Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2017/2492

 

Монголиа проперти девелопмент ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/01831 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Монголиа проперти девелопмент ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Сэрүүлэг констракшн ХХК, Сэрүүлэг сонин ХМХ-д тус тус холбогдох

 

Хөршийн эрхийг зөрчсөн үйлдлийг зогсоон, хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барьсан барилга байгууламжийг нурааж, нэхэмжлэгчийн ашиглалтын эрх бүхий 14,75 кв.м газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарантуяа, Д.Энхтөр, хариуцагчийн төлөөлөгч буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан, өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах 3272 м.кв талбай бүхий газрыг ашиглах эрхтэй бөгөөд газар дээрээ эрх бүхий байгууллагаар батлагдсан зургийн дагуу барилга барих ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 2016 оны 8 дугаар сард геодезийн хэмжилтийг Топ Сүрвэй ХХК-иар хийлгэхдээ хариуцагч Сэрүүлэг констракшн ХХК нь барилга барихдаа бидний газрын хойд хэсэгт хөршийн хил зөрчин барилга байгууламж барьсныг мэдсэн юм. Хариуцагчийн барилга барьж буй газрын бүртгэгдсэн эзэмшигч нь Сэрүүлэг сонин хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм. Хариуцагч нь хил зөрчсөн газарт барилга байгууламж барихдаа нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй, нэхэмжлэгчийн барьж буй барилга байгууламжид хэрхэн нөлөөлөх талаар урьдчилан ярилцаж, тооцоолол хийгээгүй. Энэхүү хил зөрчсөн үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх ашигт ноцтой хохирол учруулж, барьж буй барилгад нөлөөлөн, орж гарах автомашины болон явган хүний зам талбайг барих боломжгүй болох тул нэхэмжлэгчээс хариуцагчид хөршийн хил зөрчсөн үйлдлийг мэдсэн даруйд буюу 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр А16/08-10 тоот албан бичгээр хил зөрчсөн барилга байгууламжийг буулган, газар чөлөөлөх шаардлагыг хүргүүлсэн боловч тодорхой арга хэмжээ авалгүй, харин барилгын ажлаа хурдан дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр шамдан ажилласаар байсан. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн хуулийн зөвлөх Махони Лиотта ХХН-өөс Газрын тухай хуульд заасан журмын дагуу газар чөлөөлөх шаардлагыг хариуцагчид, газар чөлөөлүүлэх хүсэлтийг Нийслэлийн Газрын албанд гаргаж, хувийг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлсэн. Нийслэлийн Газрын алба нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 03/1857 тоотоор хариуцагчийн барьж буй барилгын газрын эзэмшигч болох Сэрүүлэг сонинд газар чөлөөлж, зөрчлөө арилгах шаардлагыг хүргүүлсэн. Гэсэн хэдий ч хариуцагч болон хамтран хариуцагч нарын зүгээс газар чөлөөлөх аливаа арга хэмжээ авалгүй, нэхэмжлэгчтэй холбоо барихгүйгээр барилгыг ашиглалтад хүлээлгэн өгөх хүсэлтийг Нийслэлийн хот төлөвлөлтийн газарт хүргүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн хуулийн зөвлөхөөс Нийслэлийн хот төлөвлөлтийн газарт барилга ашиглалтад оруулах хугацааг хойшлуулах хүсэлт, газар чөлөөлөх шаардлагыг хангуулах хүсэлтийг гаргасан боловч Нийслэлийн хот төлөвлөлтийн газраас барилгыг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагааг эхлүүлсэн. Одоогоор барилгыг ашиглалтад хүлээн авах ажил бүрэн дуусгавар болоогүй байгаа бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлтийн газар 2017 оны 01 сарын 16-ны өдрийн 05/181 тоотоор барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссын актыг баталгаажуулах боломжтой гэж мэдэгдсэн.

Хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 16/146 тоотоор дулааны улирал эхлэхэд газар чөлөөлөх арга хэмжээ авах тухай захиаг нэхэмжлэгчид ирүүлсэн. Түүнчлэн, Газрын алба хариуцагч нь зөрчлөө арилгах тухай мэдэгдлийг газрын албанд хүргүүлсэн тул холбогдох саналыг ирүүлэх тухай шаардлагыг хуулийн зөвлөх Махони Лиотта ХХН-д 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03/2427 тоотоор мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчийн захиа, Газрын албаны шаардлагын дагуу хариуцагчтай уулзаж, зөрчлийг хэзээ арилгах хугацааг тогтох, аль аль талын барилгад сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ямар аргаар, хэрхэн нураах талаар төлөвлөгөө гаргаж тохиролцох, тохиролцсон асуудлаар гэрээ байгуулах зорилгоор уулзалт хийх хүсэлт, шаардлагыг хариуцагчийн ерөнхий захирал болох С.Баярмөнхөд удаа дараа тавьсан боловч уулзах завгүй, боломжгүй гэсэн хариултыг өгөн хугацааг сунжруулж, зөрчлийг арилгахгүйгээр барилгыг ашиглалтад өгөхөөр завдаж байна. Иймд Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч болон хамтран хариуцагч нарыг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож, хөршийн хил зөрчиж барьсан барилга байгууламжийг нэхэмжлэгчийн барьж буй барилга байгууламжийн аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаанд аливаа нөлөөлөл, хохирол учруулахгүйгээр яаралтай нурааж, маргаан бүхий 14.75 м.кв газрыг чөлөөлөн нэхэмжлэгчийн барьж буй барилгыг хэвийн баригдах, ашиглах боломжоор хангахыг хариуцагч болон хамтран хариуцагч талаас шаардах үндэслэлтэй гэжээ.

 

Хариуцагч Сэрүүлэг сонин ХМХ-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сэрүүлэг сонин ХМХ нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо 5-р хороолол дахь 8002/0072 дугаар бүхий 1488 м.кв газрыг эзэмшдэг ч уг газар дээрх барилга Сэрүүлэг констракшн ХХК-ийн өмчлөлийн барилгууд бөгөөд Сэрүүлэг сонин ХМХ нь тус нэхэмжлэлийн хүрээнд хамааралгүй тул цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй гэжээ.

 

Хариуцагч Сэрүүлэг констракшн ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах Бизнес плаза төвийн өмчлөгч бөгөөд тус төвтэй зэрэгцээ орших өөрийн эзэмшлийн газар дээр 21 давхар Сэрүүлэг констракшн ХХК-ийн конторын барилгыг барьж байгуулж улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулаад байна. Манай компанийг барилгын ажлыг гэрээт байгууллагаар гүйцэтгүүлсэн бөгөөд хөршийн хил нэвтэрч зөрчсөн талаар бидэнд барилгын ажил гүйцэтгэж байх хугацаанд болон барилгын ажил дуусгавар болсон үед ч мэдэгдээгүй. Харин манай компани өөрийн барилгыг техникийн болон улсын комисст хүлээлгэн өгөхийн өмнө тус асуудлаар хандсан. Нэхэмжлэгч манай барилгын хэсэг өөрийн эзэмшлийн газрын хилийг 11,7 м2 талбайгаар нэвтэрч баригдсан талаар геодизийн хэмжилт хийх үед мэдсэн гэж тайлбарлаж байгаа боловч эзэмшигчийн хувьд өөрийн эзэмшлийн зүйлийг эзэмших эрхтэй хамт түүнийг бусдын нөлөөлөөс хамгаалах, хяналт тавих үүргийг өөртөө хүлээдэг. Үүнийг өөр нэгэн этгээдээр хэмжүүлж байж хэрэгжүүлэх ёстой биш. Нэхэмжлэгч барилгын ажил эхлэх үед дээрх үүргээ хэрэгжүүлж эзэмшигчийн хуулиар эдлэх эрхийн хүрээнд манай компанид шаардлага тавьсан бол бид ч бусдын эрх ашиг сонирхлыг хөндөхгүй, цаашлаад өөрийн эд хөрөнгийг эрсдэлд оруулахгүйгээр шийдвэрлэх бололцоо бүрэн дүүрэн байсан. Гэтэл нэгэнт баригдаж улсын комисст хүлээлгэн өгч үл хөдлөх эд хөрөнгө болсон барилгыг нураах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт заасны дагуу Монголиа проперти девелопмент ХХК шаардах эрхгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх үүрэгтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/61 тоот шийдвэрийн дагуу Монголиа проперти девелопмент ХХК-ны ашиглах эрхэд олгогдсон газарт нэвтрэн орсон 14,75 м2 газарт баригдсан барилга байгууламжийг нурааж, холбогдох газрыг чөлөөлөхийг хариуцагч Сэрүүлэг констракшн ХХК, Сэрүүлэг сонин ХМХ-д тус тус даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасны дагуу нэхэмжлэгч Монголиа проперти девелопмент ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэрүүлэг констракшн ХХК, Сэрүүлэг сонин ХМХ-ээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.5 дах хэсэгт газрын эзэмшил, ашиглалтын асуудлыг Иргэний хуулиар бус Газрын тухай хуулиар зохицуулна гэж зааглаж өгсөн. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4-т мөн тодорхой зохицуулсан. Шүүх хуулийг хэрэглэж түүнд нийцүүлэн шийдвэр гаргах ёстой болохоос багц эрхийн, савхан эрхийн онол зэрэгт үндэслэж тухайн харилцааг зохицуулсан хуулийг хэрэглэхээс татгалзах эрх шүүхэд байхгүй. Монголиа проперти девелопмент ХХК нь Газрын хуульд заасны дагуу газар ашиглагч болохыг шүүх тус компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээ, газар ашиглуулах гэрээ, кадастрын зураг зэрэг баримтад тулгуурлан шүүх тодорхойлсон. Тэгсэн атлаа дээрх онолын үндэслэлээр тус компанийг газар эзэмшигч гэж дүгнэж Газрын тухай хуулийн 3.1.4-т заасныг үгүйсгэж, улмаар Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дах хэсэгт заасныг хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй. Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй шаардлага тавих эрхтэй бөгөөд дээрх үйл баримт өнгөрсөн тохиолдолд хүлээн зөвшөөрөх үүрэгтэй байна. Үйл баримтын хувьд Сэрүүлэг констракшн ХХК хил зөрчсөн барилга барьсанаас хойш 2 жилийн дараа тус шаардлагыг тавьж байгаа нь хуульд нийцээгүй гэдэг нь тодорхой байна. Гэвч шүүгч мэдсэн даруй шаардлага тавьсан гэж дүгнэж шаардах эрх хадгалагдаж байгаа гэж үзсэн нь хуулийн үйлдэл эхэлсэн даруй гэх урьдач нөхцөлийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Монголиа проперти девелопмент ХХК нь хариуцагч Сэрүүлэг констракшн ХХК, Сэрүүлэг сонин ХМХ-д тус тус холбогдуулж хөршийн эрх зөрчсөн үйлдлийг зогсоон, хөршийн зөвшөөрөлгүйгээр газар доор хил зөрчин барьсан барилга байгууламжийг нурааж, өөрийн ашиглах эрхтэй 14.75 м.кв газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид нь Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасан хөрш зэргэлдээ газруудын эзэмшигч, ашиглагч нар бөгөөд хариуцагч Сэрүүлэг констракшн ХХК-ийн барьсан барилгын В1 давхрын хэсгээр нэхэмжлэгч Монголиа проперти девелопмент ХХК-ийн ашиглах эрх бүхий газрын доогуур хил зөрчиж, нийт хэмжээгээр 14.75 м.кв нэвтэрсэн гэх үйл баримтын талаар шинжээч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл хэрэгт авагдсан байна.

 

Хариуцагч Сэрүүлэг констракшн ХХК-ийн барьсан барилга, түүний эзэмшлийн газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан байхаас гадна, хөрш залгаа газрын ашиглагч болох нэхэмжлэгч Монголиа проперти девелопмент ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байгаа нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгч түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхийг Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсгээр олгосон юм.

 

Бусдын эзэмших, ашиглах эрх бүхий газрын хилийг зөрчин барилга барьсан хариуцагч нарын үйлдлийг зөвтгөх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй боловч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, уг нөхцөл байдлыг нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах эсэх талаар талууд мэтгэлцээгүй, анхан шатны шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

 

Нэхэмжлэгчийн барьж байгаа барилгын ажлын гүйцэтгэл ямар шатанд яваа, түүнийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон, эсвэл хөршийн хил зөрчсөн нөхцөл байдал барилгын аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх зэрэг түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилсан нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулахгүйгээр Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх зохицуулалтыг хэрэглэх, улмаар баригдсан барилга байгууламжийг буулгахаар шийдвэрлэх боломжгүй гэж үзнэ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч хөршийн хил зөрчсөн нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн ...төлөвлөсөн барилгыг барьж байгуулахад саад учруулах эсэх, ...авто болон явган зам барьж байгуулах боломжгүй болгосон эсэх зэрэг асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан /хх-ийн 82, 135/ байхад уг хүсэлтийг анхан шатны шүүх шийдвэрлээгүй орхигдуулжээ.

 

Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжгүй, хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/01831 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Н.БАТЗОРИГ