| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/00384/И |
| Дугаар | 306/шш2025/00328 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 306/шш2025/00328
| 2025 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 306/ШШ2025/00328 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Эрхи төв ..тоотод байрлах, ....
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 5 дугаар байрны ... тоотод оршин суух, ../
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29,589,725.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ..ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. .. ХК нь хариуцагч .. нар нь 2024 оны 07 дугаар сарын 03-нд №202430133 тоот зээлийн гэрээ байгуулж 26,200,000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 2.5 хувийн, жилийн 30 хувь хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцож зээлийг олгосон. Мөн тус зээлийн гэрээний хүрээнд 4197УЕХ улсын дугаартай TOYOTA PRIUS ALPHA-XW маркийн хар өнгийн автомашины үүргийн гүцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож 2024 оны 07 дугаар сарын 03-нд 202430133 тоот дугаартай барьцааны гэрээг байгуулж, нотариатар баталгаажуулсан. Гэвч зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн 2025 оны 01 дүгээр сарын 08-ныг хүртэл нийт дөрвөн удаагийн гүйлгээгээр 5,174,000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд зээлийн гэрээнд заасны дагуу зээлээ төлөхийг шаардаж, түүний 86051806, 99709388 дугаарын утас руу, мөн баталгаат шуудангаар зээлдэгчийн хаягаар нь 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдсэн боловч одоог хүртэл ямар ч төлөлт хийгээгүй байна.
Хариуцагч ..зээлийн үлдэгдэл нийт 29,589,725.04 төгрөг ба үүнээс үндсэн зээл 24,681,197.39 төгрөг, зээлийн хүү 4,711,363.22 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 197,164.43 төгрөг болсон байна.
Иймд, Т.. ББСБ ХК болон .. нарын хооронд 2024 оны 07 дугаар сарын 03-ны байгуулсан №202430133 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29,589,725.04 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч ..аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ч..шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1. .. овогтой .. миний бие ..Б ХК-иас нэхэмжилж буй зээлийн гэрээний үүргэт заасны дагуу 29,589,725.04 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. .. ББСБ ХК болон ..нарын хооронд 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан №202430133 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 24,681,197.39 төгрөг, зээлийн хүү 4,711,363.22 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 197,164.43 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч .. нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,898.62 төгрөгийн тавин хувь болох 152,949.31 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 152,949.31 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 152,949.31 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч .. ББСБ ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, алданги нийт 29,589,725.04 төгрөгийг хариуцагч ..төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,898.62 төгрөгийн тавин хувь болох 152,949.31 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 152,949.31 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 152,949.31 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .. ББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА