Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 124/ШШ2026/0023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл;

            Нэхэмжлэгч: ........................................ оршин суух, Г овогт Ж.Э,

            Нэхэмжлэгч: ................................ оршин суух, С цорос овогт Н.Ц,

            Нэхэмжлэгч............................... оршин суух, О овогт Ш.О,

            Нэхэмжлэгч: .................... ...........оршин суух, Ц овогт Г.Д,

            Нэхэмжлэгч: ................................ оршин суух, Б овогт Э.А,

            Нэхэмжлэгч: .................................. оршин суух, З овогт Э.Аэг,

            Нэхэмжлэгч: ............................... оршин суух, Н овогт Н.Ц

            Нэхэмжлэгч: ..................................... оршин суух, А овогт Д.Б

            Хариуцагч: Увс аймгийн Засаг дарга нарын хооронд үүссэн Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийг хууль бусаар татан буулгасан эсэх талаар маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н. Мөнх-Эрдэнэ, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, өмгөөлөгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, Э.Н, Ц.М нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1. Нэхэмжлэгч нар тус шүүхэд “Увс аймгийн Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн “Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгах тухай” А/122 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг гаргажээ.

            Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

            2.1. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/808 дугаар захирамжаар Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг анх 3 болон 6 хугацаатайгаар батламжилснаар үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

            2.2.  Увс аймгийн Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/122 дугаар захирамжаар Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийг Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.11.4 дэх заалтад заасан үндэслэлээр татан буулгасан байна. (Хавтаст хэргийн 8 дугаар хуудас)

            2.2. Улмаар, нэхэмжлэгч Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл болон гишүүн Э.А, Д.Б, Г.Д Ш.О, Н.Ц, Н.Ц, Д.Э, Ж.Э нар маргаан бүхий Увс аймгийн Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нар маргаан бүхий актын талаар гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагагүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байх тул захиргааны хэрэг үүсгэсэн.

            Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

            3.1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: “...Увс аймгийн Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/122 дугаартай захирамжаар Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.11.4-т заасан эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, чөлөөлж чадаагүй тохиолдолд татан буугдах гэх заалтыг үндэслэж Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид ТУЗ гэх)-ийг татан буулгасан. Дээрх захирамж гарснаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн ТУЗ-ийн (объектив) эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар: Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, энэ хуулийн 16.10-т заасан суман дахь нэгдсэн эмнэлгээс бусад нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу нэгдсэн эмнэлгийн ТУЗ нь тус эмнэлгийн бүтэц, орон тоог батлах, захирлыг сонгон шалгаруулж, томилох, түүнтэй байгуулсан гэрээг дүгнэх, төсвийн төслийг хэлэлцэн төсөв батлах гэх мэт олон чиг үүргийг хэрэгжүүлж, хамтын шийдвэр гаргадаг байгууллага юм. Гэтэл ТУЗ-ийг татан буулгаснаар энэ хуульд заасан дээр дурдсан чиг үүргүүд алдагдах, улмаар иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж алдагдах эрсдэл үүсэж байна. Мөн Увс аймгийн Засаг даргаас Нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах ажлыг эрчимжүүлж, шударга зохион байгуулах чиглэл өгсөн бөгөөд бидний зүгээс нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд зарлаж, 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 3 хүн сонгон шалгаруулалтад оролцох материалаа өгсөн ба 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 15 цагаас хуралдаж сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх эсэх талаар хэлэлцэхээр хурал зарласан байхад 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 08 цаг 55 минутад нэгдсэн эмнэлгийн ТУЗ-ийг татан буулгах тухай захирамж гаргасан нь бидний хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж, дарамт учруулсан гэж харж байна. Дээрх захирамж гарснаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн ТУЗ-ийн гишүүдийн (субъектив) эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар: ТУЗ-ийн нэр бүхий дээрх гишүүдийн дийлэнх нь гишүүнээр батламжлагдаад удаагүй бөгөөд тухайлбал ажилтны төлөөлөл болох Г.Д Э.А, Д.Б нар нь 2025 оны 12 дугаар сард, 2026 оны 1 дүгээр сард батламжлагдсан байдаг. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байна” гэж заасан бөгөөд энэ нь Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, залгамж чанарыг хадгалах зорилготой. Түүнчлэн ТУЗ-ийн 9 гишүүний хувьд хуульд заасан ажил үүргээ хэрэгжүүлсний төлөө Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.21-д зааснаар Нэгдсэн эмнэлгийн төсвөөс сар бүр тодорхой хэмжээний урамшуулал авч ажилладаг, өөрөөр хэлбэл ТУЗ-ийн гишүүний ажил эрхэлж байсны хувьд тэдний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзэж байна. Тус захирамж нь Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.11.4-т эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, чөлөөлж чадаагүй тохиолдолд татан буугдах гэх заалтыг үндэслэж гарсан. Аймгийн Засаг даргын 2026 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 1/260 дугаар Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт Өнөөдрийг хүртэл хугацаанд аймгийн нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж чадаагүй байгаа тул Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгах болсныг үүгээр мэдэгдэж байна гэдэг. Үүнээс үзвэл захирлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж чадаагүй гэх үндэслэлээр татан буулгах шийдвэр гаргасан гэж харагдаж байгаа юм НЭ-ийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж, томилоогүй удсан гэдэг үндэслэл нь ТУЗ-ийг татан буулгах үндэслэл болохгүй юм. Хэрэв хууль журмын дагуу захирлын сонгон шалгаруулалтыг явуулж, захирлыг томилоогүй гэж үзвэл энэ нь ТУЗ-ийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Нэгдсэн эмнэлгийн ТУЗ-ийн 9 гишүүн бүрэн гүйцэд батламжлагдаагүй байсан, хуралдааны ирц хүрээгүй, аймгийн Засаг дарга болон Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн чиглэл, албан шаардлагын дагуу захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг чөлөөлж, өөр түр орлон гүйцэтгэгчийг томилох, шинэ гишүүд батламжлагдахыг хүлээх зэрэг хүчин зүйлээс хамаарч хууль журамд заасан сонгон шалгаруулалтыг явуулах боломжгүй байсан бөгөөд тухайн боломж бололцоо бүрдэж, сонгон шалгаруулалтыг зарлах үед энэхүү гэнэтийн шийдвэр гаргасан нь Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10, 17.11-д заасан эрх үүргээ хэрэгжүүлэх ТУЗ-ийн тасралгүй үйл ажиллагаа алдагдаж байна” гэж маргав.

            3.2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны А/808 дугаар захирамжаар байгуулагдсан. Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дыг аймгийн Засаг дарга 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаар захирамжаар томилсон. Үүнийг аймгийн Засаг дарга 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/33 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахин сонгон шалгаруулалт зарлаад, 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулж явуулсан. Сонгон шалгаруулалттай холбоотой маргаан гарч, 3 шатны шүүхээр шийдвэрлэгдэж 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болсон. Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дахин сонгон шалгаруулалт зарласан боловч 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/71 дүгээр захирамжаар Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгасан. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж 2025 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 124/ШШ2025/0002 дугаар захирамжаар аймгийн Засаг дарга төлөөлөн удирдах зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тус төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Д.Д, Д.Э, Б.Г, Ц.Н, Ж.Э нарыг чөлөөлөх тухай сонсох ажиллагааны бичиг 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ирсэн. 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдөр уг 5 гишүүнийг чөлөөлөх тухай захирамж гарсан бөгөөд зөвлөлийн дарга Д.Д, гишүүн Б.Г нар бүрэн эрхийн хугацаа дууссан тул бид шүүхэд хандахгүй, харин Д.Э, Ц.Н, Ж.Э нар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр болж, 124/ШШ2025/0023 дугаар шүүхийн шийдвэрээр Д.Э, Ж.Э нарыг чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгож, Ц.Нын гишүүнээс чөлөөлсөн Засаг даргын захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хариуцагч аймгийн Засаг дарга 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/328 дугаар захирамжаар 2025 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн Б/26, Б/27 буюу Д.Э, Ж.Э нарыг томилсон захирамжаа хүчингүй болгосноор Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Д.Э, Ж.Э нар эгүүлэн томилогдсон. Олон нийтийн төлөөллийн гишүүн Н.Б эмч мөн дээрх огноотой захирамжаар томилогдож ирснээр зөвлөл 7 гишүүнтэй болж хуралдах боломжтой болсон. Хамт олны төлөөллийн 2 гишүүн дутуу үлдсэн ба тухайн 2 төлөөллийн гишүүнийг нөхөн сонгож өгнө үү гэж Нэгдсэн эмнэлгийн даргатай ярихад “...7 дугаар сард эмч, ажилчдын амралт болсонтой холбоотой боломжгүй байна” гээд 8 дугаар сард сонгон шалгаруулалтыг зарлагдсан. Тухайн үед Эрүүл мэндийн яамнаас холбогдох мэргэжилтэн ирж сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ёстой гэх шалтгаанаар хойшилж, Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр аймгийн Засаг даргын тамгын газарт албан бичиг явуулсан. Аймгийн Засаг даргын тамгын газраас Эрүүл мэндийн яам руу бичиг явуулсан байсан.  Эрүүл мэндийн яамнаас 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2 хүн ирж, сонгон шалгаруулалт явагдаад Э.А, Г.Д гэх 2 хүнийг сонгож, авлигатай тэмцэх газарт ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн материалыг нь хүргүүлснээр 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Э.А батламжлагдсан. Үүний дараа Г.Д гэх хүний ХАСХУМ хоцорч явсан учир 2026 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр зөвлөлийн гишүүнээр батламжлагдсан. 2026 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хуралдаад Г.Д эмчийг ТУЗ-ын гишүүнээр батламжилсан захирамжийг аймгийн Засаг дарга танилцуулсан. Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах талаар хэлэлцэхээр хурал зарласан. Тус хурлаар Г.Д эмч ТУЗ-ын гишүүнээр томилогдоод анхны хуралдаа орж байгаа учир ТУЗ-ын даргыг сонгох нь тохиромжгүй гэх үндэслэлээ хойшлуулсан. Үүнтэй холбоотойгоор захирал сонгон шалгаруулалт мөн хойшилсон. 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр зөвлөл хуралдаж даргаар Ж.Эийг сонгосон. Захирлын сонгон шалгаруулалт зарлах гэсэн боловч нэг гишүүн нь Солонгос улс руу сургалтаар явж, мөн цагаан сарын амралттай холбоотойгоор бас л хойшлогдсон. 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг зарлаж 15:00 цагт хуралдахаар гишүүдэд мэдэгдсэн байсан. Гэтэл аймгийн Засаг даргаас 2 дугаар сарын 24-ний өдрийн 1/260 дугаар албан бичгээр зөвлөлийг татан буулгах тухай сонсох ажиллагааны бичиг ирсэн. 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр уг албан бичгийг хуралдаанаар хэлэлцээд аймгийн Засаг даргад хариу албан бичиг хүргүүлж, сонгон шалгаруулалт зарласан. 2026 оны 3 дугаар сарын 5-ны өдөр аймгийн Засаг дарга төлөөлөн удирдах зөвлөлийн бүх гишүүд болон нарийн бичгийн даргыг дуудаж уулзсан ба сонгон шалгаруулалтыг үнэн, зөв шударга явуулах үүрэг, чиглэлийг өгсөн. 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдөр буюу сонгон шалгаруулалтын материал хүлээж авах хамгийн сүүлийн өдөр 3 иргэнээс сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт, материалаа ирүүлсэн. 2026 оны 3 дугаар сарын 16-ны өглөө зөвлөлийг татан буулгах тухай захирамжийг авч ирж өгсөн. Яагаад зөвлөлийн дарга сонгон шалгаруулах асуудал нь хойшлогдоод байсан гэхээр төлөөлөн удирдах зөвлөлийн 3 гишүүн нь сонгон шалгаруулалтын асуултыг боловсруулдаг бөгөөд нэг гишүүн 200 тест буюу 3 гишүүн нийт 600 тест боловсруулснаар төлөөлөн удирдах зөвлөлийн дарга 60 тест болон 3 асуултыг сонгон авч сонгон шалгаруулалт явуулдаг. Тиймээс нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтыг зөвлөл жинхэнэ даргатай болж байж явуулахгүй бол болохгүй, даргаа сонгосны дараа сонгон шалгаруулалтаа явуулаарай гээд Эрүүл мэндийн яам харьяа байгууллагын үйл ажиллагаа хариуцсан ахлах шинжээч н.Б гэх хүн хэлсэн. Энэ хүн нь Эрүүл мэндийн яамны сайтад сонгон шалгаруулалтын зарыг байршуулдаг. ТУЗ-ын даргыг сонгоогүй тохиолдолд сонгон шалгаруулалтын зарыг байршуулахгүй гэж бид нарт хэлсэн учир эхлээд даргаа заавал сонгож байгаад эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтаа зарлах болсон. Эрүүл мэндийн сайдын төрийн болон орон нутгийн төрөлжсөн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, хамт олны төлөөлөл нэр дэвшүүлэх хурлыг зохион байгуулах тухай С.Энхболд сайдын удирдамж байдаг. Тус удирдамжийн 4.3-т хурлын тэргүүлэгчээр эрүүл мэндийн яамнаас 1 хүн, нэгдсэн эмнэлгийн үйлдвэрчний хорооноос 1 хүн, эмнэлгийн залуучуудын хөгжлийн зөвлөлөөс 1 хүн, эмнэлгийн захиргаанаас 1 хүн, нийт 4 хүн бүрдэж байж нэгдсэн эмнэлгийн хамт олны төлөөллийг сонгоно гэж заасан. Төлөөлөн удирдах зөвлөл нь даргатай байсан боловч он дараа буюу 2025 оны 2 дугаар сарын 3-ны өдөр ТУЗ-ын дарга Д.Дг 3 жилийн хугацаа нь дууссан гэх үндэслэлээр чөлөөлсөн. Түүнээс хойш ТУЗ-ын гишүүдээ гүйцээж, 9 гишүүн бүрдсэний дараа даргаа шинээр сонгох байсан. Мөн асуултыг нь 3 гишүүн боловсруулж, зөвлөлийн даргад өгч нийт 600 тестээс дарга 60 тестийг сонгож, 3 асуултаар шалгалт авах журамтай байсан. Иймд 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн аймгийн Засаг даргын Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгасан А/122 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

            3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Увс аймгийн Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/122 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 39.1-д заасан захиргааны актын ойлгомжтой, тодорхой байх ёстой гэх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа. Учир нь сонсох ажиллагааны мэдэгдэл гэдэг нь захиргааны акт гарах болгонд заавал гардаг ч гэсэн мэдэгдлийн хүрээнд сонсох ажиллагаа хийх болгонд захиргааны акт гарах албагүй. Сонсох ажиллагаа нь оролцогчийн эрхийг хангаж тайлбар авах ажиллагаа. Магадгүй сонгон шалгаруулалтаа зарлаж байна, баримтуудаа бүртгээд эхэлчихсэн байна гэхэд заавал татан буулгах шаардлага байхгүй. Захиргааны байгууллага, албан тушаалтан нь өөрөө шийдвэрээ өөрчилж болох байсан. Гэтэл энэ тохиолдолд тэгээгүй, захиргааны актын агуулга нь ойлгомжтой, тодорхой байгаагүй. Мэдэгдэлдээ сонгон шалгаруулалтыг явуулж, томилоогүй учраас та нарыг татан буулгаж байна гэх зүйлийг л хэлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд Д.Д гэх хүнийг чөлөөлөөгүй гэдэг зүйл ярьж байна. Д.Д гэх хүнийг хэн гэдэг нь хамаагүй, аймгийн Засаг дарга гэдэг утгаараа хандаж, 2025 оны 5 дугаар сард түр орлон гүйцэтгэгчээр томилж өгөөч гэдэг саналыг хүргүүлсэн. Энэ хугацаанд ТУЗ-ын гишүүд бүрэн ирцтэй болоогүй, Увс аймгийн 100 жилийн ой тохиолдож, эмнэлгийн байгууллага ачаалалтай байсан. Ж.Э энэ талаар надад өмнө нь хэлж байсан. Би шүүх хуралдаанаар дамжуулж хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Увс аймгийн 100 жилийн ойтой холбоотойгоор амбулатори байнга ажиллаж байсан. Үүнийг Д.Д л удирдаж ажиллуулсан. Тухайн хүнийг ямар ч байсан 100 жилийн ой өнгөртөл түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулсан байх. Гэтэл Засаг дарга нь “энэ нөхөр удаан хугацаанд ажиллаад, дараагийн захирлыг томилохгүй удаад байна” гэх байдлаар татан буулгаж байгаа нь үндэслэлгүй, хүчингүй шийдвэр гэж үзэж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль шинэчлэн батлагдсанаар нэгдсэн эмнэлгүүд төлөөлөн удирдах зөвлөлтэй болсон. Төлөөлөн удирдах зөвлөлийг яагаад байгуулах шаардлагатай гэхээр “сонгууль болгоноор аймгийн удирдлага нэг нөхөр гарч ирээд улс төрийн намаар эмнэлгийн дарга нарыг сольж, үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн хүртээмж, чанартай үйлчилгээ үзүүлэх үйлчилгээ алдагдаж байна” гэх хууль тогтоогчийн үзэл санаанд тулгуурлаж, засаглалыг сайжруулах, сонгон шалгаруулалтын үр дүнд хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөх хүнийг томилох ёстой гэдэг хууль тогтоогчийн үзэл санаа байгаа юм. Нэгдсэн эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоол гаргаж томилох нь зөв. Энэ нь хүн зоны эрүүл мэндийн төлөө зогсох үүрэгтэй, тэр дундаа аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагаар томилогдох этгээд нь мэргэшил, мэргэжил, мэдлэг, ур чадвар, ёс зүйн хувьд хамгийн шилдэг нь байх ёстой. Тэр ч утгаараа бие даасан байдал, удирдлага, санхүүгийн хувьд эрх чөлөөтэй, хараат бус, удирдлагыг ямар нэгэн намын хараат бус байдлаар томилох боломж олгосон. Өнгөрсөн хугацаанд нэгдсэн эмнэлгийн захирлыг аймгийн Засаг дарга өөрийн томилсон эрүүл мэндийн даргатай зөвшилцөж захирамж гаргаж томилдог байсан. Үүнийг халж нэгдсэн эмнэлэг нь өөрсдөө ТУЗ-ын гишүүдийг сонгоод, түүнээсээ захирлаа сонгон шалгаруулалтаар томилдог болъё гэсэн санаа, ямар нэгэн улс төрийн томилгоо биш. Гэтэл эмнэлгийн захирлыг улс төрөөр томилохын тулд ТУЗ-ын гишүүдийг чөлөөлдөг, болохгүй бол татан буулгадаг зүйл байж болохгүй. Эрүүл мэндийн тухай хууль болон эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд аймгийн Засаг даргын бүрэн эрхийг тусгайлан хуульчилсан. Эдгээр эрх үүрэгт Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг чөлөөлөх, татан буулгах эрхтэй гэх хуулийн заалт байхгүй. Засаг дарга батламжилдаг учир чөлөөлөх эрхтэй гэж яриад байна. “Батламжилна” гэснээс томилдог гэж хуульд байхгүй, нэгэнт төлөөлөн удирдах зөвлөлийн гарсан шийдвэрийг л ямар нэгэн болзол шаардахгүйгээр батламжлаад, албажуулаад байгаа юм. Үүнийг хариуцагч тал буюу захиргааны байгууллага маань ойлгохгүй байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.30-д “Төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг аймаг, дүүргийн Засаг дарга шууд батламжилна” гэж заасан. Жишээлбэл, нэр дэвшүүлсэн ТУЗ-ын гишүүнийг аймгийн Засаг дарга ямар нэгэн болзолгүйгээр батламжлан. Харин бүрэн эрх нь дуусгавар болсон, эсхүл хууль ноцтой зөрчиж бүртгүүлсэн, гэмт хэрэгт холбогдсон гэх зэрэг байдлаар тухайн гишүүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татах, эсхүл чөлөөлөх тохиолдолд ТУЗ эхлээд шийдвэрлэнэ. Ихэнх гишүүн нь нэг гишүүнийхээ асуудлыг хэлэлцээд Засаг дарга руу явуулж чөлөөлүүлдэг. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.4, 4.2.5-т захиргааны шийдвэр гаргахдаа баримтлах тусгай зарчмуудыг хангаагүй захиргааны шийдвэр гаргасан гэж үзэж байна. Маргаан бүхий захиргааны актын 2 дахь заалтад “Татан буулгахтай холбогдуулан нэгдсэн эмнэлгийн тогтвортой, хэвийн ажиллах нөхцөл боломжоор хангаж ажиллахыг нэгдсэн эмнэлгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д, эрүүл мэндийн газрын дарга Х.Д нарт үүрэг болгосон. Д.Д хууль бусаар томилогдсон гэх мөртөө үйл ажиллагааг хэвийн явуулах үүрэг, чиглэл өгөөд байдаг. Татан буугдаад дараагийн сонгон шалгаруулалт явагдах хүртэл хэдий хугацаанд эрүүл мэндийн төсөв, ТУЗ-ын чиг үүргийг ямар байгууллага болоод хэн хэрэгжүүлэх юм. Д.Д ганцаараа хэрэгжүүлэхэд хууль зөрчих юм уу, үүнээс үзэхэд үр нөлөөтэй, бодитой байх шийдвэрийн шаардлагыг захиргааны байгууллага хангаагүй гэж үзэж байна. Төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулалтыг зарлахад 3 хүн бүртгүүлж, сонгон шалгаруулалт явуулах гэж байхад ийм шийдвэр гарсан. Үүний цаана ямар санаа, зорилго байсан юм бэ гэдэг нь ойлгомжгүй байна. 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн сонсох ажиллагааны мэдэгдэл эмнэлгийн даргыг сонгон шалгаруулж томилж чадаагүй учраас татан буулгах болсныг үүгээр мэдэгдэж байна гэсэн. Захиргааны шийдвэр нь ямар шийдвэр гаргахаас шалтгаалж сонсох ажиллагаа нь яг өөрчлөхгүйгээр, нэг агуулгаар гардаг. Сонсох ажиллагааны мэдэгдэл нь та нар захирлаа томилж чадаагүй учраас татан буулгах болсныг гэж бараг шийдвэр нь гарчихсан байдлаар ирүүлсэн. Уг нь гаргах эсэх асуудлаар сонсох ажиллагааны мэдэгдлийг ирүүлэх ёстой. Гэсэн ч захирамж нь ерөнхий байдлаар гарсан. Сая шүүгч бас асуусан, томилох, чөлөөлөх гэх хуулийн заалтыг бариад л гарсан. Эрүүл мэндийн тухай хуулийн 17.10 дахь хэсэгт “ТУЗ нь нэгдсэн эмнэлгийн захирлыг чөлөөлж, томилох эрхтэй” гэж тодорхой зааж өгсөн, харин чөлөөлж чадаагүй тохиолдолд татан буугдах гэх хуульчилсан. Улсын Их Хурлын тамгын газар нь архиваас авсан үзэл баримтлал, байнгын хороонд хуулийн төсөл явагдаж байсан үеийн тэмдэглэлүүдэд татан буулгахтай холбоотой яригдсан ямар ч зохицуулалт байхгүй. Миний хувьд тухайн үзэл санааг “ТУЗ-ын 9 гишүүнээс 1 нь шаардлага хангаагүй томилогдсон үед түүнийг чөлөөлж чадахгүй, санал зөрөлдөх байдлаар ямар нэгэн сонирхлын зөрчилдөөн бий болоод, түүнтэй холбоотойгоор нэгдсэн эмнэлгийн тасралтгүй үйл ажиллагаа хэвийн бус болсон тохиолдолд өөрсдөө татан буугдах ёстой”. Түүнээс аймгийн Засаг дарга татан буулгах эрх байхгүй гэж харж байна. Чөлөөлж чадаагүй тохиолдолд ТУЗ өөрөө л татан буугдах үүрэгтэй. Үүнд шүүхээс шийдвэр гаргахдаа үнэлэлт, дүгнэлт хийгээсэй гэж найдаж байна. Татан буугдсан тохиолдолд аймгийн Засаг дарга гишүүдийг томилоход нь батламжилдаг шиг ТУЗ-ыг батламжлан. Засаг дарга нь өөрийн сонирхол бүхий этгээдийг ТУЗ-ын даргаар томилуулахын тулд ТУЗ-ийг өөрчилж, татан буулгахаас хамгаалсан хуулийн хамгаалалт нь эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн үзэл санаа” гэв.

            3.4. Хариуцагч шүүхэд: “...Увс аймгийн Засаг дарга 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/122 дугаартай “Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгах тухай” захирамжийг гаргахдаа Эрүүл мэндийн  тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10, 17 дугаар зүйлийн 17.11.4 дэх хэсгүүдийг  тус тус баримталсан. Эрүүл мэндийн тухай хуулийн 11.1 дэх хэсэгт аймаг, нийслэлийн Засаг дарга эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар хэрэгжүүлэх бүрэн эрх, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.11.4 дэх хэсэг нь төлөөлөн удирдах зөвлөл нь эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, чөлөөлж чадаагүй тохиолдолд татан буугдах гэсэн зохицуулалтууд юм. Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Эрүүл мэндийн тухай хуульд заасан “эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж, томилж чөлөөлөх” үүргээ биелүүлээгүй тул аймгийн Засаг дарга 2026 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 1/260 дугаартай “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлж, ТУЗ-ийг татан буулгах болсныг хуулийн дагуу мэдэгдсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.30 дахь хэсэгт “Төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг аймаг, дүүргийн Засаг дарга шууд батламжилна” гэж заасан. Аймгийн Засаг дарга нь орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг батламжилдаг тул тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих эрхийнхээ хүрээнд хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй ТУЗ-ийг татан буулгах шийдвэрийг гаргасан. Иймд захиргааны байгууллагын хууль ёсны шийдвэрийг хамгаалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлаж байна.

            3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.11.4-т “эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, чөлөөлж чадаагүй тохиолдолд татан буугдах” гэж заалтыг үндэслэл болгож 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдөр А/122 дугаар захирамжийг гаргаж Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгасан. Увс аймгийн Засаг дарга нь Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийг батламжлах эрхтэй ба энэхүү эрхийн хүрээнд захирамж гаргасан. Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл нь анх 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Засаг даргын захирамжаар 9 гишүүнтэйгээр байгуулагдаж байсан. 2021 оны 12 дугаар сарын 27-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх өдрийн хугацаанд нийт 10 гишүүн  орж гарч солигдсон. Энэ хугацаанд 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй бүрэн эрхийг үйл ажиллагаагаа явуулж байсан. 2025 оны 02 сарын 03-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарыг хүртэл төлөөлөн удирдах зөвлөл нь 4-6 гишүүнтэй бүрэлдэхүүнтэй бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй болсон. Харин 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш Увс аймгийн Засаг даргын А/122 дугаар захирамж гарч татан буугдах хүртэл Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл 8 сарын хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл нь 7-9 гишүүнтэйгээр бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжтай байсан” гэв.

            3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнгөрсөн хугацаанд ТУЗ бүрэн эрхээ хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас сонсоход, олон нийтийн зөвлөлийн 2 гишүүн дутуу, мөн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарлахад ТУЗ-ын дарга асуулт боловсруулдаг гэх тайлбарыг хэлж байна. Эрүүл мэндийн сайдын 2021 он 6 дугаар сарын 25-ны өдрийн 414 дүгээр тушаалаар “Орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг бүтцийн захирлыг сонгоно шалгаруулах тухай” журмыг баталсан ба 2.1-т “Эмнэлгийн захирлын албан тушаалд ажилтныг сонгоно шалгаруулах үйл ажиллагааг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл зохион байгуулна”, 2.2-т “Сонгох эсэх асуудлыг төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэнэ”, 2.6-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг томилсон өмчлөгчийн, олон нийтийн, хамт олны төлөөллийн тус бүх нэг гишүүнээс бүрдсэн баг сорилгын болон ярилцлагын шалгалтын асуултууд, тэдгээрийн хариулт, түлхүүрийг боловсруулж, бэлтгэх бөгөөд, нууцлалыг хангаж ажиллана” гэж тус тус заасан. Үүнээс үзэхэд хуулиар өмчлөгчийг төлөөлж 3 этгээд, хамт олныг төлөөлж 3 этгээд, олон нийтийг төлөөлсөн 3 этгээд буюу нийт 9 гишүүн байна гэж заасан. Тус журмаар сонгон шалгаруулалтын асуулттай холбоотой, түлхүүр үг, асуулт боловсруулах үүрэг төлөөлөн удирдах зөвлөлийн даргад байхгүй, төлөөлөл болсон 3 гишүүн нь хариуцаад явах боломжтой байсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга тухайн багийг байгуулах ёстой. Эмнэлгийн туламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүнээс нэр дэвшүүлэн нууц санал хураалтаар олонхын саналаар сонгоно”, мөн зүйлийн 15.9-т “Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын түр эзгүйд түүний санал болгосон гишүүн, хэрэв санал болгоогүй тохиолдолд насаар хамгийн ахмад гишүүн орлоно” гэж тус тус заасан. Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг сонгоогүй, 2 гишүүн шинээр орж ирсэн учир хойшлуулсан, мөн Эрүүл мэндийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гарсан А/476 дугаар захирамжаар “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 5.6-д заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг анхны хуралдаанаар сонгоно. Даргаа сонгож чадахгүй, сонгох боломжгүй байна гэдэг нь төлөөлөн удирдах зөвлөл өөрсдийгөө хамгаалсан, үндэслэлгүй тайлбар гэж үзэж байна. Дарга байхгүй ч хуулиар даргын үүрэг болгосон 1 гишүүн, тухайн гишүүн мөн байхгүй бол хамгийн ахмад гишүүн нь даргалаад, төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлээд явах боломж бүрэн байсан. Захирал сонгох шалгаруулах асуудалд эрх бүхий байгууллагаас баталж өгсөн журмын хүрээнд сонгон шалгаруулах процесс явагдах ёстой. Сонгон шалгаруулалтыг төлөөлөн удирдах зөвлөл зохион байгуулна гэж заасан болохоос дарга сонгон шалгаруулалт явуулна гэх зүйл байхгүй. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулиар гишүүдийн дийлэнх олонх нь байсан тохиолдолд тухайн хурлыг хүчинтэй гэж үздэг. Өнгөрсөн хугацаанд ихэнх тохиолдолд 7-оос дээш гишүүнтэй явж ирсэн. 2025 онд 5 хүн чөлөөлөгдөж бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй 2-3 сар л үргэлжилсэн. 2021 оноос өнөөдрийг хүртэл дийлэнх хугацаанд боломжтой байсан. Мөн олон нийтийн зөвлөл, эмнэлгийн төлөөлөл байх ёстой гэх зүйлийг яриад байна. Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/414 дүгээр гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах журамд “Төлөөлөн удирдах зөвлөл зохион байгуулна” гэж заасан болохоос нэгдсэн эмнэлгийн хамт олны төлөөллөөс хүн байхгүй бол сонгон шалгаруулалт явуулах боломжгүй гэх нэг ч үг, үсэг байхгүй. Төлөөлөн удирдах зөвлөл бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой ирц бүрдсэн үедээ хэлэлцсэн асуудлаа олонхоороо шийдвэрлээд явдаг. Эмнэлгээс хамт олны төлөөлөл гэж 3 хүнээс 2 нь чөлөөлөгдөөд, 1 гишүүний төлөөлөл байсан. Мөн хуралдаан хийх ирц нь бүрдсэн учир шийдвэрээ гаргах бүрэн боломжтой байсан. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16.1-т “төлөөлөн удирдах зөвлөлийг сонгон шалгаруулсан хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлнэ” гэж заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг хүнд давуу байдал олгож сонгон шалгаруулалтаа зарлахгүй, эмнэлгийн бүтцэд ажилладаггүй хүнд давуу эрх олгож гэрээг нь сунгаж байгаа нь  холбогдох хууль, сайдын баталсан журмыг зөрчиж учраас энэ хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор Засаг даргын шийдвэр гарсан” гэв.

            3.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Төрийн алтан хайрцаг, алтан аргамжааны бодлого аль ч цаг үед тасарч байгаагүй, тасрах ч ёсгүй. Энэ ч утгаараа нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгах шийдвэр гаргалаа гэхэд үйл ажиллагаа нь тасрахгүй, дараа дараагийн залгамж чанараараа бодлогын хариуцуулаад явах нь зөв. Өмгөөлөгч нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар зарчим нь үр нөлөөтэй, шийдвэр нь бодитой нөхцөлд тохирч гараагүй, акт ойлгомжгүй гэж байна. Тус захирамжаар ойлголтыг бүрэн илэрхийлсэн байгаа. Эрхээ эдэлж, үүргээ гүйцэтгэж чадаагүй өдгөө 6 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд элдэв шалтаг тоочиж, ТУЗ-ийн үүргээ гүйцэтгээд, эрхээ эдэлж, захирлаа томилж чадахгүй байгаа нь ашиг сонирхлын асуудал байна гэж харж байгаа. Өмгөөлөгч өөрөө өөрийнхөө асуудлыг батлаад байна. Чөлөөлж чадаагүй тохиолдолд бид татан буугдана гэж байна. Ашиг сонирхлын зөрчил гаргаад, чөлөөлж чадахгүй байгаа. Чөлөөлж чадаагүйгээ нотлохын тулд нэгдсэн эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн гэрээг сунгаад яваад байгаа. Сонгон шалгаруулалтыг нь зарлахгүй, зарлахдаа аймгийн Засаг даргын тамгын сайтаар дамжуулаад зарладаггүй, процессын алдаа байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сая сонгон шалгаруулалт хэд хоногийн хугацаанд зарлагдах ёстойг асуусан. Үүнтэй холбоотойгоор, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Д.Б томилогдсоноор 7 гишүүний бүрэлдэхүүнтэй буюу 75 хувийн ирц бүрдэж байсан. Үүнээс хойш 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Э.А томилогдсоноор 8 гишүүний бүрэлдэхүүнтэй, 2026 01 дүгээр сарын 8-ны өдөр Г.Д томилогдоод 9 гишүүнтэй болсон. Д.Б томилогдсоноос хойш 8 сарын хугацаанд 75%-ийн ирцтэйгээр яагаад сонгон шалгаруулалт зарлаагүй вэ. Иймэрхүү байдлаар төлөөлөн удирдах зөвлөл нь 6 жилийн хугацаанд үүргээ гүйцэтгэж өөрсдөө татан буугдах шийдвэрээ гаргахгүй байхаар энэ төрийн алтан аргамжийн бодлогын дагуу хэн үүнийг хийх юм. Батламжлах эрхтэй гэх асуудлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж байна. Батламжилсан учир үүнийг цуцлах шаардлага байхаас өөр аргагүй. Үүнд нийтийн эрх ашиг гэх зүйл яригдаж байгаа. Монгол Улсын иргэд эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад бодлогын шийдэл гаргах удирдлага маш хэрэгтэй. Эдгээрийг би ерөнхийд нь төлөөлөн удирдах зөвлөлийн эс үйлдэхүй гэж харж байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.  Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзэж “Увс аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгах тухай” А/122 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

            2. Нэхэмжлэгч талаас “...Увс аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/122 дугаар захирамжаар нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгасан нь зөвлөлийн хуульд заасан бүрэн эрх, гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулаагүй гэх үндэслэлээр татан буулгах эрх хэмжээ аймгийн Засаг даргад олгогдоогүй. ...Эрүүл мэндийн яамнаас “9 гишүүн бүрдэж, зөвлөлийн даргаа томилсны дараагаар сонгон шалгаруулалтыг явуулах” талаар чиглэл өгч байсан” гэж маргасан.

            3. Хариуцагч “...Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл нь байгуулагдсан хугацаанаас хойш эмнэлгийн захирлыг хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулж томилох үүргээ хэрэгжүүлээгүй, өнөөдрийг хүртэл нэг хүнд давуу байдал олгож сонгон шалгаруулалтаа зарлахгүй, эмнэлгийн бүтцэд ажилладаггүй хүнд давуу эрх олгож гэрээг нь сунгасан. ...Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.11.4, мөн аймгийн Засаг дарга төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг батламжилж, үйл ажиллагаанд нь хяналт тавих бүрэн эрхийн хүрээнд төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгах эрхтэй” гэж тайлбарлаж байна.

4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/808 дугаартай захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.30 дахь хэсгийг тус тус үндэслэн Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн анхны гишүүдийг батламжилжээ. (2 дахь хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас)

4.1.  Мөн Увс аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/221 дүгээр захирамжаар Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хамт олны төлөөллийн гишүүнээр Ц.Ныг батламжилсан ба 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/45 дугаар захирамжаар олон нийтийн төлөөллийн гишүүн Л.Гийг чөлөөлж, 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн Б/21 дүгээр захирамжаар Ш.Ог, 2024 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар өмчлөгчийн төлөөллийн гишүүн Ц.Зыг чөлөөлж, 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар Н.Цг, 2024 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн Б/37 дугаар захирамжаар олон нийтийн төлөөллийн гишүүн Т.Аийг чөлөөлж, 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/51 дүгээр захирамжаар Ж.Эийг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/48 дугаар захирамжаар өмчлөгчийн төлөөллийн гишүүн Ц.Ачөлөөлж, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/49 дүгээр захирамжаар Д.Эийг тус тус зөвлөлийн гишүүнээр батламжилсан байна.

4.2. 2025 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн Б/26 дугаартай захирамжаар Д.Эийн албан тушаал өөрчлөгдсөн, мөн өдрийн Б/27, Б/28, Б/29, Б/30 дугаартай захирамжаар Ж.Э, Б.Г, Ц.Н, Д.Д нарыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр тус тус чөлөөлжээ.

4.3. Ж.Э, Д.Э, Ц.Н нараас төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн захирамжийг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гарсан бөгөөд 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 124/ШШ2025/0023 дугаартай шийдвэрээр Увс аймгийн Засаг даргын 2025 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн Д.Э, Ж.Э нарыг Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн нь хууль бус болохыг тогтоож, захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. (2 дахь хавтаст хэргийн 3-12 дугаар хуудас)

4.4. Улмаар, хариуцагч Увс аймгийн Засаг дарга 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр А/329 дүгээр захирамжаар тус төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөллийн гишүүнээр Д.Бийг, хамт олны төлөөллийн гишүүнээр 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/645 дугаар захирамжаар Э.А, 2026 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн А/08 дугаар захирамжаар Г.Д нарыг тус тус батламжилсан байна.

5. Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 16 дугаар тогтоолоор анх Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалт зарласан бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар нэр дэвшигч Д.Д, О.О, Б.О нарыг сонгон шалгаруулалтад оролцуулж, оролцогч Д.Д 82,1 оноо, О.О 69.6 оноо, Б.О 64 оноог тус тус авчээ.

            5.1. Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5-д “Эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх”; Эрүүл мэндийн сайдын 2021 оны 6 дугаар сарын 25-ны А/414 дүгээр тушаалаар батлагдсан сонгон шалгаруулалтын журмын 8.1-д “Төлөөлөн удирдах зөвлөл сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг эмнэлгийн захирлын албан тушаалд томилох тухай тогтоолыг гаргана” гэж зохицуулсан.

            5.2. Гэтэл Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 31 дүгээр албан бичгээр сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигч Д.Дыг “Аймгийн аудитын хорооны 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаар тогтоолыг хэрэгжилт эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тул ...журмын 8.1 дэх заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байна” гэх үндэслэлээр Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохоос татгалзжээ.

5.3. Нэр дэвшигч Д.Д нь шүүхэд “Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохыг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 12 дугаар тогтоолоор “...нэр дэвшигч Д.Д нь улс төрийн намын гишүүн бус талаар илэрхийлж бичсэн баталгааг ирүүлээгүй, ...Англи хэлний мэдлэгийн түвшин тодорхойлох баримт бичгийг ирүүлээгүй, ...аймгийн Монгол Ардын намын бүлгийн гишүүн буюу улс төрийн намын сонгуульт гишүүн болох нь сонгон шалгаруулалтын дараа тогтоогдсон” гэх үндэслэлээр 2024 оны 3 дугаар сарын 3-ны өдөр явуулсан эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг сонгох шалгаруулалтыг хүчингүйд тооцож томилохоос татгалзсан шийдвэр гаргасан байна.

5.4. Тус шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 124/ШШ2024/0012 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Д.Дын Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан гаргасан “Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохыг даалгуулах болон Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. (1 дэх хавтаст хэргийн 226-242 дугаар хуудас)

5.5. Уг шийдвэрийг нэр дэвшигч Д.Д эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гарсныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2024/0612 дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ШХТ2024/0458 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцэхээс татгалзсан байна. (1 дэх хавтаст хэргийн 243-249, 2 дахь хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас)

6. Үүнээс гадна, тус төлөөлөн удирдах зөвлөлөөс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд нэгдсэн эмнэлгийн захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах зарыг тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын жагсаалт, сонгон шалгаруулалт явуулах хаягийн зарласан боловч хариуцагч Увс аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/711 дүгээр захирамжаар Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгажээ.

6.1. Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор тус төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгасантай холбоотойгоор нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг сонгох шалгаруулалтыг хойшлуулж, Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгах тухай Увс аймгийн Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч шүүхэд хандсан байна. (1 дэх хавтаст хэргийн 185 дугаар хуудас)

6.2. Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Увс аймгийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн А/25 дугаар захирамжаар 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгах тухай” А/711 дүгээр захирамжийг хүчингүй болгосон гэх үйл баримт тогтоогдож байгаа ба хэргийн оролцогчид энэ талаар маргаангүй. (2 дахь хавтаст хэргийн 40 дүгээр хуудас)

7. Маргааны үйл баримтуудад хууль зүйн дүгнэлт хийвэл;

7.1. Увс аймгийн Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн “Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгах тухай” А/122 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10, 17 дугаар зүйлийн 17.11.4 дэх заалтыг тус тус үндэслэн Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийг 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөр татан буулгах шийдвэр гаргажээ.

7.2. Шүүхээс Увс аймгийн Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/122 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг хангасан эсэх, мөн Эрүүл мэндийн тухай хууль болон Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулиар Засаг даргад эрх хэмжээ олгогдсон эсэхэд дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

8. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гээд, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасны дагуу захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг өөрөө тогтоох үүрэгтэй бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, ...гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.7-д “Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох үүрэгтэй.

9. Гэвч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хариуцагч нь маргаан бүхий А/122 дугаар захирамжаар тус төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгах шийдвэр гаргахдаа дээрх хуульд заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг баримтлаагүй, шийдвэр гаргахад хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийгээгүй байх тул маргаан бүхий шийдвэрийг гаргасан хариуцагчийн үйл ажиллагааг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

9.1. Өөрөөр хэлбэл, аливаа захиргааны байгууллага нь хэн нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг, тухайлбал нөхцөл байдлыг бүрэн тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, тайлбар, санал гаргах боломжийг хангах зэрэг ажиллагааг хэлбэрийн төдий хийх бус, харин өөрийн шийдвэрээ үндэслэлтэй, хууль ёсны гаргахын тулд бодитойгоор, үр нөлөөтэйгөөр хэрэгжүүлэх учиртай, үүнд ч уг журмын зорилго оршдог.

9.2. Тодруулбал, хариуцагч Увс аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч төлөөлөн удирдах зөвлөлийг “...нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг сонгох шалгаруулалтыг зохион байгуулж чадаагүй” гэж буруутгаж байгаа боловч Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг сонгох шалгаруулалтыг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зарлаж, 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулж явуулсан. Энэхүү сонгон шалгаруулалттай холбоотой маргаан 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжилсэн.

9.2.1. Мөн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэгдсэн эмнэлгийн захирлын албан тушаалд дахин нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан боловч хариуцагчийн зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/711 дүгээр захирамжаар төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгаснаар 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөлийг үүсгэсэн.

10. Нөгөөтээгүүр, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд гишүүдийн дийлэнх олонхи оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр А/329 дүгээр захирамжаар тус төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөллийн гишүүнээр Д.Бийг батламжлах хүртэл хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг сонгох шалгаруулалтыг зохион байгуулах бодит нөхцөл байдал бүрдээгүй байна.

10.1. Тухайлбал, тус төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн өөрчлөгдөж, гишүүдийг чөлөөлсөнтэй холбоотой шүүхийн маргаан үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд зөвлөлийн ирц бүрдээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг сонгох шалгаруулалтыг явуулаагүй гэж шууд буруутгах үндэслэлгүй.

10.2. Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилоход хариуцагч аймгийн Засаг даргын зүгээс өөрөө саад учруулсан буюу 2024 онд сонгон шалгаруулалтыг зарлах үед төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгах, мөн гишүүдийг чөлөөлсөнтэй холбоотой шүүхийн маргаан үргэлжилсэн зэрэг үйл баримт тогтоогдож байхад нэхэмжлэгчийг санаатайгаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулаагүй гэж үзэх нь бодит байдалд нийцэхгүй юм.

11. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5-д төлөөлөн удирдах зөвлөл нь “нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулж, томилох”, 7.11.4-т “эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, чөлөөлж чадаагүй тохиолдолд татан буугдах”-аар заасан боловч хариуцагчаас эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж, томилох үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр тус төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгах үр дагавар бүхий түүний эрх зүйн байдлыг хөндсөн шийдвэр гаргаж буй энэ тохиолдолд шийдвэрийн үндэслэл болж буй энэ бүх хугацаанд нэгдсэн эмнэлгийн удирдлагыг сонгон шалгаруулж захирлыг томилоогүй талаарх өөрөөс үл шалтгаалах үндэслэл байсан эсэх нөхцөл байдлыг тогтоох, нэгэнт маргаан бүхий захирамж гаргах эсэх сонгон ажиллагааны явцад төлөөлөн удирдах зөвлөлөөс 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаартай тогтоолоор нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагын сонгон шалгаруулалт зарлаж, нэр дэвшигчид бүртгүүлсэн байхад татан буулгах шийдвэр гаргаж байгаа нь зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тусгай зарчим алдагдсан гэж үзэхээр байна.

12. Түүнчлэн, Эрүүл мэндийн тухай хуулийн 17.11.4-т заасан “татан буугдах” гэсэн зохицуулалт нь төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгах нөхцөлийг тодорхойлсон боловч уг татан буулгах эрхийг ямар этгээд, ямар журмаар хэрэгжүүлэх талаар тусгайлан зохицуулаагүй байна. Харин аймгийн Засаг даргад төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгах бүрэн эрхийг хуулиар шууд олгоогүй байх тул зөвхөн дээрх зохицуулалтыг үндэслэн маргаан бүхий захирамж гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

12.1. Үүнээс гадна Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.30-д “аймгийн Засаг дарга нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг батламжлах бүрэн эрхтэй” гэж зааснаас үзэхэд төлөөлөн удирдах зөвлөлийг бүхэлд нь татан буулгах эрх үүсэхгүй юм.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “...өнөөдрийг хүртэл нэг хүнд давуу байдал олгож сонгон шалгаруулалтаа зарлахгүй, эмнэлгийн бүтцэд ажилладаггүй хүнд давуу эрх олгож гэрээг нь сунгаж байгаа нь  холбогдох хууль, сайдын баталсан журмыг зөрчиж учраас энэ хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор Засаг даргын шийдвэр гарсан” гэж маргаж байгаа боловч хариуцагч аймгийн Засаг дарга 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “...нэгдсэн эмнэлгийн зарим үйл ажиллагаа доголдсон, тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлтүүд буурсантай холбоотойгоор үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Оыг захирлын үүргийг хавсран гүйцэтгэгчээс чөлөөлж, Д.Дыг захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох” талаар албан бичиг хүргүүлснээр Д.Д нэгдсэн эмнэлгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон ба 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар захирлын үүрэг гүйцэтгэгчийн гэрээний хугацаа дуусаж байгаатай холбогдуулан нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагын сонгон шалгаруулалт нэгэнт зарласантай холбогдуулан нэр дэвшигч захирлын албан тушаалд томилогдох хүртэл хугацаагаар сунгасныг Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.11.4-т заасан “эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, чөлөөлж чадаагүй тохиолдолд татан буугдах” нөхцөл бүрдсэн гэж буруутгах боломжгүйгээс гадна хариуцагчаас нэхэмжлэгчид 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/260 дугаартай албан бичгээр хүргүүлсэн сонсох ажиллагааны мэдэгдэлд энэ үндэслэлийн талаар тусгаагүй байх тул сонсох ажиллагааг зохих ёсоор хийгээгүй, нэхэмжлэгчид шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй байна.

            14. Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч нь маргаан бүхий захирамжийг гаргахдаа шийдвэр гаргахад хамаарах бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нэхэмжлэгчийн тайлбарыг бодитоор үнэлээгүйгээс шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, Төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгах эрх хэмжээг хуулиар шууд олгоогүй байхад уг шийдвэрийг гаргасан байх тул маргаан бүхий 2026 оны А/122 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Ж.Э, Н.Ц, Ш.О, Г.Д Э.А, Д.Э, Н.Ц, Д.Б нарт олгох нь зүйтэй байна.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д “...Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана” гэж зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас маргаан бүхий Увс аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/122 дугаартай захирамжийн үйлчлэл дуусгавар болох үр дагавар үүсгэхийг тэмдэглэе.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.11.4 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Ж.Э, Н.Ц, Ш.О, Г.Д Э.А, Д.Э, Н.Ц, Д.Б нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Увс аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/122 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 70,200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Ж.Э, Н.Ц, Ш.О, Г.Д Э.А, Д.Э, Н.Ц, Д.Б нарт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан  өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           О.БАТДОРЖ