Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 306/шш2025/00346

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 306/ШШ2025/00346

Говьсүмбэр аймаг

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

             

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: ..

Хариуцагч: Г..

 

Нэхэмжлэлийн шаардлага: Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасагт Зүрх судас, дотрын эмчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн даатгалын нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийлгэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч.. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. ..миний бие Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2025 оны 02 сарын 03-ны өдрөөс амбулаторийн тасагт сарын 1,559,000 үндсэн цалинтай, Зүрх судас, дотрын эмч-ийн албан тушаал /ТҮЭМ-6/-д 1 жилийн хугацаагаар томилогдсон.

Миний хувьд батлагдсан орон тоо, байнгын ажлын байранд ажил гүйцэтгэж байсан. Гэтэл 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс хөдөлмөрийн насны боловсон хүчний нөхөн бүрдүүлэлт хийх, урьд ажиллаж байсан ажилтан ажилдаа орох болсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг өгч, Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/117 тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.

Энэхүү шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглоно гэх зарчмыг зөрчсөнөөс гадна, хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлийг тодорхой зааж өгсөн бөгөөд намайг ажлаас халсан шийдвэр нь дээрх хуулийн зохицуулалттай нийцээгүй тул шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу миний эрхийг хамгаалах зорилгоор дээр дурдсан шаардлагуудыг хангуулахыг хүсэж байна гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .. шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

2.1. .. холбогдуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн нэхэмжлэлээ татан авч байна гэжээ.

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

1.1. Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасагт Зүрх судас, дотрын эмчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлнэ гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...с, ..эмнэлэгт холбогдуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн нэхэмжлэлээ хариуцагчтай тохиролцож, эвлэрсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг ирүүлжээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Учир нь, нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

4. Энэхүү нэхэмжлэл хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Хариуцагч ...гт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .. нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ   П.ЦОГЗОЛМАА