Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/02259

 

 

Д.Ууганбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/01757 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Ууганбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин 6 663 774 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Ууганбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс анх ажилд орсон бөгөөд Түлш эрчим хүч, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчаар томилогдон ажиллаж байгаад тус газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар тушаалаар ажлаас чөлөөлснийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 391 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 475 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 359 дүгээр тогтоолоор тус тус хүчингүй болгож, миний урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нэг сарын дунджаар 839 863 төгрөгөөр тооцож нөхөн олговор олгохыг, мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг олгуулахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад даалгасан болно. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу миний бие нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн В/19 дугаар тушаалаар Өрсөлдөгчийн бодлого, зохицуулалт, зах зээлийн судалгааны газарт худалдаа үйлчилгээний салбарын өрсөлдөөний асуудал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчаар томилогдсон. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 391 дүгээр шийдвэрийн тогтоох нь хэсгийн 2-т "2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх нийт 5 сар, 7 хоногийн цалинтай тэнцэх нөхөн олговрыг тооцож олгох-ыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт даалгасан бөгөөд тооцоолбол 839 863 * 5 + 39 063 * 7 = 4 199 315 + 273 441 = 4 472 758 төгрөг болж байна. Нөгөөтэйгүүр тус шүүхийн шийдвэрээс хойших ажилгүй байсан хугацааны цалин буюу 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 7 сар ажлын 13 хоног 7 839 863 + 13 39 063 = 5 879 041 + 507 819 = 6 286 860 төгрөг, 2015 оны амралтын мөнгө ойролцоогоор 773 134 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг болж байна. Иймд миний ажилгүй байсан хугацааны цалин нийт 11 702 952 төгрөгөөс тус газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/56 дугаар тушаалаар 5 039 178 төгрөгийг нөхөн олговорт аваад байгаа бөгөөд үлдэгдэл цалин болох 6 663 774 төгрөгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Ууганбаяр нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/19 тоот тушаалаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газарт мэргэжилтнээр томилогдсон байдаг. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 391 дүгээр шийдвэрээр Д.Ууганбаярын ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нэг сарын 839 863 төгрөгөөр тооцон 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх нийт 5 сар, 7 хоногийн цалинтай тэнцэх нөхөн олговрыг тооцож олгохыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт даалгасан бөгөөд уг олговрыг тооцоход 4 466 544 төгрөг болсон байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/56 тоот тушаалаар байгууллагын нэг удаагийн тэтгэмж урамшууллын зардлаас 5 039 178 төгрөгийг Д.Ууганбаярт олгосон байна. Энэ нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 391 дүгээр шийдвэрээр даалгасан нийт 5 сар, 7 хоногийн цалинтай тэнцэх нөхөн олговор болох 4 466 544 төгрөгөөс 572 634 төгрөг илүү олгогдсон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д "Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно" гэж заасан байх тул Д.Ууганбаярын нэхэмжилсэн 2015 ээлжийн амралтын олговор болох 773 134 төгрөгийг олгох үндэслэлгүй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 6 663 774 төгрөг гаргуулах тухай Д.Ууганбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ууганбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121 570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээснийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/01757 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан байхад нэхэмжлэгч Д.Ууганбаяр нь ажил олгогчийн ажилд томилох тухай тушаал гарснаас хойш 2 жил 4 сарын дараа шүүхэд хандсан нь гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч Д.Ууганбаяр нь 3 сарын дотор шүүхэд хандаж чадаагүй шалтгаан нь ажил олгогчид хүсэлтээ тухай бүр нь гаргаж байсан, шүүхэд өгөх шаардлагагүй гэх тайлбар баримтаар тогтоогдоогүй болно гэж тус шүүхээс үзжээ. Гэтэл хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үгүйсгээгүй бөгөөд зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан 2015 оны ээлжийн амралтын олговор болох 773 134 төгрөгийг олгох үндэслэлгүй талаар шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар, шүүх хуралдааны явцад байр сууриа илэрхийлэхдээ маргасан байдгаас бус нэхэмжлэгчийн гаргасан ажилгүй байсан бүх хугацааны цалинг гаргуулах шаардлагын үлдэгдэл цалин хөлс болох 6 663 774 төгрөгийг нөхөн олгох асуудлыг үгүйсгээгүй, татгалзсан тайлбарыг шүүхэд бичгээр болон амаар гаргаагүй болно. Учир нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын удирдлагын зүгээс 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг шүүх хуралдааны явцад хуралдаан даргалагчаас хариуцагчаас асууя, Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 4 472 758 төгрөг олгохоор шийдвэр гарсан танай зүгээс 5 039 178 төгрөг олгосон гэж тайлбарлаж байна. Яагаад 572 634 төгрөг илүү олгосон бэ? үндэслэл нь юу вэ? юуны мөнгө байсан бэ? гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэгээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас цаашид төлбөр олгоно гээд олгосон байх. Манай байгууллагаас буцааж мөнгө өгөх байсан учир илүү мөнгө олгосон болов уу гэж бодож байна гэсэн хариу тайлбараар мөн нотлогдож байгаа болно. /Шүүх хуралдааны тэмдэглэлийн 6 дахь хуудасны дээд тал/ Хариуцагч болон нэхэмжлэгч талаас 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан бүх хугацааны цалинг нөхөн олгоно, авна гэдэг дээр тохиролцож, хэлцэл хийсэн байсан бөгөөд эхний ээлжинд дээрх төлбөрийн 50 хувийг олгохоор үлдсэн 50 хувийг 2018 оны эхний хагас жилийн төсөвт суулгуулан нөхөн олгохоор цаг хугацааны хувьд тохиролцсон байсан нь дээрх хариу тайлбараар тогтоогдож байна. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж заасны дагуу Талуудын хооронд хэлцэл хийгдсэн бөгөөд үлдсэн 50 хувийг 2018 оны эхний хагас жилийн төсөвт суулгуулан нөхөн олгох үүргийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хүлээсэн болно. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т "үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд" хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно гэж заасны дагуу 2018 оны эхний хагас жил буюу 2018 оны 6 сарын дотор үүрэг гүйцэтгэх хугацааг харилцан тохиролцож, хойшлуулсан ба уг хугацаа дуусмагц би шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Нэхэмжлэгч миний хувьд амаар тохиролцсон хэлцэл /хариуцагчийн төлөөлөгч зөвшөөрсөн/ болон Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 6 663 774 төгрөгийг шаардах эрхтэй. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/01757 дугаартай шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Ууганбаяр нь хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 6 663 774 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Ууганбаяр нь 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 10 дугаар тушаалаар Өрсөлдөөний зохицуулалтын хэлтсийн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдсөн байна. /хх-ийн 25-26 дугаар тал/

 

Ажлаас чөлөөлөгдсөн ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.Ууганбаяр нь шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Захиргааны хэргийн 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 371 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 475 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 359 дүгээр тогтоолоор Д.Ууганбаярыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4 466 544 төгрөг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зохигчдын тайлбар, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор тус тус тогтоогдож байна. /хх-ийн 4-8, 10-18 дугаар тал/

 

Улмаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар Д.Ууганбаярыг Өрсөлдөөний бодлого, зохицуулалт, зах зээлийн судалгааны газарт худалдаа үйлчилгээний салбарын өрсөлдөөний асуудал хариуцсан мэргэжилтэн, байцаагчийн албан тушаалд томилжээ. /хх-ийн 9 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Д.Ууганбаяр нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд түүний эрх зөрчигдсөн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан.

 

Нэхэмжлэгч Д.Ууганбаяр нь ажил олгогчийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ажилд томилох тушаал гарснаас хойш буюу 2 жил 4 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлагын үлдэгдэл цалин хөлс болох 6 663 774 төгрөгийг нөхөн олгох асуудлыг үгүйсгээгүй, татгалзсан тайлбарыг шүүхэд бичгээр болон амаар гаргаагүй гэх боловч нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргах үүрэгтэй.

Нөгөө талаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/01757 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121 570 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Г.ДАВААДОРЖ