Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/1288

 

 

 

 

 

 

  2024            12            03                                         2024/ДШМ/1288

 

 

Ц.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Билгүүтэй,

шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Х.Бямбасүрэн,

хохирогч Б.Б-ийн өмгөөлөгч Ж.Гантулга,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 2024/ШЦТ/644 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Д-д холбогдох 2310022090527 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Ц-ийн Д /РД: /, ..............тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Д нь насанд хүрээгүй С.Б, Э.П нартай бүлэглэн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ..... дүүргийн .... дугаар хороо, Буянт-Ухаа .... хорооллын ..... дугаар байрны Б-1 давхарт хохирогч Б.Б-тэй хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж нүүрэн тус газар нь өшиглөх, дэвсэх, цохих зэргээр халдан зодсоны улмаас Б.Б-ийн биед “зүүн хоншоор ясны урд болон гадна хана, зүүн ухархайн доод ханын хугарал, тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салст, зүүн хацарт цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад шарх, зүүн тохойнд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Д-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х овогт Ц-ийн Д-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Д-д мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэг, 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-өөс 1,729,314 төгрөг, иргэний хариуцагч Э.Г-аас 1,729,314 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Б-д олгож, хохирогч Б.Б- нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Б-ийн сэтгэцэд учирсан хор уршигт 15,173,400 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Д нь хохирогч Б.Б-ийн эмчилгээний зардалд нийт 500,000 төгрөг, иргэний хариуцагч Г.А 5,377,000 төгрөг, иргэний хариуцагч Э.Г 600,000 төгрөг тус тус нөхөн төлсөн, энэ шийтгэх тогтоолоор иргэний хариуцагч Г.А төлөх төлбөргүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэг, хохирогчийн эмнэлгийн шинжилгээний сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын хохирол төлбөрийн талаар хэсэгт “... Хууль тогтоогч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж өөрчлөлт оруулсан. Иргэний хуульд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах талаарх зохицуулалтыг нэмэлт өөрчлөлтөөр оруулж сэтгэцэд учирсан хохирлыг хэрхэн барагдуулах талаархи харилцааг Шүүх шинжилгээний тухай хуульд мөн нэмэлт өөрчлөлтөөр зохицуулж, эдгээр хуулиудад орсон нэмэлт өөрчлөлтөөр орсон хэм хэмжээг нэг мөр ойлгож хэрэглэх талаар Улсын дээд шүүхийн 25 дугаар тогтоол гаргасан.

Анхан шатны шүүх хохирогч Б.Б-ийн сэтгэцэд учирсан хохирлын нэхэмжлэлийг Эрүүгийн хуулийн хэм хэжмээг буруу хэрэглэж хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байгаа тул өөрчлөлт оруулж хохирогч Б.Б-д сэтгэцэд учирсан хор уршигт 15,173,400 төгрөг олгуулах үндэслэлээр гомдол гаргаж байна. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталж 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан. Улсын дээд шүүхийн 25 дугаар тогтоолоор Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан. Уг гэмт хэрэг нь 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гарсан тул хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хүний биед санаатай хохирол учруулсандаа маш их гэмшиж байна. Өөр хэлэх зүйл байхгүй. ...” гэв. 

Прокурор М.Билгүүтэй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Ц.Д-д холбогдох 2310022090527 дугаартай эрүүгийн хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд;

Ц.Д нь 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ..... дүүргийн .... дугаар хороо, Буянт-Ухаа .... хорооллын ..... дугаар байрны Б-1 давхарт хохирогч Б.Б-тэй маргалдаж, улмаар насанд хүрээгүй С.Б, Э.П нартай бүлэглэн Б.Б-ийн нүүрэн тус газар нь өшиглөх, дэвсэх, цохих зэргээр халдан зодсоны улмаас биед эь “зүүн хоншоор ясны урд болон гадна хана, зүүн ухархайн доод ханын хугарал, тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салст, зүүн хацарт цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад шарх, зүүн тохойнд зулгаралт” гэсэн хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Б-ийн: “...Би Нийслэлийн .... дугаар сургуулийн ...ангид суралцдаг. Сургуулийнхаа зургийн клубын ахлахаар 2022 оны 11 дүгээр сараас хойш ажиллаж байгаа юм. Манай клубд Э гэх охин явдаг бөгөөд надад сайн гээд байдаг юм. Намайг өөр хүнтэй үерхсэн чинь дургүйлхэж, сургуулиар “намайг хүчээр үнссэн” гээд яриа гаргачихсан байхаар нь би дургүйцээд уурласан байсан юм. Тэгээд саяхан буюу 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Э-гийн ах Д гэх хүүхэд надтай холбогдоод “чи манай дүүг гомдоосон байна, уулзаж ярилцъя” гэж тохироод маргааш нь буюу 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ..... дүүргийн ...... дугаар хороо, Буянт-Ухаа .... хорооллын гадна уулзахаар очсон. Д надтай уулзаад “чи манай дүүг хүчээр үнссэн, гомдоосон байна” гэж хэлэхээр нь би “хүчээр үнсээгүй” гэдгээ хэлсэн чинь “хүчээр үнссэн” гээд дайраад байсан. Удалгүй Э өөрөө ирчихээд “хүчээр үнссэн” гэж хэлсэн чинь Д нь Э-г “гадаа зогсож бай, бид нар байрны доошоо ороод учраа олоодхоё” гэж хэлсэн. …Д дээр дахиад нэг намхан эрэгтэй хүүхэд ирээд тухайн эрэгтэйтэй би зодолдохоор болоод бид хоёр зодолдож байсан чинь хажуунаас Д өмнө нь хамт явж байсан эрэгтэйтэйгээ хамт орж ирээд намайг бүлэглэн, толгой тархи руу цохиод байсан. Би 4-5 секунд юу болоод байгааг мэдээгүй бөгөөд нэг сэрсэн чинь миний хамар амнаас цус гарчихсан сууж байсан. ...Миний зүүн талын хацрын яс тэр чигтээ бяцарсан, ер нь тархиндаа нилээн хэдэн гэмтэл авсан, биеийн байдал хүнд, ярихад хүртэл хөндүүр байна. ...” /1-р хх-ийн 15-16/,

насанд хүрээгүй гэрч М.Э-гийн: “...2023 оны 4 дүгээр сард санагдаж байна, намайг зургийн дугуйлан дээр хоёулхнаа байхад нь Б миний гуянд гараараа хүрээд, уруул дээр үнссэн болохоор тэрнээс хойш дургүй болчихсон юм. …Би болсон асуудлын талаар эгчийн найз залуу Д-д хэлэхэд тэрээр “ах нь тухайн эрэгтэйтэй чинь уулзаад эвээр учрыг нь олоод өгье” гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Д ах түүний найз П-тэй хамт Б болон түүний найзуудтай ….. дүүргийн  ... дугаар хороо, Буянт-Ухаа …. хорооллын гадна сааданд уулзаад Бэс Д ах “чи манай дүүг үнссэн юм уу” гэсэн чинь “үгүй” гээд гүрийгээд байсан. Д ах болон Б нар ..... дугаар байрын Б1 давхар руу орсон, би гадаа нь үлдсэн. …Би байрны гадаа сууж байсан чинь Б зодуулсан байдалтай, ам хамраас нь цус гарчихсан гарч ирсэн ба Д ах надад миний гар утсыг өгсөн. Миний гар утас дээр Б-ийг зодож байгаа бичлэг нь байсан ба би түүнийг цагдаад өгсөн. .../1-р хх-ийн 22-23, 38/,

насанд хүрээгүй гэрч Э.П-ийн: “...Д ах тухайн …. дугаар сургуулийн ... дүгээр ангийн бид нарт зодуулсан гэх хүүхэдтэй уулзаад өөрийнхөө дүү Этай нүүрэлдүүлж байна гээд байсан. Тэгээд нэг мэдсэн чинь ..... дугаар байрны В1 давхар руу орохоор болоод бүгдээрээ орцгоосон. Тухайн байрны В1 давхар руу орсон чинь бид нарт зодуулсан гэх цэнхэр өнгийн малгайтай цамцтай хүүхэд намайг “зодолдох уу” гэж асуухаар нь “үгүй” гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө найз Б-г утсаар дуудаад “хүрээд ирээч” гэж хэлсэн чинь тэрээр удалгүй ирээд нөгөө эрэгтэй хүүхэдтэй зодолдохоор болоод зодолдсон. Б, Д ах бид гурав нийлээд тухайн эрэгтэй хүүхдийг цохиж зодсон.  .../1-р хх-ийн 26-27/,

насанд хүрээгүй гэрч С.Б-гийн: “...Д ах дээр очтол нөгөө хүүхдүүдээс нэг цэнхэр малгайтай цамцтай хүүхэд нь П бид хоёртой “зодолдоё” гэж хэлэхэд Д ах цэнхэр малгайтай цамцтай хүүхэдтэй ярилцаад учраа олъё гэсэн чинь сүүлдээ надтай зодолдохоор болсон. Тэгээд би тухайн цэнхэр өнгийн цамцтай эрэгтэй хүүхэдтэй зодолдож байсан чинь цаанаас нэг охин бичлэг хийгээд байсан. Би тухайн хүүхдийн нүүр рүү нь нэг удаа цохисон бөгөөд газар уначихаар нь толгойн тус газарт нь хөлөөрөө 2-3 удаа дэвсчихсэн юм. Тэгээд бид хоёр нэг нэгэндээ гай болчихгүй салъя гээд гар бариад салцгаасан. Нөгөө хүүхэд ч бас миний нүүр рүү хэд хэдэн удаа цохисон санагдаж байна. Миний биед баруун гарын ядам хуруунд язарсан байгаа бөгөөд зодоон эхлэхийн өмнө хана руу цохиод гараа гэмтээсэн юм. ...Д, П бид нар араас нь татаж унагаагаад хамт нийлж зодсон...” /1-р хх-ийн 30-31/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын хийсэн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6861 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Б.Б-ийн биед зүүн хоншоор ясны урд болон гадна хана, зүүн ухархайн доод ханын хугарал, тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салст, зүүн хацарт цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад шарх, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Зүүн хоншоор ясны урд болон гадна ханын хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, зүүн ухархайн доод ханын хугарал, тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салст, зүүн хацарт цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад шарх, зүүн тохойнд зулгаралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /1-р хх-ийн 40-41/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 810 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...2023 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6261 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Б-ийн биед зүүн хоншоор ясны урд болон гадна хана, зүүн ухархайн доод ханын хугарал, тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салст, зүүн хацарт цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад шарх, зүүн тохойнд зулгаралт гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь нэг цаг хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр буюу хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна.../2-р хх-ийн 6-10/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 254 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Б.Б-ий сэтгэцэд 2023 оны 5 дугаар сард үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. Б.Б-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна...” /1-р хх-ийн 50-51/,

шүүгдэгч Ц.Д-ий мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...найз охины дүү болох Эг би дуудаад Б-тэй нүүрэлдүүлтэл Б “үнсээгүй” гээд гүрийгээд байхаар нь миний уур хүрээд Б-д хандан “хоёулаа нэгээрээ зодолдох уу” гэж асуухад Б дуугарахгүй байхаар нь ахин Б-д хандан “чи манай дүү Бтай нэгээрээ зодолдох уу” гэж асуухад Б “Б-тай нэгээрээ зодолдье” гэж хэлсэн. Тэр үед Э өөрийнхөө гар утсан дээр бичлэг хийгээд тавьсан. Удалгүй Б, Б нар хоорондоо зодолдсон ба Б нь Б-д ялагдаад ирэхээр нь би болон П /П/ бид хоёр хажуу талаас нь Б-ийг нийлж зодсон. Тэгтэл Б нь газар унаад өгөхөөр нь Б Б-ий нүүр рүү нь хоёроос гурван удаа өшиглөхөөр нь би болиулаад Б-ийг газраас босгоод гэр рүүгээ харьсан. ...гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 162/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

2. Шүүгдэгч Ц.Д-ий Б.Б-тэй маргалдаж, улмаар бусадтай /14 настай насанд хүрээгүй С.Б, Э.П нартай/ бүлэглэн Б.Б-ийн нүүрэн тус газар нь өшиглөх, дэвсэх, цохих зэргээр халдан зодсоны улмаас Б.Б-ийн биед “зүүн хоншоор ясны урд болон гадна хана, зүүн ухархайн доод ханын хугарал, тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салст, зүүн хацарт цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад шарх, зүүн тохойнд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар /бүлэглэн/...” гэсэн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулжээ.    

3. Анхан шатны шүүхээс Ц.Д-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй болсон бөгөөд шүүхээс түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрөөс нөхөн төлсөн, цаашид төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

4. Хохирогчийн өмгөөлөгч Ж.Гантулга нь “...Анхан шатны шүүх хохирогч Б.Б-ийн сэтгэцэд учирсан хохирлын нэхэмжлэлийг Эрүүгийн хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэж хэрэгсэхгүй болгосон тул хохирогч Б.Б-д сэтгэцэд учирсан хор уршигт 15,173,400 төгрөг олгуулж өгнө үү. ...” гэх давж заалдах гомдлыг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс хийсэн “...Монгол Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан боловч Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан.

Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй тул 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтгүй гээд хохирогч Б.Б-ийн сэтгэцэд учирсан хор уршигт 15,173,400 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. ...” гэсэн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй.

Нэгэнт буцаан үйлчлэх эрх зүйн зохицуулалтгүй Иргэний хуулийг шүүх өөрөөр дүгнэж, хуулийг буруу хэрэглэх хууль зүйн үндэслэл байхгүй тул  хохирогчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 2024/ШЦТ/644 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХТУЛГА

            ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ