Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02563

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02563

 

 

Т Г.Ядамсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 7ы өдрийн 101/ШШ2017/02499 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Ядамсүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч  Сондуулт Эг ХХК, И.Отгонбаяр, Х.Эрдэнэтуяа нарт  холбогдох

Гэм хорын хохирол, хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн төлбөрт 61 065 897 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Сондуулт Эг ХХК-ийн захирал Х.Эрдэнэтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Г.Ядамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч миний бие Сондуулт Эг ХХК-д ажиллаж байхдаа буюу 2012 оны 8 дугаар сарын 5-ны өдөр тус компанийн Дорноговь аймаг дахь барилгын ажлын заслын ажлыг гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн осолд орсон ба үүний улмаас гавлын ясандаа хүнд зэргийн гэмтэл авч хөдөлмөрийн чадвараа 51-70 хувь алдсан. Сондуулт Эг ХХК-ийн захирал Х.Эрдэнэтуяа, И.Отгонбаяр нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ба хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр Дорноговь аймгийн прокурорын газрын прокурорын 2013 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 5/123 тоот тогтоолоор тэдэнд холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-т заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгосон. Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Болор-Эрдэнийн 381 дүгээр дүгнэлтэд амь насанд аюултай шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж дүгнэсэн. Миний хувьд 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвар 70 хувь алдалттай, 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвар 65 хувь алдалттай, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвар 65 хувь алдалттай, 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувь, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувь, 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувь тус тус алдсан маань Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар тогтоогдсон. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан. Миний хувьд Сондуулт Эг ХХК-ийн ажлыг гүйцэтгэсэн тул өөрт учирсан хохирлоо тус компаниас нэхэмжилж байгаа ба иргэн Х.Эрдэнэтуяа, И.Отгонбаяр нараас татгалзаж энэ талаарх тайлбараа шүүхэд гаргаж өгсөн. Иймд үйлдвэрлэлийн осолд орсны улмаас эмчлүүлсэн эмчилгээний зардал 4 091 206 төгрөг, 2012 оны 10 дугаар сараас 2017 оны 6 дугаар сар хүртэл нийт 57 сараар ажилгүй байсан хугацааг тооцож мөн сарын дундаж цалинг 2012 оны 7, 8, 9 дүгээр саруудад Сондуулт Эг ХХК-иас Л.Март болон Г.Ядамсүрэн бидэнд олгосон нийт 6 520 000 төгрөгийн цалингийн дунджаар буюу сарын цалинг 1 086 666 төгрөгөөр тооцож тус хугацаанд авсан хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж 9 652 765 төгрөгийг хасч зөрүү дутуу авсан цалин нийт 52 287 197 төгрөг, Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т ... хөдөлмөрийн чадвар 51-70 хувь алдсан бол 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 ба түүнээс дээш удаа гэж заасныг үндэслэн 2012 оны 7, 8, 9 дүгээр саруудад Сондуулт Эг ХХК-иас олгосон цалингийн дундаж 1 086 666 төгрөгөөр тооцон 9 сараар үржүүлж үйлдвэрлэлийн осолд орсны хохирлын нөхөн төлбөр 9 779 994 төгрөг, нийт 66 158 397 төгрөгөөөс Сондуулт Эг ХХК-ийн өгсөн 5 092 500 төгрөгийг хасч үлдэх 61 065 897 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сондуулт Эг ХХК-ийн захирал Х.Эрдэнэтуяа шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.Ядамсүрэн нь анх н.Мартын бригадын гишүүн бөгөөд тухайн бригад нь Дорноговь аймагт баригдсан Соёмбо барилгын туслан гүйцэтгэгчээр барилгын заслын ажлыг хийсэн бөгөөд Сондуулт Эг ХХК-д байнгын ажлын байранд ажиллаж байгаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан. Нэхэмжлэгч нь өөрт учирсан гэмтлийн хохирлыг н.Мартаас нэхэмжлэх нь зүйтэй. Хөдөлмөрийн ажиллагааны аюулгүй байдлыг бригадын ахлагч нь хариуцах ёстойг өмнө нь хариуцагч компанийн зүгээс удаа дараа мэдэгдэж ирсэн хэдий ч эмчилгээ хийлгэх хугацаанд нь эмчилгээний зардал болон бусад төлбөрийг төлж, тусламж дэмжлэг үзүүлж 9 000 000 орчим төгрөгийг бэлэн болон дансаар шилжүүлэн өгсөн. Түүнчлэн Г.Ядамсүрэнгийн олох байсан орлогоо хэрхэн тодорхойлж байгаа нь эргэлзээтэй байна. Байнгын ажлын байранд нийгмийн даатгалын дэвтэр болон хөдөлмөрийн гэрээг үндэслэн олох ёстой байсан орлогыг тодорхойлж болно. Эмчилгээний зардлын хувьд нөхөн сэргээхтэй холбоотой зардал нэхэмжилж байгаа нь хэрхэн нотлогдож байгааг харгалзан үзэх, ямар зардал гарсан гэдгийг сайн тодруулах шаардлагатай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Х.Эрдэнэтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сондуулт Эг ХХК нь барилгын ажлын гүйцэтгэлд харилцан тохиролцож барилгын бригад авч ажиллуулсан бөгөөд тухайн бригадын ажилчин Г.Ядамсүрэн нь барилгын талбайд ажил гүйцэтгэж байхдаа унаж бэртсэн байсан. Г.Ядамсүрэнг барилгын талбайд унаж бэртсэний дараагаар компанийн зүгээс тухайн үед холбогдох газарт нь мэдэгдэж арга хэмжээ авч, шаардлагатай эмчилгээний төлбөрийг төлөн хийлгэж, унаа зардлын төлбөрийг бүрэн төлж барагдуулж, өөр бусад гарсан зардлыг сайн дураараа зарцуулсан баримтийг нэхэхгүйгээр төлж хохиролгүй болгосон. Өнөөдөр үндэслэлгүйгээр баримт бүрдүүлэн мөнгө нэхэмжилж байна хэмээн үзэж холбогдох эмч, эмнэлгийн үйл ажиллагааг шалгуулах, шаардлагатай эмчилгээг хийсэн эсэхийг тогтоолгох арга хэмжээг авсны дараагаар уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Сондуулт Эг ХХК нь барилгын бригадтай тохиролцсоны дагуу ажлын хөлсийг бүрэн төлж барагдуулж, ажлаа хүлээж авсан. Тиймээс Г.Ядамсүрэнгийн нэхэмжилж буй ажлын хөлс 10 550 000 төгрөг, 12 сарын цалин 15 712 000 төгрөг, эм тарианы зардал 7 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч И.Отгонбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:

Г.Ядамсүрэн нь Сондуулт Эг ХХК-ийн барьж буй барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэж байхдаа унаж бэртсэн эмчилгээний зардлыг хариуцахгүй. Г.Ядамсүрэнг бэртсэний дараагаар компаний зүгээс эмчилгээ, замын бүх зардлыг дааж, улмаар бусад зардалд нийт 8 300 000 орчим төгрөгийг ямар нэгэн баримтгүйгээр өөрт нь бэлнээр, дансаар шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэлд дурдсан гэм хорыг иргэн И.Отгонбаяр миний бие хариуцах субьект биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 49дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сондуулт Эг ХХК-иас 3 091 206 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ядамсүрэнд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 57 974 691 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.Ядамсүрэн нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Сондуулт Эг ХХК-иас  64 410 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Г.Ядамсүрэн нь хариуцагч Х.Эрдэнэтуяа, И.Отгонбаяр нараас татгалзсан болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Сондуулт Эг ХХК-ийн захирал Х.Эрдэнэтуяа давж заалдах гомдолдоо:

... Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргайн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01135 шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1396 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Гэтэл шүүхийн магадлалын "хянавал" хэсэгт дурдагдсан асуудлаар ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй, хэргийн материалд байгаа нотлох баримтад өөрчлөлт ороогүй байхад Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 101/ШШ12017/02499 шийдвэр нь тухайн нотлох баримтуудад үндэслэн гарч байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "нэхэмжлэгч Г.Ядамсүрэн нь хариуцагч "Сондуулт Эг" ХХК-ийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх явцдаа тус байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас өндрөөс унаж бие махбодид нь хүнд гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул түүнд эмчилгээний зардлыг олгох үндэслэлтэй ба эмчилгээний зардал 4 091 206 төгрөгөөс хариуцагч талын урьд өмнө өгсөн чихний аппараты үнэ 1 000 000 төгрөгийг хасч 3 091 206 төгрөгийг хариуцагч "Сондуулт Эг" ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Г.Ядамсүрэнд олгох үндэслэлтэй гэж үзэв" гэжээ. Гэтэл 396 дугаар магадлалын хянавал хэсэгт "хэрэгт авагдсан 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримт нь эх хувь буюу эсхүл нотарнатаар гэрчлүүлсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь мөн хуулийн 116 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчжээ гэснээс үзэхэд шүүхийн шийдвэрүүдийн дүгнэлт өөр хоорондоо зөрүүтэй гэх үндэслэлтэй байна. Хэрэгт авагдсан Дорноговь аймгийн прокурорын газрын албан ёсны хуулбар үнэн тэмдэг дарагдсан, мөн тухайн тогтоол гарах үеийн эмчилгээний зардал, хохирол бүрэн төлөгдсөн байгааг тодорхойлсон баримт хавсрагдсан байтал шүүхээс нотлох баримтуудын цаг хугацааны дараалал болох ач холбогдол, харилцан хамаарлыг харьцуулан үнэлээгүй. Хариуцагч талаас гаргаж буй тухайн барилгын заслын ажлыг гүйцэтгүүлэхээр барилгачин, засалчин н.Марттай харилцан тохиролцсон, Г.Ядамсүрэнтэй ямар ч гэрээ, хэлцэл хийгдээгүй, Г.Ядамсүрэн нь гэр бүлийн гишүүний хувиар очсон байсан. Тухайн компанийн зөвшөөрөл, мэдэгдэлгүйгээр н.Мартын ажлыг өөрөө дур мэдэн гүйцэтгэсэн байснаас учирсан гэмтэл байгааг л тодорхойлж өгсөн. Тухайн асуудал цагдаагийи байгууллагад шалгагдаж байх хугацаанд, шүүхийн шатанд уг асуудлыг тайлбарлаж холбогдох баримтыг гаргуулж өгсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс асуудлыг үгүйсгээгүй, бусад баримтыг огт гаргаж өгөөгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байгаа боловч нэхэмжлэгчийн бусад хариуцагч нарт холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсаныг хууль зүйн дагуу шийдвэрлээгүй байгааг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Ядамсүрэн хариуцагч Сондуулт Эг ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол, хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн төлбөрт 61 065 897 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Нэхэмжлэгч П.Дорждэрэм нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...эмчилгээний зардалд 4 091 206 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин 52 287 197 төгрөг, осолд орсны нөхөн төлбөр 9 779 994 төгрөг, нийт 61 065 897 төгрөг гэж тодорхойлжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт боон зохигчдын тайлбараас үзэхэд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сондуулт Эг ХХК-ийн барилгын дотор засал чимэглэлийн ажил хийж байх үедээ нэхэмжлэгч Г.Ядамсүрэн нь өндрөөс унаж хүнд гэмтэл авсан, 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт авагдсан байна. /2хх-ийн 328/

 

Уг гэмтлийн улмаас нэхэжлэгч Г.Ядамсүрэн нь 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 6 сарын хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдалтыг 60 хувиар тогтоосон, 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 6 сарын хугацаагаар сунгаж хөдөлмөрийн чадвар алдалтыг 65 хувиар, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 12 сарын хугацаагаар сунгаж хөдөлмөрийн чадвар алдалтыг 65 хувиар, 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 6 сарын хугацаагаар сунгаж хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 12 сарын хугацаагаар сунгаж хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар, 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 12 сарын хугацаагаар сунгаж хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тус тус тогтоожээ./хх-ийн 1хх-ийн 34-35, 2хх-ийн 260-266 тал/

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын Прокурорын 2013 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 5/123 дугаар тогтоолоор байгууллагын захирал болох Х.Эрдэнэтуяа, И.Отгонбаяр нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, эрүүгийн хариуцлагад татах 6 сарын хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу гэм хор учруулснаас хариуцлага хүлээлгэхийн тулд гэм хор учруулагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэл, гэм хор учирсан нөхцөл байдлын хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байх шаардлагатай.

 

Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн актад ослын шалтгаан хүчин зүйлийг чөлөөт тайлбайд доороос шат угсарч тавиагүй, бага талбайд шат зассанаас плитан шатан дээр гулсаж, тайлбайгаас мултарч унасан гэж үзэн болгоомжгүй үйлдлээс болж шат тайлбайгаас мултарч унасан гэж дүгнэсэн байх бөгөөд анхан шатны шүүх хариуцагч Сондуулт Эг ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах үүргээ биелүүлж ажиллаагүй болох тогтоогдсон гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна. Иргэний хуулийн 497.2 дахь хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан бөгөөд хариуцагч байгууллага Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7, 28 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлж ажилласан болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэгч Г.Ядамсүрэнд эмчилгээний зардалд нийт 5 092 500 төгрөг өгсөн талаар зохигчид маргаагүй, анхан шатны шүүх эмчилгээний зардалд 4 091 200 төгрөг нэхэмжилснээс чихний аппаратны үнэ 1 000 000 төгрөгийг хасч, үлдэх 3 091 200 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Нэхэмжлэгч Г.Ядамсүрэн нь хариуцагч И.Отгонбаяр, Х.Эрдэнэтуяа нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байхад шүүх холбогдох хуулийн зүйл заалтыг зөв баримтлалгүйгээр хариуцагч И.Отгонбаяр, Х.Эрдэнэтуяа нараас буюу хэргийн оролцогчоос татгалзсан болохыг дурьдаж шийвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд зөрчилтэй болсон тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих хуулийн заалтыг нэмсэн өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 101/ШШ2017/02499 шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэжлэгч Г.Ядамсүрэн нь хариуцагч И.Отгонбаяр, Х.Эрдэнэтуяа нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталсугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Сондуулт Эг ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 410 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                            Д.БАЙГАЛМАА

                                                          Ц.ИЧИНХОРЛОО