Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 103

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхмэнд,

шүүгдэгч З.Гэрэлт-Од нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоол үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Зоригоогийн Гэрэлт-Одод холбогдох эрүүгийн 1707002960062 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, том машин механизмын оператор мэргэжилтэй, “Оюу толгой” ХХК-д оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Нарны хорооллын 59г-6 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн УД87121575 дугаартай, Боржигон овогт Зоригоогийн Гэрэлт-Од.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч З.Гэрэлт-Од нь Налайх дүүргийн 2 дугаар хороо 53 дугаар байр 10 тоотод оршин суух Б.Бүрэнбатаас 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед 49-10 УБУ улсын дугаартай Т.Харейр маркийн машиныг 4,500,000 төгрөгөөр зарж өгнө гэж хууран авч, урдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч З.Гэрэлт-Одод эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.Гэрэлт-Од нь Налайх дүүргийн 2 дугаар хороо 53 дугаар байр 10 тоотод оршин суух найз Б.Бүрэнбатаас урдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед Т.Харейр маркийн 49-10 УБУ улсын дугаартай түүний эзэмшлийн тээврийн хэрэгслийг 4,500,000 төгрөгөөр зарж өгнө гэж хууран авч, 2,000,000 төгрөгөөр ченжид заран залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Гэрэлт-Одын өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хохирогчтой уулзахад “машинаа зармаар байна” гэж хэлсэн. Би машиныг чинь зарж өгвөл надад юу өгөхийн гэхэд “машиныг 4,500,000 төгрөгөөр зараад өгчих, мөнгө нэмж зарвал тэр мөнгөө чи ав” гэж хэлэхээр нь машиныг Налайх дүүргээс зарахаар авч явсан. Машин 4,500,000 төгрөгөөр зарагдахааргүй эвдрэл ихтэй байсан. Би хүнд өртэй байсан юм. Өр нэхэгдээд байхаар нь ченжэд машиныг 2,000,000 төгрөгөөр зарж, өрөө төлсөн. Би хохирогчид “4,500,000 төгрөгийг олоод өгнө” гэж бодож байсан. Би хохирогчид найзаараа дамжуулж болсон асуудлын талаар яриулахад хохирогч уурласан. Би хохирогчид мөнгийг нь төлж өгнө гэж бодоод мөнгө хайсан боловч олдоогүй. Би ажилдаа орсон учир хохирогчид “бага багаар мөнгийг чинь төлье” гэхэд мөнгөө бөөнд нь авна гэж хэлсэн. Би цалингаа цуглуулж бөөнд нь мөнгийг өгсөн. Мөнгө цуглуулах гэж хугацаа их алдсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Бүрэнбатын өгсөн “ Би 49-10 УБУ улсын дугаартай Т.Харейр маркийн автомашиныг ээжийн дүү Чинбилэгээс авсан юм. Уг машин нь эзэмшигч Чинбилэг гэх хүний нэр дээр явдаг байсан юм. Тэгээд 2017 оны 7 дугаар сараас эхлэн “зарна” гэж ярьж, найз нөхөддөө хэлдэг байсан юм. 8 дугаар сарын найзуудтайгаа нийлж уулзсан. Тэгэхэд найзууд маань машинаа зарна гэж байсныг мэдсэн. Тэгээд Гэрэлт-Од нь надаас асуухад нь “зарна” гэж хэлж байсан. Би ч хэлээд “машиныг минь зараад өгөөч” гэж хэлж байсан. Сүүлд дахиж нэг уулзахдаа “машиныг чинь би зараад өгье” гэхээр нь тухайн үед би ажилтай байсан учраас өгч явуулаад заруулчихая гэж бодож байсан нь 8 дугаар сарын 17-ны өдөр яриад “машиныг чинь би очоод авъя” гэхээр нь “чи 2 хоногийн дараа ирээд авчих” гэж хэлээд 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед ирж авсан. Би машиныхаа түлхүүрийг өгөөд С.Чинбилэг гэх хүний иргэний үнэмлэхний хуулбар, гэрчилгээ, татварын дэвтрийн хамтаар өгч явуулсан. Тэгээд машинаа өгч явуулснаас хойш 2 хоногийн дараа ярихад “машинд чинь юм хийлгэж байна, тэгэхгүй бол хямдхан авах гээд байна” гэсэн. Дараа нь дахиад нэг ярихад “манай танил ах Да-Хүрээ дээр Ланд 100 гэлүү нэг машинтай тэрийг ломбарданд тавиад машиныг чинь мөнгө гаргаад авах гэж байгаа гэж хэлсэн. Ломбарданд нэг дэх өдөр тавина гэнэ ээ” гэсэн. Тэгээд 1 дэх өдөр болоод утсаар ярихад “одоо хөөцөлдөөд явж байна” гэж ярьсан. Тэгээд маргаашнаас нь утас нь холбогдохоо больсон. Тэр өдрөөс хойш ахиж надтай холбогдоогүй.

...Гэрэлт-Од миний данс руу өмнө нь 2,000,000 төгрөг хийсэн. 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр үлдэгдэл 2,500,000 төгрөг нийтдээ 4,500,000 төгрөг надад өгсөн. Би өөрийн хохирлын 4,500,000 төгрөгийг Гэрэлт-Одоос авсан, одоо санал гомдол нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

/хх-ийн 12-13, 19 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч С.Чинбилэгийн өгсөн “49-10 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл тухайн үед манай дүү Бүрэнбатын эзэмшилд байсан. Эзэмших өмчлөх эрх нь манай дүүд байсан. Миний нэр дээр болохоос дүүдээ би 2003 оноос хойш унуулж байсан, дүү маань эдэлж хэрэглэж байсан юм. Зарах захиран зарцуулах эрх нь манай дүүд байсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 20-21 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 31 дүгээр тал/

“Рэдпаф Монгол” ХХК-ийн тодорхойлолт,

/хх-ийн 35 дугаар тал/

Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 49 дүгээр тал/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,

/хх-ийн 84 дүгээр тал/

Хохирол төлсөн баримт /хх-ийн 86 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас З.Гэрэлт-Одод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

З.Гэрэлт-Од нь залилах гэмт хэргийг Б.Бүрэнбаттай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдсэний улмаас хохирогчид 4,500,000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн байцаалтад “Би өөрийн хохирлын 4,500,000 төгрөгийг Гэрэлт-Одоос авсан, одоо санал гомдол нэхэмжлэх зүйлгүй” гэснийг харгалзан шүүгдэгч З.Гэрэлт-Одыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан З.Гэрэлт-Од нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас З.Гэрэлт-Одыг Б.Бүрэнбатыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналын хүрээнд түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй  гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч З.Гэрэлт-Од нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Зоригоогийн Гэрэлт-Одыг хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Гэрэлт-Одыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Гэрэлт-Одод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 225,000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан З.Гэрэлт-Одод мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, З.Гэрэлт-Од нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.Гэрэлт-Одод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ