| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/21575/И |
| Дугаар | 197/ШШ2025/14283 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 197/ШШ2025/14283
2025 10 28 197/ШШ2025/14283
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, сургуулийн 25 гудамж, ******* тоотод оршин суух, Бо******* овогт Га******* От******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Хүннү-2222, ******* тоотод оршин суух Зо******* Ши******* /РД:*******/-т холбогдох,
4,532,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.От*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Г.От******* нь өөрийн эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч З.Ши******* нь замын хөдөлгөөний дүрэм зөрчин мөргөсний улмаас тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 4,532,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч нь 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбартай танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар, баримт ирүүлэх үүргээ биелүүлээгүй. /хх 53-56/
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
4.1. Хариуцагч З.Ши******* нь 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 12:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Hino /Хино/ маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 10.6-т заасан Жолооч баруун буюу зүүн тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан (ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт)-аар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтэгхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс бую зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. гэсэн заалтыг зөрчиж нэхэмжлэгч Г.От*******ын эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасны дагуу нэг зуун мянган төгрөгөөр торгуулах шийтгэл хүлээсэн болох нь 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, мөн өдрийн 0117828 дугаартай шийтгэлийн хуудас зэргээр тогтоогдож байна. /хх 15-17/
4.2. Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Г.От*******ын эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4,170,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 550 дугаартай, автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг үнэлүүлэх үйлчилгээний хөлсөнд Ашид билгүүн ХХК-д 332,000 төгрөгийг төлжээ. /хх 47-50/
5. Иргэний хуульд зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцож болохыг хуульчилсан байх ба зөрчлөөс үүдэн хохирол бий болох явдлыг гэм хор учруулсан гэж үзнэ. Энэхүү хуульд заасан нөхцөл бүрдсэнээр үүсэх үүргийг шаардахад хууль бус үйлдлийн улмаас бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд хохирол учирсан байхыг шаардах бөгөөд хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нь нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд гэм хор учирсан болох нь дээр дурдсэн эрх бүхийн албан тушаалтны шийдвэр, дүгнэлтээр тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхгүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй зааснаар зохигчийн хооронд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүссэн байна.
5.1. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гээд 14 дэх хэсэгт ..........бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж заажээ. Тодруулбал, нэхэмжлэгч Г.От******* нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж зааснаар хариуцагчаас өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгуулах, мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Ийнхүү сэргээх боломжгүй бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх үүрэг хүлээнэ.
5.2. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж хуульчилсан.
Тайлбарлавал, хариуцагч З.Ши******* нь Hino /Хино/ маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож /эзэмшиж/ замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл гаргасны улмаас нэхэмжлэгчийн автомашинд учруулсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.
5.3. Нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд 4,170,000 төгрөгийн хохирол учирсан, уг хохирлын үнэлгээг тогтоолгох эрх бүхий хуулийн этгээдийн ажлын хөлсөнд 332,000 төгрөг төлж, нийт 4,502,000 төгрөгийн хохирол учирсан нь баримтаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас 4,532,000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр тогтоогдсон 4,170,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 332,000 төгрөг, нийт 4,502,000 төгрөгөөс гадна 30,000 төгрөгийг хариуцагчаас нэмж шаардаж буй үндэслэл тодорхойгүй, уг шаардлагаа баримтаар нотлоогүй ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 30,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээр тус тус дурдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагч З.Ши*******аас гэм хорын хохиролд 4,502,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.От*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 30,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Ши*******аас 86,982 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг тус тус үндэслэн хариуцагч З.Ши*******аас гэм хорын хохиролд 4,502,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.От*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 30,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар, зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,462 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 86,982 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.От*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР