Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 117

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхмэнд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч Б.Алтантүлхүүр

шүүгдэгч Т.Төрболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Оорцог овогт Телевжаны Төрболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 0108 0038 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Налайх дүүрэг, 6 дугаар хороо, Усансан 6 дугаар гудамж 01 тоотод оршин суух,

урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, регистрийн УД91080410 дугаартай, Оорцог овогт Телевжаны Төрболд.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Т.Төрболд нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 37-79 БРА улсын дугаартай Верна Аксент маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 9.1 дүгээр зүйл дэх “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”, 9.2-т заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, замын хажуугийн шон мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчин явсан Б.Батбаярын бие махбодид хүндэвтэр хохирол учруулсан, мөн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо Горхи тэрэлжийн улсын тусгай хамгаалалттай газраас зохих зөвшөөрөлгүй 30 ширхэг нойтон шинэс модыг хууль бусаар бэлтгэж, 29-86 УБЭ улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд экологи эдийн засгийн үнэлгээгээр 662,245 төгрөг /Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар 1.986.735 төгрөгийн/ хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Төрболдын өгсөн: “2016 онд ээж, аавын хамт хөдөө яваад ирэхэд найз Улаанаа машин худалдаж авсан байсан. Найз Улаанаатайгаа уулзаж, машин худалдаж авсныг тэмдэглэхээр Улаанаа, Баярбат, бид гурав уулзаж архи уусан юм. Баярбат миний машиныг “гоё машины байна, унаж үзмээр байна” гэхээр нь гэрт очиж ээжээс машины түлхүүрээ авсан. Хөдөө яваад ирсэн тул бинзен бага байсан. Баярбат миний машиныг унаад колонко руу явах замдаа эвгүй жолоодоод байхаар нь би өөрөө жолоодож  яваад замын хажуу талын бетонон хашлага мөргөсөн. Машины буруу талын урд дугуйны тросс гарсан байсныг би мэдээгүй. Улаанаа өөрийн машинтайгаа араас дагаад явж байсан тул Баярбат бид хоёрыг гэрт хүргэж өгсөн байсан. Баярбаттай утсаар ярихад “манай эмээ бариач нуруугаа бариулаад үзье” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа нь залгахад “нурууг барьж болохгүй юм байна, эмнэлэгт үзүүлье” гэж хэлэхээр нь Баярбат бид хоёр эмнэлэгт очиж үзүүлэхэд хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Батбаярын хагалгааны зардал 3.800.000 төгрөг болсон. Нийгмийн даатгалыг төлж хагалгаанд үнэгүй оруулсан. Томографикийн зургийг авхуулж, эмчилгээний зардлыг бүрэн даасан. Мөн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баярбаттай уулзахад “Дархан руу сувилалд хэвтэхэд хэрэглэх 300.000 төгрөгийг өгвөл, би гомдол саналгүй гэж хэлээд цагдаагаас өргөдлөө татаж авъя” гэж хэлсэн. Баярбатын хохирлыг өгөх гэхээр мөнгө байхгүй байсан. Аав микро автобус худалдаж авсан байсан. Тэр өдөр аавын микро автобусыг авч гараад Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газраас 5 ширхэг босоо мод унагаж, 2 метр 40 сантиметрийн хэмжээтэй 30 ширхэгийг бэлтгэж, Налайх дүүрэг лүү зөөж явах замдаа элстэйн гүүрэн дээр цагдаад баригдсан. Би Баярбатын хохирлын мөнгийг өгөх зорилгоор мод бэлтгэсэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж,  байгаль хамгаалагчийн ажилд тусалж байгаа. Миний буруутай үйлдлээс осол гарсан тул цагдаагийн байгууллагад мэдэгдэхээс айсан. Би ослын дараа Баярбатад анхаарал халамж тавьж байсан. Баярбатын ээж “эмнэлэгт үзүүлж хэрэггүй, ослоос гэмтсэн гэж мэдвэл цагдаа, сэргийлэх болж их чирэгдэл учирна” гэж хэлж байсан нь надад тааламжтай санагдаж би Баярбатын эмчилгээний зардлыг хурдан төлье гэж бодсон” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Алтантүлхүүрийн өгсөн: “Т.Төрболд нь горхины давааны ард 30 ширхэг нойтон мод бэлтгэсэн. Хэргийн газарт очиж үзэхэд 5 ширхэг хожуул байсан. Байгаль орчинд учруулсан 1.900.000 төгрөгийн хохирлоо төлбөл гомдол саналгүй. Шүүгдэгчийн ар гэрийн байдал хэцүү юм байналээ. Шүүгдэгчийн ээж надаас гуйж эвлэрлийн гэрээ байгуулсан. Т.Төрболд нь өөрийн буруугаа ойлгож, хог хаягдал, хоёр удаа бага хэмжээний түймэрт хамт явж миний ажилд тусалсан. Мөн цаашид гарах миний ажилд тусална гэсэн. Шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оноож өгөхийг хүсч байна. Шүүгдэгч, ээжийн хамт ирж уулзаж, эвлэрлийн гэрээ байгуулсан. Шүүгдэгчийн ар бүлийнхэн бүгд ажилгүй. Зуны улирал эхэлсэн тул шүүгдэгчийн ар гэр 3-4 амралтын гэр ажиллуулж хохирлыг барагдуулна гэж хэлсэн. Мөн банкнаас нэмж зээл авна гэсэн” гэх мэдүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Баярбатын өгсөн “Би нурууны хагалгаанд ороод нуруундаа төмөр бэхэлгээ суулгасан байгаа. Энэ төмрөө дараа жил дахин хагалгаанд орж авахуулах юм. Миний нуруу удаан зогсохоор өвдөж байгаа. Хагалгааны зардлыг манай аав, ээж нар маань гаргасан байгаа. Энэ зардлаа нэхэмжилнэ. Мөн дараа жил дахин хагалгаанд орох болохоор түүнээс гарах зардлыг нэхэмжилнэ гэж бодож байна. Би хохирлоо барагдуулбал гомдол санал байхгүй. ...Ямар ч гэсэн бид хоёрын унаж явсан машины дугуй хагараагүй. Тухайн үед цас орсон зам халтиргаатай байсан машин маань хэдэн км/ц-ийн хурдтай явсанг бол хараагүй болохоор мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 27-28 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Г.Тогмидын өгсөн “Би 2016 оны 12 дугаар 15-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо Шижир 3-7 тоотод гэртээ байж байтал орой Улаанаа машин авсан гээд Төрболд тэр 2 над дээр хүрээд ирсэн юм . Тэгээд бид 2 гараад Баярбатын гэрт очоод тэндээс гараад Тэрэлжийн төв рүү очоод нэг шил 0,5 литр, нэг шил 0,75 литрийн Хараа гэдэг нэртэй 2 шил архи аваад Улаанаагийн гэрт очоод бид 4 архиа хувааж уусан. Тэгсэн чинь Баярбат Төрболдын машиныг унаж үзье гээд байснаа, Баярбат, Улаанаа, Төрболд 3 Улаанаагийн машинтай гараад явсан ба би Улаанаагийн гэрт үлдээд байж байгаад гэр рүүгээ явсан. Би тэрнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 35 дугаар тал/

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Д.Батчулууны өгсөн “Би Т.Төрболд гэх хүнийг танина. Надаас 29-86 УНЭ улын дугаартай Грейс микро маркийн  авто машин авсан юм” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 30-32 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Баярсайханы өгсөн “2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр “Тэрэлжээс мод ачсан ногоон өнгийн Истана маркийн машин хөдөллөө” гэж мэдээлэл ирсэн юм. Тухайн үед хулгайн нэгдсэн арга хэмжээ болох “Цохилт” арга хэмжээ явагдаж байсан юм. Тэгээд манай цагдаа ахлагч Батбаатар, замын цагдаа ахлах ахлагч Эхбаяр нарт надад Тэрэлжээс Микро автобустай нойтон мод орж ирж байгаа мэдээлэл авлаа очоод шалгая гэж хэлсэн. Бид 3 орой 22 цагийн үед Тэрэлжээс орон нутгийн зам салдаг уулзвар дээр зогсож байгаад 29-86 УНЭ улсын дугаартай Грейс мирко автобусыг зогсоож шалгахад Т.Төрболд гэгч нь тухай автомашиныг жолоодоод, дотор нь нойтон мод бэлтгээд ачаад аваад явж байсан юм. Тэгээд Налайх дүүргийн замын цагдаагийн тасгийн цагдаа ахлах ахлагч Эхбаяр авто машины бичиг баримтыг шалгахад тэр машин нь ямар ч бичиг баримт байхгүй машин жолоодож явсан. Журамласан авто машинаа ахлах ахлагч Эхбаярын хамтаар цааш нь авч яваад  Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс дээр авч ирээд жижүүрийн мөрдөн байцаагчид дэслэгч С.Мөнхбаярт хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 167-168 дугаар тал/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

/1хх-ийн 07-10 дугаар тал/

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал,

/1хх-ийн 11-15 дугаар тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын сарын 18-ны өдрийн №08шэ/56 дугаар:

  1. “ Баярбатын биед бүсэлхийн 2-р нугаламын хугарлыг бэхэлсэн мэс заслын дараах байдал /2016.12.20/ гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт,

/1хх-ийн 55 дугаар тал/

Замын цагдаагийн албаны 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 317 дугаар:

1. Верна Аксент маркийн 37-79 БРА улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Т.Төрболд нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.-д заасан "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх;"гэсэн заалтыг мөн дүрмийн 2.7,-д заасан" Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;" гэсэн заалтыг мөн дүрмийн 9.2.-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалт, мөн дүрмийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Жолооч Т.Төрболд нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 2.7,-д заасан "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;" гэсэн заалтыг мөн дүрмийн 9.2.-Т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтуудыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Верна Аксент маркийн 37-79 БРА улсын дугаартай автомашины хурдыг тодорхойлох боломжгүй байна.

4. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

5.3ам тээврийн осол гарах үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан эсэхийг тогтоох боломжгүй.

6. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйл Шинжээчийн үйл ажиллагаанд хориглох зүйл: 15.1.2 "Сэжигтэн яллагдагч шүүгдэгчийн мэдүүлэгийг үндэслэн дүгнэлт гаргах" гэсэн байдаг тул Яллагдагч Т.Төрболдын мэдүүлэгт үндэслэн шинжээч дүгнэлт гаргах боломжгүй байна. /Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд автомашины дугуй хагарсан "жолоодож явсан тээврийн хэрэгслийн урд талын дугуй хагарч осолд орсон" талаар мэдүүлсэн байдаг./ Тээврийн хэрэгслийн урд дугуй хагарсан нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт,

/1хх-ийн 92-93 дугаар тал/

Техникийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 25ны өдрийн №22 дугаар:

  1. Эрүүгийн 201701080038 дугаартай хэрэгт өмнө гарсан техникийн шинжээчийн дүгнэлтүүдийг бидний зүгээс үнэлж дүгнэх боломжгүй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17.4 дэх хэсэгт “Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна” гэж заасан байна.
  2. Хэргийн материалтай уншиж танилцахад 37-79 БРА улсын дугаартай Хьюндэй Верна маркийн авто машины жолооч Т.Төрболд замын хажуугийн шон мөргөж, зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7А дугаар зүйл дэх “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, осол болсон зам нь гэрч, хохирогчийн мэдүүлгэн дээр уруу, халтиргаатай, үзэгдэх орчин хангалтгүй, гэрэлтүүлэггүй, тухайн үеийн цаг агаарын байдал бүрхэг хэмээн тусгагдсан байх тул мөн дүрмийн 9.1 дүгээр зүйл дэх “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, зам болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр явна” , дээр тусгагдсан замын нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан яваагүй нь 9.2 дугаар зүйл дэх “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс болж гарсан байх үндэслэлтэй байна. Мөн Т.Төрболд нь 2.5 дугаар зүйл дэх “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. А/ “Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх Б/ Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх В/ Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн үүргээ биелүүлээгүй байна.
  3. 3779 БРА улсын дугаартай Хьюндэй Верна маркын автомашины хурдыг тогтоох боломжгүй.
  4. Жолооч Т.Төрболд хэргийн материалд байгаа гэрчүүдийн мэдүүлгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогдож байна. Энэ нь жолоочийн самбаачлах хугацааг уртасгаж, осол гарахад шууд буюу сөрөгөөр нөлөөлөх үндэслэлтэй.
  5. Эхний хариултан дээр Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дүгээр заалтыг зөрчсөн гэсэн хэсэгт хариулсан гэж үзэж байна.
  6. Осол гарсны дараа тээврийн хэрэгсэлд үзлэг хийгээгүй байх тул дугуй хагарсан эсэхийг тогтоох боломжгүй. Тээврийн хэрэгслийн урд талын аль нэг дугуй гэнэт хагарвал уг тээврийн хэрэгслийн тэнцвэржилтийг эгшин зуур өөрчлөн дугуй хагарсан зүгт жолоодлогыг булаах бөгөөд энэ үед жолооч аюул саадыг мэдэрч, зогсоох арга хэмжээ авч чадах эсэх нь тухайн үеийн хурд, жолоочийн самбаачлах хугацаанаас хамааралтай.
  7. Тээврийн хэрэгслээр зорчигч Б.Батбаяр нь 4.1.А дугаар зүйл дэх “Хамгаалах бүсээр тоноглогдсон авто машинаар зорчихдоо хамгаадах бүс хэрэглэх үүрэгтэй” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  8. Өөр нэмж тусгах зүйлгүй” гэх дүгнэлт,

/2хх-ийн 94-96 дугаар тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт

/1хх-ийн 116-118 дугаар тал/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/1хх-ийн 119-122 дугаар тал/

Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл,

/1хх-ийн 133 дугаар тал/

Тээврийн хэрэгслийг зарсан тухай баримт,

/1хх-ийн 146-148 дугаар тал/

Модны экологи-эдийн засгийн үнэлгээ,

/1хх-ийн 152-153 дугаар тал/

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны тодорхойлолт,

1хх-ийн 203 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/1хх-ийн 205 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/1хх-ийн 206 дугаар тал/

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 211-2013 дугаар тал/ баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Т.Төрболд нь согтууруулсан үедээ 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо UB-2  амралтын газраас урагш 1 км орчим ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй Верна Аксент маркийн 37-79 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 9.1, 9.2-т дахь заалтуудыг зөрчсөний улмаас замын зүүн талд байрлах “71” дугаартай гэрлийн шон мөргөж зорчигч Б.Баярбатын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

Мөн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо “Горхи Тэрэлж”-ийн улсын хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр 30 ширхэг нойтон шинэс модыг хууль бусаар бэлтгэж, Х.Грейс маркийн 29-86 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд экологи, эдийн засгийн үнэлгээгээр 662,245 төгрөг /Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар 1.986.735 төгрөгийн/ хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Согтуурсан үедээ буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зорчигч Б.Баярбатын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэн, түүнийг тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Энэ нь хохирогч гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтууд, түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Төрболдыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ улсын яллагчаас: “Шүүгдэгч Т.Төрболдод хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, байгаль хамгаалагчийн ажилд туслалцаа үзүүлсэн, гэм буруугаа хүлээсэн зэргийн харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг журамлан 1 жилийн хорих ял дээр 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хугацаагаар биечлэн эдлэх нийт ялын хэмжээг тогтоож, эрэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид эдлүүлэх”,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг барьж ял шийтгэл оноох боломжтой. Иймд шүүгдэгчийн үйлдсэн  хэргийг тэнсэх боломжтой байна. Хохирол төлбөрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдгээр хугацаагаар зааж өгнө үү” гэжээ

Шүүх шүүгдэгч Т.Төрболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд иргэний нэхэмжлэгч Д.Батчулууны нэхэмжилсэн 300,000 төгрөг, хохирогч Б.Баярбатын нэхэмжилсэн 3,800,000 төгрөг тус тус төлөгдсөн ба, иргэний нэхэмжлэгч Б.Алтантүлхүүрийн нэхэмжилсэн ойн санд учирсан 1,936,735 төгрөг төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Т.Төрболдоос гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 29-86 УНЭ улсын дугаартай Х.Грейс маркийн авто машин, 30 ширхэг нойтон мод, БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн цахилгаан хөрөөг тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлэх ба битүүмжлэгдэн ирсэн хөрөнггүй, шүүгдэгч Т.Төрболд нь цагдан хоригсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Оорцог овогт Телевжаны Төрболдыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Т.Төрболдод 1 /нэг/  жил хорих ял,

мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилээр хасаж, 6 /зургаа/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Т.Төрболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилээр хасаж, 6 /зургаа/ сар хорих ялыг нэмж нэгтгэн Т.Төрболдын нийт биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилээр хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Төрболдод оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Төрболдод оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 29-86 УНЭ улсын дугаартай Х.Грейс маркийн авто машин, 30 ширхэг нойтон мод, цахилгаан хөрөө 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

7. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Т.Төрболд нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Төрболдоос 1,936,735 төгрөгийг гаргуулан байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Т.Төрболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ