Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 20

 

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом суманд байрлах “Найрсаг андууд“ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох,

        “Найрсаг андууд” ХХК-ийн спиртын өндөр агууламжтай архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа Увс аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Найрсаг андууд” ХХК-ийн спиртын өндөр агууламжтай архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгах тухай шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Найрсаг андууд” ХХК-ийг төлөөлөн захирал Б.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч “Найрсаг андууд” ХХК-ийг төлөөлөн захирал Б.Анхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Найрсаг андууд” ХХК нь 2011 онд байгуулагдсан цагаас хойш аймгийн хөгжил дэвшилд тодорхой хэмжээний нүүр царай болон ажиллаж сүүлийн үеийн шинэ дуу, хөгжмийн дуугаралт бүхий караоке өрөө, ресторан, NIGHT CLUB-аар ажиллаж ирлээ. Үйл ажиллагаа явуулж байгаа уг объектыг олон жил ажиллахгүй, хог шороондоо дарагдсан, аймгийн өнгө үзэмжинд муугаар нөлөөлөхүйц, цонх хаалга нь эвдэрсэн байхад нь манай компани хөрөнгө оруулалт хийж, засвар үйлчилгээ хийж түрүүслэн ажиллуулж ирсэн. Андууд цогцолбор нь тогтмол 10 ажлын байртай ба үүнээс байнгын 1 хүн НДШ төлдөг бусад ажилчид солигдож байдаг тул НДШ төлдөггүй. Манай байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2016 оны 03 сарын 21-ний өдөр дуусгавар болж байсан ба тусгай зөвшөөрөл олгох журмын дагуу 1 сарын өмнө материалаа өгөх ёстой байдаг тул бид 2016 оны 02 сарын 19-нд Аймгийн хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Наранмандахад хүлээлгэж өгсөн. Гэтэл манай тусгай зөвшөөрлийг ямар нэгэн шалтгаангүйгээр сунгахаас татгалзсан хариуг амаар өгсөн тул манай компани 2016 оны 4 сарын 06-ны өдөр Аймгийн Засаг даргад тусгай зөвшөөрлөө сунгуулах тухай өргөдөл өгсөн. Аймгийн Засаг дарга уг өргөдлийн хариуг 2016 оны 5 дугаар сарын 04-ны өдөр 1/142 тоот бичгээр хариу өгсөн ба тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй гэсэн байна. Аймгийн Засаг даргатай би болон миний ээж Ичинхорлоо удаа дараа уулзан тусгай зөвшөөрлийг ямар шалтгаанаар сунгахгүй байгааг асуухад Засаг дарга: “Би энд байгаа цагт сунгахгүй, би тэрийг чинь мэддэг юм, танай караокед ардын намын Ганзориг гэдэг залуу зодоон хийсэн байна лээ, тийм газарт би зөвшөөрөл өгөхгүй, би гарын үсэг зурдаг юм, сунгахгүй“ гэх мэтээр хэлж байсан. Уг материалд журмын 2.1-д заасан бичиг баримтуудыг бүгдийг нь бүрэн бүрдүүлж өгсөн. Манай компани сар бүр банкны зээл, объектын түрээс болон бусад төлбөр хураамжийг төлдөг ба Засаг дарга Д.Цэндсүрэн тусгай зөвшөөрөл сунгахгүй байгаагаас үүдэн манай компани их хэмжээний алдагдалд ороход хүрээд байна. Засаг даргын уг үйлдэл нь намайг намын харъяалалаар алагчлан үзсэн, хувийн хэвшлийн үйл ажиллагааг хааж боомилсон, спиртын өндөр агууламжтай архи согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгох журмыг зөрчсөн мөн бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж манай компани үзэж байна. Иймд Увс аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож “Найрсаг андууд” ХХК-д спиртын өндөр агууламжтай архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгах шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү” гэжээ.

     Нэхэмжлэгч “Найрсаг андууд” ХХК-ийг төлөөлөн захирал Б.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : “Увс аймгийн Засаг дарга Цэндсүрэн нь 2012 онд засаг даргаар томилогдож ажиллахдаа манай компанийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаагаар хааж байсан. Мөн 2016 оны 3 дугаар сард тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах үеийн сунгуулах хүсэлт гаргасан боловч одоог хүртэл тусгай зөвшөөрөл олгохгүй байна. Манай компанийн 2011 оноос хойш тусгай зөвшөөрлийг 3-4 удаа авч байхдаа бүрдүүлсэн бичиг баримтуудаа бүрдүүлж өгсөн байсан. Гэтэл 2016 онд тусгай зөвшөөрлийн эрх авах материал бүрдүүлж өгсөн боловч мэргэжлийн хяналтын дүгнэлт байхгүй байна гэсэн тайлбар тавьж тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа аймгийн Засаг дарга Цэндсүрэнгийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож өгнө үү. Тусгай зөвшөөрлийг сунгаагүйтэй холбоотой хохиролоо нэхэмжлэх учраас энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Увс аймгийн Засаг дарга өөрчлөгдөж байгаа тул тусгай зөвшөөрлийг сунгахыг даалгах нэхэмжлэлээсээ татгалзаж байна “ гэжээ.

      Хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

      1.“Найрсаг андууд “ ХХК-ны бүрдүүлж ирсэн материал болох МХГ-ын дүгнэлт нь зоогийн газар, ресторанд тавих шаардлагыг хангасан тухай байсан. Энэхүү дүгнэлт нь зөвшөөрлийг сунгахад шаардлагатай баримтын нэг юм. Зоогийн газар, ресторанд тавих шаардлагыг хангасан аж ахуйн нэгжид баар, караокены зөвшөөрөл олгогдох ёсгүй.

       2.Андууд караоке болон Андууд night club-ийн алиных нь зөвшөөрөл сунгуулах нь тодорхойгүй бөгөөд цогцолбор нэрээр ресторан, баар, караокег нэг сунгалтын гэрчилгээгээр авах тухай дурдсан нь холбогдох хууль, журманд тусгагдаагүй тул хууль, журмаас давсан шийдвэр гаргаж болохгүй.

       3.МХГ-ын дүгнэлт, Найрсаг андууд ХХК-ийн 2016 оны 02 сарын 19-ний өдөр Хуульзүйн хэлтэст гаргасан хүсэлт нь хоорондоо зөрүүтэй, энэ нь бичиг баримтын хувьд зөрчилд тооцогдоно. Бүрдүүлсэн бичиг баримт нь хоорондоо утга, агуулгын хувьд нэг байх ёстой.

         4.Найрсаг андууд ХХК-иас 2016 оны 04 сарын 06-ны өдөр амйгийн Засаг даргад гаргасан хүсэлтдээ” манай компани байнгын 10 ажлын байр гарган нийгмийн даатгал, татварын хэлтэст тайлан гаргаж тогтмол татвар, шимтгэлээ төлж ирсэн “ гэж бичсэн нь 2016 оны 02 сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах бичиг баримтанд хавсаргасан Нийгмийн даатгалын хэлтсийн 114 тоот тодорхойлолтоор 1 даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулдаг тухай дурдсан, бусад 9 албан хаагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байна гэдэг нь аж ахуйн нэгжийн хувьд иргэнийг ажлын байраар хангасан бол нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй.

        5.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 сарын 20-ны өдрийн А/155 дугаар “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ын 3.4-т Хууль зүйн хэлтэс нь зөвшөөрөл хүсэгчийн материалыг хянах явцад тодруулах асуудлын талаар мэргэжлийн байгууллагаас лавлагаа, мэдээлэл авах зэргээр нягталж, хамтарч ажиллаж болно гэж заасны дагуу Цагдаагийн газраас 2016 оны 4-р сарын 26-ны өдөр 46-04/99 тоот албан бичгээр ирүүлсэн судалгаанаас харахад “Найрсаг андууд” ХХК нь гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдох асуудал гаргаж байсан.

      Иймд “Найрсаг андууд” ХХК-ийн согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүйг үүгээр мэдэгдэж байна ” гэжээ.

         Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       “ Найрсаг андууд “ ХХК-иас тус шүүхэд “ Найрсаг андууд” ХХК-ийн спиртын өндөр агууламжтай архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа Увс аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “ Найрсаг андууд” ХХК-ийн спиртын өндөр агууламжтай архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгах тухай шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

       “ Найрсаг андууд “ ХХК-ийн захирал Б.Анхбаяр шүүх хуралдаанд “ Найрсаг андууд” ХХК-ийн спиртын өндөр агууламжтай архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгах тухай шийдвэр гаргахыг Увс аймгийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, “ Найрсаг андууд “ ХХК-иас тус шүүхэд “Найрсаг андууд” ХХК-ийн спиртын өндөр агууламжтай архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа Увс аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцов.

        Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарыг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

      Нэхэмжлэгч нь “Тусгай зөвшөөрөл олгох журмын дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах материалаа 1 сарын өмнө өгсөн боловч ямар нэг шалтгаангүйгээр сунгахаас татгалзсан хариуг амаар өгсөн тул 2016 оны 4 сарын 6-нд зөвшөөрлөө сунгуулах тухай өргөдөл өгсөн. Журмын дагуу бичиг баримтуудаа бүрдүүлэн өгсөн байхад үндэслэлгүйгээр зөвшөөрлийг сунгахаас татгалзсан “ гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

       Хариуцагчийн зүгээс “Зоогийн газар, ресторанд тавих шаардлагыг хангасан аж ахуйн нэгжид баар, караокены зөвшөөрөл олгогдох ёсгүй тул мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, Найрсаг андууд ХХК-ийн 2016.02.19-ний өдөр Хууль зүйн хэлтэст гаргасан хүсэлт нь хоорондоо зөрүүтэй, Андууд караоке болон Андууд night club –ийн алиных нь зөвшөөрөл сунгуулах нь тодорхойгүй, хүсэлтдээ 10 ажлын байр гарган нийгмийн даатгалын шимтгэл төлдөг талаар дурдсан боловч 1 даатгуулагчийг нийгмийн даатгалд даатгуулдаг, 9 албан хаагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй, “Найрсаг андууд” ХХК нь гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдох асуудал гаргаж байсан “ гэсэн тайлбарыг гаргаж байна.

       “Найрсаг андууд “ ХХК нь эрхлэх үйл ажиллагааны чиглэлдээ ресторан, баар, караоке эрхлэх үйл ажиллагааг 2013.01.14-ний өдөр нэмж[1] улсын бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байсан байна.

     “Найрсаг андууд” ХХК-д аймгийн Засаг даргын 2014 оны А/141 дүгээр захирамжийг үндэслэн 2014.03.21-нээс 2016.03.21-ний өдрийг хүртэл хугацаатай Спиртын өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл[2] олгогдсон байна.

         “Найрсаг андууд “ ХХК-иас 2016 оны 2 сарын 19-ний өдөр Увс аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэст спиртын өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 03 сарын 21-нд дуусгавар болж байгаа тул хугацааг  сунгах өгөх тухай хүсэлтийг[3] холбогдох баримтуудын хамт хүргүүлжээ.

       Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 сарын 04-ний өдрийн 1/412 дугаар хариу өгөх тухай албан бичгээр[4] хариуцагчийн дээр дурдсан тайлбарыг дурдаж согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүйг мэдэгдсэн байна.

     Мөн хариуцагчийн татгалзлын үндэслэлийг дэмжиж аймгийн Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Э.Наранмандах гэрчийн мэдүүлэг[5] өгчээ.

    Нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлтдээ дараах баримтуудыг хавсаргажээ. Үүнд:

-Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга 2016 оны 02 сарын 22-ны өдрийн 206 дугаартай албан бичгээр[6] “ Найрсаг андууд “ ХХК-ийн спиртийн өндөр агууламжтай архи, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрлийг сунгаж олгохыг дэмжиж байгаагаа аймгийн Хууль зүйн хэлтэст хүргүүлжээ.

-Увс аймгийн Улаангом сумын Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газрын 2016.02.22-ны 16 дугаар албан бичгээр[7] “ Найрсаг андууд “ ХХК нь аймаг сумаас зохион байгуулж буй нийтийг хамарсан цэвэрлэгээ, орчны тохижилт, ногоон байгууламжийн ажилд идэвхтэй сайн оролцож ажилладаг талаар тодорхойлжээ.

-Увс аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 2016.02.19-ний өдрийн 46-04/42 дугаар албан бичгээр[8] “ Найрсаг андууд “ ХХК-ийн караоке, баар нь 2015 оны 02 сарын 19-ний өдрөөс 2016 оны 02 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулиар арга хэмжээ тооцогдож байгаагүй болохыг тодорхойлжээ.

-Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016.02.18-ны өдрийн 114 дугаартай албан бичгээр[9] “ Найрсаг андууд “ ХХК нь 1 даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулж, шимтгэлийн өр төлбөргүй нь үнэн болно гэжээ.

-Увс аймгийн Татварын хэлтсийн №1516000192 дугаартай тодорхойлолтоор[10] “Найрсаг андууд “ ХХК нь татварын өргүй талаар дурдагджээ.

-Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014.03.20-ны өдрийн 20/03/021/106 дугаартай дүгнэлтээр[11] “ Найрсаг андууд “ ХХК-ийн Зоогийн газар нь “ Хоолны газрын үйлчилгээ “ MNS 4946-2005 стандартын А хавсралтад заасан “ресторан”-д тавих шаардлагыг 80 хувьтай хангаж байна гэжээ.

         Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан журмын дагуу аймгийн Засаг дарга олгохоор, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8-д Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.3, 6.4-т заасныг баримтлахаар  заасан байна.

       Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т  “хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нөхцөл байдал илрээгүй тохиолдолд зөвхөн зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн 3 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана” гэж, мөн хуулийн 6.4-т “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн хоорондох тусгай зөвшөөрөл сунгахтай холбоотой харилцааг тусгайлан нарийвчилж зохицуулжээ.

         Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 сарын 17-ны өдрийн А/23 дугаар тогтоолоор нэмэлт оруулж “ Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох журам “ –ыг [12] мөрдсөн байна.

         Тус журмын 2.4-т тусгай зөвшөөрөл хүсэгчид тавигдах шаардлагыг 1/ Улсын бүртгэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх, 2/ Зоогийн газар, баар, кафе нь хоолны газрын ангилал, зэрэглэлийн үндсэн шаардлага MNS 4946-2005 стандартад заасан шалгуур үзүүлэлтийг хангасан байх, 3/ Худалдааны цэгт худалдагч, үйлчилгээний цэгт холбогдох мэргэжлийн ажилчдыг орон тоогоор ажиллуулж, нийгмийг даатгалын шимтгэлийг хариуцан төлдөг байх, 4/ Аж ахуйн үйл ажиллагаа тогтвортой явуулж, татвар, санхүүгийн тайлангаа цаг хугацаанд гаргаж, холбогдох татваруудыг төлбөн байх, 5/ Худалдаа үйлчилгээний цэг нь сургууль, цэцэрлэгийн орчны газар байрлаагүй байх, 6/ Гадна талдаа орчны гэрэлтүүлэг, хяналтын систем байгуулсан байх, 7/ Хот, сумын төвийн  тохижилт, үйлчилгээний ажил, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг санаачилж хэрэгжүүлсэн байх, 8/ Хууль тогтоомж,тусгай зөвшөөрөлд заагдсан шаардлагыг зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй байх, 9/ НӨАТУС-ын системд холбогдсон программ хангаж, тоног төхөөрөмжтэй, иргэдэд төлбөрийн баримт хэвлэж өгөх нөхцлийг хангасан байх гэж тодорхойлжээ.

      “ Найрсаг андууд “ ХХК нь хуульд заасны дагуу согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах тухай өргөдлийг Увс аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэст 2016.02.19-ний өдөр буюу хуулийн хугацаандаа гаргахын зэрэгцээ, журамд заасан нөхцөл шаардлагыг хангаж байгаа талаарх баримтуудыг хавсарган ирүүлсэн байхад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан журмыг зөрчиж 3 хоногийн дотор  сунгах шийдвэрийг гаргаагүй Увс аймгийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус байна.

        Мөн 2016 оны 05 сарын 04-ний өдрийн 1/142 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нь журамд заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн талаар нотолж чадаагүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагатай холбоогүй бусад шалтгааныг дурдаж, тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа нь хууль бус байна гэж дүгнэлээ.

        Хэрэгт авагдсан “ Найрсаг андууд” ХХК-д олгосон Андууд Баар нь MNS 4946-2005 стандартыг хангасан талаарх тохирлын гэрчилгээ [13]/ дуусах хугацаа нь 2017-03-24/, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох журмын 2.4.2-т заасан зохицуулалтаас үзэхэд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлийг татгалзахдаа зоогийн газар ,ресторанд тавих шаардлагыг хангасан аж ахуйн нэгжид баар, караокены зөвшөөрөл олгогдох ёсгүй гэж үзсэн нь буруу байна.

      Хэрэгт гэрч Ц.Дэлгэрмаа нь “Мэргэжлийн хяналтын газрын 2015, 2016 оны төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналтаар “ Найрсаг андууд “ ХХК-ийн Андууд зоогийн газрын ажлын байр нь эрүүл ахуйн шаардлага хангаж байсан талаар мэдүүлэг[14] өгсөн болно.

       Мөн хариуцагчийн зүгээс “ Найрсаг андууд “ ХХК нь гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдож байсан гэж үзсэн бөгөөд хэрэгт Увс аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн хүсэлтийн дагуу Цагдаагийн газраас хүргүүлсэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжид 2015 оны 4 сараас 2016 оны 4 сар хүртэлх хугацаанд гарсан захиргааны зөрчил, гэмт хэргийн судалгааг[15] хавсаргуулсан байна.

          Энэхүү судалгаанд “Андууд” бааранд болон баарны гадна талд үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчил 5 удаа дурдагдсан байгаа нь тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах хууль зүйн үндэслэлд хамаарахгүйг дурдах нь зүйтэй.

     Иймд нэхэмжлэгчийн Спиртын өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацааг үндэслэлгүйгээр, хуулийн хугацаа хэтрүүлэн сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн худалдаа үйлчилгээ эрхлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

       Харин нэхэмжлэгчийн “ Найрсаг андууд” ХХК-ийн спиртын өндөр агууламжтай архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгах тухай шийдвэр гаргахыг Увс аймгийн Засаг даргад даалгах тухай “ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

      Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болно.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.7, 4.8 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар “Найрсаг андууд “ ХХК-ийн Спиртын өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацааг хуулийн дагуу сунгахгүй байгаа Увс аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосугай.

        2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн “Найрсаг андууд” ХХК-ийн спиртын өндөр агууламжтай архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгах тухай шийдвэр гаргахыг Увс аймгийн Засаг даргад даалгах тухай“ тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

          

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АЛТАНЦЭЦЭГ

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 15-р хуудас

[2] Хавтаст хэрг ийн 13-р хуудас

[3] Хавтаст хэргийн 8-р хуудас

[4] Хавтаст хэргийн 5-р хуудас

[5] Хавтаст хэргийн 49-50-р хуудас

[6] Хавтаст хэргийн 6-р хуудас

[7] Хавтаст хэргийн 7-р хуудас

[8] Хавтаст хэргийн 9-р хуудас

[9] Хавтаст хэргийн 10-р хуудас

[10] Хавтаст хэргийн 12-р хуудас

[11] Хавтаст хэргийн 11-р хуудас

[12] Хавтаст хэргийн 26-31-р хуудас

[13] Хавтаст хэргийн 16-р хуудас

[14] Хавтаст хэргийн 33-34-р хуудас

[15] Хавтаст хэргийн 37-45-р хуудас