартай Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан “хамаарал бүхий этгээд” болох санал авах байрны ахлах зохион байгуулагч Р.Буянхишиг ажиллаж байгаа нь мөн хуулийн 11 дүгээр зүйл зөрчигдөж байгаа, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан “төрлийн хүн” гэдэгт дээрх нэр дэвшигч болон санал авах байрны зохион байгуулагч нар хамаарч байна гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүлээн авах боломжгүй шүүх дүгнэлээ. Учир нь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 6 сарын 27-ны өдрийн 1/623 дугаартай албан тоот, гэрч Р.Буянхишигийн мэдүүлэг зэргээр төрөл садан биш болох нь тогтоогдож, шүүхээс баримт бичигт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр захиргааны байгууллага болох Улаангом сумын сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ хүрээнд маргаантай асуудлыг шийдвэрлэж хариу өгсөн болох нь нотлогдож байна.  

      Хоёр. Сонгуулийн хэсэгт санал авах, тоолох ажлыг зохион байгуулах санал авах байр ажиллах бөгөөд санал авах байр нь ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч гэсэн орон тоотой, таваас долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр сумын сонгуулийн хороо нь санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө байгуулж ахлах зохион байгуулагчийг томилдог ба мөнхүү санал авах байр ямар эрх, үүргийг хэрэгжүүлэхийг хуульчилж өгчээ.

       Мөн түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д: “Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажилтан албан тушаалтан нь төрийн үйлчилгээний болон захиргааны албан хаагч байх бөгөөд тэдгээрийн эрх зүйн байдлыг энэ хуулиар зохицуулна”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д: “санал авах байрын ахлах зохион байгуулагч нь өөрийн хэсэгт санал авах, тоолох ажлыг удирдан зохион байгуулж хууль зүйн хариуцлагыг хүлээнэ”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.8-д: “сонгууль зохион байгуулах талаар эрх хэмжээнийхээ дотор гаргасан сум, дүүргийн сонгуулийн хорооны шийдвэрийг холбогдох этгээд биелүүлэх үүрэгтэй”,  33 дугаар зүйлийн 33.16-д: “энэ хуулийн 33.8-д заасныг хүндэтгэн үзэх шалтгаангүй зөрчсөн бол төрийн албан хаагчийг төрийн албанаас хална” гэж зохицуулжээ.

        Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, дээрх Сонгуулийн тухай хуулийн зохицуулалтыг авч үзэж, хэргийн үйл баримтанд дүгнэлт хийхэд, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Гэр бүлийн тухай хуулийн үйлчлэх хүрээнд маргааны зүйл хамаарахгүй байх бөгөөд зөвхөн манай Намаас нэр дэвшигчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх магадлалтай байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Нийтийн албан тушаалтан гэсэн ойлголтонд хамаарч орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч М.Ганбаатар нь сонгуулийн байгууллагын үйл ажиллагаанд оролцож, шийдвэр гаргах түвшинд ажиллах бус зөвхөн сонгуульд өрсөлдөн оролцож байгаа нь, түүнчлэн гэр бүлийн гишүүн биш, төрлийн болон садангийн хүн гэсэн хуулийн нэр томъёонд сонгуулийн санал авах байрны ахлах зохион байгуулагч Р.Буянхишиг, Ардчилсан намаас нэр дэвшигч М.Ганбаатар нар хуулийн үйлчлэлийн хүрээгээр хамаарч холбогдохгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна.

        Нөгөө талаар Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтын дагуу сонгуулийн байгууллагын ажилтны хууль зөрчсөн үйлдэлд хүлээлгэх хариуцлага өндөр, сонгуулийн хэсэг дэх нэгжийн эрх, үүрэг нарийвчилан зохицуулагдсан, сонгуульд оролцож байгаа улс төрийн намд хуулийн дагуу ажиглах, хянах эрх олгогдсон байгааг нэхэмжлэгч хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм. Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д зааснаар Улаангом сумын сонгуулийн хороо бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилласныг шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Ингэснээрээ нэхэмжлэгч Увс аймгийн Монгол Ардын намын хорооны хуульд заасан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.

        Шүүхээс сонгуулийн маргааны онцлогийг харгалзан Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх зарчмыг баримтлан ажилласан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

      Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д: “... нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

       Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9, 72 дугаар зүйлийн 72.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

            1. Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 28 дугаар зүйлийн 28.2, 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 17 дугаар тойргийн санал авах байрны ерөнхий зохион байгуулагч Р.Буянхишигийг өөрчлөн нэр дэвшигчид хамааралгүй ажилтан томилж ажиллуулахыг Улаангом сумын Сонгуулийн хороонд даалгах тухай” нэхэмжлэгч Увс аймгийн Монгол Ардын намын хорооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгчид нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  У.БАДАМСҮРЭН