| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/00448/И |
| Дугаар | 191/ШШ2025/09473 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/09473
| 2025 11 05 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: дугаар регистртэй, “ЮИ” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дугаар регистртэй, “АХ” ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэлийн төлбөрт 223.466.970 төгрөг, алданги 84.624.485 төгрөг, нийт 308.091.455 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ою,
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ЮИ” ХХК болон “АХ” ХХК-ийн хооронд хэд хэдэн ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсэж, нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр гүйцэтгэх ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд харин хариуцагчийн зүгээс төлбөр тооцооны үүргээ биелүүлэхгүй өдийг хүргэж манай компанид ихээхэн хэмжээний бодит хохирол учруулаад байна. Тухайлбал 1. Талуудын хооронд байгуулагдсан Барилгын ажил гүйцэтгэх 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар гэрээгээр барилгын Дээврийн метал бүтээц сэндвичийн угсралтын ажлыг, захиалагчийн материалаар манай компани хийж гүйцэтгэсэн. Энэхүү гэрээний Хавсралт 1-ээр Хийгдэх ажлын цар хүрээ, Хавсралт 2-оор Ажил гүйцэтгэх төлөвлөгөө, Хавсралт 3-аар Санхүүжилтийн хуваарийг тохиролцсон. Манай компани гэрээнд заагдсан хугацаанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс ажлаа эхэлж, 2023 оны 1 дүгээр сарын 20 гэхэд ажлаа бүрэн гүйцэтгэж дууссан. Харин хариуцагч компани санхүүжилтийн хуваарийн дагуу төлбөр, мөнгийг төлөлгүй, гэрээний үүргээ зөрчиж 51.878.000 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээний урьдчилгаа 41.400.000 төгрөг, төлөгдөөгүй дүн 21.400.000 төгрөг, гэрээний үлдэгдэл 23.460.000 төгрөг, нийт төлөгдөөгүй төлбөр 44.860.000 төгрөг, нэмэлт ажил-1 харилцан тохиролцсоноор 2.200.000 төгрөг, нэмэлт ажил-2 харилцан тохиролцсоноор 4.818.000 төгрөг, нэмэлт ажлын нийт 7.018.000 төгрөг, гүйцэтгэсэн ажлын бүгд дүн 51.878.000 төгрөг байна. дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т “захиалагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан хугацаанд гэрээний санхүүжилтийг хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө” гэж заасан. Хэдийгээр алдангийн хэмжээ төлбөл зохих мөнгөн дүнгээс давж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан 25.939.000 төгрөгийн алданги шаардах эрхтэй байна. Иймд дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үндсэн төлбөр 44.860.000 төгрөг, алданги 22.430.000, нэмэлт ажлын 7.018.000 төгрөг, нийт 74.308.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр дугаар хороонд байрлах худалдаа, үйлчилгээний барилгын төмөр каркас угсралтын ажлыг манай компани хийж гүйцэтгэсэн. Гэрээний хавсралтаар гүйцэтгэх ажлын задаргаа болон ажил бүрийн хөлс, төлбөрийг тохиролцсон. Үүнд: Төмөр каркас засварлах, угсрах ажил-133.388.970 төгрөг, үүнээс төлөх ёстой 124.388.970 төгрөг болно. Дээрх ажлуудаас 6 дугаарт бичигдсэн ажлаас шинээр тулгуур багана угсрах” ажлыг хасагдсан тул ажлын хөлсийг тал үнээр нь бодохоор тохиролцож, 9 саяар тооцохоор болсон. Харин Төмөр дам нурууг талбай дээр засварлах болон бусад заагдсан ажлууд бүрэн хийгдэж дууссан болно. Манай компани энэхүү гэрээгээр гүйцэтгэх ажил дээр ямар нэгэн урьдчилгаа төлбөр аваагүй 100 хувь өөрийн зардлаар гүйцэтгэсэн. Ажлын явц дундуур болон ажил дууссаны дараа гэрээний төлбөрөө авах хүсэлт гаргахад хойшлуулсаар байгаад ажил гүйцэтгэлийн нийт төлбөр болох 124.388.970 төгрөгийг төлөлгүй өдийг хүрлээ. дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 12 дугаар зүйлийн 12.2-т “захиалагч гэрээнд заасан нөхцөлийн дагуу тухайн үе шатны ажлын актыг хүлээн авсны дараа шилжүүлэх төлбөрийг гүйцэтгэгчид төлөөгүй тохиолдолд дутуу байгаа төлбөрийн дүнгээс хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувийн алдангийг гүйцэтгэгчид төлнө” гэж заасан. Манай компани Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан 62.194.485 төгрөгийн алданги шаардах эрхтэй байна.
Иймд дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үндсэн төлбөр 24.388.970 төгрөг, алданги 62.194.485, нийт 186.583.455 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна. Дээрх ажлын гүйцэтгэж байх явцад уг барилгын баганын улны лист төмөр захиалгаар бэлдэц бэлдэж угсрах ажил давхар хийгдэх ёстой болсон ба хариуцагч компанийн зөвшөөрлөөр уг бэлдцийг өөрийн хөрөнгөөр буюу 7.000.000 төгрөгөөр захиалан угсарч хийсэн. Энэ төлбөр мөн төлөгдөөгүй болно. 3. Түүнчлэн манай компани дугаар хороонд байрлах худалдаа, үйлчилгээний барилгын ханын сэндвич хавтан угсрах ажлыг 60.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож, ажил гүйцэтгэлийг бүрэн дуусгаж хүлээлгэж өгсөн. Ажлын төлбөрт урьдчилгаа болгон 20.000.000 төгрөг авсан бөгөөд үлдсэн 40.000.000 төгрөгийг мөн төлөөгүй байна. Энэхүү төлбөрт тооцон дүйцүүлэн тооцож, сэндвичэн хавтан авч болох саналаа бичгээр илэрхийлсэн боловч энэ талаар хариу өгөөгүй. Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэсэн тухайн цаг хугацаанд манай компани төлбөрийн нэхэмжлэхээ өгч байсан, удаа дараа төлбөрөө төлөхийг мэдэгдэж байсан. 2024 оны 7 дугаар сард манай зүгээс 24/020, 24/021, 24/022 тоот Гэрээний төлбөр нэхэмжлэх, гэрээний төлбөр төлөх тухай санхүүгийн тооцоо нийлэх акт бүхий албан бичгүүдээр ажил гүйцэтгэл бүрийн үлдсэн төлбөрийн задаргааг бичиж, төлж барагдуулахыг мэдэгдсэн. “АХ” ХХК-ийн зүгээс 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 33 тоот Хүсэлт гаргах тухай албан бичгээр 233.466.970 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 31-ний дотор төлж барагдуулна гэсэн хариу өгсөн хэдий ч өнөөдрийг хүртэл мөн төлбөрийг барагдуулаагүй байна. Уг 33 дугаар албан бичгээрээ хариуцагч нь ажил, гүйцэтгэл бүр дээр үлдсэн төлбөр болох 51.878.000, 40.000.000, 124.588.970 төгрөг болон 7.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа мэдэгдсэн болно. Иймд “АХ” ХХК-ийн захиалгаар “ЮИ” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Ажил гүйцэтгэлийн нийт төлбөр болох 223.466.970 төгрөгийг, 84.624.485 төгрөгийн алдангийн хамт “АХ” ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Харин бид дараах байдлаар эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү.
Ажил гүйцэтгэлийн төлбөрт 223.466.970 төгрөг, алданги 84.624.485 төгрөг, нийт 308.091.455 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнээс 84.824.485 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх 223.266.970 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 123.266.970 төгрөгийг хариуцагч “АХ” ХХК нь төлж барагдуулсан, үлдэх 100.000.000 төгрөгт хариуцагч нь өөрийн компанийн ХХК-тай барьж буй дугаар хороо, 21 дүгээр хороололд байрлалтай худалдааны төвд 12 м.кв худалдаа үйлчилгээний талбай санал болгосныг “ЮИ” ХХК нь авахыг хүлээн зөвшөөрч бид эвлэрсэн гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Манай компани нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дугаартай гэрээг “ЮИ” ХХК-тай байгуулан хамтран ажилласан. Гэрээгээр барилгын “Дээврийн металл бүтээц сэндвичийн угсралт”-ын ажлыг хийхээр тохиролцсон. Энэхүү гэрээний дагуу манай зүгээс нийт 90 гаруй сая төгрөгийг шилжүүлсэн. Харин нэхэмжлэгч компанийн зүгээс дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэх боловч холбогдох акт, улаан журнал хөтлөлт, барилга угсралт бүрийн үе шат бүрт хийгдсэн фото акт зэрэг бичиг баримтууд болон хийсэн ажлаа албан ёсоор бүрэн хүлээлцээгүй. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д “Гэрээт ажлын явцыг гүйцэтгэгч тал актаар хүлээлгэн өгч талууд харилцан тохиролцож баталгаажуулан гарын үсэг зурснаас хойш санхүүжилтийн эрх үүсэж, олгоно” гэж тохиролцсон. Гэрээний уг тохиролцсон зохицуулалтын дагуу гүйцэтгэгч нь ажлаа чанарын шаардлага хангасан байдлаар гүйцэтгэсэн актаа баталгаажуулж санхүүжилт авах ёстой. Гэвч хүлээлцэх акт баталгаажуулж өгөөгүй байгаа тул үлдэгдлийг санхүүжилтийг ажлыг хэрхэн хүлээлцэхээс хамааран олгохыг шийдвэрлэнэ. Мөн Барилга угсралтын дугаартай гэрээний дагуу “ЮИ” ХХК нь Төмөр каркас угсралтын 133.388.970 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн ба гэрээний 6 дугаар зүйлд заасны дагуу шинээр тулгуур багана угсрах ажлын хөлснөөс 9.000.000 төгрөгийг хасаж тооцохоор болсон бөгөөд одоо тодорхой хэмжээний үлдэгдэл төлбөр байгаа болно. Уг ажлыг Гэрээний 3 дугаар зүйлийн 3.8-д зааснаар гүйцэтгэсэн ажлын тайланг үндэслэн тооцож олгохоор тохиролцсон боловч өнөөдрийн байдлаар гүйцэтгэсэн ажлын тайлан болон бусад хүлээлгэн өгөх ажлыг огт хийгээгүй байх тул санхүүжилтийг олгоогүй болно. Ийнхүү ажлыг албан ёсоор хүлээн авсны дараа санхүүжилтийг тооцон олгох эсэхийг шийдвэрлэнэ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлах худалдааны төв барилгын ханын сэндвич хавтан угсрах ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Тодорхой үнийн дүнгийн талаар тохиролцсон зүйл бий. Гэхдээ мөн л ажлыг албан ёсоор акт үйлдэн хүлээлгэн өгсөн зүйлгүй тул санхүүжилтийг хэрхэн олгохыг хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгөх акт үйлдэж авсны дараагаар шийдвэрлэнэ.
Барилгын тухай хууль болон талуудын хооронд тохиролцсон гэрээний дагуу барилгын ажил тодорхой баталгаа шаарддаг, мөн зохих норм дүрмийг үйл ажиллагаанд баримтлан ажилладаг, аливаа хийж гүйцэтгэсэн ажил нь актаар баталгаажиж баталгаат хугацаа тоологддог. Энэ бүхэн бүрэн гүйцэт болоогүй байхад төлбөрийн асуудлыг хойшлуулах нь зүй ёсны шаардлага гэж үзэж байна. Мөн албан ёсоор хийж гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөөгүй байгаа тул алданги тооцож шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна. Бидний зүгээс хийж гүйцэтгэсэн ажлыг мэргэжлийн хүмүүс акт үйлдэн хүлээлцсэний дараа төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэхэд бэлэн гэдгээ үүгээр уламжилж байна гэх тайлбарыг гаргасан.
Бид дараах байдлаар эвлэрсэн. “ЮИ” ХХК нь 308.091.455 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнээс 84.824.485 төгрөгөөс татгалзаж, үлдэх 223.266.970 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 123.266.970 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 100.000.000 төгрөгт өөрийн компанийн ХХК-тай барьж буй дугаар хороо, 21 дүгээр хороололд байрлалтай худалдааны төвд 12 м.кв худалдаа үйлчилгээний талбай санал болгосныг “ЮИ” ХХК нь авахыг хүлээн зөвшөөрч бид эвлэрсэн тул бидний эвлэрлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, эвлэрэл, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ЮИ” ХХК нь хариуцагч “АХ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэлийн төлбөрт 223.466.970 төгрөг, алданги 84.624.485 төгрөг, нийт 308.091.455 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид шүүх хуралдаанд дараах нөхцөлөөр тохиролцоонд хүрч эвлэрэн хэлэлцсэн тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх шатанд зохигчид эвлэрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн 308.091.455 төгрөгийн 84.824.485 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх 223.266.970 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 123.266.970 төгрөгийг хариуцагч “АХ” ХХК нь төлсөн, үлдсэн 100.000.000 төгрөгт өөрийн компанийн ХХК-тай барьж буй дугаар хороо, 21 дүгээр хороололд байрлалтай худалдааны төвд 12 м.кв худалдаа үйлчилгээний талбай санал болгосныг нэхэмжлэгч “ЮИ” ХХК нь авахыг хүлээн зөвшөөрч талууд эвлэрэн хэлэлцэн харилцан тохиролцжээ.
Ийнхүү зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШЗ2025/10119 дугаар, 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШЗ2025/24542 дугаар шүүгчийн захирамжуудаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“ЮИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “АХ” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэлийн төлбөрт 223.466.970 төгрөг, алданги 84.624.485 төгрөг, нийт 308.091.455 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийн нэхэмжлэгч нь 84.824.485 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх 223.266.970 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 123.266.970 төгрөгийг хариуцагч “АХ” ХХК нь төлж барагдуулсан, үлдсэн 100.000.000 төгрөгт өөрийн компанийн ХХК-тай барьж буй дугаар хороо, 21 дүгээр хороололд байрлалтай худалдааны төвд 12 м.кв худалдаа үйлчилгээний талбай санал болгосныг нэхэмжлэгч “ЮИ” ХХК нь авахыг хүлээн зөвшөөрч талууд эвлэрэн хэлэлцэн харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.699.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 1.274.285 төгрөгийг хариуцагч “АХ” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч “ЮИ” ХХК-д олгосугай.
3.Тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШЗ2025/10119 дугаар, 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШЗ2025/24542 дугаар шүүгчийн захирамжуудыг хүчингүй болгосугай.
4.Хариуцагч нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
5.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН