Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 124/ШШ2026/0024

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: ............................ оршин суух, Бд овогт Н.ч;

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн улсын байцаагч Н.А нарын хооронд үүссэн шийтгэлийн хуудас хүчингүй болгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагч улсын байцаагч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага:

    1.  “Авто замын хяналтын улсын байцаагчийн 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 0057926 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргажээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Авто замын хяналтын байцаагч Н.А нь 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр иргэн С.Сгээс ирүүлсэн гомдол дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 0661881 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Н.Ч нь “...Зам, тээврийн яамнаас зөвшөөрөл авахгүйгээр улсын чанартай А18 дугаар авто замын зурвас газарт өөрийн эзэмшлийн үл хөдлөх объект руу шороон далан босгож зогсоол байгуулсан” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 150,000 /нэг зуун тавин мянга/-н төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, 01 дугаартай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгавар өгсөн байна.

2.2.  Авто замын хяналтын улсын байцаагч Н.А 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дахин иргэн С.Сгийн ирүүлсэн гомдол дагуу 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 0057926 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Н.Чд “...2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай даалгаварт заасан “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/185 дугаар тушаалаар батлагдсан “Авто замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх журам”-д заасны дагуу бичиг баримтыг бүрдүүлэн зөвшөөрөл авах” эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хугацаандаа биелүүлээгүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 50,000 /тавин мянга/-н төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.3. Улмаар, холбогдогч Н.Ч шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдлоо тус шүүхэд 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан хуулийн хугацаанд буюу шийтгэлийн хуудсыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор хандсан байх тул захиргааны хэрэг үүсгэсэн.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Гомдол гаргагч Н.Ч шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “Миний бие өөрийн эцэг Д.Нын өмчлөлийн ......... хашаанд 2013 оноос хойш хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2025 онд тухайн газрын кадастрын зураглалд багтаан дэлгүүрийн өргөтгөлийг ашиглалтад оруулсан. Увс аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуйн нэгжийн ойр орчмыг орчны өнгө үзэмжийг сайжруулах үүднээс замын огцом налуутай, доголтой хэсгээс улсын чанартай А18 кодтой авто замын дагуух налуу хэсгийг тэгшлэн шороо асгасан. Энэ үйлдэл нь Авто замын тухай хуулийн авто замын зурвас газрын ашиглалттай холбоотой заалт зөрчсөн нөхцөл байдал үүсгэж болзошгүйг тухайн үед мэдээгүй. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсээс хөрш айлын гомдлын дагуу ажлын хэсэг ирж ажилласан бөгөөд шалгалтын үр дүнгээр авто зам хариуцсан улсын байцаагчийн зүгээс “...асгасан шороон даланг налуулах, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/185 дугаар тушаалын батлагдсан журмын 4.1-д заасан баримт бичгийг бүрдүүлэх, Зам, тээврийн хөгжлийн яамнаас орц, гарц гаргах зөвшөөрөл авах гэсэн албан даалгавар өгч, торгууль оногдуулсан. Миний бие уг зөрчлийг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу өгөгдсөн үүргийг биелүүлэхээр ажилласан. Энэ хүрээнд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон аймгийн ЗДТГ-ын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсээс нийт 4 удаа ажлын хэсэг ажиллаж, албан даалгаврын биелэлтийг хангуулсан. Гэр бүлийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас материал бүрдүүлэх хугацаа бага зэрэг хойшилсон бөгөөд энэ талаар тухайн улсын байцаагчид тухай бүр тайлбарласан. Үүний дараа шаардлагатай бүх баримт материалыг бүрдүүлж, холбогдох байгууллагаар хянуулан Зам, тээврийн хөгжлийн яаманд хүсэлт гаргасан. Яамнаас нэмэлтээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон аймгийн Засаг даргын Тамгын газраас тодорхойлолт ирүүлэх шаардлага тавьсны дагуу эдгээр байгууллагаас тодорхойлолтыг авч хүргүүлсэн бөгөөд одоогоор зөвшөөрлийн хариу шийдвэрийг хүлээж байна. Гэтэл миний зүгээс өмнөх зөрчлийг арилгах талаар шаардлагатай арга хэмжээг бүрэн авч, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж, зөвшөөрлийн шийдвэрийг эрх бүхий байгууллагаас хүлээж байсан хугацаанд Зөрчлийн тухай хуулийн 15.2 зүйлийн 1,1 тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан; үндэслэлээр шийтгэл оногдуулсан. Учир нь миний зүгээс зөрчлийг арилгах ажиллагааг бодитоор хэрэгжүүлж, эрх бүхий байгууллагуудын шаардлагыг биелүүлэх бүхий л арга хэмжээг авсан бөгөөд нь эрх бүхий албан тушаалтны болон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад дахин зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь давтан зөрчил үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дахин үүсгэсэн зөрчлийн хэргийг хянаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлав.

3.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2026 оны 5 сард улсын байцаагчаас тавьсан торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зөрчлийн тухай хуульд 2025 онд өгсөн 3 хэсэг бүхий албан даалгаврын биелэлтийг биелээгүй гэж үзэж, Зөрчлийн тухай хуулиар дахин арга хэмжээ авсан. Албан даалгаварт тусгай зөвшөөрөл бүхий компаниар стандартад нийцсэн шаардлагатай зураг төслийг хийлгэх, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн Зам, тээврийн яамнаас зөвшөөрлийг авах, байгуулсан даланг буюу асгасан шороог хэлбэржүүлээд авто тээврээр зорчигчдын хөдөлгөөнд саад учруулахгүй байдалд оруулах гэсэн үүрэг бүхий албан даалгаврыг өгсөн. 1 дэх даалгаврын дагуу зураг төслийг бид оноосон хугацаанд гүйцэтгэж чадаагүй. Учир нь хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдалтай байгаа гэдгээ цаг тухай бүрд нь улсын байцаагчид миний бие өөрийн биеэр амаар болон чатаар хэлж тухай бүрд нь тайлагнаж явсан. 2025 оны 9 сарын 8-ны өдрийн дотор зураг төслөө хийлгэж амжаагүй боловч 2025 оны 10 сарын 16-ны өдөр гэхэд зураг төслөө хийлгэж дуусаж хариуцагч улсын байцаагчаар хянуулсан. 2 дахь даалгавар нь “Зам тээврийн хөгжлийн сайдын хавсралтын дагуу материалаа бүрдүүл” гэсэн ба материалд нь дээрх тусгай зөвшөөрөл бүхий компаниар хийлгэсэн зураг төсөл нь багтаад мөн эрх бүхий холбогдох байгууллагын тодорхойлолтууд, хүсэлт зэрэг материалууд бүрдүүлээд Зам тээврийн яаманд хүсэлтээ өгөх байсан. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажлын зураг хойшилсон тул энэ зөвшөөрөл нь 2026 оны 10 сарын 17-ны өдөр гэхэд дуусаад холбогдох байгууллагуудаас буюу “Увс авто замын засвар арчлалт” ТӨХК-аас, Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргаас шаардлагатай тодорхойлолтыг авч манайх хүсэлтээ болон бусад холбогдох материалуудыг нь бүрдүүлж Зам тээврийн яаманд өгсөн. Зам тээврийн яаманд бид хүсэлтээ өгсөн ч гэсэн Зам тээврийн яамнаас бидэнд тодорхой хариу ирүүлээгүй. Улсын байцаагч нь зөвшөөрөл авах албан даалгавар өгсөн ч зөвшөөрөл олгох эсэх нь биднээс хамаарахгүй, шаардлагатай бүх материалаа стандартад нийцсэн зураг төслөө бүгдийг нь бүрдүүлээд яаманд өгчихсөн байсан. Улсын чанартай авто зам дагуу орц, гарц гаргах зөвшөөрлийн эцсийн шийдвэрийг яам гаргана. Төрийн байгууллагаас хамаарах шийдвэр байхад зөвшөөрөл аваагүй гэдэг үндэслэлээр торгосон. 3 дахь даалгавар буюу тухайн шороо асгасан хэсгийг нь налуулан засаж авто машин болон явган хүн зорчиход ямар нэгэн саадгүй болгоорой гэснийг бид хугацаандаа биелүүлсэн. Гэтэл хажуу айлынхан дахин “энэ нь болохгүй байна, бидний хүсэлд нийцэхгүй байна, энэ замаар чинь хүн зорчиход түвэгтэй байна” гэсэн гомдол гаргасны дагуу дахин шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ирж ажилласан. Албан даалгаврын хугацаанд болон хугацаа дууссаны дараа ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2 удаагийн давтамжтай ажиллахад хоёуланд нь “тухайн далангаар өмнө нь автомашин болон явган зорчигч зорчиход ямар нэгэн саадгүй байна, хэн нэгний эрх ашгийг зөрчсөн зүйл алга” гэсэн дүгнэлтийг гаргасан. Улсын байцаагчаас 2025 оны 6 сард өгсөн 3 албан даалгаврын хувьд нэг нь хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хойшилсон боловч биелүүлсэн, нэг нь биднээс үл хамаарах Зам тээврийн яаманд зөвшөөрөл олгох эсэх нь эцсийн шийдвэрийг гаргагч байгууллагаас хамаарах, нөгөө нь албан даалгаврын хугацаанд гүйцэтгэсэн байхад гүйцэтгээгүй гэж үзэж албан даалгаврын биелэлтийг хангаагүй гэж дүгнэн дахин шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 10 сард зураг төслөө хийлгэж дуусаад, зургийг Н.А байцаагчид өөрт нь хянуулсан. Зураг төсөл дээр шаардлагатай өөрчлөлт оруулах, усны хоолойг нь өөр газар байрлуулах, хажуу айл руугаа заавал буулт хийх, нэмээд санхүүгийн тооцооллын гаргах техникийн шаардлагыг нь нэмж ирүүлэх гэсэн шаардлагуудыг хүлээн авч тухайн зураг төслийг зуруулсан компанитай Н.А байцаагчийг яриулж тусгайлан зөвлөгөө аваад зураг, төслөө дууссан. Холбогдох газруудаас тодорхойлолтуудаа аваад бид 2025 оны 10 сар гэхэд Зам тээврийн яам руу хүсэлтээ явуулсан. Бичиг баримттай холбоотойгоор тухайн үед процесс болгоныг Н.А байцаагчид би өөрийн биеэр хэлж байсан. Бид 2025 оны 10 сард материалаа явуулаад 2025 оны 12 сар хүртэл яамнаас ямар нэгэн бичиг ирэх болов уу гэж хүлээсэн боловч ирээгүй учраас хотод байгаа төлөөллийн хүнээ дахиж яам руу явуулсан. 2025 оны 12 сард очиход хариуцсан хүн нь байгаагүй. Дахин 2026 оны 1 сард нь очиход “...танай материалыг харсан, иргэний гомдолтой байгаа учраас танайх аймгийн Засаг даргын тамгын газраас “энэ зогсоолыг хийхэд ямар нэгэн татгалзах зүйл байгаа эсэх”, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өгсөн албан даалгаврын биелэлт гүйцэтгэл нь хангасан эсэх тодорхойлолт авч явуул” гэсэн байдаг. Энэ хүсэлтийг би Н.А байцаагчид өөрийн амаар хэлээд тэрний дараа 2026 оны 2 сард би аймгийн Засаг даргын Тамгын газрын салбарын хяналт зохицуулалтын хэлтэст бичгээр хүсэлтээ өгөөд “Энэ зургийг зуруулж зогсоолыг хийснээс болж ямар нэгэн эрсдэл үүсвэл манайх хариуцлага хүлээнэ” гэдэг агуулгатай тодорхойлолт, баталгааг бичгээр гаргаж өгч байж тодорхойлолтоо авсан. Хүсэлтээ өгсөн гэдгийг 10 сард хэлсэн. Мөн 12 сард процесс ийм явцтай явж байна бид нарт ямар нэгэн хариу өгөөгүй байна гэдэг хариултыг хэлсэн. 2 сард яаманд хүсэлтээ өгсөн. Ийм нөхцөл байдалтай байхад яаманд хүсэлтээ өгөөгүй байна гэж дүгнэж байна. Нэг талаараа манай ах хүсэлтээ өгөөгүй байгаа гэж хэлсэн гэх боловч нөгөө талаараа хариуцагч Зам тээврийн яамны эрх мэдэлд байгаа газрыг хянаж, яамны эрх мэдлийг хэрэгжүүлэгч, мөн өөрт нь удаа дараа 2-3 удаа хэлж тодорхойлолт авч процесс явагдсан байхад яагаад нэг талын мэдүүлгээр ийм дүгнэлт хийж байгаа юм бэ. Зөвшөөрөл авах хүсэлт явчихсан гэдгийг хангалттай мэдэж байсан. Үнэхээр Зам тээврийн яамны эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа хүн бол тухайн төрийн байгууллагаасаа мэдээлэл авах шаардлагатай” гэв.

3.3. Хариуцагч Н.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн иргэн Сгийн гомдлын дагуу ажиллаад нэхэмжлэгчийн хэлсэнчлэн 3 заалт бүхий албан даалгавар өгсөн. 1 дүгээрт Зам тээврийн яамнаас холбогдох зөвшөөрлийг аваарай гэдэг заалт байгаа. Тухайн үед яагаад энэ арга хэмжээ авах, хугацаа олгосон бэ гэхээр нэхэмжлэгч тал зөвшөөрөл авахгүйгээр шороон далан байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлчихсэн байсан учраас миний зүгээс зөвшөөрлөө 2025 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр гэхэд зөвшөөрлөө аваарай. Үлдсэн албан даалгаврыг тусгайлан өөрөөр буюу 2026 оны 7 сар гэхэд биелүүлэх шаардлага тавьсан. Холбогдогч зөвшөөрөл авахаас бусад хэсгийг шаардлагыг биелүүлсэн. Н.Ч нь 2025 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр гэхэд Зам тээврийн яамнаас холбогдох зөвшөөрлийг аваагүй байсан. Мөн дээрх хугацаа өнгөрсөн ч 2026 оны 4 сард дахиад иргэн С.Сгийн зүгээс “...манай хажуу талын Д.Нынх зөвшөөрөлгүй шороо буулгаж, далан байгуулснаас шороон шуурга болж элс овоорч манайх руу орох зорчих хэсэг хаагдсан асуудал үүсээд байна. Одоо хүртэл бүтэн жилийн хугацаа тойрч байхад энэ айл яагаад зөвшөөрөл авахгүй байна. бид хохирсон байхад энэ үр дагавар яагаад арилахгүй байна вэ” гэх агуулга бүхий гомдол ирсэн. Уг гомдлын дагуу хяналт шалгалтын ажил эхэлсэн. Тухайн үед яг газар дээр нь очоод шалгалт хийж мэдүүлэг авахад “...зөвшөөрлөө авсан уу, энэ хугацаанд яам руу хүсэлтээ өгсөн үү гэж асуухад “өгөөгүй ээ” гэдэг мэдүүлэг өгсөн. Энэ нь миний өмнө өгсөн албан даалгаврын нэг хэсэг “зөвшөөрлөө авах үүргийг биелүүлээгүй” буюу эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй гэдгийг нотолж байгаа юм. Энэ хүрээнд би Зам тээврийн яамнаас эдгээр иргэдээс зөвшөөрөл авах хүсэлт ирж байсан уу, хэрхэн ямар байдалтай байгаа вэ гэх зэргээр мэдээлэл авахад Н.Ч анхнаасаа зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулах ёстой байтал зөвшөөрлөө аваагүй учраас зөрчлийн үр дагаврыг арилгуулах, мөн үүнтэй холбоотой ямар нэгэн зөвшөөрлийг орон нутгаас олгож болохгүй гэдэг чиглэл ирсэн. Иймд би Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу албан тушаалтны шийдвэр биелүүлээгүй үндэслэлээр торгуулийн арга хэмжээ авсан” гэж маргаж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзэж гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Гомдол гаргагч “...эрх бүхий албан тушаалтны өгсөн албан даалгаврыг биелүүлэх зорилгоор шаардлагатай зураг төсөл боловсруулж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл хүссэн боловч зөвшөөрөл олгох асуудал төрийн байгууллагын шийдвэрээс хамаарч байсан байхад Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шийтгэл оногдуулсан” гэж,

Хариуцагч “...гомдол гаргагч нь хангалттай хугацаанд зөвшөөрөл авах талаар эрх бүхий байгууллагад хандаагүй, эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ.

3. Энэхүү маргааны гол асуудал нь Авто замын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” албан даалгаварт заасан “холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн зөвшөөрөл авах” үүргийг гомдол гаргагч биелүүлээгүй гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг дүгнэж хэргийг шийдвэрлэнэ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, гомдол гаргагч Н.Ч нь 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн албан даалгаварт заасан шороон даланг хэлбэржүүлэн авто машин болон явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүй байдалд оруулах, мэргэжлийн байгууллагаар авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шийдлийг тусгуулан зураг төсөл боловсруулах үүргийг биелүүлсэн бөгөөд энэ талаар хэргийн оролцогчдын хооронд маргаангүй.

5. Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” гээд, 1.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зохицуулжээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзвэл, эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлага нь хуульд нийцсэн байх, тухайн этгээд уг шаардлагыг биелүүлэх бодит боломжтой байсан атлаа санаатайгаар эсхүл үндэслэлгүйгээр биелүүлээгүй болох нь тогтоогдсон байх шаардлагатай.

6. Авто замын хяналтын улсын байцаагч Н.Ааас 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 0057926 дугаартай шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч Н.Чг “2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” албан даалгаварт заасан “...бичиг баримтыг бүрдүүлэн холбогдох зөвшөөрөл авах” үүргийг биелүүлээгүй гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д зааснаар торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

6.1. Учир нь, гомдол гаргагч нь зөвшөөрөл авахад шаардагдах зураг төсөл, тодорхойлолт болон бусад баримт бичгийг бүрдүүлж, эрх бүхий байгууллагаар дамжуулан Зам, тээврийн яаманд хандсан буюу зөвшөөрөл авах ажиллагааг эхлүүлж, өөрөөс шалтгаалах үүргээ хэрэгжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

6.2. Тодруулбал, “З” ХХК-аар авто зогсоолын зураг, төсөл хийлгэж 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн Увс аймаг дахь салбарт хандаж авто замын орц гарц, авто зогсоол байгуулах талаар хүсэлт гаргасан бөгөөд “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн Увс аймаг дахь салбараас уг хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 76 дугаартай албан бичгээр Зам тээврийн яаманд уламжилсан, улмаар Зам, тээврийн яамнаас 2026 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 07/275 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн байна. (хавтаст хэргийн 113-115 дугаар хуудас)

6.3. Түүнчлэн шүүхэд ирүүлсэн Зам, тээврийн яамны 2026 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 05/2790 дугаар албан бичгээр “Увс авто замын засвар, арчлалт” ТӨХК-аар уламжлуулан орц, гарц гаргах хүсэлт ирүүлсэн болохыг баталгаажуулсан нь гомдол гаргагч зөвшөөрөл авах талаар эрх бүхий байгууллагад хандаж байсан болохыг нотолж байна. (хавтаст хэргийн 110 дугаар хуудас)

7. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/185 дугаар тушаалаар баталсан “Авто замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх журам”-ын 4.1-д олон улс болон улсын чанартай авто замд орц, гарц гаргах тохиолдолд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авахаар зохицуулжээ.

Дээрх зохицуулалтаас үзэхэд, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх бүрэн эрх нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хадгалагдах бөгөөд зөвшөөрөл олгогдох эсэх нь хүсэлт гаргасан этгээдийн хүсэл зоригоос үл хамаарна.

9. Иймд эрх бүхий албан тушаалтан гомдол гаргагч “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн Увс аймаг дахь салбараар дамжуулан хүсэлтээ Зам, тээврийн яаманд уламжлагдсан талаарх нотлох баримтыг бүрэн үнэлэлгүйгээр албан даалгаврыг биелүүлээгүй гэж дүгнэж шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д заасан хуулийн шаардлагад нийцээгүй.

9.1. Мөн гомдол гаргагч зөвшөөрөл авах талаар эрх бүхий байгууллагад хандаж, өөрөөс шалтгаалах ажиллагааг хэрэгжүүлсэн байхад зөвхөн зөвшөөрөл гараагүй нөхцөл байдлыг үндэслэн эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэж үзэх боломжгүй.

9.2. Өөрөөр хэлбэл, уг хуулийн зохицуулалтын хүрээнд зөвхөн эрх бүхий албан тушаалтны шаардлагын эцсийн үр дүн биелээгүй гэх үндэслэлээр бус, тухайн этгээд өөрөөс шалтгаалах үүргээ хэрэгжүүлэхээс татгалзсан, эсхүл биелүүлэх боломжтой байсан атлаа биелүүлээгүй болох нь тогтоогдсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэнэ. Харин шаардлагыг хэрэгжүүлэхэд шаардагдах ажиллагааг эхлүүлж, өөрөөс хамаарах үүргээ биелүүлсэн боловч эцсийн шийдвэр нь өөр байгууллагын бүрэн эрхээс шалтгаалан гараагүй нөхцөлд зөвхөн зөвшөөрөл олгогдоогүй байдлыг хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

10. Иймд хариуцагчийн 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 0057926 дугаартай шийтгэлийн хуудас нь хэрэгт авагдсан нотлох баримттай нийцээгүй, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д заасан зөрчлийн шинжийг хангаагүй байх тул уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 70,200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагч Н.Чд олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтуудад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Н.Чгийн гаргасан гомдлыг хангаж, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Авто замын хяналтын улсын байцаагч Н.Аын 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 0057926 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 70,200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг гаргуулж гомдол гаргагч Н.Чд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар прокурор, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.БАТДОРЖ