| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2305027481079 |
| Дугаар | 2025/ДШМ/9 |
| Огноо | 2024-12-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 12.1.1., |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/9
2024 12 24 2025/ДШМ/9
З.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ган-Эрдэнэ,
яллагдагч З.Б, түүний өмгөөлөгч Р.Булган,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/1766 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ган-Эрдэнийн бичсэн эсэргүүцэл болон яллагдагч З.Бгийн өмгөөлөгч Р.Булганы гаргасан давж заалдах гомдлоор З.Бд холбогдох эрүүгийн 2305 02748 1079 дүгээр хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч З.Б нь 2023 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хороо, 101 дүгээр байрны 93 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Огийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орохдоо эрүүл мэндэд нь зүүн нүдний алимны салст, хамрын нуруу, баруун шанаа, цээж, баруун, зүүн бугалга, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас З.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Г.Анхбаяр нь гэмт хэргийн улмаас хохирогч Б.Огийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ...Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/, Арван хоёрдугаар бүлэг /Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг/-т ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана", Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно" гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоохоос бус шүүх тогтоохгүй, харин Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8-д “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн ... доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг баримтлан хор уршгийн нөхөн төлбөрийг тооцож гаргах эрх хэмжээг шүүхэд олгосон байгааг дурдах нь зүйтэй.
Шинжилгээний байгууллагаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргуулах, хохирогчид танилцуулах ажиллагааг хийх нь зүйтэй байна.
Мөн шүүхийн зүгээс хэргийн нэг тал болох мөрдөгч, прокурорт хийх мөрдөн шалгах ажиллагааг нэг бүрчлэн тоочин зааварлах нь зохимжгүйг дурдаад, захирамжид дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа процессын зөрчилгүй, хууль ёсны дагуу явуулах, нотлох баримтыг шалгах, үнэлэх явцад үүссэн, мөн оролцогч нараас гаргасан санал, хүсэлтийн хүрээнд шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг тухай бүр шийдвэрлэж шүүхэд хэргийг нэг мөр шилжүүлэхийг цаашид анхаарах нь зүйтэй.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлээр яллагдагч З.Бд холбогдох хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч З.Бд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Ган-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт хохирогч Б.О нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “Би сэтгэцэд учирсан хор уршгаа тогтоолгохгүй” /хх 70-71/ гэх мэдүүлэг өгч, хохирогч сайн дураараа гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоос татгалзсан учраас мөрдөн шалгах ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохоор шинжээч томилоогүй юм.
Хохирогч Б.О нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хасаж буюу хязгаарласан зөрчил гараагүй, мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан.
Гэтэл шүүгчийн захирамжид “...мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа процессын зөрчилгүй, хууль ёсны дагуу явуулах, нотлох баримтыг шалгах, үнэлэх явцад үүссэн, мөн оролцогч нараас санал, хүсэлтийн хүрээнд шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг тухай бүр шийдвэрлэж шүүхэд хэргийг нэг мөр шилжүүлэхийг цаашид анхаарах нь зүйтэй.” гэсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу явуулсан, хүсэлтийг хэлэлцсэн атал энэ талаар болон хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар захирамжид тусгаагүй байгааг тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ.” гэж заасанчлан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох эрх хэмжээ нь шүүхийн шатанд шүүгчид байна.
Гэтэл анхан шатны шүүх дээрх ажиллагааг “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” мөрдөн шалгах ажиллагаа гэж дүгнэн прокурорт буцаахаар шийдвэрлэж шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Шүүхийн шатанд гүйцэтгэх боломжтой ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэсэнтэй мөн нийцэхгүй байна.
Иймд шүүгчийн 2024/ШЗ/1766 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.
Яллагдагч З.Бгийн өмгөөлөгч Р.Булган давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн “Тодорхойлох хэсэгт: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Г.Анхбаяр нь гэмт хэргийн улмаас хохирогч Б.Огийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн” хэмээн дүгнэж шинжилгээний байгууллагаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргуулах, хохирогчид танилцуулах ажиллагааг хийх нь зүйтэй байна хэмээн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцаан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, хохирогч дээрх хүсэлтийг гаргаагүй болно.
Иймд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/1766 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Яллагдагч З.Б тус шүүх хуралдаанд “Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл болон яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Прокуророос яллагдагч З.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...Шинжилгээний байгууллагаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргуулах, хохирогчид танилцуулах ажиллагааг хийх нь зүйтэй...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.
Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ...Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/, Арван хоёрдугаар бүлэг /Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг/-т ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно” гэж тус тус заажээ.
Хэргийн материалыг судлан үзэхэд, хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед “...сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй...” гэж мэдүүлсэн байх боловч прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсний дараа түүний өмгөөлөгчөөс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дээр хохирогчийн байр суурийг илэрхийлж, сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох хүсэлтийг гаргажээ.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шууд учирсан хохирол, тухайн хохирол учруулснаас үүдэн гарах үр дагаврыг хор уршигт тооцдог.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоохоор заасан байх тул нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг явуулах мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дүүрэн явуулсны эцэст гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар яллах дүгнэлтэд тодорхой заавал зохино.
Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайлан заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй байх тул прокурорын бичсэн эсэргүүцэл, яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/1766 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Ган-Эрдэнийн бичсэн эсэргүүцэл болон яллагдагч З.Бгийн өмгөөлөгч Р.Булганы гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР