Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/1365

 

 

 

 

 

    2024           12              17                                       2024/ДШМ/1365

 

Т.Рд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Булганчимэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/929 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Ргийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2409 01600 0951 дүгээр хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/437 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилсөн,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/501 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/54 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 7 хоногийг хорих ял болгон өөрчилсөн;

Шүүгдэгч Т.Р нь 2024 оны 5 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр гудамжны 375 тоотод үйл ажиллагаа явуулах тавилгын үйлдвэр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, “Samsung Galaxy A7” загварын гар утас 1 ширхэг, “Hasee” брэндийн 15 инчийн дэлгэцтэй зөөврийн компьютер 1 ширхэг, лазер 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 762.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Т.Ргийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Рг “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Рг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Рд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ргийн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 43 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Н.Од төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Ргаас 400.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Т.Бд олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Р давж заалдах гомдолдоо: “...Иргэний нэхэмжлэгч Т.Бд 400.000 төгрөгийн хохирлыг шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулна. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулалгүй хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хэргээ хүлээсэн байдал болон өөр хохирол, гомдолгүй байдлыг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж өгнө үү.” гэжээ.

Прокурор Э.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь давж заалдах гомдолдоо иргэний нэхэмжлэгч Т.Бд 400.000 төгрөгийн хохирлыг шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулна гэсэн байх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүйгээс үзэхэд хохирол барагдуулсан гэж үзэх боломжгүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж байгаа боловч шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан ял шийтгэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Р нь 2024 оны 5 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр гудамжны 375 тоотод үйл ажиллагаа явуулах тавилгын үйлдвэр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, “Samsung Galaxy A7” загварын гар утас 1 ширхэг, “Hasee” брэндийн 15 инчийн дэлгэцтэй зөөврийн компьютер 1 ширхэг, лазер 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 762.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Огийн “...Миний бие 2024 оны 5 дугаар сарын 11-ний өглөө 08 цаг 40 минутын үед гэртээ байх үед ком тавилгын дизайнер Ж над руу залгаад Р гэх туслах ажилтны анкет хаана байгааг асуухаар нь юу болсон талаар асуухад ажлын компьютер болон таблет алга болсон гэхээр нь “анкетыг хаана байгааг нь мэдэхгүй байна” гэсэн. Тэгээд ком тавилгын дизайнер Ж цагдаагийн байгууллагад хандсан байсан. Би Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ком тавилгын үйлдвэр дээр очиход гадна талын хаалгыг манай байгууллагын ажилтан дизайнер Ж, мужаан П, М, туслах Бтэй хамт ажилладаг нэрийг нь сайн мэдэхгүй хүн ирчихсэн, гаднах хаалга эвдээд орчихсон байсан. Тэгээд оффисын өрөөнд ороход таблет болон нөтбүүк байхгүй байсан...” /хх 28/,

иргэний нэхэмжлэгч Т.Бын “... 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагаас над руу холбогдож хулгайд алдагдсан эд зүйлсийг барьцаалан зээл гаргасан байж болзошгүй байна гэж мэдээлсний дагуу шалгахад 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Б.А гэсэн бичиг баримтаар “Hasee” брэндийн нөтбүүк барьцаалан 400.000 төгрөгийн зээл авсан байсан тул тухайн эд зүйлсийг цагдаагийн байгууллагын алба хаагч хүрч ирэхэд хүлээлгэж өгсөн. ...” /хх 32/,

шүүгдэгч Т.Ргийн яллагдагчаар өгсөн “...Миний бие 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гадуур явж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би өөрийн хуучин ажиллаж байсан “Ком тавилга” гэх тавилгын үйлдвэр дээр очиж танил хүн байвал уулзахаар очсон. Тэгээд гаднаас нь цоожийг нь татаж онгойлгоод ортол дотор хүн байгаагүй. Би тухайн байгууллагаас гарах үед миний илүү цагийн цалинг өгөөгүй байсан учир ундууцалтай байсан. Тэгээд хүн байхгүй болохоор нь гал тогооны өрөөнөөс оффисын түлхүүрийг нь аваад оффис руу ороход ширээн дээр нь нөүтбүүк, цэнэглэгч, компьютерын хулгана зэрэг эд зүйлс байсан учир тэнд байсан хар цүнх рүү ширээн дээр байсан эд зүйлсийг хийгээд авч гарсан. ...” /хх 61/ тус тус мэдүүлгүүд,

хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-15/,

“Дамно” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №СБ1-24-1213 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 41-42/

Эд зүйл хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 13-19/,

“Лоло” ломбардын барьцаат зээлийн гэрээ /хх 21/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Т.Рг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Т.Ргийн тавилгын үйлдвэрт нэвтэрч, “Samsung Galaxy A7” загварын гар утас 1 ширхэг, “Hasee” брэндийн 15 инчийн дэлгэцтэй зөөврийн компьютер 1 ширхэг, лазер 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 762.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Т.Р “...Хэргээ хүлээсэн байдал болон өөр хохирол, гомдолгүй байдлыг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэлийн хүрээнд тухайн хэрэгт шүүхээс хийж буй хууль зүйн дүгнэлтээс хамааруулан хэрэглэх эсэхийг шийдвэрлэдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.

Шүүгдэгч Т.Ргийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Рд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Т.Ргийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Т.Ргийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 60 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/929 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Ргийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ргийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 60 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР