| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2403003530500 |
| Дугаар | 2024/ДШМ/1286 |
| Огноо | 2024-12-03 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2024/ДШМ/1286
Т.Н-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ганцэцэг,
шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Б.Намнансүрэн,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/679 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Намнансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.Н-т холбогдох эрүүгийн 2403003530500 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
М овгийн Т-ын Н /РД: /, ....... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Н- нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Өлзийт хорооллын замд 20... оны ... дугаар сарын ...-ны шөнө 21 цаг 45 минутын үед Toyota prius загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн: “...1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон...”, 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно..., 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ш.Я-ыг мөргөсний улмаас түүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Т.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М овогт Т-ын Н-ыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 10 хоног хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар 98,999,950 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х овогт Н-ны Н-д нөхөн төлүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс үлдсэн 8,764,740 төгрөгийн шаардлыг хангахгүй орхиж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD гурван ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Намнансүрэн давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан: Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар:
Нэг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Тухайн осол хэрэг гарахад явган зорчигч /амь хохирогч/ нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглосон заалтыг зөрчсөн зохих буруутай байна Амь хохирогч Ш.Я нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, хүнд зэргийн согтолттой үедээ гарцгүй газраар зам хөндлөн гарахдаа ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрөөлгүй шууд замын зорчих хэсгээр зам хөндлөн гарч автомашинд мөргүүлж, хохирлын хэмжээг нэмэгдэхэд түүний хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн байхад шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан хуулийн заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна.
Хоёр. Хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Т.Н нь гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлоо бүрэн нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсээр байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасан заалтыг хэрэглэх боломжтой байхад хэрэглээгүйд гомдолтой байна.
Иймд гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар багасгах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг хэрэглэх, шүүгдэгч Т.Н нь “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д ажилладаг бөгөөд ажлын зайлшгүй шаардлагаар хамрах хүрээ нь Улаанбаатар хотын бүх дүүргийн хэмжээнд явж ажилладаг тул зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Намнансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Тэнсэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хоёр хувааж бэлнээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-д бүрэн төлж барагдуулсан. Хамгийн сүүлийхийг өчигдөр бүрэн төлж дуусгасан. Н.Н иргэний үнэмлэхээ хувилж, ийм бичиг хийж өгсөн. ...” гэв.
Прокурор Ц.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь тухайн гэмт хэргийн зүйлчлэл, нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршигт тохирсон гэж прокуророос үзэж байгаа. Хохирогч талаас шүүхийн шатанд нийт 23,686,690 төгрөг нэхэмжилснээс баримтгүй төлбөрүүдийг хасаж, 13,472,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн. Анхан шатны шүүхээс сэтгэл санааны хохиролд 99.000.000 төгрөг гаргуулж, илүү төлсөн 1,450,000 төгрөгийг хасаж, 98,999,950 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт 98,999,950 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн баримтаа гаргаж өгсөн бол ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөл байдал байсан боловч баримт байхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Т.Н-т холбогдох 2403003530500 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарлаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн зөрчилгүй байна.
1. Т.Н- нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Өлзийт хорооллын замд 20... оны ... дугаар сарын ...-ны шөнө 21 цаг 45 минутын үед Toyota prius загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “...1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон...”, 12.4. “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно...”, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ш.Я-ыг мөргөсний улмаас түүний амь нас хохирсон болох нь:
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 5-6, 11-15, 17-29/,
зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-ийн 7-8, 9-10, 16/,
камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 42-43/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-ийн: “...2024 оны 6 дугаар сарын 3-ны өглөө 08:00 цагийн үед өөрийн төрсөн эцэг болох Н нь өөрийн дугаараас залгаж энэ ослын талаар мэдэгдсэн. Хүн амьтантай хэрэлдэж муудалцаад байдаггүй, олон хүний хайр татсан хүн байсан. Уламжлалт баяр наадмын үеэр тааруулаад найз нөхдийн хамт хэрэглэдэг байсан. Тухайн замыг бол сайн мэддэг байсан. Тухайн хэсгээр байнга гардаг. Гэрийн ойролцоо дэлгүүр байхгүй учраас хойд талд байрлах “Е” дэлгүүр рүү байнга явдаг. ...” /1-р хх-ийн 59/,
гэрч Л.Н-ы: “...Гэр бүлийн хүн болох Ш.Я- нь хааяа найз нөхдийн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэнэ. Тухайн өдөр би өглөө нь ажилтай байсан учраас гэрээсээ гарсан. Тэгэхэд миний хань гэртээ үлдсэн. ...” /1-р хх-ийн 87/,
Т.Н-ын яллагдагчаар өгсөн: “...Амь хохирогчийн зам хөндлөн гарч ирэх нь харагдаагүй, замын хажуугаас гэнэт гарч ирсэн. Сүүдэгнээд ороод ирсэн. Тэгээд тоормослоод, дараад зогссон. Тоормос гишгээд зүүн гар тийшээ дараад бүх зүйл зэрэг болсон. ...” /2-р хх-ийн 40/,
Нийслэлийн шинжилгээний газрын 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2053 дугаартай: “...1. Талийгаач Ш.Я-ын цогцост их тархины тал бөмбөлөг, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зулай, зүүн чамархайн хуйханд цус хуралт, хүзүүний 1-р нугалмын бүрэн мултарсан хугарал, булчинд цус хуралт, баруун 2,3,4-р хавирганы шууд биш хугарал, голтын цус хуралт, баруун уушгины угийн няцрал, цээжний баруун гялтангийн цус хуралт, баруун уушгины угийн няцрал, цээжний баруун гялтангийн цус хуралт, зүүн бөөрний урагдал, язрал, өөхөн эслэгт цус хуралт, элэгний 7-р сигментийн урагдал, саран холбоос дагуух цус хуралт, баруун богтос ясны толгой хэсгийн далд хугарал, булчингийн цус хуралт, зүүн богтос ясны ил хугарал, булчингийн цус хуралт, дух, зүүн зулайн хууларсан шарх, зүүн чамархайн хуйх, баруун сарвуунд язарсан шарх, нүүр, цээж, хэвлий, нуруу, өгзөг, баруун өвдөг, зүүн гуя, өвдөг, шилбэнд зулгаралтууд, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед мөргөгдөх, дайрагдах үед үүсгэгдэх боломжтой.
3. 6. Талийгаач нь дээрх хавсарсан олон гэмтлүүдийн улмаас нас баржээ.
4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Талийгчийн нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.
6. 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 01 цаг 31 минутад хийсэн цогцсын гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 6-7 цаг болсон байна.
7. Талийгаач нь 4-р бүлгийн цустай байна. ...” /1-р хх-ийн 168-175/,
2024 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 1939 дугаартай: “...1. Шинжилгээнд ирүүлсэн задгай энгэртэй улаан өнгийн цамцанд 80 мм хэмжээтэй, татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт, хар өнгийн футболконд 40х30мм, 15х7мм хэмжээтэй, хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гогодолт байна. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна. ...” /1-р хх-ийн 129-134/,
2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 3384 дугаартай: “...1. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогчийн өмсөж явсан гэх цамц, футболка, хөхний даруулга, дотоож дээр цус илэрсэн, гутлын гадна талд цусны ул мөр илэрсэн болно.
2. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн цамц, футболка, хөхний даруулга дээр илэрсэн цус нь хүний цус байна. ...” / 1-р хх-ийн 137-139/,
2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 3383 дугаартай: “...1. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн ноосон цамц, улаан өнгийн дотуур хувцас, хар өнгийн өмд, бор шаргал өнгийн оймс, хар өнгийн пүүз, ягаан өнгийн хөхний даруулга, цагаан шигтгээтэй хар футболк зэргээс шатах тослох материалын агуулга илрээгүй. ...” /1-р хх-ийн 145-147/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газар Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Цахим технологийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 2031 дугаартай: “...1.Шинжилгээнд“0-02-08d75512139с19d89а8b3778d62e71dа09е2391 493754а се7001b92788ef33f аd3_ас79d12bс041713f гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн /title/ цагаар 2024-06-02 21:29:30 секундээс 2024-06-02 21:29:34 секундийн хоорондох дүрслэгдсэн тээврийн хэрэгсэл нь “1” - “3” гэсэн цэгийн хоорондох метр зайг ойролцоогоор /77.6699 - 87.37/ км/цаг хурдтайгаар туулсан гэж тооцоологдож байна. ...” /1-р хх-ийн 157-163/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургууд,
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1249 дугаартай: “...1. Тоуоtа маркийн Prius-41 загварын 0000 ААА улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
2. Салхины шил цөмөрч хагарсан, урд копут хонхойсон онгойхгүй, урд буфер хагарсан, улсын дугаарын гэрэл асахгүй, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 57500сd зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 6800сd баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 55000 сd баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 6200сd /стандарт нь 10000-225000сd/ байгаа нь ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй байна.
3. Тоуоtа маркийн Prius-41 загварын 0000 ААА улсын дугаартай автомашин нь энгийн шингэн дамжуулгат АВS тоормосны системтэй байна.
4. Тус тээврийн хэрэгслийн тоормосны систем хэвийн боловч АВЗ систем ажиллахгүй байна. Тухайн АВS систем хэзээ эвдрэл гэмтэл учирсныг тогтоох боломжгүй байна.
5. Тоуоtа маркийн Prius-41 загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2022, 2023 онд оношилгоонд орж тэнцсэн, 2024 онд ороогүй байна.
5. Оношилгооны хугацаа 2024-05-03-нд дууссан байна.
6. Асуултад дурдаагүй боловч шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй байна. ... “ гэсэн техникийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /1-р хх-ийн 196-204/,
Тээврийн Цагдаагийн албаны 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1240 дугаартай: “...1. Амь хохирогч Ш.Я нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
2. Жолооч Т.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3. “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон...”, 12.4. “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно...”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан байх үндэслэлтэй байна.
3. Магадалгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.
4. Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Б би, магадалгаа гаргаж буй чиглэлээр тусгай мэдлэг эзэмшсэн болохыг баталж гэрчилгээ баримт бичгийг магадалгаанд хавсаргав. ...” гэсэн мөрдөгчийн магадалгаа /1-р хх-ийн 207-209/,
Цаг уур, орчны шинжилгээний газрын 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 01/582 дугаартай: “2024 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Өлзийт орчмоор агаарын температур шөнөдөө +10 градус, өдөртөө +23 градус дулаан, салхи секундэд 5-7 метр, өдөртөө бага зэргийн аадар бороо орж, борооны хэмжээ 0.0 мм, нар өглөө 04.56 минутад мандаж, орой 20:44 минутад жаргасан болохыг Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Улаанбаатар хотын “Өлзийт” харуулын бодит ажиглалтын мэдээнд үндэслэн тодорхойлов.” гэсэн албан бичиг /1-р хх-ийн 225/,
Цагдаагийн ерөнхий газар Бүртгэл хяналтын төвийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 24-1/2250 дугаартай “...М овогт Т-ын Н /РД: /-ын мэдээллийг Жолоочийн бүртгэлийн сан /dls.роlice.gov/-д шүүхэд жолоодох эрхийн хүчинтэй байх хугацааг сунгуулахаар 2024 оны 6 дугаар сарын 11-нии өдөр төрийн үйлчилгээний “И-Монгол” системээр захиалсан бөгөөд тус төвөөс 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр мэдээллийг бүртгэж, баталгаажуулсан байна.” гэсэн албан бичиг /1-р хх-ийн 229-231/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-ээс гаргасан амь хохирогчийг оршуулахтай холбоотой гаргасан зардлын тооцоо, баримтууд /1-р хх-ийн 233-238/,
2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Ч22031436 дугаартай түрээслүүлэгч Г.Г, түрээслэгч О.Н нарын хооронд байгуулсан “Автомашины лизинг /санхүүгийн түрээс/-ийн гэрээ” /1-р хх-ийн 73-74/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
2. Шүүгдэгч Т.Н-ын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж, зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ш.Я-ыг мөргөж амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 3 дахь хэсэгт заасан “...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн Т.Н-ын үйлдсэн хэргийг зүйлчилж, ял оногдуулсан байна.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан. Шүүх Т.Н-ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээг харгалзан тус зүйл хэсэгт заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 жилийн хугацаагаар оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 10 хоногийн хугацаагаар хассан нь хуульд нийцсэн байна.
Түүний зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх нутаг дэвсгэрийн хэмжээг Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Намнансүрэнгийн “...зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н нь “...Н.Н надад тогтоож өгсөн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд цаашид гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй тул Т.Н-т хөнгөн ял шийтгэж өгнө үү. ...” гэсэн хүсэлт гаргасныг давж заалдах шатны шүүх харгалзан анхан шатны шүүхээс Т.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан гурван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг жил зургаан сарын хугацаагаар болгон хөнгөрүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/679 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...3 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял...” гэснийг “...1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-ын хугацаагаар Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ