| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2205006441455 |
| Дугаар | 2024/ДШМ/1366 |
| Огноо | 2024-12-17 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Т.Баяхмөнх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2024/ДШМ/1366
2024 12 17 2024/ДШМ/1366
С.Ц, М.Г нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Баянмөнх,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т, түүний өмгөөлөгч Ш.Чанцал, Д.Буянзаяа,
шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл, Д.Нарангэрэл,
шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Ц.Долгорсүрэн, С.Ичинхорлоо,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/790 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Гын өмгөөлөгч Ц.Долгорсүрэнгийн гаргасан, шүүгдэгч С.Цгийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл, Д.Нарангэрэл нарын хамтран гаргасан тус тус давж заалдах гомдлуудаар С.Ц, М.Г нарт холбогдох эрүүгийн 2205 00644 1455 дугаар хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С.Ц нь “Хаан суудал” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 15.1.1-д заасны дагуу “Хаан суудал” сууц өмчлөгчдийн холбооны өмч болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байрны цахилгаан шат /лифт/-ны ашиглалтыг хариуцан хяналт тавихдаа Зам тээвэр, Хот байгуулалтын сайдын 2008 оны 53 дугаар тушаалаар баталсан “Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах” дүрмийн 7.32, 27.1, 27.9, 27.10, 27.12, 27.13 дахь заалтуудад заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус байрны 2 дугаар орцны 7 давхрын лифтний хаалганы хонгилоор Т.А унаж нас барсан буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт,
шүүгдэгч М.Г нь “Хаан суудал” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 15.1.1-д заасны дагуу “Хаан суудал” сууц өмчлөгчдийн холбооны өмч болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байрны цахилгаан шат /лифт/-ны ашиглалтыг хариуцан хяналт тавихдаа Зам тээвэр, Хот байгуулалтын сайдын 2008 оны 53 дугаар тушаалаар баталсан “Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах” дүрмийн 7.32, 27.1, 27.9, 27.10, 27.12, 27.13 дахь заалтуудад заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус байрны 2 дугаар орцны 7 давхрын лифтний хаалганы хонгилоор Т.А унаж нас барсан буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас С.Ц, М.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Ц, М.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хууль, түүнд нийцүүлэн гаргасан, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч С.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Ц, М.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц, М.Г нараас 88.031.152 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Төд, 1.980.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн төрийн сангийн дансанд тус тус олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хамт хавсарган үлдээж, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Гын өмгөөлөгч Ц.Долгорсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 790 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Ц, М.Г нарыг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хууль, түүнд нийцүүлэн гаргасан, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Мөн 88.031.152 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн юм.
Юуны түрүүнд энэ хэргийн улмаас бага насны хүүхдийн амь нас хохирсон явдалд чин сэтгэлээрээ харамсаж байгаагаа илэрхийлье.
Нэг. Гэм буруугийн талаар: М.Гын хувьд шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хууль, түүнд нийцүүлэн гаргасан, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг үйлдсэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч оролцсон.
Хэргийн зүйлчлэл хэргийн нөхцөл байдалд тохирсон гэж үзэж байгаа тул гэм буруугийн талаарх шийтгэх тогтоол дахь дүгнэлтийг зөвшөөрнө.
Хоёр. Хохирол төлбөрийн талаар: Хохирогчийн зүгээс оршуулгын зардалд 98.581.152 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүгдэгч М.Гын зүгээс гаргасан шаардлагаас 33.950.498 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдсэн 64.630.654 төгрөгийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан байр суурьтай оролцсон юм.
Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 28-29 дэх талд хохирлын талаар “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тийн зүгээс оршуулгын зардалд болон хохирол төлбөртэй холбоотой 88.031.152 төгрөгийн баримт гарган өгсөн” гэж дурдсанаас өөрөөр ямар ч үндэслэл бүхий дүгнэлтийг тусгаагүй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан 98.581.152 төгрөгийн шаардлагаас зарим хэсгийг татгалзсан эсэх, шүүхээс зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон эсэх, шүүгдэгч М.Гын зүгээс үндэслэлгүй, оршуулгын зардалд хамааралгүй хэмээн татгалзаад буй 64.630.654 төгрөгийн татгалзлыг үндэслэлтэй эсэх дээр дүгнэлт өгөөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт тусгахаар хуульд заасан байдаг.
Гэтэл энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болж байна.
Мөн анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ нотлох баримтын шаардлага хангаагүй, энэ хэрэгт хамааралгүй баримтуудыг нотлох баримтаар үнэлж, хохирлын тооцоог буруу гаргасан, хэрэгт авагдсан нөхцөл байдлыг бүх талаас нь бүрэн дүүрэн харгалзаж, нотлох баримтыг үнэлж шийдвэрээ гаргах байтал хэт нэг талыг барьсан, хөнгөн хуумгай шийдвэр гаргасан гэж үзэж байна. /Зөвлөлдөх тасалгаанд 5 хавтас бүхий хэргийг 5-10 минутад зөвлөлдөж шийдвэрлэсэн/
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 790 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж байна.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч М.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч М.Г нь бага насны буюу 2 настай охины хамт, ам бүл 2-уулаа амьдарч байсан талаараа шүүх хуралдаанд тайлбарласан, мөн ам бүл 2-уулаа амьдардаг талаарх хорооны тодорхойлолтыг хэрэгт хавсаргасан.
П.Т нь 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Одоо нийслэлийн 66 дугаар цэцэрлэгийн бага Б бүлэгт суралцдаг.
М.Гын хувьд, хавтаст хэрэгт охины төрсний гэрчилгээг гарган өгөөгүй. Учир нь, охин П.Т нь ээж Пээр овоглогдсон байсан. Шүүх хуралдааны явцад охин цэцэрлэгтээ явсан байсан бөгөөд шүүх хуралдаанаар шүүгдэгчийг цагдан хорьсон өдрөөс хойш 2 настай охин нь айл айлаар хэсэж, амьдарч байна. Охины ээж П нь охиныг 1 настай байхад нь орхин явсан учраас хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх үед бага насны хүүхдийг М.Гаас өөр асран халамжлах хүн байгаагүй болохыг дурдаж байна.
Хүүхэд хамгааллын тухай хууль 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр батлагдсан. Энэ хууль 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих зарчмыг тусгасан байдаг.
Гэтэл шүүх хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих хуулийн зарчмаас ухарч, хүүхдийн эрх ашгийг шийтгэх тогтоолын гадна үлдээсэнд харамсаж байна.
М.Гын зүгээс анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө охины хамт оршин суудаг талаарх хорооны тодорхойлолт авахаар харьяа хороондоо хандахад ээжид нь л өгнө гэж татгалзаж, хүндрэл учруулж байсныг дурдаж байна.
Анхан шатны шийтгэх тогтоолыг гарах хугацаанд М.Гын ар гэрээс Птэй холбогдож, тодорхойлолт авсан, хорооноос Пгийн бичсэн тус тодорхойлолтыг үндэслэн дахин тодорхойлолт бичиж өгчээ. Хэдийгээр шүүх анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримт шийдвэрийн үндэслэл болгохгүй ч бодит байдлыг мэдээсэй гэсэндээ ийнхүү дурдаж, гомдолдоо хорооны тодорхойлолт, охины ээжийн бичсэн тодорхойлолт зэргийг хавсаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6-д заасан шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно гэж заасан байдаг.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болохоор,
мөн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүнд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ял оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тус тус хуульчилсан.
Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.6-д заасан нөхцөл байдлыг харгалзан аль тохирохыг нь сонгон хэрэглэх боломжтой, эдгээр зохицуулалтаас миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, бага насны охины ашиг сонирхол, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүхээс тогтоосон хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулалгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.
Энэ хэрэгт бага насны хүүхдийн амь нас хохирсон. Үүнд шүүгдэгч М.Г болон өмгөөлөгчийн зүгээс маш их харамсаж байгаагаа дахин дахин илэрхийлж байна.
Шүүгдэгч М.Гын зүгээс гаргасан шаардлагаас 33.950.498 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдсэн 64.630.654 төгрөгийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан байр суурьтай оролцсон. Гэтэл шүүхээс шийтгэх тогтоолын 28-29 дэх талд “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тийн зүгээс оршуулгын зардалд болон хохирол төлбөртэй холбоотой 88.031.152 төгрөгийн баримт гарган өгсөн” гэж дурдсанаас өөрөөр ямар ч үндэслэл бүхий дүгнэлтийг тусгаагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан 98.581.152 төгрөгийн шаардлагаас зарим хэсгийг татгалзсан эсэх, шүүхээс зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон эсэх, шүүгдэгч М.Гын зүгээс үндэслэлгүй, оршуулгын зардалд хамааралгүй хэмээн татгалзаад буй 64.630.654 төгрөгийн татгалзлыг үндэслэлтэй эсэх дээр дүгнэлт өгөөгүй. Мөн шийтгэх тогтоолд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсгийг баримталсныг буруу гэж үзэж байна. Оршуулгын зардлыг гаргахдаа Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгийг баримтлах ёстой байсан. Хохирол төлбөрийн хувьд бүх баримтыг авч үзвэл, 5 дугаар хавтаст хэргийн 118-204 дэх талд хохирлын баримтууд авагдсан бөгөөд 01-498 хүртэл дугаарласан. Тус баримтуудаас зарлагын баримт болох 01-14,16-27 дахь хуудасны баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, юу худалдан авсан нь тодорхойгүй, оршуулгын зардалд хамааралтай бараа, үйлчилгээг авсан эсэх нь тодорхойгүй байсан. НӨАТ-ын баримтууд авагдсан ба эдгээрээс 24-27, 30, 33-35, 39, 43, 46, 48, 51, 52, 55, 57, 59, 63, 67, 69, 71, 74, 79, 80, 81, 82, 88, 89, 92-100, 104-112, 117-129, 131-137, 139-141, 143-144, 146, 148-150, 152-155, 157-175, 177-192, 194-200, 202-357, 359, 360, 363, 365, 366, 367, 368, 370-377, 379, 384-389, 390-ээс хойш бүх баримтууд тухайн хэрэгт холбогдолгүй, хэрэг болсон цаг хугацаанд хамааралгүй, зарим нь оршуулгын болон буяны ажилтай холбогдолтой зардлууд биш байсан тул эдгээр баримтуудыг бүгдийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нотлох баримтаар нотлогдож байгаа баримт нь нийт үнийн дүнгийн 13.754.493 төгрөг. Гэхдээ анхан шатны шүүх хуралдаанд зарим нотлох баримтууд шаардлага хангахгүй хэдий ч манай үйлчлүүлэгчийн зүгээс хүүхэд нас барсан, ар гэрт нь хүнд зүйл тохиолдсон, хойд буяны ажилд зарлага гаргасан гэсэн үндэслэлээр 33.950.498 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлсөн. Мөн анхан шатны шүүх хуралдаанаас хойш 23.000.000 төгрөг төлснийг дурдъя.” гэв.
Шүүгдэгч С.Цгийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Цг “Хаан суудал” СӨХ-ны удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 15.1.1-д заасны дагуу “Хаан суудал” сууц өмчлөгчдийн холбооны өмч болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байрны цахилгаан шат /лифт/-ны ашиглалтыг хариуцан хяналт тавихдаа Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2008 оны 53 дугаар тушаалаар батлагдсан “Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 7.32, 27.1, 27.9, 27.10, 27.12, 27.13 дахь заалтад заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр тус байрны 2-р орцны 7 давхрын лифтний хаалганы хонгилоор Т.А, 3 настай, эрэгтэй хүүхэд унаж нас барсан буюу хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь хохироосон” гэм буруутай гэж шийтгэсэн нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий, хууль ёсны байх шаардлага хангаагүй байна гэж үзэж байна.
1/. Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас “Хаан суудал” СӨХ-г бүртгэн гэрчилгээ олгож, 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Хаан суудал” СӨХ-ийн оршин суугчдын хурлаар гүйцэтгэх захирлаар Г.Э гэж хүнийг томилсон байна. Цаг хугацааны хувьд 2020 оны 01 дүгээр сарын 23-наас 2021 оны дунд үе хүртэл ковид-19 цар тахлын үеийн хөл хорионы хоригт байх хүнд үед СӨХ-ийн даргаар ажиллаж байсан гэх Г.Э гэрчээр мэдүүлэхдээ ”... 2020 оны 7 дугаар сарын орчимд би ажлаа удирдах зөвлөлийн дарга С.Ц эгчид Хаан суудал СӨХ-ны тамга тэмдэг, гэрчилгээ холбогдох бичиг баримтуудыг өгсөн” гэж мэдүүлжээ. /4хх 27-28/
2/. 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/19 дугаартай хяналт шалгалт хийх нэгдсэн удирдамжийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 02-07-096/281 дугаартай лифтэнд их засвар хийх тухай дүгнэлт гарсан байна. “Сууц өмчлөгчдийн эрх байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай“ хуулийн 12.4.2 дахь хэсэгт зааснаар “...дундын өмчлөлийн эд хөрөнгө нь засвар үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах үүрэгтэй” гэж заасан байна. Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 27.1 дэх хэсэгт зааснаар “лифт эзэмшигч нь түүний ажиллагаанд хяналт тавьж засвар үйлчилгээг тогтмол хийх зохион байгуулалтын арга хэмжээг авах замаар лифтний бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангах ёстой” гэж заажээ.
3/. 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн №7 дугаартай шийдвэрээр Г.Эыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, “Хаан суудал” СӨХ-ны гүйцэтгэх захирал М.Гыг гишүүд санал нэгтэйгээр томилж ажиллуулсан байна. Энэ тухай 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 19/41/02 тоот шинжээчийн дүгнэлтэд хангалттай дүгнэсэн байна. Нөхцөл байдлыг шинжлэн судлахад М.Г нь удирдах зөвлөлийн шийдвэрээр гүйцэтгэх захирлаар томилогдон цалин авч ажиллаж байсан бол С.Ц нь цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг үйлчлэгч хүрэлцэхгүй үед тусалж байжээ.
Цар тахлын 2020-2022 оны хүнд хэцүү цаг үед СӨХ дулаан тогны өрнөөс шалтгаалж банкны данс нь хаалттай, ахуйн цэвэрлэгээний бодисоо өөрсдөө цуглуулан цэвэрлэгээ хийж, С.Ц хогоо цэвэрлэж, орц байраа хлораминаар ариутгаж явжээ. Оршин суугчдын 10 хүрэхгүй хувь нь СӨХ-ны мөнгөө төлдөг учир лифтээ засуулах боломжгүй, “Тиссэн групп” санхүүгийн эрсдэлд орж сэлбэг авчрах чадваргүй болсны дээр 2019-2020 онд ашиглалтын хугацаа дууссан гэж улсын байцаагчийн акт үйлдсэн тул Баянгол дүүргийн ИТХ-аас 116.000.000 төгрөгөөр 4 лифт засварлах тендер удаа дараа зарласан ч тодорхойгүй шалтгаанаар цуцлагдаж байсан талаар тодорхой бичигдсэн байна.
4/. Хүүхдийн амь хохирсон үндсэн шалтгаан бол лифттэй хамааралгүй, лифтний хаалга салж унасан тухай байхад энэ талаар ямар нэг шинжээчийн дүгнэлт гаргаагүй нь зүй ёсоор анхаарал татаж байна.
5/. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан “нотолбол зохих асуудал”-д энэ хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бодитой тогтоосон уу, иргэний хариуцагчаар хэнийг татах ёстой байсан” гэдэг ажиллагааг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад эцэслэн тогтоож чадаагүй байна гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-т “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно”, 8.6 дугаар зүйлийн 2-т “иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж,
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасны дагуу шаардлагатай гэж үзвэл ажил олгогч байгууллагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу иргэний хариуцагчаар тогтоохоос гадна хохирлыг шууд хариуцан төлөх эзэн холбогдогчийг үндэслэлтэй зөв тогтоох эсэх талаар анхан шатны шүүх хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт хийж тус тус чадаагүй гэж үзэж байна. Мөн түүнчлэн хохирогч ба түүний өмгөөлөгч хохиролд 88.031.152 төгрөг гэж тодорхойлсныг хяналтын прокурор эцэслэн шүүхэд тооцож ирүүлээгүй нь шүүгдэгч нар бодитой хэдэн төгрөгийн хохирлыг хаана төлбөл зохих талаар тодорхойгүй байдал үүсгэсэн байж болзошгүй байна. Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгч 33.950.000 төгрөгийн хохирол төлөхөөр байна гэх зэргээр маргажээ. Түүнчлэн 1.980.000 төгрөгийг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн төрийн сангийн дансанд тушаах гэсэн нь ойлгомжгүй байна.
Иймд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хүсэх нь:
1. С.Ц нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн 2205006441455 дугаартай хэрэгт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/790 дүгээр шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчилсөн тохиолдолд С.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч С.Цгийн өмгөөлөгч Д.Нарангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Юуны өмнө амь хохирогчийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлыг ярихгүй бол болохгүй байна. Учир нь, осол гарсан шалтгааныг хонгилын хаалганы хавтас чиглүүлэгчээсээ мултарснаас болж гэж шинжээч дүгнэсэн. Гэтэл хонгилын хаалганы хавтас чиглүүлэгчээсээ юуны улмаас, хэзээ мултарсан гэдгийг нарийн тогтоолгүйгээр СӨХ хариуцлага хүлээх ёстой гэж ерөнхий дүгнэж шийдвэрээ гаргасан. Гэмт хэргийн гол шинж нь гэм бурууг оновчтой тогтоох юм. Энэхүү материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд объектив хамаарлыг тогтоогоогүй. Учир нь, объектив хамаарал нь тухайн үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ба эс үйлдэхүй нь хохирлоос өмнө болсон байх ёстой. Хамгийн түрүүнд лифтийг угсарсан ... ХХК нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2008 оны 53 дугаар тушаалаар баталсан “Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 7.23-т “Хаалгыг онгойлгоход түүнд 300 Ньютон хүч үйлчлэхэд онгойхооргүй байхаар угсарсан байна”, 7.26-д “Автомат цоожийг хонгилын гадна талын хаалганаас онгойлгох боломжгүй байхаар угсарсан байна” 7.32-т “Хонгилын хаалганы хавтас чиглүүлэгчээсээ анхнаасаа мултрахааргүй байхаар хийгдсэн байх ёстой” гэсэн нарийн шаардлагыг тусгай зөвшөөрөлтэй компани хийсэн эсэхийг дүгнээгүй. Мэргэжлийн хүнээс асуухад 300 Ньютон хүч нь ойролцоогоор 30 кг байдаг гэсэн. Амь хохирогчид шинжилгээ хийсэн шинжээч 105 см биеийн өндөртэй, 3 настай эрэгтэй хүүхэд байсан гэдэг. Мэргэжлийн хүнээс “105 см биеийн өндөртэй хүүхэд хэдэн кг жинтэй байдаг вэ” гэж тодруулахад ойролцоогоор 15-18 кг жинтэй гэсэн. Тэгэхээр хамгийн гол баримтлах ёстой байсан хаалганы 300 Ньютон хүч буюу 30 кг-ийг маш хүчтэй түлхэхэд онгойхооргүй, хэрэв ажиллаагүй нөхцөлд давхар цоож хийж, түүнийг нь мэргэжлийн хүн тусгай түлхүүрээр онгойлгох ёстой нарийн шаардлагатай. Энэ асуудал нь хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой. Бид 86 дугаар байрны асуудлыг ярьж байгаа мэт боловч Монгол Улс дахь 13.000 ширхэг лифтний асуудлыг ярьж байна гэхэд хилсдэхгүй. Тэгэхээр 18 кг жинтэй хүүхэд налах төдийд онгойж унасан гэдэг нь хонгилын хаалганы хавтас чиглүүлэгчээсээ мултрахааргүй байхаар угсарсан байсан уу гэдэг эс үйлдэхүйг шүүх дүгнээгүй. Мөн түүнд хяналт тавих мэргэжлийн байгууллага байна гэдгийг тус дүрмийн 27.2-т “Лифт, аюулгүй ажиллагааны байдалд тавих хяналтыг улсын хяналтын байгууллага, улсын байцаагч хэрэгжүүлнэ”, 27.3-т “Үзлэг, шалгалтын дүнг лифтний картад бичих бөгөөд шаардлагатай үед холбогдох аж ахуйн нэгж, албан тушаалтанд өгч зөрчлийг арилгуулна” гэж заасан. Хамгийн чухал анхан шатанд нь хэрэгжүүлэх ёстой төрийн үүргийг яагаад хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг шүүх дүгнээгүй вэ. Энэ нь хонгилын хаалганы хавтас чиглүүлэгчээсээ мултарсантай холбоотой, холбоогүй бол шүүх энэ талаар мөн хууль зүйн үндэслэлээ дүгнэх ёстой. СӨХ хариуцсан мэргэжилтэн, хариуцах ёстой хүмүүс бүгд мэдүүлэг өгөхдөө “Тухайн үед ажиллаагүй, албан тушаалаасаа гарсан байсан” гэдэг ч төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. Хэн нэгэн орлож ажлыг нь гүйцэтгэх ёстой байсан. Тэгэхээр лифт СӨХ-нд хамааралтай, хариуцлагыг дарга нь хүлээнэ гэж хэт ерөнхий дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг хангаагүй гэж үзэж байна. Лифттэй холбоотой асуудлыг эзэмшигч байгууллага “Хаан суудал” СӨХ хариуцна гээд лифтийг хийж угсарсан мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий “...” ХХК ямар ч буруугүй, зүгээр өнгөрч болохгүй. Буруугүй гээд хайхрамжгүй үлдээж шийдвэрлэх нь 86 дугаар байрны лифтээр Монгол Улсад ашиглагдаж байгаа бусад лифтийг тодорхойлон буруу жишиг тогтоох вий гэдэгт хуульч, өмгөөлөгч хүний хувьд санаа зовж байна. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.”, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно:” гээд 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн;”, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр;”, 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ;” гэж тус тус заасныг тал бүрээс нь шалгаж тогтоогоогүй, гэм буруугийн болон шударга ёсны зарчим хэрэгжээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу хүчингүй болгож өгнө үү. Шүүгдэгч С.Цгийн биеийн байдлын талаар нөгөө өмгөөлөгч маань тайлбарлалаа. Түүнтэй очиж уулзахад нүдэндээ нулимстай, хоёр шүд нь унасан, хоёр шүд нь буйл нь дээрээ тогтож байгаа, биеийн байдал нь маш хүнд байгаа. Хүнд өвчтэй, 68 настай хүний гэм бурууг тогтоогоогүй байж хорьсонд маш харамсалтай байна. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.” гэв.
Шүүгдэгч М.Гын өмгөөлөгч С.Ичинхорлоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Юуны өмнө бага насны хүүхдийн амь нас эрсэдсэнд маш их харамсалтай байна. Анхан шатны шүүхийн шатанд М.Г гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ гэмт хэрэг болсонд маш их харамсаж байгаагаа илэрхийлж, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Гэвч анхан шатны шүүх хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх, хариуцлагаас чөлөөлөх, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах зэрэг зохицуулалтыг хэрэглээгүйд гомдолтой байна. Учир нь, М.Гын хувьд хоёр настай хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг бөгөөд анх удаа тохиолдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн. Өнөөдрийн байдлаар 23.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн. Гэвч анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй хэт хатуурхаж хорих ял оногдуулсныг шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцитай буюу зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялтай. Дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгох боломжтой байсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэх нөхцөл хангагдсан гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч нь тухайн заалтад зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно.” гэж заасан. Эдгээр зохицуулалтын нөхцөл шаардлагыг миний үйлчлүүлэгч хангасаар байтал анхан шатны шүүх түүнд 1 жилийн хорих ял оногдуулсан нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлд хамаарна. Иймд давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү. Мөн давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхэд буцаах, эсхүл өөрчлөлт оруулсан тохиолдолд миний үйлчлүүлэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч М.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ийм зүйл болсонд үнэхээр их харамсаж, хууль ёсны төлөөлөгч, түүний ар гэрийнхнээс нь уучлал хүсэж байна. Би тухайн үед 8 сар ажилласан бөгөөд энэ хугацаанд лифтийг зогсоосон байсан. Би тухайн газарт ажиллахгүй гэдгээ хэлээд 2021 оны 6 дугаар сард Энхтайван найрамдлын ордонд ороод ажиллаж эхэлсэн. 2021 оны 7 дугаар сард тус газартаа жинхэлсэн. Осол 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр болсон ба би энэ үед ажиллаагүй байсан. Хөрөнгө мөнгийг нь дүүрэг рүү өгсөн байсан ба тэндээс дараа нь шийдвэрлэж өгсөн. Ийм зүйл болсонд үнэхээр харамсаж байна. Би хоёр настай хүүхэдтэй, ганц бие аав бөгөөд тухайн орон сууцны байнгын оршин суугч, амьдардаг хүн тул өглөө цэцэрлэг рүү гарах болгондоо хараад сэтгэл эмзэглэж явдаг. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийнхөө хэлсэн тайлбарыг дэмжин оролцож байна. Би “...” ХХК-д ажилладаг, 889 дугаартай монитор, 1.500.000 төгрөгийн цалинтай. Ажиллаж байх хугацаандаа хохирол төлбөрийг төлж барагдуулна. Миний хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар хөнгөрүүлэн шийтгэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч С.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцлагагүй хүмүүсийн улмаас 3 настай хүүхдийн амь нас эрсэдсэнд хохирогчийн ар гэрээс уучлал хүсэж байна. Хариуцлагагүй хүмүүсийн буруугаас үүссэн харамсалтай хэргийг гүнээ ухамсарлаж ойлгож байна. Хүнээ алдсан хүн ямар санаа сэтгэлтэй, тайван бус байдаг болохыг би ойлгож байна. Сүүлийн үед эмнэлэгт хэвтээд даралт 170 хүрч буудаггүй, нас дээр гарсан учир энэ явдлыг бодохгүй байхын аргагүй, шөнө огт нойр хүрдэггүй, үр хүүхдээ алдсан хүний сэтгэл санаа ямар байхыг хэлэхийн аргагүй харамсалтай. Үүндээ хямраад бие өвдөөд маш хэцүү байна. Тийм учраас ялыг хөнгөрүүлж, нарны амьдралд гаргаж өгөөч гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Хүн эрүүл саруул, амьд явбал хохирлын учрыг олно. Өмгөөлөгч нарынхаа гомдол, хүсэлтийг дэмжиж байна.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тийн өмгөөлөгч Ш.Чанцал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч М.Гын тухайд, гэм буруугийн талаар маргаагүй, хохирлоос 23.000.000 төгрөгийг хууль ёсны төлөөлөгчийн дансанд шилжүүлсэн. Түүний өмгөөлөгч нараас хохиролд хамааралгүй баримтууд байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Үүнтэй холбогдуулж тайлбар гаргахад, амь хохирогч 3 настай хүүхэд байсан тул ар гэрээс нь удаан хугацааны турш буяны цайллагыг хийсэн. 49 хоног явуулаад дуусгаагүй, 2-3 сар үргэлжлүүлэн өдөр бүр дайллага, цайллага хийж, гадуур явж хүүхдүүд хооллох, буяны ажлыг урт хугацаанд хийсэн. Ингэж байж талийгаачийн хойчийн буяныг гүйцэлдүүлнэ гэсэн. Мөн гандан хийдээр 49 хоног тасралтгүй хүчтэй ном уншуулж байсан тул энэ бүгдэд маш их зардал гарсан. Энэ зардлын баримтуудаа л хавсаргасан гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан хохирлын баримтууд осол болсноос хойш огноотой. Буяны цайллагыг зөвхөн Б.Т гэдэг хүн яваад хийх боломжгүй. Ар гэрээрээ, хоёр талын аав, ээж, өвөө, эмээ, бусад ах дүү, хамаатан садангууд бүгд явж цуглуулсан тул буяны ажилтай холбоотой гарсан зардлын баримтуудыг нийлүүлж гаргасан дүн юм. Эндээс алийг нь, ямар үндэслэлээр энэ хэрэгт хамааралгүй гэж дүгнээд байгаа нь тодорхойгүй. Хохирлын баримтуудыг бүгдийг нь үнийн дүн, гүйлгээний тайлбараар нь жагсаасан жагсаалт 5 дугаар хавтаст хэргийн 101-113 дахь талд хүснэгтэлж хавсаргасан бөгөөд эндээс бүх зүйл тодорхой харагдана. Бусад гэм буруугийн талаар маргаагүй тул өөр хэлэх тайлбаргүй. Харин шүүгдэгч С.Цгийн тухайд, гэм буруугийн талаар маргаж байгаа бөгөөд энэ талаар хэлэх тодорхой тайлбаргүй. Учир нь, анхан шатны шүүхээс гарсан тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Хохирлын талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ойлгомжгүй байдлаар дүгнэсэн гэдэг ч бодитоор учирсан хохирол 88.038.152 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Төд олгосугай гэж тодорхой заасан. Үүнийг өмгөөлөгч буруу ойлгоод тайлбар гаргаад байх шиг байна. Төрийн сангийн дансанд 1.980.000 төгрөг тушаа гэсэн нь шинжээчийн зардалтай холбоотой мөнгө. Энэ хэрэгт хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт, нэг удаагийн аудитын дүгнэлт гарсан тул эдгээр дүгнэлт гаргасан шинжээч нарын зардлыг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн юм. Түүнээс биш хохиролтой холбоотой 88.038.152 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар заасан. Хохирогчийн зүгээс оршуулгын зардал, бусад буяны болон цайллагын зардалд бодитой гарсан зардлаа баримтаар нэхэмжилсэн. Цаг хугацааны хувьд хамааралгүй үндэслэлээр сэтгэл санааны хохирол нэхэмжилж чадаагүй. Зөвхөн бодитоор учирсан хохирлоо нэхэмжилсэн тул баримтаар гарсан хохирлыг нөхөн төлөх үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тийн өмгөөлөгч Д.Буянзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Ш.Чанцалтай санал нэг байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч М.Гаас хохирол төлсөнтэй холбоотой эрүүгийн хариуцлагад өөрчлөлт оруулах эсэхийг нь үйлдэгдсэн гэмт хэргийн хүрээнд авч үзэх ёстой байх. Харин түүний өмгөөлөгч нарын бодит хохирол төлөх талаар гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Миний хувьд мөрдөн байцаалтын шатнаас энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд анхны лифтний дүгнэлтээр 2011 онд хүлээж авсан улсын байцаагч шинжээчээр оролцсон тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтийг хохирогчийн өмгөөлөгч нараас гаргаж, бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт гаргасан. Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр “Сууц өмчлөгчдийн холбоо болон тэдгээрийн санхүүгийн зарцуулалтыг хийдэг этгээдүүд нь болгоомжгүйгээр бусдын амь насыг хохирооход хүрсэн байна” гэсэн дүгнэлтийг талуудын тэгш оролцож асуусан асуултуудын үндсэн дээр гаргасан. Тэгэхээр бүрэлдэхүүн шинжээчдийн дүгнэлттэй хэн ч маргаагүй, уг дүгнэлтийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Бодит хохирлын хувьд 5 дугаар хавтаст хэргийн 101 дэх талд хошууч Ганзоригийн амь хохирогчийн өвөөтэй хамт хохирлын баримтуудыг түүсэн нь байгаа. Үүнд 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр осол гарсан. Оршуулгын зардал болон бусад бодит хохирлын зардал 2022 оны 01 дүгээр сарын 28-наас 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл байдаг. Шүүгч баримтуудад дүгнэлт хийгээд бодит хохирол 88.031.152 төгрөгийг буруутай этгээдүүдээс хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн. 98.581.152 төгрөгийг бодит хохирол гаргасан хэдий ч 10.550.000 төгрөгийг баримтгүй гэж хасаж тооцож шийдвэрлэсэн.” гэв.
Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх хуралдааны явцад шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан гомдол, тайлбарт холбогдуулан тайлбар хийе. Шүүгдэгч М.Гын өмгөөлөгч нараас хохирлын 11 сая төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй гэж байгаа боловч энэ асуудлаар хохирогч талаас тодорхой тайлбарласан тул нэмж хэлэх тайлбаргүй. Амь хохирогчийн эцэг нь буяны ажил хийдэг лам хүн гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон тул энэ үүднээс өөрийн итгэл үнэмшил, шүтлэгийн хүрээнд нэлээдгүй буян мөрийн ажил хийж, зохион байгуулсан баримтууд хэрэгт авагдсан. Үүнийг огноо, тамга, тэмдгээр баталгаажуулаагүй гэж маргадаг боловч анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалж нотлох баримтаар тогтоогдож байгаа 88.031.152 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч М.Г, С.Ц нарын өмгөөлөгч нар тэднийг сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг боловч ямар нэгэн байдлаар тухайн үйл ажиллагаанд оролцоогүй байхад буруутгасан нь учир дутагдалтай, хэргийн бодит байдлыг шалгаж тогтоогоогүй, хэрэгт иргэний хариуцагчаар буруутай этгээдийг татаагүйд гомдолтой байна гэх асуудлыг ярьж байсан. Иргэний хариуцагчаар хэн нэгнийг яагаад буруутгаагүй гэдгээ улсын яллагчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан баримтуудад үндэслэсэн. Улсын яллагчаас энэ хэрэгт онцгой ач холбогдол өгч, Монгол Улсын хэмжээнд анх удаа гэж үзэхээр үйл баримт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гарсан болох нь олон нийтийн хэрэгслээр ч яригдсан. Үүнд мэргэжлийн шинжээчийн дүгнэлтүүдийг гаргах зайлшгүй шаардлага тулгарсан. Энэ хэрэгт ослын шинжээчээр ажиллах шинжээч олдохгүй байсан. Учир нь, өргөх, зөөх татуурга бүхий лифтний үйл ажиллагаатай холбоотой мэргэшсэн шинжээч маш ховор байдаг. Дашдаваа гэх хүн Монгол Улсын хэмжээнд ганц шахуу байдаг гэх бөгөөд тэр хүнээр дүгнэлт гаргуултал анх тухайн орон сууцыг ашиглалтад оруулж, хүлээн авах комисст орж ажилласан хүн болж таарсан тул нэмэлт шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлага үүссэн. Улмаар бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт гаргуулж, сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа, барилга байгууламжийн бүрдэл хэсэг, лифтний өдөр тутмын аюулгүй ажиллагааг хэн хариуцах ёстой, ямар эрх бүхий ямар албан тушаалтнууд аюулгүй ажиллагааны хяналтыг тавьж, хариуцах ёстой гэдэг санал хүсэлтийг тавьсан учраас нэмэлт шинжилгээг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийж гүйцэтгэсэн. Уг дүгнэлтээр анх дүгнэлт гаргасан шинжээч Дашдаваагийн дүгнэлт үндэслэлтэй байна гэсэн тул нэмэлтээр талуудын өмгөөлөгч нараас гаргасан асуултуудад тайлбар өгөх байдлаар гаргуулахад “Сууц өмчлөгчдийн холбоо буюу уг холбоог хариуцан ажиллаж байсан С.Ц, М.Г нар нь тухайн лифтний өдөр тутмын аюулгүй ажиллагааг зайлшгүй хангаж ажиллах ёстой байжээ” гэсэн эцсийн дүгнэлтийг гаргасан. Энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. С.Ц нь “Би сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн хүн болохоос ямар нэгэн байдлаар өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоогүй” гэдэг. Гэтэл хэрэгт авагдсан санхүүгийн баримтууд, төрийн дансны хуулга, оршин суугчдаас мөнгө шилжүүлсэн, мөнгийг өдөр тутмын үйл ажиллагаандаа зарцуулсан зэргээр С.Ц нь сууц өмчлөгчдийн холбооны өдөр тутмын үйл ажиллагааг гардаж явуулсан нөхцөл байдал тогтоогдсон. Иргэний хариуцагчийн тухайд, тухайн барилга бүхий объект анх 2011 онд ашиглалтад орж, лифт ажиллагаатай хүлээлгэж өгөөд 2013 оноос хойш эвдрэл, гэмтэл гардаг болох нь тогтоогдсон. Барилга барьсан, лифт ашиглалтад оруулсан компаниуд албан ёсоор хүлээлгэж өгсөн тул холбогдох этгээдүүдийг энэ хэрэгт татах үндэслэл тогтоогдоогүй. Мөн шинжээчийн дүгнэлтээр сууц өмчлөгчдийн холбоо Зам тээвэр, хот байгуулалтын сайдын 2008 оны 53 дугаар тушаал зэргээр өргөх татуурга буюу лифтний өдөр тутмын аюулгүй ажиллагааг сууц өмчлөгчдийн холбоо 100 хувь хариуцах талаар заасан эрх зүйн баримт бичгүүд хүчин төгөлдөр үйлчилж байгаа болох нь тогтоогдсон. Тийм учраас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг зэргийг харгалзан хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж дүгнэж байна. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Ц нь “Хаан суудал” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 15.1.1-д заасны дагуу “Хаан суудал” сууц өмчлөгчдийн холбооны өмч болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байрны цахилгаан шат /лифт/-ны ашиглалтыг хариуцан хяналт тавихдаа Зам тээвэр, Хот байгуулалтын сайдын 2008 оны 53 дугаар тушаалаар баталсан “Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах” дүрмийн 7.32, 27.1, 27.9, 27.10, 27.12, 27.13 заалтуудад заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус байрны 2 дугаар орцны 7 давхрын лифтний хаалганы хонгилоор Т.А унаж нас барсан буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг,
шүүгдэгч М.Г нь “Хаан суудал” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 15.1.1-д заасны дагуу “Хаан суудал” сууц өмчлөгчдийн холбооны өмч болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байрны цахилгаан шат /лифт/-ны ашиглалтыг хариуцан хяналт тавихдаа Зам тээвэр, Хот байгуулалтын сайдын 2008 оны 53 дугаар тушаалаар баталсан “Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах” дүрмийн 7.32, 27.1, 27.9, 27.10, 27.12, 27.13 заалтуудад заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус байрны 2 дугаар орцны 7 давхрын лифтний хаалганы хонгилоор Т.А унаж нас барсан буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тийн “...2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр би гэртээ 17 цаг 20 минутын үед ирсэн. ... Тэгээд гэр дотор бага зэрэг бүгчим халуун байсан болохоор хоёр хүүхдээ салхилуулахаар гадагшаа аваад гарсан. ... Тухайн үед бага охиноо тэвэрчихсэн, том хүү маань хажууд дагаад явж байсан. Тэгээд 7 давхарт гараад амрах үедээ 7 давхрын айлуудын хаалга бүхий коридор хэсэг рүү орсон бөгөөд тэгээд манай хүү лифтний хаалганы дэргэд очсон, би тэгээд охиноо тэвэрчихсэн хажууд нь явж байсан бөгөөд тэгээд манай хүү лифтний хаалга налах шиг болсон, тэгсэн чинь тэр лифтний хаалга нь онгойх шиг болохоор нь харсан чинь манай хүү лифтний хаалганы онгойсон доод завсраар нь унасан, тэгээд би барьж авах гээд ухасхийсэн боловч барьж амжаагүй, хүү маань доошоо уначихсан. ... Тэгээд би 1 давхарт очсон чинь лифтний хонгилын доод хэсэг болох шороон дээр манай хүү уначихсан байсан бөгөөд газар дээшээ хараад хэвтчихсэн, толгойноос нь цус гарчихсан байх шиг байсан. ... Манай СӨХ-ноос лифтний хаалга эвдэрч гэмтсэн талаар огт хэлж, мэдэгдэж байгаагүй, мөн 7 давхрын лифтний хаалганы урд ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ огт байгаагүй. ...” /1хх 80-83/,
гэрч Д.Бы “...Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан ХД86 дугаар нийтийн орон сууцыг “Экоконстракшн” ХХК барьж ашиглалтад оруулсан. ... Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан ХД86 дугаар байрны лифтийг “Экоконстракшн” ХХК-иас манай “Таункомфорт” ХХК 2011 онд хүлээж авсан. Миний санаж буйгаар 2012, 2013 онд ХД86 дугаар байранд “Хаан суудал” билүү тийм нэртэй сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдаад дундын өмчлөлийн эд хөрөнгө буюу лифтийг “Хаан суудал” СӨХ-нд хүлээлгэж өгсөн болно. Дундын өмчлөлийн эд хөрөнгийг СӨХ-нд хүлээлгэж өгсөн акт үйлдэгдсэн. ...” /1хх 128/,
гэрч Л.Бийн “...Манай компанитай тус байрны “Хаан суудал” сууц өмчлөгчдийн холбоо нь гэрээ байгуулж, лифтний засвар үйлчилгээг хийдэг байсан. Гэвч нэг жил болоод сууц өмчлөгчдийн холбооноос төлбөр тооцоогоо огт өгөөгүйгээс болоод гэрээ сунгагдаагүй, цуцлагдсан. Дараа нь, төлбөр, мөнгөө өгөөд хааяа нэг засвар хийлгүүлж байсан боловч 2014, 2015 оноос хойш уг байрны Сууц өмчлөгчдийн холбоо нь “Тиссен” ХХК-иар засвар үйлчилгээ хийлгүүлэхээ больсон. ...” /1хх 150/,
гэрч Г.Эын “...Миний одоо санаж байгаагаар тухайн осол гарсан лифт маань 2019 оны 10 дугаар сард эвдэрч, улмаар ажиллагаа нь бүрэн зогссон юм. Ингээд лифт ажиллагаагүй яваад байсан ба 2020 оны сонгуулийн дараахан би СӨХ-ны дарга байсан учраас тухайн лифтийг ашиглалтанд оруулах санаатай манай 18 дугаар хорооноос дүүргийн шинээр ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон М гэдэг хүнтэй очиж уулзаж, амаараа тухайн нөхцөл байдлыг танилцуулж хүсэлт гаргахад надад хэлэхдээ боломж бололцоогоороо ИТХ танилцуулаад шийдвэрлэж өгөхийг бодно гэж хэлсэн. Тухайн үед сүүлд дарга болсон Ц эгчид хэлж байсан. Энэ талаар сайн мэдэж байгаа юм. Ингээд энэ асуудал ямар нэгэн шийдвэрт хүрээгүй байхад 2020 оны 7 дугаар сарын орчим би ажлаа удирдах зөвлөлийн дарга С.Ц эгчид “Хаан суудал” СӨХ-ны тамга, тэмдэг, гэрчилгээ, холбогдох бичиг баримтуудыг өгч байсан. Үүнээс хойш юу болсон талаар надад мэдэх зүйл огт байхгүй. ...” /4хх 27-28/,
гэрч М.Эын “... “Хаан суудал” СӨХ-той хамтран ажиллах гэрээ байхгүй байна. Тэгэхлээр ямар нэгэн засвар үйлчилгээ хийж байгаагүй гэж ойлгож болно. Манайхаас засвар үйлчилгээг шууд хийнэ гэсэн зүйл байхгүй, дээр хэлсэнчлэн хамтран ажиллах гэрээ байгуулсан бол хийнэ, үгүй бол засвар үйлчилгээ хийхгүй гэсэн үг ба тухайн байгууллага нь өөрөө засвар үйлчилгээ хийлгэх газраа сонгож явдаг юм. Барилгын тухай хуульд өргөн тээвэрлэх механизмын тусгай зөвшөөрөл бүхий эрх бүхий байгууллага нь засвар техник үйлчилгээ үзүүлэх ёстой. Энэ зөвшөөрлийг Барилгын хөгжлийн төвөөс олгодог, миний барагцаалж байгаагаар Нийслэлийн хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 180 орчим байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм. ...” /4хх 30/,
гэрч Ч.Гийн “... Хаан суудал СӨХ нь “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль”-ийн 18.1.1-д зааснаар СӨХ-г зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн засаг даргын тамгын газар бүртгэнэ гэсэн заалтын дагуу дээрх СӨХ-г бүртгэж гэрчилгээжүүлсэн байдаг. Харин СӨХ-ны дээд зөвлөлд бүртгэлгүй байсан юм. ...” /4хх 36-37/,
гэрч Б.Гийн “...Би өөрөө 2021 оны 02 дугаар сард НМХГ-т газарт барилгын техникийн хяналтын улсын байцаагчаар анх орж байсан. Ингээд Баянгол дүүргээс 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр М/18-01 дугаартай албан бичиг манай газарт ирсэн. Энэ ямар учиртай бичиг вэ гэхлээр нь “Хаан суудал” СӨХ-ны 86 дугаар байрны 2-р орцны лифтэнд засвар хийх гэж байгаа тул дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн утгатай ирж байсан. ... Ингээд Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын СӨХ хариуцсан мэргэжилтэн Ч.Ганхуяг, Улаанбаатар лифт НӨҮГ-ын ерөнхий инженер Н.М, “Хаан суудал” СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.Э нарын бүрэлдэхүүнтэйгээр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байрны 2-р орцны БНХАУ-Д үйлдвэрлэгдсэн "Fujizhiyu" нэртэй 450 кг даацтай лифтэнд үзлэг, хяналт шалгалтыг хийсэн. ... Анх бичиг нь манайд ирэхдээ “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16.6 дахь хэсэгт зааснаар дүгнэлт гаргаж өгнө үү” гэж хандсан. Манай байгууллагаас дүгнэлтийг гаргаж албан ёсоор хариуцах “Хаан суудал” СӨХ-нд дүгнэлтийг хүлээлгэн өгсөн. Харин илэрсэн зөрчлийг арилгах талаар тухайн лифт эзэмшигч байгууллага болох СӨХ нь хариуцах ёстой. Өөрөөр хэлбэл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12.4 дэх хэсэгт “...гүйцэтгэх захирал нь дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэсэн. 12.4.2-т холбооны дүрэмд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн эд хөрөнгө нь засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах...” гээд хууль дээр бүр тодорхой зааж өгсөн байдаг. Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 27.1 дэх хэсэгт зааснаар лифт эзэмшигч нь түүний ажиллагаанд хяналт тавьж, засвар үйлчилгээг тогтмол хийх, зохион байгуулалтын арга хэмжээг авах замаар лифтний бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангах ёстой гэж заасан байна...” /4хх 43-44/ тус тус мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 459 дугаартай “... 5.6. Талийгаач нь толгой, цээж, мөчдийн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ. 7. Дээрх гэмтлүүд нь өндрөөс унах үед үүссэн байна. 8. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврах боломжгүй” /1хх 203-206/ дүгнэлт,
2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 19/41/02 дугаар бүхий шинжээчийн дүгнэлт /6хх 25-33/,
“Хаан суудал” сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээний хуулбар /4хх 114/, “Хаан суудал” сууц өмчлөгчдийн холбооны дүрэм /4хх 116-119/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-16/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 17-22/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 24-35/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч С.Ц, М.Г нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн, шүүгдэгч С.Ц нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байрны “Хаан суудал” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа, шүүгдэгч М.Г нь тус сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус тус хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Зам тээвэр, Хот байгуулалтын сайдын 2008 оны 53 дугаар тушаалаар баталсан “Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах” дүрмийн холбогдох заалтуудад заасан үүргээ биелүүлээгүйн улмаас тус байрны 2 дугаар орцны 7 давхрын лифтний хаалганы хонгилоор Т.А унаж амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч М.Гын өмгөөлөгч Ц.Долгорсүрэн “...Хохирогчийн зүгээс оршуулгын зардалд 98.581.152 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүгдэгч М.Гын зүгээс гаргасан шаардлагаас 33.950.498 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдсэн 64.630.654 төгрөгийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан байр суурьтай оролцсон юм.
Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 28-29 дэх талд хохирлын талаар “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тийн зүгээс оршуулгын зардалд болон хохирол төлбөртэй холбоотой 88.031.152 төгрөгийн баримт гарган өгсөн” гэж дурдсанаас өөрөөр ямар ч үндэслэл бүхий дүгнэлтийг тусгаагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт тусгахаар хуульд заасан байдаг.
Гэтэл энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болж байна.
Шүүгдэгч М.Г нь бага насны буюу 2 настай охины хамт, ам бүл 2-уулаа амьдарч байсан. Шүүх хуралдааны явцад охин цэцэрлэгтээ явсан байсан бөгөөд шүүх хуралдаанаар шүүгдэгчийг цагдан хорьсон өдрөөс хойш 2 настай охин нь айл айлаар хэсэж, амьдарч байна. Охины ээж П нь охиныг 1 настай байхад нь орхин явсан учраас хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх үед бага насны хүүхдийг М.Гаас өөр асран халамжлах хүн байгаагүй болохыг дурдаж байна.
Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.6-д заасан нөхцөл байдлыг харгалзан аль тохирохыг нь сонгон хэрэглэх боломжтой, эдгээр зохицуулалтаас миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, бага насны охины ашиг сонирхол, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүхээс тогтоосон хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулалгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна...” гэсэн,
шүүгдэгч С.Цгийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл, Д.Нарангэрэл нар хамтран “...Нөхцөл байдлыг шинжлэн судлахад М.Г нь удирдах зөвлөлийн шийдвэрээр гүйцэтгэх захирлаар томилогдон цалин авч ажиллаж байсан бол С.Ц нь цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг үйлчлэгч хүрэлцэхгүй үед тусалж байжээ.
Цар тахлын 2020-2022 оны хүнд хэцүү цаг үед СӨХ дулаан тогны өрнөөс шалтгаалж банкны данс нь хаалттай, ахуйн цэвэрлэгээний бодисоо өөрсдөө цуглуулан цэвэрлэгээ хийж, С.Ц хогоо цэвэрлэж орц байраа хлораминаар ариутгаж явжээ. Оршин суугчдын 10 хүрэхгүй хувь нь СӨХ-ны мөнгөө төлдөг учир лифтээ засуулах боломжгүй, “Тиссэн групп” санхүүгийн эрсдэлд орж сэлбэг авчрах чадваргүй болсны дээр 2019-2020 онд ашиглалтын хугацаа дууссан гэж улсын байцаагчийн акт үйлдсэн тул Баянгол дүүргийн ИТХ-аас 116.000.000 төгрөгөөр 4 лифт засварлах тендер удаа дараа зарласан ч тодорхойгүй шалтгаанаар цуцлагдаж байсан талаар тодорхой бичигдсэн байна.
Хүүхдийн амь хохирсон үндсэн шалтгаан бол лифттэй хамааралгүй, лифтний хаалга салж унасан тухай байхад энэ талаар ямар нэг шинжээчийн дүгнэлт гаргаагүй нь зүй ёсоор анхаарал татаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан “нотолбол зохих асуудал”-д энэ хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бодитой тогтоосон уу, иргэний хариуцагчийг хэнийг татах ёстой байсан” гэдэг ажиллагааг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад эцэслэн тогтоож чадаагүй байна гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-т “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно”, 8.6 дугаар зүйлийн 2-т “иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж,
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасны дагуу шаардлагатай гэж үзвэл ажил олгогч байгууллагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу иргэний хариуцагчаар тогтоохоос гадна хохирлыг шууд хариуцан төлөх эзэн холбогдогчийг үндэслэлтэй зөв тогтоох эсэх талаар анхан шатны шүүх хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт хийж тус тус чадаагүй гэж үзэж байна. Мөн хохирогч ба түүний өмгөөлөгч хохиролд 88.031.152 төгрөг гэж тодорхойлсныг хяналтын прокурор эцэслэн шүүхэд тооцож ирүүлээгүй нь шүүгдэгч нар бодитой хэдэн төгрөгийн хохирлыг хаана төлбөл зохих талаар тодорхойгүй байдал үүсгэсэн байж болзошгүй байна. Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгч 33.950.000 төгрөгийн хохирол төлөхөөр байна гэх зэргээр маргажээ. Түүнчлэн 1.980.000 төгрөгийг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн төрийн сангийн дансанд тушаах гэсэн нь ойлгомжгүй байна.
Иймд С.Ц нарт холбогдох Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/790 дүгээр шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчилсөн тохиолдолд С.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.
Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан хориглосон хэм хэмжээг зөрчиж, бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учирч болох нөхцөл байдлыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр бий болгосон этгээдэд тухайн учирч болох аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хууль зүйн үүрэг үүсэх бөгөөд түүнийгээ зохих ёсоор биелээгүйгээс хүний амь нас, эсхүл эрүүл мэндэд хохирол учирсан бол тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож, зөрчигдсөн хууль тогтоомж, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанараас хамааруулан хэргийг Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчлэхээр хуульчилсан.
Тухайлбал, Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон тохиолдлыг хууль тогтоогч 2015 оны Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн бие даасан нэг шинж болгон хуульчилжээ.
Хэрэгт авагдсан “Хаан суудал” СӨХ-ны Төрийн банкинд гаргасан хүсэлт, ажлын төлөвлөгөө, удирдах зөвлөлийн тогтоол, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч С.Ц нь хэрэг гарах цаг хугацаанд тус СӨХ-ны удирдах зөвлөлийн даргаар, шүүгдэгч М.Г нь гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, оролцож байсан болох нь тогтоогджээ.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйл/Сууц өмчлөгчдийн холбоо/-ийн 5.8-т “Холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд засвар, үйлчилгээ хийлгэх мэргэжлийн байгууллагаа чөлөөтэй сонгох эрхтэй.” гэж,
мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт “Удирдах зөвлөлийн дарга дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, мөн зүйлийн 10.10.1-т “... бүх гишүүдийн хурлыг зарлах, зохион байгуулах, даргалах” гэж, мөн зүйлийн 10.10.3-т “гүйцэтгэх захирал холбооны нэрийн өмнөөс бусадтай байгуулж байгаа гэрээнд хяналт тавих” гэж, мөн зүйлийн 10.10.6-д “удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх захиралд үүрэг өгөх” гэж,
мөн хуулийн 12 дугаар зүйл/гүйцэтгэх захирал, түүний эрх, үүрэг/-ийн 12.1 дэх хэсэгт “Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг холбооны дүрэмд заасан эрх хэмжээ, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний хүрээнд гүйцэтгэх захирал эрхэлнэ” гэж,
мөн зүйлийн 12.4.1-т “дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг холбооны дансанд төвлөрүүлэх” гэж,
мөн зүйлийн 12.4.2-т “холбооны дүрэмд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах” гэж,
мөн зүйлийн 12.4.3-т “холбооны мөнгөн хөрөнгийг түүний зорилго, үйл ажиллагааны чиглэл, бүх гишүүдийн хурлын шийдвэрт нийцүүлэн энэ хууль, хууль тогтоомжийн бусад акт болон холбооны дүрмээр олгосон эрх хэмжээний дотор зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардалд зориулан захиран зарцуулах” гэж тус тус заажээ.
Мөн Зам тээвэр, Хот байгуулалтын сайдын 2008 оны 53 дугаар тушаалаар баталсан “Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах” дүрмийн 27.1-д “...Лифт эзэмшигч нь түүний ажиллагаанд хяналт тавьж засвар, үйлчилгээг тогтмол хийх зохион байгуулалтын арга хэмжээ авах” гэж, 27.9-д “лифтний засвар техник үйлчилгээний ажлыг хариуцах хүнгүй тохиолдолд мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээ байгуулан паспортод тэмдэглэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байрны цахилгаан шат /лифт/-ны хаалганы хавтас чиглүүлэгчээсээ юуны улмаас, хэзээ мултарсан гэдгээс үл шалтгаалан өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хянаж, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах үүрэг “Хаан Суудал” СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга С.Ц, гүйцэтгэх захирал М.Г нарт байжээ.
Санамсар, болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохдоо гэм буруутай хүний сэтгэхүйн хандлагын илрэл буюу хүний амь нас хохироож болзошгүй болохыг мэдсээр байж, эсхүл мэдэх боломжтой байсан ч түүнд хүргэхгүй гэж хөнгөмсгөөр найдаж үйлдэл хийх, эсхүл хийвэл зохих үйлдлийг хийхгүй байх, нөгөө талаар тухайн үйлдэл, эс үйлдэхүйн уршгаар хүний амь нас хохирно гэж мэдээгүй боловч хэргийн нөхцөлөөс улбаалан мэдэх бололцоотой, мэдэх ёстой байсан ч хайхрамжгүй хандсан байдлыг ойлгодог.
Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байрны цахилгаан шат /лифт/ нь эвдрэл гэмтлийн улмаас удаан хугацаанд ажиллахгүй байсан байх бөгөөд хуулиар үүрэг хүлээсэн “Хаан Суудал” СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга С.Ц, гүйцэтгэх захирал М.Г нар тухайн цахилгаан шатыг засварлах, оршин суугчидад аюултай байдал үүсгэж болзошгүй нөхцөл байдлыг тогтоолгох, улмаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүргээ эс үйлдэхүйгээр хэрэгжүүлээгүй байна.
“Хаан Суудал” СӨХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг холбооны дүрэмд заасан эрх хэмжээ, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний хүрээнд гүйцэтгэх захирал М.Г эрхэлэн явуулахаар байх боловч шүүгдэгч С.Ц нь тус СӨХ-ны удирдах зөвлөлийн даргын хувьд, удаан хугацаанд ажиллахгүй байгаа цахилгаан шатны асуудлаар өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд буюу 10.10.6-д “... гүйцэтгэх захиралд үүрэг өгөх” гэж заасан эрхээ хэрэгжүүлээгүйгээс байрны оршин суугч амь насаа алдах нөхцөлд хүргэсэн гэм буруутай болно.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч М.Гт мөн зүйл, хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн байх боловч шүүгдэгч С.Цгийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих оногдуулах боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч М.Гын өмгөөлөгчөөс “бага насны хүүхэдтэйгээ хоёулаа амьдардаг, эхнэр нь тусдаа амьдардаг тул бага насны охины ашиг сонирхол, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүхээс тогтоосон хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулалгүйгээр тэнсэж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч М.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид тодорхой хэмжээний хохирол төлж барагдуулсан байх боловч анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан нь гэм бурууд нь тохирчээ.
Өмгөөлөгчийн гомдолд, шүүгдэгч М.Гын охин Т нь төрсөн эх Н.Пгээр овоглодог талаар дурдаж, Баянгол дүүргийн 33 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтыг, Н.Пгийн Баянгол дүүргийн 33 дугаар хорооны засаг даргад гаргасан өргөдлийг тус тус хавсарган ирүүлжээ.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.8-д "өрх толгойлсон эх /эцэг/" гэж нөхөр, эхнэрийн аль нэг нь нас барсан, эсхүл сураггүй алга болсон нь шүүхээр тогтоогдсон, гэрлэлтээ цуцлуулсан, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэж байгаагүй боловч төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэдтэй ганц бие эх /эцэг/-ийг хамааруулан үзэхээр заасан.
Өмгөөлөгчийн гомдолд заасан үндэслэл, Баянгол дүүргийн 33 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Н.Пгийн Баянгол дүүргийн 33 дугаар хорооны засаг даргад гаргасан өргөдлийг тус тус үндэслэн шүүгдэгч М.Гыг өрх толгойлсон ганц бие эцэг гэж үзэх боломжгүй.
Харин Н.П нь өөрийн охин Тг Гэр бүлийн тухай хуульд зааснаар тэжээн тэтгэх, асран хамгаалах үүрэгтэй болно.
Амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлаас гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний гэр бүлийн зүгээс өөрсдийн итгэл үнэмшил, шашин шүтлэгийн хүрээнд үйлдсэн зан үйл, буяны ажилд зориулсан баримтыг үндэслэн шүүгдэгч нараас 88.031.152 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэснийг буруутган дүгнэх боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч М.Гын өмгөөлөгч Ц.Долгорсүрэнгийн гаргасан, шүүгдэгч С.Цгийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл, Д.Нарангэрэл нарын хамтран гаргасан тус тус давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч С.Ц, М.Г нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 70 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/790 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “шүүгдэгч С.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, ...” гэсэн хэсгийг “шүүгдэгч С.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч М.Г нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Төд 23.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Гын өмгөөлөгч Ц.Долгорсүрэнгийн гаргасан, шүүгдэгч С.Цгийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл, Д.Нарангэрэл нарын хамтран гаргасан тус тус давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц, М.Г нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 70 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР