Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/02258

 

 

Б.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01831 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

 

Гэм хорын хохиролд 3 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Сарангэрэл,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Наранбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг бүлэглэн дээрэмдсэн гэсэн үндэслэлээр, эрүүгийн 201201021711 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татаж шалгасан. Тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д зааснаар тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлох баримтаар нотлогдож байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч уг этгээдийг яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэнэ гэснийг зөрчиж мөрдөн байцаагч хангалттай нотлох баримтгүйгээр нэхэмжлэгчийг хууль бусаар яллагдагчаар татсан. Улмаар 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 286 дугаартай прокурорын тогтоолоор Б.Оюун-Эрдэнэд холбогдох үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс бүтэн 3 сар гаруй хугацаанд Б.Оюун-Эрдэнэд батлан даалт таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, мөрдөн байцаалт болон прокурорын хяналтад байхдаа байнга цагдаагийн хяналтад өдөр бүр бүртгүүлж олон удаа явсан, хорих ял оногдуулж болох хүнд, хүндэвтэр гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа сэтгэл санаа болон эд материалын ихээхэн хохирол хүлээсэн. Б.Оюун-Эрдэнийн зөрчигдсөн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр прокурорын 286 дугаартай тогтоолоор зөрчигдсөн эрх нь сэргээгдсэн учраас өөрт учирсан гэм хорын хохирлоо шүүхийн журмаар нэхэмжилж байгаа. Хуульд зааснаар өөрт нь учирсан хохирол болох хууль зүйн туслалцаа авах хөлсөнд төлсөн 3 000 000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 286 дугаартай эрүүгийн хэргээс зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор яллагдагч Б.Оюун-Эрдэнэ, О.Балчиндорж, Д.Мөнхдаш нар нь 2012 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баруун хөшөөт ХХК-ийн засварын газар ажилладаг Вьетнам Улсын иргэдийн эд зүйлсийг дээрэмдсэн гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Б.Оюун-Эрдэнэ, О.Балчиндорж, Д.Мөнхдаш нар нь дэлгүүрт очер дайрлаа гэх шалтгаанаар Вьетнам Улсын иргэдтэй маргалдаж улмаар Б.Оюун-Эрдэнэ, О.Балчиндорж нар дэлгүүрээс гарч тамхи татаж зогсож байхад нь вьетнам залуучууд дэлгүүрээс гарч ирэхэд вьетнам залуугийн хөл дээр нь уйгаржин монгол гэсэн шивээсийг арилга гэж хэлснээс хоорондоо маргалдаж хохирогч нар чулуу шидэж зугтааснаар яллагдагч Б.Оюун-Эрдэнэ, О.Балчиндорж, Д.Мөнхдаш нар араас нь хөөж Вьетнам Улсын иргэдийг зодсон байдаг. Д.Мөнхдаш нь хохирогч нарыг зодож байх явцдаа эд зүйлсийг нь дээрэмдэж 120 000 төгрөгийн хохирол учруулсан байх боловч дээрх дээрмийн гэмт хэрэгт яллагдагч Б.Оюун-Эрдэнэ, О.Балчиндорж нар нь хамтран оролцсон болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоогүй байна. Эрүүгийн 201201021711 дугаартай хэргээс яллагдагч Б.Оюун-Эрдэнэ, О.Балчиндорж нарт холбогдох бусдыг зодож танхайрсан гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208.1.1, 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг. Харин эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор хууль зөрчсөн ажиллагаа байхгүй тул хууль зүйн туслалцаа авахад төлсөн 3 000 000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах үндэслэлгүй гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 3 000 000 төгрөгийг нэхэмжлэхдээ 250 000 төгрөг, 500 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, 1 500 000 төгрөг, 700 000 төгрөгийг бэлнээр төлсөн гээд дансаар шилжүүлсэн баримтынхаа доор наасан байсан. Дансаар шилжүүлсэн баримтын хувьд бол маргаан байхгүй, харин бэлнээр мөнгө өгсөн гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа юу, үгүй юу гэдэгт эргэлзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан. Энэ наасан баримт нь өмгөөлөгчийн хөлс мөн эсэх, өмгөөлөгч нь яг авсан юм уу, нэхэмжлэгч яг төлсөн юм уу гэдэг нь хангалттай нотлогдохгүй байна. Мөн Б.Оюун-Эрдэнэ нь дээрмийн хэрэг болоход байсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй. Эрүүгийн хэрэгт хаа хамаагүй хүнийг сэжиглэж шалгаагүй, үйл явдал болсон үед байсан учир хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хэрэг холбогдуулж шалгасан байх ба Б.Оюун-Эрдэнийг шалгасан ба прокурор хэрэгт оролцоогүй гэдгийг нь тогтоосон байна. Энэ хугацаанд өөрийнхөө өмгөөлүүлэх эрхийг хамгаалж өмгөөлөгч авах нь Б.Оюун-Эрдэнийн өөрийнх нь эрх гэдгийг харгалзаж үзнэ үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар Засгийн газрын нөөц сангаас 3 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01831 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс Б.Оюун-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийг хангаж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д заасны дагуу 3 000 000 төгрөг олгохоор шийдвэрлэжээ. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудын баримтлан хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасныг харгалзан үзэж хэрэгт байгаа нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч өмгөөлөгчтэй 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ байгуулж, тухайн өдрөө 1 500 000 төгрөг төлсөн баримт хэрэгт байгаа, 11 дүгээр сарын 10-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 250 000 төгрөг мөн дансаар шилжүүлсэн, 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 750 000 төгрөг тушаасан баримтууд байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөллийг үйл ажиллагааг хуулийн этгээдийн үндсэн дээр эрхэлдэггүй байж хуулийн этгээдийн бэлэн мөнгөний баримт ашигласан, анхан шатны шүүх хуралдаанд эх баримт гэж үзүүлсэн баримт нь хэрэгт байгаа баримтаас зөрдөг зэргийг шүүхээс үнэлж үзээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ нь хууль бусаар яллагдагчаар татагдсаны улмаас учирсан хохирол 3 000 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнийг 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан үндэслэлээр сэжигтнээр тооцож, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авч, 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр яллагдагчаар татсан нь зохигчдын тайлбар, прокурорын тогтоол болон бусад баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 6-8 дугаар тал/

 

Гэвч Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 286 дугаар тогтоолоор Б.Оюун-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 4-5 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар байцаагдаж байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өмгөөлөгч Ш.Сарангэрэлтэй 62 тоот хууль зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, Б.Оюун-Эрдэнээс 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1 500 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 10-нд 500 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 02-нд 750 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 14-нд 250 000 төгрөг нийт 3 000 000 төгрөгийг хууль зүйн туслалцаа авахад төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримт, харилцах дансны гүйлгээний хуулга зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 12-13 дугаар тал/

 

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дах хэсэгт тус тус зааснаар Засгийн газрын нөөц сангаас Б.Оюун-Эрдэнийн хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс болох 3 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Өөрөөр хэлбэл Б.Оюун-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон нь тогтоогдсон учраас Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1, 45.2 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй.

 

Гуравдагч этгээд нь шүүхэд гаргасан тайлбар болон давж заалдах гомдолдоо бэлнээр мөнгө өгсөн гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэх боловч дээрх тайлбар, гомдол нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан бэлэн мөнгөний орлогын баримтыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01831 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гуравдагч этгээд нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Г.ДАВААДОРЖ