Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 0949

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: С.Түвшинтөр

улсын яллагч : Н.Гэрэлмаа

шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхтүвшин

           шүүгдэгч: М.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт  Ш овогт М О холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1706031551163 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш овогт М О, 1988  оны 12 дугаар сарын 28-ны  өдөр Дорноговь аймгийн  Сайншанд  суманд төрсөн,  настай, эмэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин  мэргэжилтэй, УБЦТС ХК-д ээлжийн монтер ажилтай, ам  бүл 4, нөхөр,  хүүхдийн хамт   дүүргийн  дугаар хороо  хороололын  дүгээр байрны  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:      

Холбогдсон хэргийн талаар:

           М.О нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр  Баянгол  дүүргийн 3 дугаар хороо Нарны хороололын 4 дүгээр байранд амьдардаг  Ө.Он гэрийн үүдэнд Ө.О маргалдсаны улмаас  нүүрэн тус газар нь  цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч М.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “Тухайн өглөө 07 цаг 30 минутанд манай гэрийн хаалгыг хүн цохиж нүдсэн. Би очоод хаалга нээхэд доод айлын эгч конторын засварчинтай хамт зогсож байсан. Тэгээд танайхаас ус алдаад байна гэж хлээд шууд манай угаалгын өрөөнд дайрч ороод шалгасан. Тэгээд манай гэрээс ус алдаагүй байсан ба слесер нь дундын гадна ерөнхий шийдээ шалгаад тэндээс ус алдсан байсныг тогтоосон. Тэгээд О нөхөр нь араас орж ирээд танайхаас дандаа ус алддаг энэ тэр гээд маргаан үүссэн. Тэгэхээр нь хаалгаа хаатал манай хаалгыг нөхөр нь өшиглөчихөөд явахаар нь манай нөхөр Б араас нь гараад яахаараа айлын хаалга өшиглөдөг юм гээд хэрэлдээд байсан. Тэгтэл манай болон  эгчийн нөхөр хоорондоо барьцалдаж авсан. Тэгсэн чинь О эгч манай нөхрийн араас нуруунаас нь маажаад зогсож байхаар нь би араас нь О эгчийг татахад газарт унасан. Тэгээд босож ирчихээд миний нүүр лүү цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэр үед слесер боль боль гээд салгасан. Тэгээд салаад гэр гэртээ байж байтал дахиад О эгч нөхөртэйгөө манай гадаа ирээд хаалга өшиглөөд байхаар нь хаалга нээхэд О эгч миний нүдийг ийм болгосон байна гээд дахин намайг цохисон. Тэгээд одоо цагдаа дуудах болоод аль аль нь цагдаад дуудлага өгсөн” гэв.

     Шүүгдэгч М.О мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: “2017 оны 11 сарын 06-ны өглөө 07 цаг 30 минутын үед 4 тоотод буюу манай доод давхарт амьдардаг эгч конторын слесер ахтай хамт хаалга нүдээд манад орж ирээд танайхаас ус алдсан байна гэсэн. Тэгээд хамт ирсэн слесер нь ариун цэврийн өрөөнд орж ус алдаж байна уу үгүй юу гэдгийг шалгаад ус алдаагүй байна гэсэн. Тэгтэл манай нөхөр гарч ирээд сеесир ахыг та сайн шалгаад өгөөч гэж гуйсан юм. Өчигдөр манай сангийн хайрцагны турба, мубет хоёрыг нь сольж өгсөн юм. Тэгтэл 4 тоотын нөхөр нь манай гэрийн хаалгыг өшиглөхөөр нь та нар яагаад хаалга өшиглөөд байгаа юм гээд маргалдсан. Тэгээд нэг мэдэхэд манай нөхөр болон тэр ах хоёр хоорондоо зодолдож цохилцож эхэлсэн. Тэгтэл эхнэр нь дундуур нь орохоор би эхнэрийг нь хойноос нь татахад тэр эгч шалан дээр унаад босож ирээл миний нүүр рүү гараараа цохьсон. Тэгэхээр нь би эргүүлээд гараараа нүүр рүү нь нэг удаа цохьсон. Тэгтэл селлесир ах бид хоёрыг салгасан чинь тэр эгч манай нөхөр болон өөрийнхөө нөхрийг салгасан. Тэгээд 4 тоотын хоёр доошоо бууж яваад буцаж манай хаалгыг хүчтэй өшиглөөд байхаар нь хаалга нээхэд миний нүдийг ийм болгосон байна гэхээр нь юу яриад байгаа юм дахин намайг цохьсон. Тэгээд цагдаа дуудсан” гэжээ. /хх-н 13/   

     Хохирогч Ө.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Тухайн үед манай барны О эмэгтэй намайг цохиж гэмтэл учруулсан. Тэгээд 2017 оны 11 сарын 07-ны өдөр санагдаж байна. намайг эмнэлэгт үзүүлнэ гэхээр нь би зөвшөөрөөд О нөхөртэйгөө мөн манай нөхөр бид нар 10-р хороололд байх Эм жи жи гэсэн нэртэй хувийн эмнэлэгт үзүүлэхэд 25000 мянган төгрөгөөр еранхий үзлэг хийсэн. Тэгээд эмч нь дахиад тархины зураг авахуул, нүдний эмчид үзүүл гэсэн юм. Тэр өдрөө ажлын цаг дууссан. Ингээд дахин 11 сарын 08-ны өдөр Сонгодог эмнэлэг орж тархины МРА зураг авахуулсан. Тэгээд 11 сарын 09-нд Эм жи жи эмнэлгийн төв эмнэлэг болох 1-р төрхийн зүүн талд очиж компьютэр томографын зураг авхуулж үрэвслийн эсрэг хаван бууруулах эмчилгээ хийлгэсэн. Тэр үед үзүүлсэн зургаар миний хамарны яс гадна ирмэг дагуу хугаралттай байсан нь мэдэгдсэн. Энэ өдрүүдэд гарсан нийт 682.000 төгрөгийг О гэх эмэгтэй нөхрийнхөө хамт явж байсан учраас шууд бэлнээр нь төлж байсан. Би тэгээд Эм жи жи эмнэлэг дээр О дараа нь очиж хамарны цөмрөл гаргуулах эмчилгээ хийлгэсэн. Тэгээд үр дүнгүй мэс заслын заалттай шүү гэж хэлснийг О өөрөө ч мэдсэн. Тэр үед хамт байсан. Одоо 2018 оны 1 сарын 17-ны өдөр Эм жи жи эмнэлэг дээр хамарны хагалгаанд орно. Ингээд О хэлтэл хагалгааны мөнгийг чинь өгье тэгээд бүх асуудлыг дуусгая өргөдлөө татаж ав гээд байгаа юм” гэжээ.     / хх-н 8-12/, /хх-н 43/

Гэрч О.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Тухайн өглөө манай гэр бүлийнхэн ажил сургуульдаа явахаар боссон юм. Манай эхнэр О эхлэж 08 цаг болж байхад боссон юм. Тэгээд 00-ийн өрөөнөөс О орилсон. Юу гэж орилсон юм гэхээр дээд айл дахиад ус алдуулчихлаа гэхээр нь босоод бие засах өрөөнд ортол таазанд ус нэвтэрсэн дээрээс дуслаж байсан. Ингээд манай эхнэр ер нь дээд айлд орж хэлье усыг нь хаалгая гээд гарсан. Тэгээд нилээн удсан юм. Би тэр хойгуур нь хувцасаа өмсөөд бараг цайгаа уугаад байж байтал ажилд явах цаг болсон. Тэгхээр нь би дээшээ О гартал яг манай дээд талын айлын үүдэнд бөөн хэрүүл болж байсан. Манайх ус алдаагүй энэ тэр гээд дээд давхарын айлын хүүхэн уурлаж уцаарлаад байсан. Мөн хажууд нь нөхөр, ээж нь бололтой хүмүүс байсан. Ингээд би очоод наад усаа хаачих бид нар ажил төрөлдөө явмаар байна гээд дуу чангатай очтол намайг нөгөө залуу цохиод авсан. Тэгээд шууд нөгөө залуутай барьцалдаад авсан. Тэгээд хэсэг нэг нэг рүүгээ дайраад сүүлдээ салсан тэр үед миний нүдний шилний рам нь хугарсан байсан. Ингээд гэртээ ороод бие засах өрөөнд ортол манай эхнэрийн нэг талын нүд нь хөхөрчихсөн, хавдсан байсан. Манай эхнэр мөн нүдний шил зүүдэг юм. Тэгээд шууд буцаад дээд давхарт гараад яаж байгаа юм бэ ийм болчихлоо гэхэд нөхөр нь шууд дахин гарынхаа араар эхнэрийг цохьсон. Тэгээд би бариад авах гэтэл тэр залуу ээжийнхээ араар орчихсон. Тэгээд гэртээ ороод цагдаа дуудсан” гэжээ.  / хх-н 14-15/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би өөрийн эрхтэйгээ танилцсан тул өөрийн эхнэр болох М.О эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэжээ. / хх-н 16/

Гэрч О.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би өдрийг нь үнэхээр мартчихсан байна. Үүрээр дуудлага миний албаны 80896302 дугаартай утас руу дуудлага ирсэн. Утсаа аваад ярьтал манай дээд айлаас ус алдаад байна гээд тоотоо хэлсэн. Тэгээд би 13/2 байр руу очоод хэдэн тоот юм гэж асуухад 2 давхарт байх айл байсан юм. Ингээд гэрт очтол 00-ийн өрөөний таазнаас ус дуслаад тааз нь нэвтэрч байсан юм. Тэгээд би дуудлага өгсөн айлаас гарч тоолуурын шийдний түлхүүр ажлын өрөөнөөс аваад тоолуур дээр ирээд онгойлгоход усны тоолуурын доор байдаг хэрэглээний халуун усны хуванцар шугам хагарч цоорсон байсан. Тэгээд усыг нь хаагаад байж байтал дуудлага өгсөн айлын нөхөр нь над дээр ирээд юу болсон гэхэд эндээс ус алдаж байна гэсэн. Тэгтэл эхнэр бас ирсэн байсан, ингээд 3 давхарын айлын хаалгыг дуудлага өгсөн айлын нөхөр нь нүдээд байсан. Тэгээд айлын хүн гарч ирээд яагаад хаалга үүд нүдээд байгаа юм гээд дуудлага өгсөн айлын нөхөр танайх дандаа усаа алдуулж байна гээд хэрүүл үүссэн. Тэгээд байж байтал дуудлага өгсөн эмэгтэй ч бас манай нөхрийг яахаараа зоддог юм гээд тэр эрэгтэйг гараараа цохиод авсан. Тэгээд бас хоёр эхнэр нь хэрэлдээд байхаар нь та нар боль гэж хэлчихээд явсан. Намайг гарахад цагдаа, шүүх болно гээд хэрэлдээд үлдсэн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна” гэжээ.  / хх-н 44-45/

     Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 21/

           Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний14145 тоот ДҮГНЭЛТ:

1. Ө.О биед зүүн гайморын хөндийн гадна ханын хугарал, хамар ясны хугарал, хамар, зовхи, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тооцогдлоо.

2. дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1-д заагдсан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн боломжтой байна.  / хх-н 22/

          Дахин шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн санал /хх-н 23-26/

          2018.03.09-ний 284 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Ө.О биед хамар ясны хугарал хамар, зовхи, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Сфейноид хөндий гэдэг гавлын суурь ясны хөндий бөгөөд сфейноид хөндийн агааржилтгүй болох нь гэмтэл ,үрэвсэлт өвчнүүд зэргийн үед тохиолдож болно.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. 2017.11.1-ны өдрийн шинжэч эмч Н.Туяагийн гаргасан № 14145 тоот дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй байна гэжээ.   / хх-н 27-31/

           Ө.О нүдний шилийг үнэлсэн үнэлгээ: 39.000 төгрөгөөр үнэлжээ. / хх-н 35-36/

        Шинжээч эмч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Компьютер томографаар зүүн гаймор хөндийн гадна талын хугарал нь батлагдаагүй харин хамар ясны хугарал гэмтэл нь тогтоогдож шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ.   / хх-н 37-38/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 39-41/

          Хохирогч Ө.О эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хх-н 77-126/

          Хохирогч Ө.О цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлтэд: эмчилгээний зардалд 1.870.000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй, нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна /хх-н 133/

          М.О эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 50-54/

          М.О хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 48-49/

    М.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 58/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 57 /, оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх-н 59, 66/ хувийн байдлын талаарх баримтууд / хх-н 60-64/зэрэг болно.

          М.О нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороололын 4 дүгээр байранд амьдардаг Ө.О гэрийн үүдэнд Ө.О ус алдсан асуудлаас болж  маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газар нь  гараараа цохиж зүүн гайморын хөндийн гадна ханын хугарал, хамар ясны хугарал, хамар, зовхи, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг   үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

 Ө.О биед хамар ясны хугарал хамар, зовхи, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Сфейноид хөндий гэдэг гавлын суурь ясны хөндий бөгөөд сфейноид хөндийн агааржилтгүй болох нь гэмтэл ,үрэвсэлт өвчнүүд зэргийн үед тохиолдож болно.  Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна 2018.03.09-ний 284 дугаартай шинжээчийн дүгнэлт

     Хохирогч Ө.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн …Тухайн үед манай барны Оюунболор эмэгтэй намайг цохиж гэмтэл учруулсан. Тэр үед үзүүлсэн зургаар миний хамарны яс гадна ирмэг дагуу хугаралттай байсан нь мэдэгдсэн гэсэн мэдүүлэг  / хх-н 8-12/, /хх-н 43/

   Гэрч О.Усны-Эхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … дээд айл дахиад ус алдуулчихлаа гэхээр нь босоод бие засах өрөөнд ортол таазанд ус нэвтэрсэн дээрээс дуслаж байсан. Ингээд манай эхнэр ер нь дээд айлд орж хэлье усыг нь хаалгая гээд гарсан. …Манай эхнэрийн нэг талын нүд нь хөхөрчихсөн, хавдсан байсан. Манай эхнэр мөн нүдний шил зүүдэг юм. Тэгээд шууд буцаад дээд давхарт гараад яаж байгаа юм бэ ийм болчихлоо гэхэд нөхөр нь шууд лахин гарынхаа араар эхнэрийг цохьсон гэсэн мэдүүлэг   / хх-н14—15/

  Шүүгдэгч М.О мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн .. манай нөхөр болон тэр ах хоёр хоорондоо зодолдож цохилцож эхэлсэн. Тэгтэл эхнэр нь дундуур нь орохоор би эхнэрийг нь хойноос нь татахад тэр эгч шалан дээр унаад босож ирээл миний нүүр рүү гараараа цохьсон. Тэгэхээр нь би эргүүлээд гараараа нүүр рүү нь нэг удаа цохьсон гэсэн мэдүүлэг /хх-н 13/   зэрэг болно. 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

         М. нь ус алдсан асуудлаас болж  Ө.Одгэрэлтэй маргалдах явцдаа өөрийг нь цохиход өөдөс нь зөрүүлээд нүүрэн тус газар нь цохисоноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Б.О дээрх үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.

 Иймд М.О  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан   гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Хохирогчид эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан ба хохирогч цаашид  нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           М.О нь нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

           Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

         М.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг гурван сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

         Энэ хугцаанд торгох ялыг эдлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдах нь зүйтэй.

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шарнууд овогт М О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан   гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар                                    М.О  450 нэгжтэй тэнцэх хэмжээний  450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 4-д зааснаар                                               М.О нь шүүхээс оногдуулсан  торгох  ялыг гурван сарын дотор  нэг сард 150.000 төгрөгийг  хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 5-д зааснаар                                               М.О нь торгох  ялыг шүүхээс  тогтоосон хугацаанд биелүүлээгүй  бол биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. М.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.                              

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.О нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж М.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН