| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2408016490909 |
| Дугаар | 2024/ДШМ/1287 |
| Огноо | 2024-12-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | ...... |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2024/ДШМ/1287
2024 12 03 2024/ДШМ/1287
П.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат,
хохирогч С.Б,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/1071 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Б, шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн П.Бд холбогдох 2408016490909 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
З овгийн П-ийн Б /РД: /, ..................тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;
Шүүгдэгч П.Б нь 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Сүлжмэлийн автобусны буудлын авто зогсоол дээр тухайн өдөр үүссэн маргааны улмаас хохирогч С.Б-гийн нүүр хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь “зүүн зовхинд няцарсан шарх, баруун шуунд зулгаралт, баруун дээд 1, 2-р шүдний эмтрэл гэмтэл, зовхинд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: П.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-гаас 4,620,000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Б-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цамцны өөдөс, тасарсан гинжний хэсгийг эзэмшигч С.Б-д буцаан олгож, дүрс оношилгооны шинжилгээний хариу болох 4 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.
Хохирогч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 16 цагийн үед ажлаа хийж явж байхад миний биед халдан гэмтэл учруулсан тул би 10 хоног “Шидэт зөгий” эмнэлэгт 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хэвтэн эмчлүүлсэн. 2024 оны 5 дугаар сарын 23-ны өдөр эмнэлгээс гарсан тул миний төлбөрийг барагдуулж өгч туслана уу. 10 хоногийн төлбөр 1,244,000 төгрөг болсон байна. ...” гэв.
Шүүгдэгч П.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс хохирогч С.Б-гийн сэтгэцэд учирсан хохиролд 4,620,000 төгрөг, эмчилгээний зардалд 1,598,800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн юм. Би хохирлыг төлөх хүсэлт гаргаж шүүхийн тогтоолд заасан эмчилгээний төлбөр 1,598,800 төгрөгийг бүрэн төлсөн. Прокуророос намайг С.Б-гийн нүүр хэсэгт цохих, өшиглөснөөс биед нь зүүн зовхинд няцарсан шарх, баруун шуунд зулгаралт, баруун дээд 1, 2-р шүдний эмтрэл гэмтэл учруулсан гэмт хэрэгт яллагдагчаар татаж хэргийг шалгаж байхад С.Б нь хэргийн 37 дугаар хуудсанд байгаа бүсэлхий, сээр нуруу, хүзүү нугаламыг эмнэлэгт үзүүлсэн гэх 600,000 төгрөгийн баримтыг гаргаж өгч, шүүхээс уг мөнгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би С.Б-гийн нуруу хэсэгт огт цохиж, өшиглөөгүй. Мөн шүүхээс С.Б-гийн сэтгэцэд учирсан гэх 4,620,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь, С.Б-гийн сэтгэцэд нь хохирол учирсан шинжгүй, Өвөрхангай-Улаанбаатар-Өвөрхангай чиглэлд машин жолоодоод хүн тээвэрлээд явж байна. Иймд С.Б-гийн бүсэлхий, сээр нуруу, хүзүү нугалам болон сэтгэцэд нь хохирол учраагүй байхад хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байгаа түл хэргийг хянаж хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн заалтуудыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч П.Б-гийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд хохирогчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн ...Эргүүлийн цагдаа ирээд намайг салгаад явсны дараа намайг төмөр шатан дээр нуруугаар шат мөргүүлж зодохоор нь дахин цагдаа дуудсан. Энэ талаар мэдүүлэгтээ хэлэх гэхээр бие өвдөөд ам ангайж чадахгүй байсан, мэдүүлэгтэйгээ уншиж танилцаж чадаагүй, ярьж чадаагүй. Миний нуруунд гэмтэл үүссэн. Шинжээчид энэ талаар хэлэхэд хүлээж аваагүй гэж мэдүүлсэн. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч О.Н-ийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 6229 дугаартай дүгнэлтэд “...С.Б-гийн биед зүүн завжинд няцарсан шарх, баруун шуунд зулгаралт, баруун дээд 1,2-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо...” гэсэн нь зөрүүтэй байх төдийгүй дээрх шинжилгээний хариунууд нь дүгнэлтэд тусгагдаагүй байгаа нь дүгнэлт бүрэн бус гэж үзэхээр байна.
Иймд Шүүх шинжилгээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийлгэх үндэслэл болж байх тул хохирогчийн биед учирсан гэмтэл нь гэмт хэрэг болсон цаг хугацаанд үүссэн эсэхийг дүгнэлтээр болон хохирогчоос мэдүүлэг авах зэргээр тодруулах ажиллагааг явуулахыг прокурорт даалгах нь зүйтэй байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхийг 60 хоногоор хойшлуулж шийдвэрлэсэн байдаг. Шүүхээс хэрэг хянан хэлэлцэхийг хойшлуулсан хугацаанд нэмэлт шинжилгээ хийлгэж, хохирогчоос дахин мэдүүлэг авах ажиллагаа явуулсан байна. Нэмэлт шинжилгээ хийсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.С-ийн гаргасан 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 953 дугаартай дүгнэлтэд хохирогч С.Б-гийн зулайн хуйханд цусан хураа гэмтэл тогтоогдож, өмнө гаргасан шинжээчийн 6229 дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орохгүй гэсэн байна. Гэтэл хохирогч С.Б мөрдөн байцаалтын шатанд хэргийн 37 дугаар хуудсанд байгаа шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй гэмтэлтэй холбоотой өөрөөр хэлбэл бүсэлхий, сээр нуруу, хүзүү нугаламыг эмнэлэгт үзүүлсэн гэх эмчилгээтэй холбоотой 600,000 төгрөгийн баримтыг гаргаж өгч, шүүхээс уг 600,000 төгрөгийг эмчилгээний зардалд оруулан тооцож П.Б-аас нийт 1,598,800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-аас хохирогч С.Б-гийн сэтгэцэд учирсан хохирол 4,620,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.6-д Шүүх шинжилгээний байгууллага нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэж заасан байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ. 2.1.1 .Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж зохицуулсан байна. Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч...энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус заасан байна. Өмгөөлөгчийн зүгээс хуулиар тогтоосон албан тушаалтны эрх үүрэг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилд тооцогдоно гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан байна. Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хууль болон журмаар зохицуулсан байхад мөрдөгч нь хохирогч С.Б-д Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтыг танилцуулж гарын үсэг зуруулж, маягтыг танилцуулсан талаар мэдүүлэг авсан нь үндэслэлгүй байна. Улмаар шүүхээс мөрдөгчийн хохирогч С.Б-д сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтыг үндэслэн түүний сэтгэцэд учирсан хохирол 4,620,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, өмгөөлөгчийн хувьд уг шийдвэрт гомдолтой байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/1071 дүгээр шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч П.Б-д холбогдох 2408016490909 дугаар эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.
1. Шүүгдэгч П.Б нь 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Сүлжмэлийн автобусны буудлын авто зогсоол дээр маргааны улмаас хохирогч С.Б-гийн нүүр хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь “зүүн зовхинд няцарсан шарх, баруун шуунд зулгаралт, баруун дээд 1, 2-р шүдний эмтрэл гэмтэл, зовхинд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
цагдаагийн байгууллагын дуудлагын хуудас: “маргаан болоод байна” /хх-ийн 1/,
хохирогч С.Б-гийн: “...Би хувиараа тээвэрт хот хооронд хүн зөөдөг, тухайн үед Өвөрхангай аймаг хүн авч явах гээд Драгон сүлжмэлийн автобусны буудлын ард зогсож байсан. Би хүнээс дайвар авах гэж байсан У \П.Б-\ гэдэг тээвэрт хот хооронд явдаг залуу хүрч ирээд надтай дайвар булаалцалдаад байсан. Үүнээс болоод маргалдаад миний түлхүүрийг авах гээд би зугтсан тэгээд У \П.Б-\ гэх залуу миний машины дугуйны калпакийг авчаад өгөхгүй байсан. Түүнээс болоод би буцааж хий гэж маргалдсан. Миний эрүүний орчим нэг удаа цохисон тэгээд би доошоо суусан байсан миний араас өшиглөөд байх шиг байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/,
Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 6229 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...1. С.Б-гийн биед зүүн завжинд няцарсан шарх, баруун шуунд зулгаралт, баруун дээд 1,2-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
2.3.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх-ийн 19-20/,
Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 953 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...5. Өмнө гарсан №6229 дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орохгүй. ...” /хх-ийн 113-115/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
3. Шүүгдэгч П.Б-гийн хохирогч С.Б-гийн нүүр хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж “зүүн зовхинд няцарсан шарх, баруун шуунд зулгаралт, баруун дээд 1, 2-р шүдний эмтрэл гэмтэл, зовхинд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Анхан шатны шүүх П.Б-гийн үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
4. Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн зорилгыг хангаж байх ёстой.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялуудаас торгох ялыг П.Бд сонгон оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, анх удаа ял шийтгүүлж байгаа хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
5. Анхан шатны шүүх нь П.Б-д холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-д учирсан хохирол, түүний сэтгэцэд учирсан хор уршгийн талаар хууль үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
Хохирогчоос гаргаж өгсөн баримтад тулгуурлан “...П.Б-гаар 1,598,800 төгрөгийг хохирогч С.Б-гийн эмчилгээний төлбөрт төлүүлж, П.Б-гаас хохирогч С.Б-гийн сэтгэл санааны хохиролд 4,620,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн...” нь хэргийн үйл баримт, бодит байдалд тохирсон байна.
6. Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан ба тус аргачлалд “...хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг хоёрдугаар зэрэглэлд тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр нөхөн төлбөрийг тогтоосон. ...” байх тул хохирогч С.Б-гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтлийн улмаас үүсэх сэтгэцийн эмгэгийг хоёрдугаар зэрэглэл гэж тогтоосон нь үндэслэлтэй, анхан шатны шүүх нөхөн төлбөрийг гэмт хэрэг үйлдэгдсэн 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 7 дахин нэмэгдүүлснээр тогтоосон нь тус тогтоолд нийцсэн.
Иймд шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат нарын гаргасан “...С.Б-гийн нуруунд гэмтэл учруулаагүй байхад хэргийн 37 дугаар хуудсанд байгаа бүсэлхий, сээр нуруу, хүзүү нугалмыг эмнэлэгт үзүүлсэн гэх 600,000 төгрөгийн баримтаар шүүх уг мөнгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэнд, С.Б-гийн сэтгэцэд учирсан гэх 4,620,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгов.
7. Хохирогч С.Б энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн буруутай этгээдээс хохирлоо иргэний шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй тул энэ гэмт хэрэгт холбоотой гэдгээ нотлон иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй.
Давж заалдах шатны шүүх түүнээс хохиролд шинэ баримт авч, тухайн баримтыг үндэслэн шүүгдэгч П.Б-гаас гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй.
Иймд хохирогч С.Б-гийн гаргасан “...Миний бие “Шидэт зөгий” эмнэлэгт 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 10 хоногийн төлбөр 1,244,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож байна.
Харин С.Б-гээс гарган өгч хэрэгт хавсаргуулсан дүрс оношилгооны шинжилгээний хариу бүхий 4 ширхэг сидиг түүний эмчилгээний баримт байна гэж дүгнэж, буцаан олгохоор шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/1071 дүгээр шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цамцны өөдөс, тасарсан гинжний хэсэг, дүрс оношилгооны шинжилгээний хариу бүхий 4 ширхэг сидиг хохирогч С.Б-д буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай. ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч С.Б, шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ