| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2309000002451 |
| Дугаар | 2025/ДШМ/10 |
| Огноо | 2024-12-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/10
2024 12 24 2025/ДШМ/10
Б.Тод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Оргилболд,
шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/964 дүгээр шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Тод холбогдох эрүүгийн 2309 00000 2451 дүгээр хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн 06 жил 07 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 533 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн 07 жил 01 сарын хорих ялаар шийтгэж, Улсын дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 197 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 04 жил 06 сарын хорих ялыг хэвээр үлдээсэн;
Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ...тоотод байх хохирогч Б.Сын эзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч уран хөрөө /Dewalt/, дрилл /Dewalt/, тэгш ус /Dewalt/, түрэн цэнэглэгч /Dewalt/, баттерей /Dewalt/, цүнх /Багаж хийдэг дунд/, цүнх /Багаж хийдэг жижиг/, зүлгүүр, боолт тайлагч, гар чийдэн, баттерей, цэнэглэгч /Makita/, шрүф мастер /Makita/, ком /аптеркны/, цоож /Zarker/, цахилгаан дугуй /Суррон/, баттерей /Суррон дугуйны/, цэнэглэгч /Суррон дугуйны/, каск /Суррон дугуйны/, хамгаалалт /өвдөгний/, дуран /1 нүдний холын/, цэнэглэгч /андройд утасны/, татлагын шальк /ARB 4 тонн/, татлагын шальк /ARB 8 тонн/ зэрэг нийт 13.908.608 төгрөгийн эд зүйл хулгайлсан,
2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хооронд ...байрлах хохирогч Н.Цгийн эзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, Samsonite брэндийн чемодан 1 ширхэг, үйлдвэрлэгч нь тодорхой бус чемодан 1 ширхэг, улаан өнгийн 1 микрофонтой өөр дээрээ дэлгэцтэй зөөврийн караоке 1 ширхэг зэрэг нийт 450.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,
2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ...тоотод байх хохирогч Б.Уийн эзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч хятад архи 1 ширхэг, Ballantines виски 1 литрийн 2 ширхэг, Baileys 1 литрийн 1 ширхэг, Jagermeister 1 литрийн 1 ширхэг, Yellow Tail red wine 2 ширхэг, Casa bella Lambrusco 2 ширхэг, Jonnie Walker виски 1 ширхэг зэрэг нийт 587.980 төгрөгийн эд зүйл хулгайлсан,
2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Д.Оын эзэмшлийн 2 давхар дүнзэн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч цахилгаан скүүтерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ...тоотод оршин суух хохирогч Л.Гийн байшингийн цонхоор хууль бусаар, нууцаар нэвтэрч улмаар хохирогч Л.Гийн шуба, чемодан, үнэртэй ус, куртик зэрэг эд зүйлийг хулгайлан авч 1.345.500 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч О.Эгийн зуслангийн байшингийн цонхоор хууль бусаар, нууцаар нэвтэрч Ямаха брэндийн гитар, хуйхалсан хонины мах зэрэг эд зүйлсийг хулгайлан авч нийт 265.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ... тоотод байх хүн байнга амьдрах зориулалттай зуслангийн байшингийн цонхийг онгойлгон хууль бусаар, нууцаар нэвтрэн орж хохирогч Ц.Цийн эзэмшлийн 41 размерын ботинк, Жорден загварын 41 размерын пүүз, үйлдвэрлэгч нь тодорхойгүй цамц, 2 ширхэг өмд зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 216.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Тыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тын цагдан хоригдсон нийт 371 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Самсунг загварын цэнхэр өнгийн /ар таг нь хагарсан/ гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, хэрэгт хавсаргасан мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаатай холбоотой болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол танилцуулах ажиллагаатай холбоотой бичлэг бүхий СиДи 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тоос 4.912.608 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ст, 587.980 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Уөд, 1.345.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Гт, 265.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Эд, 216.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Цэд, 1.420.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Гд, 1.220.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч У.Хд тус тус олгож, хэрэгт битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Д.Ганбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн хувьд 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Б.Сын зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, улмаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд буруутгагдаж 2023 оны 10 дугаар сарын 23-ны өглөөний 10 цаг орчимд өөрийн амьдарч байсан нийтийн байрнаас баривчлагдсан байдаг. /1хх 23-24, Сэжигтэй этгээдийн хулгайлсан суррон спорт дугуйтай явсан маршрут/
Шүүгдэгч Б.Т нь өөрийн үйлдсэн бусад 5 үйлдлийг өөрийн санаачилгаар илчлэн мэдээлж, зам шалгалтаар хэргийн газрыг зааж өгсөн байдаг. /1хх 88-94, Сэжигтнээс авсан мэдүүлэг 2023 оны 10 дугаар сарын 23-ны 13 цаг 05 минут, зам шалгалт 15 цаг 04 минут/
Тэрээр 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Л.Гийнд нэвтэрсэн үйлдлийг эс зөвшөөрч, харин хохирогч О.Э болон хохирогч Ц.Ц нарын гэрээс алдагдсан эд зүйлс нь хулгайлсан эд зүйлстэй тохирохгүй байгаа талаар мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн мэдүүлсээр ирсэн.
1. Хохирогч Л.Гийн зуслангийн байшингаас шуба, чемодан, үнэртэй ус, куртик зэрэг эд зүйлс хулгайлагдсан үйлдэлд холбогдолгүй болох нь:
Хохирогч Б.Сын зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлсан үйлдэлд нь холбогдуулан шүүгдэгч Б.Тын гар утсанд үзлэг хийх явцад утасны мессеж цэснээс 2 төрлийн шубны зургийг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ... байрлах Л.Гийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд буруутгадаг. /1хх 147-149/
Ингэхдээ иргэний нэхэмжлэгч гэх У.Хд 2023 оны 10 дугаар сарын 22-ны бүтэн сайн өдрийн 17 цаг 53 минутад илгээж байсан 10 ширхэг шубны зураг бүхий утсанд хийсэн үзлэгийн баримтыг хожим шүүгдэгч Б.Тын удаа дараагийн шаардлага, хүсэлтээр хавтас хэрэгт 2024 оны 7 дугаар сард мөрдөгч Ёолкоос гаргуулж хавсаргасан байдаг /3хх 157-170/.
Өөрөөр хэлбэл, 3 дугаар хавтаст хэргийн 167 дугаар талд иргэний нэхэмжлэгч У.Хтэй харилцсан мессеж зурвас байх бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн пүрэв гарагт суррон, дагалдах хэрэгслийн зургийг илгээж байсан баримт, 2023 оны 10 дугаар сарын 22-ны ням гарагт 15 цаг 53 минутаас эхлэн 19 цаг 01 минут хүртэл шубны талаар харилцан илгээсэн мессеж зурвас зэргийг хавсаргасан байдаг /3хх 167-168/.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх баримтыг хожуу хавсаргасан нь шүүгдэгчийг анхлан баривчилсан мөч буюу 2023 оны 10 дугаар сарын 23-ны өглөөний 10 цаг орчимд гэрт нь ямарваа үзлэг огт хийгээгүй, бусад 8 шубны талаар огт ажиллагаа хийгээгүй шалтгаан болсон.
Түүнчлэн, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт анхлан буцааснаас хойш дахин хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Б.Тыг анх саатуулсан нийтийн байранд үзлэг шалгалт явуулахад хохирогч Л.Гийн гэрээс хулгайлагдсан гэх шуба, куртик, үнэртэй ус, чемодан огт гарч ирээгүй, харин хохирогч Б.Сын 1 ширхэг багаж илэрсэн нь шүүгдэгчийг хохирогч Л.Гийн орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлсан гэж үзэх хангалттай нотлох баримт болж чадахгүй юм /4хх 39-41/.
Миний үйлчлүүлэгчийн зүгээс өөрийн утсанд байсан шубны зургуудыг фейсбүүк орчноос хуулбарлан авч иргэний нэхэмжлэгч гэх У.Хгээс авах ёстой мөнгөө авах санаа зорилгоор ашигласан гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны эхнээс мэдүүлсээр ирсэн байдаг.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогчийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа, мессенжер зураг зэргийг үнэлсэн байх бөгөөд таньж олуулах ажиллагаанд хулгайлагдсан гэх куртик тавигдаагүй байсан болно.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь бусад баримтаар нотлогдоогүй гэж үзэж байна.
2. Хохирогч О.Эгийн зуслангийн байшингаас 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гитар, хуйхалсан мах зэрэг эд зүйлс хулгайлагдсан үйлдэлд холбогдолгүй болох нь:
Шүүгдэгчийн хувьд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн санаачилгаар хийлгүүлсэн зам шалгалтын ажиллагаагаар хохирогч О.Эгийн зуслангийн байшинд 2023 оны 7 дугаар сард үерийн дараа нэвтэрсэн тухайгаа анхлан сайн дураараа илчлэн мэдээлсэн байдаг.
Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч О.Э цахимаар оролцсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ өөрийн зуслангийн байшин нийт 3 удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх бөгөөд хамгийн эхэнд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, дараа нь 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг хүлээн зөвшөөрдөг ба шүүгдэгчийн зүгээс үер болсны дараа тухайн байшинд нэвтэрсэн болохыг “үерийн дараа хулгай орсон” гэж мөн хүлээн зөвшөөрсөн байдаг.
Гэхдээ эхний үйлдлийг камерын бичлэгээр баталгаажуулсан гэх боловч энэ талаар шүүхэд баримт гаргаж өгөөгүй, харин шүүгдэгчийг хуралдаан эхлэхээс өмнө нэг удаа цахимаар харснаас “би таньж байна” гэж дүгнэснийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсанд гомдолтой байна.
Таньж олуулах ажиллагаа явуулах журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж бэхжүүлэх, эсхүл хэргийн газрын камерын бичлэгээс таньж олох ажиллагаа явуулах шүүгдэгчийн эрхийг хамгаалах хууль зүйн хамгаалалт юм.
Хохирогчоос 2022 онд 2 хар цүнхтэй эд зүйл хулгайлагдсан ба хэргийн газраас цусны толбо олдсон гэх боловч цагдаагийн байгууллагад огт гомдол мэдээлэл гаргаж байгаагүй гэдэг.
Мөн 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хулгайлагдсан эд зүйлсийг хохирогчоор өгсөн мэдүүлгээс зөрүүлж буюу нэмж мөнгөн аяга бусад зүйл алдагдсан, хулгайн гэмт хэргийн улмаас нийт 22.000.000 төгрөгийн эд зүйл алдагдсан хэмээн баримт нотолгоогүй мэдүүлдэг.
Шүүгдэгчээс мэдүүлсэн тухайн байрнаас хулгайлсан гэх хувцас, гутал зэргийг 2023 оны 07 дугаар сард биш 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 4 дүгээр саруудад алдагдсан, шүүгдэгч андуурч байна гэх боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд алдагдсан эд зүйлсийг хэзээ алдсан талаар оновчтой мэдүүлдэггүй.
Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Эгээс ердөө 1 удаа гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд шүүгдэгч Б.Тын мэдүүлэгтэй холбогдуулан хулгайлагдсан эд зүйлс болон хэзээ, хэдэн удаа гэмт халдлагад өртөж байсан талаар хэргийг мухарлан мэдүүлэг огт аваагүйгээс шүүхийн хэлэлцүүлгийн явцад зөрчилдөөнтэй нөхцөл байдлууд бий болсон гэж дүгнэж байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Тыг 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хулгайн гэмт хэрэгт холбогдуулан гэм буруутайд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан хохирогч О.Эгийн 1 удаагийн мэдүүлгийг дангаар үнэлэн тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм.
3. Хохирогч Ц.Цийн зуслангийн байшингаас хувцас, гутал зэрэг эд зүйлс хулгайлагдсан үйлдэлд хулгайн эд зүйл тохирохгүй байгаа талаар:
Шүүгдэгчийн хувьд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн санаачилгаар хийлгүүлсэн зам шалгалтын ажиллагаагаар хохирогч Ц.Цийн зуслангийн байшинд нэвтэрсэн тухайгаа анхлан сайн дураараа илчлэн мэдээлсэн байдаг.
Хохирогч Ц.Цээс 1 удаагийн хохирогчийн мэдүүлэг авсан байх бөгөөд мэдүүлэгт ерөнхий байдлаар хувцас, гутал алдагдсан тухайгаа өгүүлсэн байдаг.
Харин шүүгдэгчийн зүгээс тухайн айлаас ногоон өнгийн дрилл, мөнгөлөг цар хулгайлсан талаараа мэдүүлэг ч энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос дахин тодруулах мэдүүлэг огт аваагүй байдаг.
Хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа хийгдээгүйд гомдолтой байгаа болно.
4. Хохирол барагдуулах талаар:
Шүүгдэгч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагааны эхэнд өөрийн ууланд нуусан эд зүйлсийг гарган авч хохирогч нарын хохирлыг барагдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг.
Эхний удаад мөрдөн байцаагчийг байлцуулалгүйгээр өөрөө авна гэсэн бол үүнээс хойш удаа дараа хяналтын прокурор, дүүргийн ерөнхий прокурор, нийслэлийн прокурор болон цагдан хорионы шүүх хуралдаан, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд цагдаагийн байгууллагын албан хаагчийн хяналт дор нуусан эд зүйлсээ гарган хохирогч нарын хохирлыг барагдуулах хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн боловч хүсэлтийг ханган шийдвэрлээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан.
Прокурор болон шүүгчээс нуусан эд зүйл байгаа эсэх нь тодорхойгүй гэдэг үндэслэлээр татгалзаж байсан нь ямарваа баримт нотолгоогүй бөгөөд хохирогч нарын хохирлоо барагдуулж авах эрхийг хязгаарласан үйлдэл болсон гэж үзэж байна. /4хх 116-118, 152, 162-167/
5. Бусад
Шүүгдэгч Б.Т нь иргэний нэхэмжлэгч У.Хгээс худалдаалсан гэх хулгайн эд зүйлсийн төлбөр болгон ямар нэг мөнгө бэлнээр болон дансаар авч байгаагүй бөгөөд мөнгө өгсөн баримт хавтаст хэрэгт огт байхгүй байтал шүүхээс иргэний нэхэмжлэгчид 1.220.000 төгрөгийн хохирол барагдуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.
Улсын яллагчаас шүүгдэгчийг гэмт буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэх үндэслэлээр, мөн түүний хувийн байдал, зан байдал зэргийг нь өөрийн дотоод итгэлээр үнэлж 7 жил 2 сарын хугацаатай хорих ялын санал гаргасныг шүүхээс 6 жилийн хорих ялыг нээлттэй ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн болон гэм буруугийн хууль зүйн дүгнэлт гаргах шатанд шударга шүүхээр шүүлгэх, мэтгэлцэх эрхийг няцаасан үйлдэл боллоо гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэлээ.
Иймд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хавтаст хэргийг бүхэлд нь хянаж, улмаар анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 964 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 болон 7 дахь хэсэгт бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий өөрчлөлт оруулан шударга шийдвэр гаргаж өгөхийг хүсье.
Нэвтрэлттэй хулгайд 2-8 жилийн хорих ял шийтгэхээр заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.”, 3 дахь хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй.” гэж тус тус заасан. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан олон төрлийн гэмт хэрэг үйлдээгүй, зөвхөн нэг төрлийн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийнх нь хүлээн зөвшөөрч байгаа тус 6 үйлдэлд нь 6 жилийн хорих ял оногдуулна гэдэг маш хүндэдсэн. Иймд шүүгдэгчид оногдуулах ялыг бууруулж, 4 жилээс хэтрэхгүйгээр ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэв.
Шүүгдэгч Б.Т тус шүүх хуралдаанд “Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Нэмж хэлэх тайлбаргүй.” гэв
Прокурор Б.Оргилболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Тод холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болсон. Учир нь, шүүгдэгч нь урьд удаа дараа гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлж байсан боловч тэрээр нийгэмд аюултай үйлдлээ үргэлжлүүлж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар нэвтэрч бусдад нийт 17.423.088 төгрөгийн хохирол учруулсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь уг үйлдэлдээ дүгнэлт хийдэггүй, нийгэмшээгүйг харуулж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн 7 үйлдлээс хохирогч Г, Э, Ц нарын хэргийн үйлдлүүдэд маргаж оролцсон. Гтай холбоотой хэрэг 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд булган шуба, үнэртэй ус зэрэг эд зүйл алдагдсан. Дээрх хэргийн нотлох баримтуудыг дурдвал хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Гийн мэдүүлэг, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ, хулгайд алдагдсан шуба, нэхийг хохирогчид таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, шүүгдэгч Б.Тын эзэмшлийн гар утсанд үзлэг хийхэд хулгайд алдагдсан шуба, куртикны зураг түүний гар утсанд байсныг харуулсан тэмдэглэл, гэрч Хгийн Б.Тыг 2023 оны 10 дугаар сарын 22, 23-ны өдөр булган шуба, куртикны зураг явуулж худалдаж авах уу гэх санал тавьсан талаарх баримтууд байна. Дээрх хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нь хулгайлсан эд зүйлээ цахим орчинд байршуулж худалдаалдаг болох нь гэрч Х, Ганбаатар нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд уг аргаараа шуба, нэхийг гэрч Хд худалдахаар санал тавьж байсан нь тогтоогдсон. Мөн олсон мөнгөөрөө мөрийтэй тоглоом тоглож алддаг болох нь өөрийнх нь сэжигтнээр өгсөн мэдүүлгээс тодорхой харагдана. Хохирогч Эгийн тухайд, түүний гэрээс гитар, өрөөл мах алдагдсан гэдэг. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Эгийн алдсан эд зүйлсээ мэдүүлсэн мэдүүлэг, Дамно ХХК-ийн үнэлгээ, шүүгдэгчид хөрөнгийн үнэлгээг танилцуулахад танилцуулсан тэмдэглэлд “Тухайн айл руу нэвтэрсэн, гэхдээ гитар, мах аваагүй” гэж бичсэн нь хэрэгт авагдсан. Хохирогч Цийн тухайд, ботинк, жордан загварын пүүз алдагдсан гэх бөгөөд дээрх хэрэг нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Цийн мэдүүлэг, Дамно ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон. Мөн шүүгдэгч сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “Эрэгтэй 41 размерийн ботинк, соёотой жордан загварын пүүз, хоёр ширхэг цамц, өмд зэрэг эд зүйл авсан” гэсэн. Мөн шүүгдэгчид хөрөнгийн үнэлгээг танилцуулахад “Тухайн айл руу орсон, гэхдээ хувцас, гутал аваагүй” гэж тэмдэглүүлсэн нь хэрэгт авагдсан. Иймд шүүгдэгчийн 7 удаагийн үйлдлээр бусдад нийт 17.423.088 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ...тоотод байх хохирогч Б.Сын эзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч уран хөрөө /Dewalt/, дрилл /Dewalt/, тэгш ус /Dewalt/, түрэн цэнэглэгч /Dewalt/, баттерей /Dewalt/, цүнх /Багаж хийдэг дунд/, цүнх /Багаж хийдэг жижиг/, зүлгүүр, боолт тайлагч, гар чийдэн, баттерей, цэнэглэгч /Makita/, шрүф мастер /Makita/, ком /аптеркны/, цоож /Zarker/, цахилгаан дугуй /Суррон/, баттерей /Суррон дугуйны/, цэнэглэгч /Суррон дугуйны/, каск /Суррон дугуйны/, хамгаалалт /өвдөгний/, дуран /1 нүдний холын/, цэнэглэгч /андройд утасны/, татлагын шальк /ARB 4 тонн/, татлагын шальк /ARB 8 тонн/ зэргийг хулгайлж, нийт 13.908.608 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.Сын “...Миний эзэмшлийн зуслангийн байшин ...тоотод байдаг юм. 2023 оны 10 дугаар сарын 19-ний 11:00 цагийн үед хамаатны ах Н гэх хүн манай ээжээр дамжуулж утсаар яриад танай зуслангийн байшинд хулгай орсон юм шиг байна, цонхнууд нь хагарсан байсан гэсэн тул би өөрийнхөө зуслан дээр 12:00 цагийн үед очсон юм. Тэгтэл манай зуслангийн байшингийн бие засах өрөөний жижиг вакум цонх онгорхой хагалсан байдалтай, жижиг модон байшингийн цонх нь хагархай, мөн хашаанд байдаг манай хадам эгч Эын байшингийн унтлагын өрөөний цонхны төмөр хаалтыг нь эвдээд вакум цонхыг нь хагалсан шинжтэй байсан юм. Манай жижиг модон байшин дотор байсан Surron загварын цахилгаан моторт дугуй, дугуйны батарей цэнэглэгчийн хамт, дугуй унахдаа өмсдөг хамгаалалтын малгай, Dewalt загварын батарейгаар ажилладаг шрупны машин, Dewalt загварын уран хөрөө, Dewalt загварын зүлгүүр, Makita брэндийн торцовны импакт, татлагын шальк, Dewalt загварын хар шар өнгөтэй багажны цүнх, Dewalt брэндийн 20 вольтын батарей 4 ширхэг, Dewalt брэндийн батарей цэнэглэгч, Well брэндийн даралтын аппарат, 1 нүдний холын дуран, brennenstuhl загварын богино долгионы станц 2 ширхэг, утасны андройд цэнэглэгч 1 ширхэг алдагдсан байсан юм. Одоо үлдсэн барилгын ком багажууд /шинжээчийн үнэлгээнд дурдагдсан байсан/ болон Суррон дугуйны засварын зардал, хулгайч орох үед байшинд учирсан цонхны вакум шил хагарсан, гадна хашааны хаалганы жижиг цоож, цахилгааны самбарын цоож, байшингийн дотор талын хаалганы цоож зэрэг эд зүйлсийг эвдэлсэн байсан. Эдгээр эд зүйлсийг засуулсан бөгөөд би засуулсан тодорхой баримтаа гаргаж өгч нэхэмжилнэ. ...” /1хх 50-51, 53/,
иргэний нэхэмжлэгч Б.Гын “...Би Хархорин зах дээр наймаа хийдэг бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өмнө нь тэр зах дээр явж харагддаг байсан залуу нэг цахилгаан дугуй уначихсан явж байхаар нь наадахаа зарах юм уу гэж асуутал зарна аа гэж надад хэлж байхаар нь үнийг нь асуутал 3.000.000 төгрөг гэхээр нь би доошоо байна уу гэж тэр залуугаас асуутал 2.000.000 төгрөгт авбал ав гэж надад хариулахаар нь би 1.500.000 төгрөгөнд өгөх үү, байгаа боломж нь тэр байна гэж хэлтэл тоймтой хариу хэлэлгүй орой ярья гээд миний гар утасны дугаарыг аваад үлдсэн. Би тэр цахилгаан дугуйны зургийг нь авч үлдсэн ба орой нь нөхөр Эт тус дугуйны зургийг үзүүлээд ийм дугуй байна аа, авчих уу гэж ярилцаж байгаад бид хоёр авахаар шийдсэн. Тэгээд би өдөр нь тэр залуугийн мөн гар утасны дугаарыг авч үлдсэн байсан ба орой нь энэ дугаараас над руу залгаад та яасан бэ, авахаар болсон уу гэхээр нь авъя даа гэж хэлээд авахаар болоод гэрийнхээ хаягийг зааж өгсний дагуу тэр залуу ганцаараа манай гэрийн гадаа ирэхээр нь би тэр дугуйг нь шалгаж үзчихээд авахаар болоод 1.500.000 төгрөгөөр тохиролцоод 1.035.000 төгрөгийг нь “Хаан банк”-ны данс руу 1.000.000 болон 35.000 төгрөгөөр 2 хуваагаад шилжүүлээд, 65,000 төгрөгийг бэлнээр өгөөд 1,400,000 төгрөг болсон. ... Өө би буруу бодчихлоо тэгшитгээд тухайн өдөр 1.400.000 төгрөг болгоод задгай мөнгө 365,000 төгрөгөө бүхэл, задгай мөнгө нийлүүлээд өгтөл тэр залуу юун задгай мөнгө вэ гэж хэлж байсан юм. Тэгээд 100,000 төгрөгийг тэр залууд 2, 3 хоногоос өгөхөөр болсон. Маргааш өдрөөс нь эхлээд тэр залуу байн байн утасдаад 100,000 төгрөгөө нэхээд байхаар нь нөгөөдөр нь 20,000 төгрөгийг дээр дурдсан данс руу шилжүүлсэн. Тэгээд манай нөхөр нөгөөхөө уналгүй манай хүүхэд унаж байтал цагдаагийн газраас ирээд хулгайн дугуй болох талаар нь хэлэхээр нь тэр дугуйг гаргаж өгсөн. Одоо надад тэр залууд өгсөн 1,420,000 төгрөгийн хохирол учраад байна...” /1хх 72-73/,
гэрч У.Хгийн “...2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өмнө зүс таньдаг байсан залуу /өмнө нь миний утасны дугаарыг авч байсан/ над руу гар утсаар залгаад та бараа авч байгаа юм уу, фейсбүүкээ өгөөч гэхээр нь фейсбүүкээ өгөөд холбогдтол тэр залуу та бараа авч байгаа юу гэхэд би ямар бараа байгаа юм гэж лавлаж асуутал тэр залуу караокены хөгжим, дуран, виски ирж байгаа гэж хэлээд тэд нарын зургийг фейсбүүкээр үзүүлэхээр нь би хүргэлтээр авч ирээд өгчих, үзээд авъя гэж хэлтэл тэр залуу “үгүй ээ, би оройтоод байна” гэхээр нь би Гачууртаас ажил дээрээ ирж байсан тул Сансарын колонкийн автобусны буудал дээр тор залуутай уулзаад үзээд дуран, караокены хөгжим зэргийг авсан бөгөөд манай эгч 6 ширхэг виски, 2 ширхэг вино гадаадаас явуулсан, ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр залуу дурангаа 3.000.000 төгрөг, хөгжим нь 400.000-500.000 төгрөгийн үнэтэй гэж хэлэхээр нь би тэр залууд хандан байгаа нь 500.000 төгрөг байна гэтэл тэр залуу 700.000 төгрөг болгочих гээд цааш нь тэр залууд дахин хандаж чи хулгайн юм авчраад байгаа юм биш биз дээ гэтэл тэр залуу үгүй ээ, яаралтай мөнгөний хэрэг гараад зарж байгаа юм гэж хэлээд 640.000 төгрөгөөр караокены хөгжим, дуран зэргийг худалдаж авахаар тохиролцоод 580.000 төгрөгийг нь өөрийн “Хаан банк”-ны данснаас У гэх хүний данс руу шилжүүлсэн, одоо дансны дугаарыг нь тодорхой мэдэхгүй байна. ...” /1хх 75/,
иргэний нэхэмжлэгч У.Хгийн “...Би тухайн хүнээс авсан архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглээд дууссан, тэрийг би нэхэмжлэхгүй. Харин караоке болон дуранг нийт 1.220.000 төгрөгөөр авсан, би тухайн мөнгөө нэхэмжилмээр байна. Надад ямар ч мөнгө буцааж өгөөгүй. Би мөнгөө дансаараа авмаар байна. Би хулгайн эд зүйл гэж бодоогүй. Надад гадаадаас эгч маань юм явуулдаг юм гээд дандаа шинэ юм эд зүйл харуулаад байсан, тэгээд ч тэр залуу өөрөө их цэвэрхэн залуу харагдсан...” /4хх 50/,
гэрч Б.Гын “...Би Хархорин захын гарцын ойролцоо хуучин гутал хувцас зардаг ажил эрхэлдэг бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үд дунд /цагийг нь тодорхой санахгүй байна/ намайг ажил дээрээ наймаагаа эрхлээд байж байхад өмнө нь манай захаар явдаг байсан зүс хальт таних улаан өнгийн каск зүүсэн, өвдгөндөө хамгаалалттай, гол нь шар өнгийн, их бие нь хар өнгийн цахилгаан дугуй унаж над руу дөхөж ирэхээр нь би сонирхоод тэр залууг зүс хальт таних учраас наадахаа зарах юм уу гэж асуутал зарна гэж надад хариулахаар нь хэд юм гэтэл 3,000,000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь доошоо байна уу гэхэд 2.000.000 төгрөгт авбал ав гэсэн. Тэгэхээр нь би 1,500,000 төгрөг байна, өгөх үү гэж асуутал тэг тэг гэж хариултал тэр залуу орой нь танай гэрт аваад очъё гээд миний утсыг аваад үлдсэн. Тэгээд орой нь тэр залуу над руу залгаад хаана очих вэ гэхээр нь би гэрээ зааж өгтөл тэр залуу ирээд гэрийн хойд талын шороо замтай хэсэг дээр цахилгаан дугуйг үзээд өөрийн “Хаан банк”-ны данснаас У гэх хүний “Хаан банк”-ны данс руу 1.000.000 төгрөг болон 35.000 төгрөг шилжүүлж, бэлнээр 365.000 төгрөг тэр залууд өгч дугуйг худалдаж авсан. Тэгээд тэр залуу өчигдөр над руу залгаад үлдэгдэл 100.000 төгрөгөө нэхэхээр нь надад мөнгө байхгүй байсан тул байсан 20.000 төгрөгөө мөн дээр дурдсан данс руу шилжүүлээд үлдсэнийг нь даруйхан өгнө гэж хэлсэн...” /1хх 77/,
гэрч Г.Гын “...Фейсбүүк хаяг дээр эмэгтэй хүний зурагтай хаягаас гипсний хөрөө, Макитагийн импакт, батерей дрилл, зүлгүүрийн машин зэрэг эд зүйлсийн зургийг оруулаад зарна гээд пост оруулсан байхаар нь би чат бичээд эдгээр эд зүйлсээ зарах юм уу, хаана байгаа юм гэж асуутал Сансарын колонкийн ард талд байна гэж бичихээр нь би очиж авсан. Би тухайн эд зүйлсийг худалдаж авахаар уулзахдаа тэр хүнээс хулгайн эд зүйл биш биз дээ гэж асуухад биш биш миний эд зүйлс байгаа юм, хэрэглэхээ болиод зарж байна гэж хэлж байсан. Би тэр хүнийг танихгүй, фейсбүүк дээр зарна гээд зар тавьсан болохоор нь л холбогдсон, түүнээс биш ямар нэгэн харилцаа байхгүй, тухайн өдөр анх уулзсан. Би тухайн үед барилгын дотор талын засварын ажил хийх гэж байсан ба гипсний хөрөө, баттерей, дрилл хоёр нь надад хэрэг болоод би худалдаж авах шаардлагатай байсан тул тийм эд зүйлс хайж байсан юм. Тэгээд фейсбүүкээс тухайн эд зүйлсийг хараад худалдаж авахаар болсон. Би гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэж мэдээгүй, тухайн хүн надад эд зүйлсээ зарахдаа өөрөө хэрэглэж байгаад одоо хэрэглэхээ больж байгаа тул зарж байна гэж хэлсэн. Тухайн эд зүйлсийг би 2023 оны намар /хэдэн сард гэдгийг нь санахгүй байна/ Сайншандын газрын тосны үйлдвэрт ажиллаж байгаад танихгүй хүнтэй 2 хониор солиод авчихсан юм. Тухайн хүнийг би огт танихгүй тул тэр хүний талаарх ямар ч мэдээлэл байхгүй, Сайншандаас Замын үүд рүү гардаг эргэлтийн газар дээр байдаг колонкын хажууд байдаг газарт байсан хүмүүсийн л нэг нь байсан. Надад ямар нэгэн хохирол учраагүй тул би иргэний нэхэмжлэл гаргахгүй...” /4хх 52/,
Б.Тын сэжигтнээр өгсөн “...Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдлүүдийн талаар болоод би авсан эд зүйлүүдээ явуулын хүнд зарсан. Зарж олсон мөнгөө ихэвчлэн мөрийтэй тоглоом тоглоод алдсан...” /1хх 88-90/ тус тус мэдүүлгүүд,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 91-94/,
“Дамно” ХХК-ний 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /4хх 72-78/,
цонх засуулсан талаар хохирогчоос гаргаж өгсөн 715.000 төгрөгийн зарлагын баримт /1хх 59/,
иргэний нэхэмжлэгч Б.Гар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 142-144/,
яллагдагч Б.Тын гэмт хэрэг үйлдэх үедээ оршин сууж байсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхон 1-3 тоотод байрлах нийтийн байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх 37-41/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 11-18/,
Иргэний нэхэмжлэгч Б.Гантулгын эзэмшлийн “Хаан банк”-ны дансны хуулга /1хх 68/,
хохирогч Б.Ст 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 8.250.000 төгрөгийн үнэ бүхий дугуй /Суррон/, тус дугуйны цэнэглэгч, хамгаалалтын малгай, хамгаалалтын өвдгөвч 1 хосын хамт, мөн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дуран /1 нүдний холын/ буюу нийт 8.340.000 төгрөгийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн /1хх 41 ,45/ зэрэг нотлох баримтуудаар,
2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хооронд ...байрлах хохирогч Н.Цгийн эзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, Samsonite брэндийн чемодан 1 ширхэг, үйлдвэрлэгч тодорхой бус чемодан 1 ширхэг, улаан өнгийн 1 микрофонтой өөр дээрээ дэлгэцтэй зөөврийн караоке 1 ширхэг зэргийг хулгайлж, нийт 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Н.Цгийн “......байрлах зуслангийн сууцандаа хамгийн сүүлд 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр очиход ямар нэгэн хулгай орсон зүйл мэдэгдээгүй. 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мөн зуслангийн сууцанд очиход 2 давхрын унтлагын өрөөнд чемодантай хувцсыг гаргаж асгасан байдалтай 2 ширхэг чемодан нь байхгүй, нэг давхрын вакум цонх нь онгорхой байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө ээжийг манай гэрт ирээд явсан юм байх гэж ойлгоод тухай үед янзалж цэгцлээд орхисон. Тэгээд дараа нь ээжтэйгээ холбогдоод ярихад би танай зусланд очоогүй, чемодан зэрэг зүйлс аваагүй гэхээр нь зуслангийн сууцандаа дахин ирээд эд зүйлсээ нягталж үзэхэд 1 давхарт байсан 2 ширхэг зэс аяганы суурийг хутгаар нээж үзсэн байсан. Тухайн зэс аяга нь мөнгөн аягатай адил төстэй харагддаг бүрмэл. Мөн 2 чемодан алга болсон. ...” /1хх 182/ мэдүүлэг,
Зөөврийн караокег хохирогчоор таньж олуулсан тэмдэглэл /1хх 174-176/,
“Дамно” ХХК-ний 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1хх 189-192/,
хохирогч Н.Цд 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 288.000 төгрөгийн үнэ бүхий караокег хүлээлгэн өгсөн болон хохирогч нь 2 ширхэг чемоданаа нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн бичгээр гаргасан хүсэлт /1хх 177, 198/ зэрэг нотлох баримтуудаар,
2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ...тоотод байх хохирогч Б.Уийн эзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч хятад архи 1 ширхэг, Ballantines виски 1 литрийн 2 ширхэг, Baileys 1 литрийн 1 ширхэг, Jagermeister 1 литрийн 1 ширхэг, Yellow Tail red wine 2 ширхэг, Casa bella Lambrusco 2 ширхэг, Jonnie Walker виски 1 ширхэг зэргийг хулгайлж, нийт 587.980 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.Уийн “...2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дүү Э зуслангийн байранд хулгай орсон байна гэж хэлэхээр нь эхнэр Э хамт зуслангийн байшин болох ... тоотод өөрийн зуслангийн байшин дээрээ очиход цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн байсан. Урд зүг рүү харсан вакум цонхыг хагалсан байсан. Манай гэрт байсан 10 шил архи алдагдсан байсан. Хятад архи 1 ширхэг 150.000 төгрөг, Ballantines 1 литрийн 2 ширхэг виски 250.000 төгрөг, Baileys 1 литрийн 1 ширхэг 140.000 төгрөг, Jagermeister 1 литрийн 1 ширхэг 130.000 төгрөг, Yellow Tail red wine 2 ширхэг 80.000 төгрөг, Casa bella Lambrusco 2 ширхэг 70.000 төгрөг, Jonnie Walker виски 1 ширхэг 70.000 төгрөг тус тус нийт 890.000 төгрөгийн эд зүйлс алдагдсан. ...” /1хх 247-248/,
гэрч У.Хгийн “... Дараа нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тэр залуу надтай холбогдоод вискигээ авах юм уу гэж асуухаар хүргэлтээр аваад ир гэж хэлээд манай Чингэлтэй дүүрэг дэх гэрт нийт 6 шил виски, 2 шил вино авчирч өгөхөөр нь нийт 350.000 төгрөгөөр бодож өөрийн “Хаан банк”-ны данснаас 180.000 төгрөгийг нь явуулаад үлдсэн мөнгийг нь бэлнээр өгсөн. ...” /1хх 75/ тус тус мэдүүлгүүд,
“Дамно” ХХК-ний 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /2хх 1-4/ зэрэг нотлох баримтуудаар,
2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Д.Оын эзэмшлийн 2 давхар дүнзэн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч цахилгаан скүүтер хулгайлж, 650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Д.Оын “...Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны байрны баруун талд байрлах 2 давхар дүнзэн байшин нь манай лагерийн байшин бөгөөд 2023 оны 09 сараас хойш хүүхдүүдийн хичээл сургууль орсон байсан тул байнга хүнгүй байсан. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн орой иртэл манай хүүхдийн дугуй алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. 1 ширхэг, хар өнгийн, улаан канттай, нугас нь хөдөлгөөн орж эвдрээд би засаж байсан /харвал танина/ цахилгаан дугуй байхгүй байсан. ...” /1хх 217/ мэдүүлэг,
“Дамно” ХХК-ний 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “...Улаан канттай хар өнгийн цахилгаан скүүтерийг 650.000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт /1хх 221-224/,
хулгайд алдагдсан цахилгаан дугуй /скүүтер/-г хохирогчоор таньж олуулсан тэмдэглэл /1хх 210-211/,
хохирогч Д.От 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 650.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан дугуй /скүүтер/-г хүлээлгэн өгсөн болон хохирогч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн бичгээр гаргасан хүсэлт /1хх 213, 229/ зэрэг нотлох баримтуудаар,
2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ...тоотод оршин суух хохирогч Л.Гийн байшингийн цонхоор хууль бусаар, нууцаар нэвтэрч улмаар хохирогч Л.Гийн шуба, чемодан, үнэртэй ус, куртик зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 1.345.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Л.Гийн “...2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, зуслангийн байшин дээрээ ирсэн ба байшиндаа ороход эсрэг талын харанхуй өрөөний дотор байгаа юмнуудыг гаргаж шидсэн байдалтай байхаар нь би хулгай орсон байж магадгүй гэж бодсон. Мөн манай зуслангийн байшингийн 2 дугаар давхрын унтлагын өрөөний цонх хагарсан байсан. ...шүүгээн дотор байсан хар өнгийн булган шуба, хар хөх өнгийн турк нэхий дээл, ... чемодан алдагдсан байна...” /2хх 27-28/,
гэрч У.Хгийн “...Над руу мөн 10 сарын 22 билүү 23-ны өдөр тэр залуу над руу фейсбүүк чатаас 10 орчим булган шубаны зураг явуулж байсан. Тэгж чат бичихийн өмнөх өдөр нь каргогоор юм ачуулчихлаа гэж хэлж байсан бөгөөд маргааш нь над руу тийнхүү шубаны зурагнууд явуулаад ирчихлээ, эдгээр шубануудыг зарна гэж хэлж байсан. ...” /1 хх 75/ тус тус мэдүүлгүүд,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /2хх 31-34/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 19-24/,
хулгайд алдагдсан шуба, куртик /нэхий/-ийг хохирогчоор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх 40-43/,
Б.Тын эзэмшлийн Huawei загварын гар утсанд үзлэг хийхэд хулгайд алдагдсан шуба, куртикний зураг мессенжер цэсэд байсныг харуулсан тэмдэглэл /1хх 146-149/ зэрэг нотлох баримтуудаар,
2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч О.Эгийн зуслангийн байшингийн цонхоор хууль бусаар, нууцаар нэвтэрч, Ямаха брэндийн гитар, хуйхалсан хонины мах зэрэг эд зүйлсийг хулгайлж, нийт 265.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч О.Эгийн “...2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 12 цагийн үед өөрийнхөө байшинг зарах гээд хүнд үзүүлэх гээд ирсэн чинь манай байшингийн баруун талын цонхны хаалтыг эвдээд газар унагаачихсан, цонхыг түлхээд хулгай орсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс Солонгос улсаас авч байсан Ямаха брэндийн гитар 800.000 /төгрөгөөр авч байсан/, хөргөгчинд арьсыг нь хуйхалсан хонины мах байсан ба манай найз өгч байсан, хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байна. ...Би тухайн байшинг 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр зарын дагуу танихгүй хүнд зарсан, одоо ямар хүний эзэмшилд байгааг мэдэхгүй байна. ...” /2хх 93-94, 4хх 91/ мэдүүлэг,
яллагдагч Б.Тод “Дамно” ХХК-ний 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлттэй танилцуулахад түүний гаргасан “...Тухайн айл руу нэвтэрсэн, гэхдээ гитар, мах аваагүй” гэсэн тайлбар /2хх 105/,
“Дамно” ХХК-ний 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “...гитар /Yamaha/-ыг 256.000 төгрөг, мах /хуйхалсан хонины/ 9.000 төгрөг, нийт 265.000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт /2хх 99-102/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 78-84/ зэрэг нотлох баримтуудаар,
2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ... тоотод байх хүн байнга амьдрах зориулалттай зуслангийн байшингийн цонхийг онгойлгон хууль бусаар, нууцаар нэвтрэн орж хохирогч Ц.Цийн эзэмшлийн 41 размерын ботинк, Жорден загварын 41 размерын пүүз, үйлдвэрлэгч тодорхой бус цамц, 2 ширхэг өмд зэргийг хулгайлж, 216.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Ц.Цийн “...Би эхнэр хүүхдийн хамтаар С... оршин суудаг ба Сүхбаатар дүүргийн ... зуслангийн байшинтай юм. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зуслангийн байшингаа эргэж очиход хэвийн байсан ба өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 12.00 цагийн орчим зуслангийн байшиндаа иртэл байшингийн баруун урд талын цонхны салхивч нээлттэй байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байна...” /2хх 143/,
Б.Тын сэжигтнээр өгсөн “...2023 оны 8 дугаар сарын ихээр үер болсны дараа ... эцсийн автобусны буудлын хажуу талын модон дүнзэн байшингийн хойд талын цонхны хаалтыг эвдэж цонхийг нь түлхэж ороод 41 размерын ботинк, соёотой Жордон загварын пүүз, малгайтай цамц, 2 ширхэг өмд зэрэг эд зүйлс авсан...” /2хх 144-146/ тус тус мэдүүлгүүд,
“Дамно” ХХК-ний 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “...Ботинк /41 размертай/-ийг 66.000 төгрөг, пүүз /Jordan/ 84.000 төгрөг, цамц /загвар тодорхойгүй/ 180.000 төгрөг, өмд /загвар тодорхойгүй/ 48.000 төгрөг, нийт 216.000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт /2хх 152-155/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 132-136/,
яллагдагч Б.Тод “Дамно” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг танилцуулахад түүний гаргасан “...Тухайн айл руу орсон, энэ айлаас хувцас, гутал аваагүй” гэсэн тайлбар /2хх 158/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Тыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Тын нэр бүхий 7 хохирогчийн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 17.423.088 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Д.Ганбаатар “...Шүүгдэгч Б.Т нь өөрийн үйлдсэн бусад 5 үйлдлийг өөрийн санаачилгаар илчлэн мэдээлж, зам шалгалтаар хэргийн газрыг зааж өгсөн байдаг.
...хохирогч Л.Гийн зуслангийн байшингаас шуба, чемодан, үнэртэй ус, куртик зэрэг эд зүйлс хулгайлагдсан үйлдэлд холбогдолгүй, ... хохирогч О.Эгийн зуслангийн байшингаас 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гитар, хуйхалсан мах зэрэг эд зүйлс хулгайлагдсан үйлдэлд холбогдолгүй, ...хохирогч Ц.Цийн зуслангийн байшингаас хулгайлагдсан хувцас, гутал зэрэг эд зүйлс нь хулгайд алдсан эд зүйлтэй тохирохгүй байна, ... шүүгдэгч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагааны эхэнд өөрийн ууланд нуусан эд зүйлсийг гарган авч хохирогч нарын хохирлыг барагдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг, эхний удаад мөрдөн байцаагчийг байлцуулалгүйгээр өөрөө авна гэсэн бол үүнээс хойш удаа дараа хяналтын прокурор, дүүргийн ерөнхий прокурор, нийслэлийн прокурор болон цагдан хорионы шүүх хуралдаан, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд цагдаагийн байгууллагын албан хаагчийн хяналт дор нуусан эд зүйлсээ гарган хохирогч нарын хохирлыг барагдуулах хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн боловч хүсэлтийг ханган шийдвэрлээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан, ...шүүгдэгч Б.Т нь иргэний нэхэмжлэгч У.Хгээс худалдаалсан гэх хулгайн эд зүйлсийн төлбөр болгон ямар нэг мөнгө бэлнээр болон дансаар авч байгаагүй бөгөөд мөнгө өгсөн баримт хавтаст хэрэгт огт байхгүй байтал шүүхээс иргэний нэхэмжлэгчид 1.220.000 төгрөгийн хохирол барагдуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон, ... иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 болон 7 дахь хэсэгт бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий өөрчлөлт оруулан шударга шийдвэр гаргаж өгөхийг хүсье...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хэрэгт авагдсан хохирогч Л.Гийн мэдүүлэг, У.Хгийн гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Тын утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчоор шуба таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэргээс үзэхэд, шүүгдэгч Б.Тыг хохирогч Л.Гийн эд зүйлсийг хулгайлсан гэм буруутай гэж анхан шатны шүүхээс дүгнэснийг үндэслэлтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Б.Т нь хохирогч О.Э, Ц.Ц нарын зуслангийн байшинд нэвтэрсэн боловч хохирогч Ц.Цийн зуслангийн байшингаас авсан эд зүйлс тохирохгүй байгаа талаар, О.Эгийн гэрээс гитар, мах аваагүй талаар тус тус эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг танилцуулах үед тайлбар гаргажээ.
Шүүгдэгч Б.Тын хохирогч О.Э, Ц.Ц нарын зуслангийн байшинд нэвтэрсэн боловч авсан эд зүйл тохирохгүй, эд зүйл аваагүй гэсэн тайлбарыг түүний гэм бурууг няцаан үгүйсгэх үндэслэлд хамааруулан холбогдох үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймд шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.
Шүүгдэгч Б.Тын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар түүнд 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь гэм бурууд нь тохирно гэж үзэв.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Тын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 56 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/964 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Тыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Тыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 56 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР