| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Давааням |
| Хэргийн индекс | 116/2026/0011/З |
| Дугаар | 116/ШШ2026/0029 |
| Огноо | 2026-07-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 116/ШШ2026/0029
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням би, ******* нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай захирамжийн ******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай захирамжийн ******* овогтой *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна.
Сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 69 дүгээр захирамжаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар 42 жилийн хугацаатай газар эзэмшиж, мал маллаж амьдарч ирсэн. Гэтэл ******* сумын иргэн ******* овогтой ******* /*******/ нь миний эзэмшлийн газраас 500 метр орчим газар хүч түрэн хашаа барьж дээрэлхэн буусан. Сумын ИТХ-ын тогтоол нь 2 км-ээс доошгүй зайтай буух ёстой байдаг. Энэ талаар удаа дараалан хэлсэн. Мөн сумын Засаг дарга , аймгийн Засаг дарга нарт гомдол гаргаж байсан боловч огт хариу өгөөгүй. Шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж зөвлөсөн. Д.******* нь Засаг даргын зөвшөөрлөөр буусныг сая мэдсэн.
******* захирамжаар газар олгосон үйлдэл нь Дорнод аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаартай тогтоолын 3-т “шинээр өвөлжөө, хаваржааны газрыг булан, ус, айл хоорондын зайг 2 км-ээс доошгүй зайтай олгож ажиллахыг Засаг дарга , газрын даамал нарт үүрэг болгосугай” гэсэн заалтыг зөрчиж бусдад газар олгосон байна гэж үзэж байна. Иймд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Бүх шатны Засаг дарга тухайн хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн байх тул тус сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг зөрчиж олгосон тус сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай захирамжийн ******* холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “... Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн иргэн овогтой би тус шүүхэд хандаж ******* сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай захирамжийн ******* овогтой *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан билээ. Миний бие Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Би уг газраасаа нүүж өөр газарт шилжих болсон бөгөөд сумын Засаг даргын болон Д.******* нартай зөвшилцөж ойлголцож өөр газар авч нүүхээр болсон болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай захирамжийн ******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч ******* нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар нэхэмжлэгчид тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулсан ба холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч ******* нь, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай захирамжийн ******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ В.ДАВААНЯМ