Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/02188

 

 

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/02188

 

 

Төрийн банк ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/01791 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Мэнгэ булаг ХХК болон Зээлийн батлан даалтын санд холбогдох,

 

Гэрээний үүрэгт 337 005 099 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Энхбаатар,

Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Даваажав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн банк ХХК 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1090/468 тоот төслийн зээлийн гэрээг Мэнгэ булаг ХХК-ийн захирал Ц.Цэцгээтэй байгуулан 300 000 000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 7,0 хувийн хувьсах хүүтэйгээр олгосон. Мөн Зээлийн батлан даалтын сан, Төрийн банк ХХК, зээлдэгч нар гурвалсан батлан даалтын БДГ-1090/468 тоот гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр Зээлийн батлан даалтын сан нь Төрийн банкны өмнө зээлдэгчийн гүйцэтгээгүй үндсэн зээлийн үлдэгдэл өрийн жаран хувийн төлбөрийн үүрэг хүлээсэн. Зээлийн барьцаанд Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу 1/2-р байр, 48 тоот 68,92 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сэлэнгэ аймаг, Мандал сум, Түнхэл 5 дугаар баг 2-49 тоот 170 м.кв талбайтай хувийн сууц, граж, Сэлэнгэ аймаг, Мандал сум, Түнхэл 5 дугаар баг 2-49 тоот 0,13 га газар эзэмших эрх, Сэлэнгэ аймаг, Мандал сум, Түнхэл 5 дугаар багийн нутаг Эрээн дэв, 220,2 м.кв ферм, Сэлэнгэ аймаг, Мандал сум, Түнхэл 5 дугаар багийн нутаг Эрээн дэвд байршилтай газар эзэмших эрх 7 000 м.кв талбайг тус тус барьцаалсан. Зээлдэгч компани Сэлэнгэ аймаг, Зүүнхараа, Түнхэл тосгоны Эрээн дэв хэмээх газар саалийн үнээний фермерийн аж ахуй эрхлэн явуулж байхдаа буюу үл ажиллагаагаа өргөжүүлэн үнээний тоо чанарыг нэмэгдүүлэх, ОХУ-аас Семинтал үүлдрийн өндөр ашиг, үр шимтэй үнээ импортоор оруулж ирэх зорилгоор саалийн үнээний эрчимжсэн аж ахуй төсөл хэрэгжүүлэхээр Жайка байгууллагаас дэмжлэг авч Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттайгаар Төрийн банкнаас зээл авсан. Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт дутсан, тооцоолол алдсан, улс орны эдийн засгийн байдал хүндэрсэн, компанийн сахилга бат муу зэрэг олон шалтгаанаар зээл төлөгдөхгүй хугацаа хэтэрсээр 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төрийн банкны Тусгай активын алба буюу хугацаа хэтэрсэн зээлийн өр, төлбөр барагдуулдаг нэгжид шилжсэн ба өнөөдрийг хүртэлх хугацаанд 100 000 төгрөгийн төлөлтийг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хийсэн ба муу ангилалтай байна. Хариуцагч захирал Ц.Цэцгээ нь Зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрдөг боловч түүний банканд өгсөн амлалт, хугацаатай авсан үүргүүд нь биелэхгүй байна. Мөн хамтран хариуцагч Зээлийн батлан даалтын санг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар албан бичгээр мэдэгдсэн боловч гэрээний нөхцөл бүрэн биелээгүй гэсэн тайлбар хэлж биелүүлэхээс татгалздаг. Банкны зүгээс уг зээлийг төлүүлэхээр шат дараалсан арга хэмжээ авч ажиллаж байгаа боловч тодорхой үр дүн гарахгүй байна. Зээлийн батлан даалтын сангийн мэргэжилтэн, Тусгай активын албаны мэргэжилтэн нар нь зээлдэгч Мэнгэ булаг ХХК-ийн захирал, ня-бо, хуульч зэрэг ажилтнуудтай олон удаагийн давтамжтайгаар утсаар холбогдох, хаягаар очиж уулзах, дуудан биечлэн уулзах зэргээр байнга харилцсан байдаг. 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 292 419 095.86 төгрөг, хуримтлагдсан үндсэн хүүгийн үлдэгдэл 42 127 902.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 2 458 100.76 төгрөг буюу нийт 337 005 099 төгрөг байна. Иймд Мэнгэ булаг ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл 116 967 639 төгрөг, үндсэн хүүний өр 42 127 902.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 2 458 100.76 төгрөг буюу нийт 161 553 642 төгрөг, Зээлийн батлан даалтын сангаас 175 451 457 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. Зээлдэгч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны гэрээнд дурдагдсан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Мэнгэ булаг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1090/468 тоот зээлийн гэрээ, батлан даалтын БДГ-1090/468 тоот гэрээг Мэнгэ булаг ХХК нь Төрийн банк ХХК, Зээлийн батлан даалтын сантай байгуулсан. Энэхүү гэрээгээр 300 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаатай 7 хувийн хүүтэйгээр авсан ба ингэхдээ Зээлийн батлан даалтын сангаас үлдсэн зээлийн 60 хувийг батлан даалгаж дараа нь авлагаар төлөх үүрэг хүлээсэн билээ. Анхнаасаа Жайкагийн энэ төслийн зээлийг хөдөө аж ахуй, тэр дундаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө дутагдалтай аж ахуйн нэгжүүдэд олгож байсан ба барьцаа хөрөнгийн хүрэлцээ дутмаг манай мэтийн компаниудад Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргаж байсан юм. Нөхцөлөө тохирсон, шимтгэлээ төлсөн. Ц.Цэцгээ зээлийг зориулалтын дагуу зарцуулсан, хугацаандаа зээлээ төлөх хүсэл эрмэлзэл дүүрэн байсан боловч анхнаасаа тооцоо судалгаа зөрсөн ба улс орны эдийн засгийн байдал, цаг агаарын хүндрэлүүд нь нийлэн компанийг төлбөрийн чадваргүй болох хэмжээнд аваачаад байна. Компани Сэлэнгэ аймаг, Зүүнхараагийн Эрээн дэвд саалийн үнээний фермерийн аж ахуйгаа эрхлэн явуулж байгаа боловч зээлийнхээ зөрчлийг арилгах бололцоо бүрдэхгүй байна. Бидний импортолсон семинтал үүлдрийн өндөр ашиг, үр шимтэй үнээнүүд манай улсын цаг агаарын нөхцөлд бүрэн тохирч өгөөгүйгээр малын хорогдол гарсан. Сүү саалийн хэмжээ ч санасан хэмжээнд гарахгүй байна. Гэхдээ бид ирээдүйгээ өөдрөгөөр хардаг. Компани болон захирал Ц.Цэцгээ нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ эхлээд Зээлийн батлан даалтын санг гэрээнийхээ үүргийг биелүүлнэ үү хэмээн хүсэж байна. Анх гэрээ байгуулахдаа хууль, журам, гэрээгээ ч сайн ойлгоогүй явсан. Гэтэл Монгол Улсын хууль иргэн, аж ахуйн нэгжийнхээ эрх ашгийг хамгаалдаг гэдгийг уншиж ойлгоод цаашдаа хичээх ёстойгоо ойлгож авсан. Нэхэмжлэлд дурдсан үндсэн зээлийн 292 419 095.86 төгрөг, хүүгийн үлдэгдэл 42 127 902.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 458 100.76 төгрөг, нийт 337 005 099 төгрөг байгааг Мэнгэ булаг ХХК, захирал Ц.Цэцгээ хүлээн зөвшөөрч байна. Үүнээс Зээлийн батлан даалтын сангаас 60 хувь буюу 175 451 457 төгрөгийг гаргуулахыг дэмжиж байна. Бид 161 500 000 төгрөгийг төлөхөөс гадна батлан даалтын гэрээний дагуу батлан даалтын санд төлсөн мөнгийг нь график тохирон төлөх болно гэжээ.

 

Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн банкнаас Зээлийн батлан даалтын санд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Зээлийн батлан даалтын сан нь Төрийн банк болон Мэнгэ булаг ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1090/468 тоот батлан даалтын гэрээ байгуулан 300 000 000 төгрөгийн 60 хувьд батлан даалт гаргасан. Талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээнд зээлдүүлэгч буюу Төрийн банк тодорхой нөхцөл байдлыг нотолж, батлан даагчид мэдэгдсэний үндсэн дээр батлан даагчаас шаардах эрхтэй байхаар заасан. Гэрээний дараах нөхцөлүүдийг хэрэгжүүлснээр зээлдүүлэгчийн батлан даагчаас шаардах эрх үүсэхээр талууд тохиролцсон. Үүнд зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоногийн дотор багтааж, зээлдэгчээр зээл төлүүлэхтэй холбоотой бүх арга хэмжээг авах. Зээл төлүүлэх арга хэмжээг авснаа нотолсон баримтуудаа баталгаажуулж батлан даагчид хүргүүлэх. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлөх арга хэмжээг хангалттай авсан нөхцөлд зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэ гэрээний 1.4-т заасан хувиар өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлөх, зээлдүүлэгч батлан даалтын гэрээний дээрх нөхцөлүүдийг хэрэгжүүлээгүй байгаа тул зээлийн батлан даалтын сангаас шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж, талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээний 1.4-т Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь байна гэж заасан. Зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй тохиолдолд зээлийн батлан даалтын сангийн хариуцах үүргийн хэмжээг тодорхойлох боломжгүй байна. Иймд Зээлийн батлан даалтын санд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар хариуцагч Мэнгэ булаг ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 337 005 099 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, хариуцагч Зээлийн батлан даалтын сан-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Мэнгэ булаг ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу, 1/2 дугаар байрны 48 тоот хаягт байршилтай 68,92 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сэлэнгэ аймаг, Мандал сум, Түнхэл 5 дугаар баг, Түнхэл 2-49 тоот хаягт байршилтай 170 м.кв талбай бүхий хувийн сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сэлэнгэ аймаг, Мандал сум, Түнхэл 5 дугаар багийн нутаг Эрээн дэвд байршилтай 220,2 м.кв талбай бүхий фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сэлэнгэ аймаг, Мандал сум, 5 дугаар баг, Түнхэл 2-49 тоот хаягт байршилтай 0,13 га талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх, Сэлэнгэ аймаг, Мандал сум, 5 дугаар багийн нутаг, Эрээн дэвд байршилтай өвөлжөөний зориулалттай 7 000 м.кв талбай бүхий газар эзэмших эрх зэрэг үл хөдлөх эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг мэдэгдэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 842 975.5 төгрөг болон 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мэнгэ булаг ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 913 175.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/01791 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дахь заалтын "зээлдэгч Мэнгэ булаг" ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 337 005 099 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, хариуцагч Зээлийн батлан даалтын санд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч тал "Төрийн банк" ХХК давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Гомдлын шаардлага Зээлийн батлан даалтын сангаас анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон 175 451 457.60 төгрөгийг гаргуулах тухай. Төрийн банк 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1090/468 тоот төслийн зээлийн гэрээг Мэнгэ Булаг" ХХК-ийн захирал Цэрэндагва овогтой Цэцгээтэй байгуулан 300 000 000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай жилийн 7,0 хувийн хувьсах хүүтэйгээр олгосон. Мөн Зээлийн батлан даалтын сан, "Төрийн банк" ХХК, зээлдэгч "Мэнгэ булаг ХХК нар гурвалсан батлан даалтын БДГ-1090/468 тоот гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр Зээлийн батлан даалтын сан нь Төрийн банкны өмнө зээлдэгчийн гүйцэтгээгүй үндсэн зээлийн үлдэгдэл өрийн 60 хувийн төлбөрийн үүрэг хүлээсэн. /Сан 300 000 000 төгрөгийн зээлийн 60 хувь буюу 180 000 000 төгрөг дээр батлан даалт гаргаж 3 хувийн шимтгэл 5 400 000 төгрөгийг хүлээн авсан./ 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 292 419 095.86 төгрөг, хуримтлагдсан үндсэн хүүгийн үлдэгдэл 42 127 902.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 2 458 100.76 төгрөг буюу нийт 337 005 099.36 төгрөг байна. Гэрээний үүргийн дүнгийн зөрчил нийт дүнгээрээ 190 000 000 төгрөг болсон. Үүнээс хариуцагч "Мэнгэ булаг" ХХК-иас 161 553 642 төгрөг, Зээлийн батлан даалтын сангаас 175 451 457 төгрөгийг тус тус гаргуулан өгнө үү гэсэн үндсэн шаардлагыг анхан шатны шүүхэд гаргасан. Анхан шатны шүүх асуудлыг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан үйл баримтыг дутуу үнэлсэн, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дахь заалтын зээлдэгч "Мэнгэ булаг" ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 337 005 099 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, хариуцагч Зээлийн батлан даалтын санд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь анхан шатны шүүх Төрийн банканд Зээлийн батлан даалтын сангаас шаардах эрх үүсээгүй гэж үзсэн. Мөн тэргүүн ээлжинд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй гэжээ. Батлан даагч нь Иргэний хуулийн 458.1 дэх хэсэгт зааснаар батлан даалтын гэрээ байгуулах замаар зээлдэгчийг зээлээ төлж чадна гэж зээлдүүлэгчийн өмнө баталж, хэрвээ тэрээр үүргээ гүйцэтгэхгүй бол төлбөрийг хариуцах үүргийг хүлээх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан БДГ-1090/468 тоот гэрээ нь Иргэний хуулийн 459.1-д заасан хэлбэрийг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба нэхэмжлэгч "Төрийн банк" ХХК нь Иргэний хуулийн 460.2 дах хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсвэл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас зээлдэгч "Мэнгэ булаг" ХХК-ийн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн 60 хувийг шаардсан нь батлан даалтын гэрээний 1.1, 1.4, 1.6-д заасан заалтуудтай нийцсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл батлан даалтын гэрээгээр батлан даагч Зээлийн батлан даалтын сан нь үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж гэрээ байгуулан үйлчилгээний шимтгэл хураамжид "Мэнгэ булаг" ХХК-иас 5 400 000 төгрөг авч эрсдэлийг банкны өмнө хариуцах үүрэг хүлээсэн нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, шимтгэл төлсөн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон. Анхан шатны шүүх Иргэний хуульд заасан нөхөх хариуцлага гэдгийг тайлбарлахдаа Мэнгэ булаг" ХХК-иас үүргийн гүйцэтгэлийг шаардаад гүйцэтгэхгүй байгаа тохиолдолд батлан даагч Зээлийн батлан даалтын сангаас шууд шаардана гэсэн үг биш харин үүрэг гүйцэтгэгч Мэнгэ булаг" ХХК-ийн зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх талаар бүхий л арга хэмжээг авсны дараа гүйцэтгээгүй үлдсэн үүргийг Зээлийн батлан даалтын сангаас батлан даалтын гэрээнд заасан хариуцлагын хэмжээнээс хэтрүүлэхгүй хэмжээгээр шаардана гэсэн үг юм. "Төрийн банк" ХХК-нийг үндэслэлгүй шаардлага гаргасан гэж үзжээ. Улмаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээ авсны дараагаар гүйцэтгэгдээгүй үлдсэн үүргийг Зээлийн батлан даалтын сангаас шаардах эрх нь нээлттэй гэж үндэслэсэн. Хариуцагч нэг тал буюу Зээлийн батлан даалтын сан нь батлан даалтын гэрээний 1.6-д зээлдүүлэгч "Төрийн банк" ХХК нь өөрийн журам зааврын хүрээнд хангалттай арга хэмжээ авсан байх ёстой гэж заасан гэтэл банк хангалттай арга хэмжээ аваагүйгээс сангийн хариуцах хэмжээ тодорхойгүй байна хэмээн тайлбар өгч мэтгэлцээнд оролцсон боловч өөрийн гаргасан татгалзлыг шүүхэд нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан, үгүйсгэсэн баримтыг огт гаргаагүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.6-д зааснаар зээлдэгч "Мэнгэ булаг" ХХК нь гэрээний үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсний дараа шаардлага гаргасан, зээл төлүүлэх арга хэмжээ авч барьцаа хөрөнгийг зарах тухай зарыг сонинд нийтлүүлсэн, зээлдэгчтэй уулзсан уулзалтын тэмдэглэлүүд, зээл төлөх тухай мэдэгдлүүд албан тоотууд илгээгдэж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Ийм учраас "Төрийн банк" ХХК нь батлан даалтын гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдлийн 60 хувьтай тэнцэх хэмжээний үүргийг гүйцэтгэхийг Зээлийн батлан даалтын сангаас шаардах эрхтэй гэж үзэж байна. Зөвхөн зээлийн гэрээний үүргээс гадна зээлдэгчийн хувийн байдал, бизнес үйл ажиллагаа, зах зээлийн нөхцөл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн өсөлтийг зогсоох, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах боломжийг нээх үүднээс Төрийн банк шүүхээр асуудлыг шийдүүлэхээр хандсан. Мөн гурвалсан гэрээ ёсоор барьцаа хөрөнгийн үлдэх хэсгийг санд шилжүүлэх үүргийг банк хүлээж байгаа ба зээлдэгчийн Зээлийн батлан даалтын сангийн өмнө хүлээх хариуцлага хэвээр юм. /Батлан даалтын гэрээний 3.2.8, 3.2.9, 4.2.1, 4.2.3/ Банкны батлан даалт бол барьцааны нэг хэлбэр гэж үзэж байгаа ба үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргуудын нэг гэж төр хуульчилсан. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д заасан "нөхөх хариуцлага" гэдэгт гүйцэтгээгүй үүргийг батлан даагч үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс бүрэн нөхөн гүйцэтгэх хариуцлага хүлээхийг хэлнэ. Иргэний хуулийн 460.4-т "батлан даагч гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ" гэдэгт төлбөрийн дүнг тодорхой заасан тохиолдолд хариуцлага хүлээхийг ойлгоно гэсэн тайлбарыг Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор тогтоосон байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харвал хариуцагч "Мэнгэ булаг" ХХК нь зээл авсан, Зээлийн батлан даалтын сан батлан даалт гаргасан нь харагддаг ба анхан шатны шүүх нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар зэргийг дутуу, буруу үнэлж холбогдох хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа юм. Мөн Зээлийн батлан даалтын сан гэдэг байгууллага хэрхэн, ямар зорилгоор байгуулагдсан, яагаад энэ санд зориулж Төрийн хууль батлагдах болов зэрэг асуудлыг ор тас орхигдуулсан. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/01791 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дахь заалтад өөрчлөлт оруулж уг шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон 175 451 457 төгрөгийг хариуцагч 3ээлийн батлан даалтын сангаас, "Мэнгэ булаг" ХХК-иас 161 553 642 төгрөгийг гаргуулж Төрийн банк ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч Мэнгэ булаг ХХК болон Зээлийн батлан даалтын санд холбогдуулан гэрээний үүрэгт нийт 337 005 099 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч Мэнгэ булаг ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1090/468 тоот зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр Төрийн банк ХХК нь 300 000 000 төгрөгийг, жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай Мэнгэ булаг ХХК-д зээлдүүлсэн байх бөгөөд зээлийн барьцаанд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Түүнчлэн нэхэмжлэгч Төрийн банк ХХК, хариуцагч Мэнгэ булаг ХХК нь хариуцагч Зээлийн батлан даалтын сантай 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1090/468 тоот батлан даалтын гэрээг тус тус байгуулсан нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 9-16 дугаар тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн боловч батлан даалтын гэрээний дагуу үүссэн үүргийн талаарх гэрээний болон хуулийн заалтыг буруу тайлбарлаж, хариуцагч Зээлийн батлан даалтын санд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний дагуу хариуцагч Мэнгэ булаг ХХК-иас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 161 553 642 төгрөгийг, батлан даалтын гэрээний дагуу хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас 175 451 457 төгрөгийг тус тус гаргуулна гэж тодорхойлсноос үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагч тус бүрээс шаардсан шаардлага тодорхой тул, энэхүү шаардлагын хүрээнд нэхэмжлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт нийцнэ.

 

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дах хэсэгт Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй,

Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах үйл ажиллагааг явуулна гэж тус тус заасан байна гэж,

 

Талуудын байгуулсан батлан даалтын гэрээний 1.4 дэх хэсэгт Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь байна,

3 дугаар зүйлийн 3.1.2-т Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг өөрийн журам зааврын хүрээнд хангалттай авсан нөхцөлд батлан даасан хувиар уг үүргийн биелэлтийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж тус тус заасан байна. Гэрээний уг заалтыг гэрээний бусад заалт, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд заасан болон сангийн зорилго зэрэгт холбон Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дах хэсэгт зааснаар тайлбарлавал зээлийн үүргийн төлөгдөөгүй хэсгээр зөвхөн нөхөх хариуцлага хүлээх бус харин үндсэн зээлийн 60 хувиар хариуцахаар тохиролцсон гэж үзэхээр байна.

 

Гэрээний дээрх заалтад 90 хоногийн хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгч байгууллагын зүгээс зээлдэгч Мэнгэ булаг ХХК-д шаардлагаа удаа дараа хүргүүлж, улмаар гэрээ цуцлагдсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул батлан даагч Зээлийн батлан даалтын сангийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэг бий болжээ. /хх-ийн 28-31 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зээлдэгч болон батлан даагчийн санд холбогдуулан шаардлага гаргах эрхтэй тул хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас үндсэн зээлийн үлдэгдэл 292 419 095,86 төгрөгийн 60 хувь болох 175 451 457 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч, хариуцагч Мэнгэ булаг ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 161 553 642 төгрөгийг, хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас батлан даалтын гэрээний дагуу 175 451 457 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгуулах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон,

 

ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/01791 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Мэнгэ булаг ХХК-иас 161 553 642 төгрөгийг, хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас 175 451 457 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай гэж,

3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 913 176 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Мэнгэ булаг ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 956 588 төгрөг, хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас 956 588 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 913 175.5 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

Г.ДАВААДОРЖ