Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/1364

 

 

 

 

 

    2024           12              17                                       2024/ДШМ/1364

 

Г.Гэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/719 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.Г, шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Д.Баасансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Гэд холбогдох эрүүгийн 2403 00368 0618 дугаар хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.Г нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Үйлдвэрчний гудамжны замд 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 23 цаг 00 минутын орчим “Тоёота Приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3. “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэж, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалт “1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас “Ducati Monster” маркийн ... улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч А.Гийн эрүүл мэндэд баруун, зүүн шуу ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас Г.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Гийг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Г.Гэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гэд оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тооцож, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч А.Г давж заалдах гомдолдоо: “...Осолд ороход бид хоёрын аль алиных нь буруутай үйлдэл байсан учир Г.Гийн хувийн байдал, 3 хүүхэдтэй нөхцөл байдлыг бодож, торгуулийн ял оногдуулах нь амьдрал ахуйд нь хүнд туссан учир өөрийн байр сууриа илэрхийлэх гэж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон боловч анхан шатны шүүх хуралдаанд намайг үг хэлүүлэлгүй завсарласан тул энэ байдлаа илэрхийлж чадаагүй. Анхан шатны шүүх хуралдаан дууссан тул давж заалдах гомдлоор энэ байдлаа илэрхийлж байна.

Анхан шатны шүүх хохирол төлөхөөр завсарласан, 5 хоногийн дараа шүүх хуралдаан үргэлжлэхэд надад мөн л үг хэлэх боломж олгоогүй болно. Хохирогч миний бие ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай байна. Прокурор энэ асуудал дээр татгалзаагүй, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 /тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, 1.2 /гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн/, 1.4 /хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн/ зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь 2-11 насны 3 хүүхэдтэй учир хүүхдүүдээ тэжээн тэтгэх, сургууль цэцэрлэгт хүргэж өгөх, авах нөхцөл байдлуудыг харгалзан мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх саналыг гаргасан. Энэхүү өмгөөлөгчийн саналд улсын яллагч үндсэн ял шийтгэлийн тухайд татгалзах зүйлгүй, нэмэгдэл ял шийтгэл боломжгүй гэсэн агуулгаар тайлбар гаргасан хэдий ч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсгийг зөрчсөн байна.

Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, хувийн байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх нь шүүхийн эрх хэмжээнд хамаарах боловч гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн хүсэл зоригийг мөн шийдвэр гаргахдаа харгалзан үзэх нь шударга ёсны зарчимд нийцэх юм.

Тухайн гэмт хэргийн хохирогч А.Г нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн асуултад хариулахдаа “гэмт хэрэг гарахад өөрийнх нь буруутай үйлдэл байгаа” талаар илэрхийлж, бусдад төвөг удсан нөхцөл байдал бий болгосон агуулгаар хариулж байсан ба түүнд эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд тайлбар гаргах боломж олгоогүй болно.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэжээ.

Гэвч шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн агуулгыг уншиж танилцуулахдаа торгох ялыг “1 жилийн хугацаанд" төлөх гэж танилцуулсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно.

Мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг тус тус зөрчсөн байна.

Дээр дурдсан нөхцөлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж, 39.5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болж байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийн бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь хянан үзэж хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би СӨХ-ны дарга ажилтай бөгөөд 3 хүүхдээ хичээл сургууль, цэцэрлэгт зөөдөг учир зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхэд хүндрэлтэй байна. Иймд эрүүгийн хариуцлага манай гэр бүлд хүнд тусаж, амьдралын боломж муу байгаа учраас энэхүү байдлыг минь харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөхийг хүсэж байна.” гэв.

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гомдолд дурдсанаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхээс шударга ёсны зарчимд нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Г.Гийн үйлдсэн хэрэг нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршигт шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Улсын яллагчаас анхан шатны шүүх хуралдаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3.000.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан. Улмаар шүүхээс шүүгдэгчийн хөнгөрүүлэх нөхцөл байдал, ам бүл, өрхийн орлого зэргийг харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь уг гэмт хэрэгт оногдуулах хамгийн бага ял шийтгэл тул хууль зүйн үндэслэлтэй. Харин шийтгэх тогтоолын 2.700.000 төгрөгийг төлж барагдуулах хугацааг 3 сар гэснийг 1 жил болгоход татгалзах зүйлгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Г нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Үйлдвэрчний гудамжны замд 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 23 цаг 00 минутын орчим “Тоёота Приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3. “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэж, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалт “1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас “Ducati Monster” маркийн ... улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч А.Гийн эрүүл мэндэд баруун, зүүн шуу ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А.Гийн “...Би тэр өдөр Алтай хотхоноос “Ducati Monster” маркийн ... улсын дугаар мотоциклтой гарч ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш зорчих хэсгийн голоор цагаан зураасан дээгүүр явж байхад миний баруун талаас хөндлөн машин орж ирээд би тухайн машины урд дугуйных нь ар хэсэг рүү мөргөөд зогссон. Тухайн үед эмнэлэг дуудаж үзүүлээд рентген зураг авхуулахад хоёр гарын бугуйгаар хугарсан байсан тул хагалгаанд орсон. ...” /хх 16/,

шүүгдэгч Г.Гийн яллагдагчаар өгсөн “... Би уулзвараар хөндлөн чигээрээ ороод ертөнцийн зүгээр баруун тийш эргэж байсан. Зам дээр ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ байгаагүй. ...” /хх 107-108/   тус тус мэдүүлгүүд,

            мөрдөгчийн магадлагаа “... жолооч Г.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалт “1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” /хх 78/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 8481 дугаартай “...1. А.Гийн биед баруун, зүүн шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” дүгнэлт /хх 36-37/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-10/,

“Сүлд Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээний тайлан /хх 69/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Г.Гийг “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Г.Гийн “Тоёота приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 10.3. “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэж, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалт “1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас Ducati Monster” маркийн ... улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч А.Гийн эрүүл мэндэд баруун, зүүн шуу ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хохирогч А.Г “...шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэсэн,

шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Д.Баасансүрэн “.... Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх саналыг гаргасан. Энэхүү өмгөөлөгчийн саналд улсын яллагч үндсэн ял шийтгэлийн тухайд татгалзах зүйлгүй, нэмэгдэл ял шийтгэл боломжгүй гэсэн агуулгаар тайлбар гаргасан хэдий ч шүүх шийтгэх тогтоолд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

Тухайн гэмт хэргийн хохирогч А.Г нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн асуултад хариулахдаа “гэмт хэрэг гарахад өөрийнх нь буруутай үйлдэл байгаа” талаар илэрхийлж, бусдад төвөг удсан нөхцөл байдал бий болгосон агуулгаар хариулж байсан ба түүнд эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд тайлбар гаргах боломж олгоогүй болно. ... шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийн бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь хянан үзэж хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэлийн хүрээнд тухайн хэрэгт шүүхээс хийж буй хууль зүйн дүгнэлтээс хамааруулан хэрэглэх эсэхийг шийдвэрлэдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэх үндэслэл үүсдэг.

Шүүгдэгч Г.Гийн өөрийн үйлдэлдээ гэмшиж буй хандлага, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөр төлсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой байна гэж дүгнэв.

Иймд хохирогч А.Г, шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Д.Баасансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/719 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Гийг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4, 5 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР