| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 144/2019/0064/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2019-12-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 19
Д.Х-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 72 дугаар цагаатгах тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 31 дүгээр магадлалтай, Д.Х-т холбогдох 1929000940048 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 13-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, О овогт Д-н Х.
Д.Х- нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн Зүүн Суугийн 2-10 тоотод иргэн М.А-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх прокуророос Д.Х-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгч Д.Х-ийг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Х-т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж, “хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тухай” дээд шатны прокурорын эсэргүүцлийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд прокурор Д.Ганчимэг бичсэн эсэргүүцэлдээ “...Анхан шатны шүүх цагаатгах тогтоолоор “шүүгдэгч Д.Х-ийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгчийг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай.
...анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хэргийг цагаатгаж, прокурорт буцаасан үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар давж заалдах шатны шүүхэд дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн талаараа магадлалын тогтоох хэсгийг уншиж сонсгон, шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарласан. Энэ нь шүүх хуралдааны 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минутаас 11 цаг 42 минутын дуу-дүрсний бичлэгээр нотлогддог.
Гэтэл прокурорын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гардаж авсан 31 дугаартай шүүхийн магадлалд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 72 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Х-т холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт буцаасугай. “Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тухай” дээд шатны прокурорын эсэргүүцлийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай..." гэж шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй.
Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд мөн дээрх шийдвэртэй адил байдлаар бичигдэж дуу-дүрсний бичлэгээс зөрүүтэй тэмдэглэсэн байх тул шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8, 1.9 дэх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэв.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэн, цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэв.
Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ажиллагаа бүрэн хийгдсэн. Шүүгдэгч нь М.А-ийн нүд рүү өшиглөж байсан нь хохирогчийн мэдүүлгээс гадна тухайн үед гэрт байсан н.А-, н.Б-, н.Х- нарын мэдүүлгээр тогтоогддог. Иймд хэргийг прокурорт биш анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Д.Х-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос Д.Х- нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Цагаан-Овоо багийн Зүүн Суугийн 2-10 тоотод иргэн М.А-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж чадаагүй байна.
Тодруулбал, гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэргийг хэн, хэрхэн үйлдсэн болох, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс шалгаж, нарийвчлан тогтоогоогүй, хэргийн шийдвэрлэлтэнд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэт хийгээгүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй, мөн түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах хүсэлтийг шийдвэрлээгүй, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрэн цуглуулаагүй хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан ажиллагаа явуулсан байхад анхан шатны шүүх Д.Х-ийг гэм буруугүйд тооцож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзнэ.
Анхан шатны шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй бөгөөд нотлох баримтыг бүрэн хэмжээнд үнэлж үйл баримтыг тогтоон, түүнд тулгуурласан эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр, харин нотлох баримт хангалтгүй буюу мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгээгүй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн атлаа хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Давж заалдах шатны шүүх дээрх алдааг дурдан түүнийг залруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт хийж “хэргийг прокурорт буцааж” шийдвэрлэсэн агуулгатай магадлал гаргасан боловч энэ нь тус шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт авагдсан “...хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа...” гэж танилцуулсан шийдвэрээс зөрүүтэй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д заасан хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байх тул магадлал мөн хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байна.
Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.
Гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүсийн хооронд болсон хэрүүл маргаан, зодооны бодит үйл баримтыг тогтоохдоо тэдний хоорондын харилцааны түүх, зан төрхийн шинж чанарын талаарх баримтад мэдээллийг цуглуулах, маргааны сэдэл, шалтгааныг зөв тогтоох, болсон үйл явдлыг тогтоохдоо харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлэг, хэргийн шийдвэрлэлтэнд аливаа нэгэн сонирхолгүй хөндлөнгийн гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийн үнэн бодит байдлын талаарх логик дүгнэлтэд түшиглэн мөрдөн шалгах ажиллагааг оновчтой явуулснаар хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосны эцэст хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх ёстой.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.Х-т холбогдох хэргийг прокурорт буцааж, прокурор Д.Ганчимэгийн “...анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр” бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Хэргийн нотолбол зохих байдлуудыг тогтоогоогүй үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэж байгаа тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг энэ удаа эцэслэн хийгээгүй болохыг үүгээр тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 72 дугаар цагаатгах тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 31 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.Х-т холбогдох хэргийг прокурорт буцаасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН