Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 573

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Э.Гэрэлмаа,

Ялтан Ц.Отгонбаяр /Хорих 461 дүгээр ангиас цахим хэлбэрээр/,

Ялтан Ц.Отгонбаярын өмгөөлөгч А.Мөнхсайхан,

Ялтан Б.Наранбатын өмгөөлөгч У.Сайнбилэг, Л.Түвшинцэнгэл,

Ялтан Б.Дашбалын өмгөөлөгч Ц.Мандал,

Хохирогч Ц.Эрхэс, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

Нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Б.Ариунбаяр, ялтан Б.Дашбал, түүний өмгөөлөгч Ц.Мандал, ялтан Б.Наранбат, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг, Л.Түвшинцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Отгонбаяр, Б.Наранбат, Б.Дашбал нарт холбогдох эрүүгийн 201625010912 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            1. Мянгад овогт Цэрэнноровын Отгонбаяр, 1976 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн задгайд оршин суух бүртгэлтэй,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 786 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 413 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2, 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2000 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаар тогтоолоор хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 400 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 100 дугаар зүйлийн 100.1, 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт тус тус зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1 жил 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар: /НШ76011875/,

 

2. Боржигон овогт Бүжингийн Дашбал, 1982 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 28-03 тоотод оршин суух бүртгэлтэй,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 619 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 cap хорих ял шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 2-ны өдөр "2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай" хуулийн 5 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хасч, 2006 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 cap баривчлах ялаар шийтгүүлж, 2012 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 cap 10 хоног баривчлах ял шийтгүүлж, 2013 ны 3 дугаар сарын 18-ны өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 900 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 cap баривчлах ялаар шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаар /ХК82090917/,

 

3. Боржигон овогт Бямбын Наранбат, 1980 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Б-23 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: /МЮ80062311/.

 

Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бүлэглэн, 2016 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны 3 дугаар орцонд Ц.Эрхэсийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, “I phone-5” загварын гар утас, 80.000 төгрөг зэрэг эд зүйлсийг нь дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ц.Отгонбаяраас эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял, Б.Дашбалаас эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Б.Наранбатаас эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нарт оногдуулсан хорих ялыг тус тус чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нарын урьд цагдан хоригдсон 131 /нэг зуун гучин нэг/ хоногийг тус бүр хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нараас нийт 380.000 /гурван зуун наян мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Ц.Эрхэст олгохоор шийдвэрлэжээ.

Ялтан Ц.Отгонбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2016 оны 3 дугаар сарын 22-ны орой Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны орцонд Дашбал, Наранбат, хохирогч Эрхэс болон өөр хэдэн залуусын хамт архи ууцгаасан. Тэр үед хохирогч Эрхэс нь миний найз бүсгүйг элдэв янзаар муулж, доромжилж, тийм хүүхнээр яадаг юм, салаач гэх зэргээр над руу агсарч, мөн тэнд байсан залуустай маргаж, чимээ шуугиан тариад байхаар нь түүний эрхэнд халдаж цохисон минь үнэн. Би хохирогчийн таарамжгүй харьцаанаас үүдэн түүнийг цохисон гэмт үйлдэлдээ одоог хүртэл маш их харамсаж, гэмшиж явдаг. Түүнээс биш хохирогчийг дээрэмдэж, эд зүйлийг нь хүч хэрэглэж авсан зүйл огт байхгүй. Энэ бол шударга бус гүтгэлэг гэж би үзэж байна. Тус гэмт хэрэгт холбогдуулж, цагдан хорьсноос хойш огт мөрдөн байцаах ажиллагаа явуулалгүй хэргийг прокурорт шилжүүлсэн. Мөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хэт өндөр үнэлж, шүүх хуралдааныг явуулсан. Хохирогч Эрхэсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт ноцтой зөрүү байсаар байтал түүнийг шинэчлэн судлалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох гэсэн заалт, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.6 дахь хэсэгт зааснаар хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотлоогүй гэх зэрэг хэд хэдэн хуулийн заалтыг орхигдуулж, зөвхөн хохирогчийн мэдүүлгээр намайг ялласанд маш их гомдолтой байна. Би тус хэрэгт холбогдож, цагдан хоригдсоноос хойш орон гэрт минь хулгай орж, хөдөлмөрлөж олсон эд хөрөнгө, гэр орон маань үгүй болж байгаа талаар мөрдөн байцаагчид удаа дараа мэдүүлсэн боловч уг асуудалд ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Тус хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Нараа болон тоодон Сээгий буюу Б.Сэргэлэнбат найз нарынхаа хамтаар гэрт маань орогнож байгаа талаар над дээр эргэлтээр ирсэн найз бүсгүй маань хэлсэн. Хилс хэрэгт холбогдож, шалгагдаж байгааг мэдсээр байж, худал гэрчийн мэдүүлэг өгч тэр хүмүүс өнөөдөр орон гэрт минь эзэн сууж байгаа нь шударга явдал уу. Гэрч Б.Сэргэлэнбат болон Э.Наранбаатар нарын мэдүүлэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт зааснаар эх сурвалжаа зааж чадаагүй учир нотлох чадвараа алдсан. Мөн тэднийг энэ хэрэгт холбогдуулан шалгах бүрэн үндэслэлтэй тул хэргийн үнэн зөвийг олох үүднээс хэргийг мөрдөн байцаалтанд буцааж, буруутай этгээдийг олж тогтооно гэж итгэж байна. Ц.Отгонбаяр би хохирогчийг цохьсон гэмт үйлдэлдээ холбогдох хуулийн дагуу шийтгүүлэхэд гомдолгүй бөгөөд холбогдсон хэрэгтээ туйлын ихээр гэмшиж байгааг минь хүлээн авна уу” гэжээ.

 

Ялтан Б.Дашбал гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие нь хохирогч Эрхэсийн гар утас, бэлэн мөнгө, биед нь нэг ч удаа гар хүрээгүй, би хохирогч Эрхэстэй зөвхөн архи авах гэж дэлгүүр явахад л хамт явсан бөгөөд Эрхэс архиа аваад дэлгүүрээс гараад хоёулаа салаад би тамхи авахаар түц рүү ганцаараа явсан. Харин намайг түцнээс тамхи аваад араас нь очиход, байрны орцонд архиа уугаад дууссан байсан. Хохирогч Эрхэс нь хар савхин куртиктэй хүн нь миний халаас ухсан гэж  мэдүүлдэг, яг тэр үед Отгонбаяр ах хар савхин куртик өмсөж явсан байдаг. Би өөрөө өдөр нь наймаа хийж, олсон орлогын хагасыг нь гэртээ орхин, бусдыг нь биедээ авч явсан. Би мөнгөтэй байсан, надад илүү мөнгөний хэрэг байхгүй, өөрийн наймаа хийж олсон өдрийнхөө орлогоор өөрсдийнхөө ам бүлээ тэжээж амьдраад болоод л байдаг. Надад илүү дутуу хүний юманд шунах сэтгэл байхгүй. Намайг мөнгө төгрөгтэй явсныг мэдэх хүн байгаа. Тэр шөнө 01 цагийн үед Хандаа, Уянга нартай цуг гэртээ очиж, 60,000 төгрөг авсан. Хамт явсан Хандаа, Уянга, мөн найз Наранбат нар гэрчилнэ. Иймээс энэ хэргийг дахин шалгуулж, үнэн зөвийг нь олж тус болно уу. Хандаа, Уянга нараас мэдүүлэг авч өгнө үү” гэжээ.

 

Ялтан Б.Наранбат гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие нь 1980 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 1997 онд Дундговь аймгийн 2 дугаар арван жилийн 8 дугаар ангийг дүүргэн 2002 онд ТМС-ийг тогооч, нарийн боовны технологич мэргэжлээр 3 дугаар зэрэгтэйгээр, 2008 онд “Абука” төв болон 2010 онд “Гүн шим” магадлан итгэмжлэгдсэн сургалтуудыг тус тус 2, 3 зэрэгтэйгээр төгссөн, амьдралд идэвх оролцоо сайтай хөдөлмөрч нэгэн юм. 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод Эх нялхаст хоёр охин, нэг хүүтэй буюу гурван ихэр хүүхэдтэй болж амьдрал минь улам гэрэл гэгээтэй болж, аз жаргалтай хөдөлмөрч эцэг хүн болсон билээ. Гэвч нэгэн өдөр удам залгах нуган үр минь өвчний улмаас эндэж, эх нь сэтгэл санааны гүн хямралд орсноор сүү нь татарч хоёр охиноо цатгаж дийлэхгүй болсон тул арга буюу эрхэлж байсан ажлаа орхиж, сүү, живх, мах, нүүрс түлээгээр таслахгүйн тулд өдөр бүрийн орлоготой ажил хайж байсан. Анх хотод орж ирэхдээ төрсөн дүүтэйгээ хамтран буудал ажиллуулж байхдаа Дашбал надтай таарч, өдөр болгон орлоготой байх гоо сайхны бараа зарах санал тавьсан ба саналыг нь зөвшөөрсөн юм.

2016 оны 3 дугаар сарын 12-ны шилжих шөнө Дашбалын хамтаар өдөржин хөдөлмөрлөж, олсон орлогоороо хоёр охиныхоо сүү, живхийг нь аваад эхнэр Ариунбилэг рүүгээ залгатал хоёр охиноо эхтэйгээ хөдөө явуулсан, би найз нартайгаа наргиж байна гээд утсаа салгасан. Би урам хугарч, сэтгэлээр унан эхнэртээ гомдохдоо архи ууж сэтгэл санаагаа сэргээх гэсэн мунхаг бодолдоо автан Дашбалын хамт Отгонбаяр гэх найз ахыг нь гэрээс нь аваад 13 дугаар хороололд “Жулия” гэдэг дэлгүүрээс архи авахаар очтол Дашбал надаас үнэртэй ус авсан охид тэр байна хамт очиж үлдсэн мөнгөө авъя гэхлээр нь хамт очоод юм ярьж байтал ойролцоо зогсож байсан нэгэн залуу ирж, өөрийгөө Эрхэс хэмээн танилцуулаад “эдгээр бие үнэлэгч охид их үнэтэй байна, чи таньдаг бол хямдхан яриад өг, архи авч өгье” гэх зэргээр яриа өдөн дагаад байхаар нь би “гурвуулаа яваа” гэтэл “хамаагүй хамт ууя, би архи авч өгье” гээд байхаар нь зөвшөөрч архи аваад ойролцоо орцонд ороод ууж байтал Отгонбаяр Эрхэс рүү дайрч хэрүүл зодоон үүсгэсэн. Би “болиоч” гээд Эрхэсийн гараас татан босгож гарах гэтэл Отгонбаяр намайг “ална шүү, пизда минь” гээд дайрсан ба гэрчлэх Наранбаатар “чамд хамаагүй” гээд намайг цохиж, шүдийг минь хугалсан. Би биеэ хамгаалж Наранбаатартай зодолдож байхдаа хальт хартал Отгонбаяр Эрхэс нар зууралдаад шат өгсөж харагдсан. Энэ үед Наранбаатар шил хагалаад барьчихсан намайг хохирогчид үргэлжлүүлэн туслах боломж олгоогүй. Тэгтэл Отгонбаяр, Дашбал хоёр бидний хажуугаар орцноос зугтан гарсан ба би Наранбаатараас айхдаа араас нь гарсан боловч олоогүй. Автобусны буудал дээр очиж шорлог зардаг эгчээс Дашбалыг суусан машиныг заалган очиж суутал “чи чинь хаачихдаг юм бэ” гээд хөдөлсөн. Тэгээд “Багшийн дээд” дээр иртэл Дашбал Сэвжидбаяр гэх залуутай уулзаж нэгэн утас үзүүлж байсан, ямар учиртайг нь би ойлгоогүй тэр хоёр нэг шил архи авч тэндээ уугаад салсан. Бид хоёрыг Хөдөө аж ахуйн буудал дээр эргэж иртэл шорлог зардаг эгч “та нараас болоод гэмгүй хүнийг цагдаа аваад явлаа” гэхэд нь би гайхаж цагдаа дуудуулсан бөгөөд удалгүй цагдаа ирж Баянзүрх дүүрэг дээр хүргэгдэн ирсэн. Гэтэл Отгонбаяр, Дашбал хоёр намайг “элдэв юм яриад хэрэггүй, чи өөрөө хэрэгтэн болно, ингэсгээд явуулах байх” гэсэн. Мөн 461 дүгээр хорих ангид хоригдож байх хугацаанд элдэв зурвас бичин, хүн хүнээр ятгуулж “чи хэргээ даачих, анхны хэрэг яах ч үгүй, бид хоёр урьд нь ял эдэлж байсан тул болохгүй байна” гэх зэргээр шаналгаж надад үнэхээр хэцүү байсан. Энэ тухайгаа прокурор Гэрэлмаад удаа дараа хэлсэн, батлан даалтанд гарахыг гуйсан боловч байцаагч чинь солигдож байгаа гэсэн. Удалгүй энгийн хувцастай ахмад цолтой гэх нэгэн хүн ажлын цаг дуусч байхад ирээд баахан цаасан дээр гарын үсэг зуруулаад явахад би ганцаарчлан уулзах хүсэлтэйгээ хэлэхэд чамайг дуудаж уулзана гээд дахиж ирээгүй юм. Гэрэлмаа прокурор манай эхэд “танай хүү шүүхээс ялгүй сална, гэхдээ өөрт нь битгий хэлээрэй” гэсэн байсныг сонсоод би бага зэрэг тайвшраад байтал шүүх хурал миний санаснаас маш хурдан болж өнгөрсөн юм. Би хэргийн талаар бодит үнэнг цаасан дээр тодорхой бичсэн байсан ч хэзээ хэрхэн хэлэх учраа олоогүй юм. Шүүх хурал дээр хэлэх гэтэл хэрэг чинь эргэж задарна, батлан даалтанд гарах үедээ болно гэж итгэсэн. Мөн хохирогч Эрхэс нь уг хэрэгт намайг холбогдолгүй болох, Дашбал, Отгонбаяр хоёрыг болиулахыг оролдож байсныг хэргийн бүх шатанд удаа дараа хэлсэн. 461 дүгээр хорих ангид намайг эргэж ирэхдээ “найз нь чамайг баллачихлаа. Учир нь Наранбаатар чамайг тэр хоёртой хамт явсан хам хэрэгтнүүд гэж итгүүлсэн, мөн мэдүүлгээ өөрчилбөл гэмгүй хүнийг удаан хугацаанд хорьсон гэх хэрэгт буруудна. Хуулийн зөвлөгөө аваад хариу хэлнэ” гээд алга болсон зэргээс харж болно. Мөн байцаагч, прокурор нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар хэргийг тал бүрээс нь хянан шалгалгүй хэт нэг талыг баримтлан хэрэгт хандаж, намайг яллаж байгаад Б.Наранбат миний бие туйлын гомдолтой байна. Намайг энд хоригдож буй хугацаанд ар гэрийн амьдрал минь маш тогтворгүй болж хоёр нялх үрийг минь салгаж айлд үрчлэх асрамжинд өгөх тухай яриа гарч буйг сонсоод үрээ гэсэн хайрт эцгийн нэгэн адил элэг зүрх минь эмтэрч байна. Эрхэм шүүгч та бүхэн энэхүү хэргийг үнэн зөвөөр нягтлан шалгаж, хэрэгт холбогдолгүй болохыг минь нотолж, цагаатгаж өгнө үү” гэжээ.

Ялтан Б.Наранбатын өмгөөлөгч У.Сайнбилэг гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нь манай үйлчлүүлэгч Бямбын Наранбатын тухайн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг нягтлан шалгалгүйгээр дан ганц хохирогчийн мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Мөн тухайн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, шалгавал зохих байдлуудыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй байна. Үүнд: Хохирогч Эрхэс болон гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байдаг. Тухайлбал, хохирогч Эрхэс нь “6-н хүнээс 3 нь түрүүлээд гараад явчихсан, үлдсэн 3 залуу нь дээрэмдээд зугтаасан” талаар мэдүүлсэн ба араас нь хайж яваад гэрч Наранбаатартай тааралдсан талаар хэлдэг /хх 35-36/. Гэтэл гэрч Наранбаатар "... архи ууж дууссаны дараа Наранбат бид 2 хоорондоо муудалцаад зогсож байхад бид хоёрын дээд давхарт мурий Отгоо, Дашбалбар 2 нэг залуутай ярилцаад байгаа юм уу бүү мэд, нэг юм болоод байсан. Тэгсэн гэнэт тэд нар бүгд гүйлдээд гараад явчихсан.." гэж, мөн "... тэгээд би унтаад өгсөн чинь нөгөө залуу хүрч ирээд намайг сэрээсэн..." гэж /хх-59/ мэдүүлсэн байна. Гэрч Сэргэлэнбат “орц харанхуй байсан учраас хүмүүсийн царай зүс сайн харагдахгүй байсан” гэжээ. Гэтэл хохирогч Эрхэс өөрийг нь дээрэмдсэн гэх хүмүүсийг тухайн үед ямар байдлаар нь хэрхэн таньж мэдсэнийг тодруулах, тухайн үед байрны орц гэрэлтэй байсан эсэх, хүмүүсийн царай зүсийг харах боломжтой байсан эсэх зэргийг холбогдох гэрчүүдээс тодруулах, мөрдөн байцаалтын туршилт хийх нь зүйтэй юм. Хохирогч Эрхэс нь “...бэлэн 80000 төгрөг өмдний баруун талын хойд халаасанд байсныг авсан ... миний өмдний баруун талын хойд халаасанд мөн бэлэн 40000 төгрөг байсныг анзааралгүй үлдээсэн байна" /хх-35/ гэж мэдүүлсэн байдаг. Харин шүүгдэгч Дашбал “хохирогчтой цуг дэлгүүр ороход хохирогч ATM мөнгөний машинаас карт уншуулж мөнгө авч байсан” гэж мэдүүлдэг. Иймд хохирогч Эрхэс тухайн үед бэлэн мөнгөтэй байсан эсэх, мөнгөний машинаас мөнгө авсан эсэх, хэдэн төгрөг авсан эсэхийг тодруулах нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. Хохирогч Эрхэс нь тухайн үед “I-Phone” 5 загварын гар утсаа алдсан гэж мэдүүлдэг. Гэтэл энэ гар утасны мэдээллийг шалгаж тодруулах ажиллагаа огт хийгдээгүй байдаг. Наранбатын шүүх сэтгэц эмгэг судлалын 435 тоот дүгнэлтэд Архины хараат байдлын хам шинж гэсэн онош тогтоож, уг эмгэг нь 20-22 насны орчим үүссэн байх боломжтой байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байгаа юм. Учир нь 2013, 2015 онд Дорноговь аймгийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоос Б.Наранбатыг "Шизоаффективное расс-во с депресив/типо" гэсэн оноштойгоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, Наранбатын сэтгэцийн эмгэг нь Шизоаффектив эмгэг эсхүл архины хараат байдлын хам шинж аль нь болохыг тодруулах, дээрх 2 нэр томъёо нь адил утгатай эсэх, хэрэв өөр төрлийн эмгэг бол Шизоаффектив эмгэг нь хэрэг хариуцах чадварт нөлөөлөх эсэхийг тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

 

Ялтан Б.Наранбатын өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хохирогч Эрхэсийн мэдүүлэг эргэлзээтэй, хэдийгээр хууль сануулж байцаалт авсан боловч бусад нотолгооны хэрэгслээр нотлогдоогүй байна гэж үзэж байна. Болсон хэрэг учралыг тоймлон үзвэл, хохирогч Хөдөө Аж Ахуйн Яамны буудлын орчим тамхи хайж яваагүй, харин шөнийг өнгөрөөх хүүхэн хайж явсан байж болзошгүй талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байна. Мөн түүнчлэн шорлог зарж байсан хүүхэн болох гэрч Шинэцэцэгээс энэ талаар тодруулж асуугаагүйгээс энэ гэмт хэрэг мөн эсэх хийгээд л хэргийн гогцоо тайлагдах байсныг нягтлаагүй байна. Энэ хэргийн холбогдогч Б.Наранбат нь урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй бөгөөд хэрэгтэн Дашбалын авчирсан гоо сайхны барааг хамт борлуулж амьжиргаагаа тэтгэдэг байсан бөгөөд хэрэг учрал болсон орой олуулаа нийлж, архи хувааж уух үед Дашбал, Эрхэс нар нь Дашбалын эхнэрээс болж маргалдсан, хэрүүл дундуур Эрхэс, Отгонбаяр хоёр зодолдоход Наранбат нь салгаж болиулсан гэдэг нь "... хар цагаан өнгө хосолсон куртиктэй залуу нь дундуур ороод боль боль гэсэн", мөн шүүх хурлын хэлэлцүүлэгт "Наранбат тэгтэл боль гээд хэлтэл Дашбал, Отгонбаяр 2 миний гараас барьж, миний өмдний халаас тэмтрээд байсан" гэсэн хохирогчийн удаа дараагийн мэдүүлгээс тодорхой харагдаж байна. Үүнд, Наранбаатар дургүйцэж Наранбаттай барилцаж зодолдсоноор тэр 2 орцноос түрүүлээд гарч явсан байдаг нь "Архи ууж дууссаны дараа Наранбат бид 2 хоорондоо муудалцаад зогсож байхад бид хоёрыг, дээд давхарт мурий Отгонбаяр, Дашбал 2 нэг залуутай ярилцаад байгаа юм уу, бүү мэд, нэг юм болоод байсан" гэх мэдүүлгээр нотлогдоно. Тэгэхээр энэ дээрмийн хэрэгт Наранбат оролцоогүй нь илтэд байна.  Дээрэмдүүлсэн гэх гар утас нь яг “I-Phone5” гэх утас байсан гэдэг эргэлзээтэй байна. Худалдан авсан баримт алга, тэр утсанд дуудлага хийж байсан дугаар ч алга, тухайн үед яг ямар загварынх юм, тийм утас гэх зураг төсөл ч байхгүй байхад эд зүйлийн үнэлгээг тогтоохдоо хоосон чанарын онолд тулгуурлан хийсэн байх ба хуучин гар утасны зах зээлийн ханшийн талаарх мэдээлэл ч алга, тухайн үед АТМ-ээс мөнгө татсан гэх Дашбалын мэдүүлгийг хохирогчийн дансны хуулгаас татан авч шалгаагүй нь тухайн өдөр хохирогчид 80.000 төгрөг биед нь явсан эсэхэд эргэлзэхэд хүргэж байна. Тэгээд ч 250.000 төгрөгөөр үнэлсэн бугуйн цагаа хаясан болж таарсан зэргийг үзэхэд бусад эд зүйл биед нь байсан гэдгийг зөвхөн хохирогчийн эхнэрийн "I-Phone5” гэх утасны дугаар арилсан утасны хайрцаг нь гэрт байгаа, өглөө тогны мөнгө өгөөрэй гэж 80.000 төгрөг өгсөн" гэх мэдүүлгээр нотлогдсон гэж үзэх боломжгүй юм. Шүүх хурал болтол яагаад тэр хайрцгийг авчираад ядаж ямар загварын утасных болохыг шалгаж болоогүй юм, бүтэн өдөржин шоудсан нөхөр урд хойд халаасандаа мөнгөтэй явсан гээд яриад байдаг, тэгсэн мөртлөө хүчинд автаад тэдэнтэй хамт АТМ-ээс мөнгө аваад дэлгүүрт орж архи, пиво аваад нийлж архидаад байгаагийн хооронд ямар ч уялдаа ба логик утга, шалтгаант холбоо алга. Түүнчлэн жинсэн өмдний урагдал энгийн нүдээр харахад ч механик гэмтэл гэж үзэх боломжгүй юм. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 66 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Наранбатад сонсгосон ял нь анхан шатны шүүхийн хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийх буюу шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлагагүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

            Ялтан Ц.Отгонбаярын өмгөөлөгч Б.Ариунбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Ц.Отгонбаярыг бусадтай бүлэглэн "2016 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 62 дугаар байрны 3 дугаар орцонд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, иргэн Ц.Эрхэсийн гар утас, бэлэн 80.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна" гэж дүгнэж, ял халдаасныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.2 дахь хэсэгт заасан "тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй" гэж үзэж байна. Учир нь, тухайн үед Ц.Отгонбаяр нь архи ууж байхдаа Наранбаатартай маргалдан, агсамнаж улмаар хохирогч Ц.Эрхэстэй муудалцаж түүнийг цохиж, толгойгоороо мөргөсөн нь мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогчийн болон сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр нотлогддог. Ц.Отгонбаяр нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө хохирогчтой таарамжгүй харьцааны улмаас түүн рүү цохьсон байдаг. Харин түүний эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно. Мөн гэрч Э.Наранбаатар нь мөрдөн байцаалтын шатанд "би Наранбаттай муудалцан барилцаж аваад зогсож байхад бид хоёрын дээд давхарт мурий Отгоо, Дашбалбар хоёр нэг залуутай ярилцаад байгаа юм уу, бүү мэд нэг юм болоод байсан" гэж мэдүүлсэн байхад зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэж уг гэмт хэрэгт Ц.Отгонбаяртай хамт ял шийтгэгдсэн Б.Наранбатыг гэм буруутайд тооцсон. Гэрч, хохирогчийн зөрүүтэй мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлэн байцаах ажиллагаа огт хийгдээгүй бөгөөд анхан шатны шүүх нь дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад хохирогчийн мэдүүлгийг авч гэрчийн мэдүүлгийг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй. Миний үйлчлүүлэгч Ц.Отгонбаярын хувийн байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн обьектив талын үйлдэл, гэмт хэрэг үйлдсэн арга зэрэг нь бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад Ц.Отгонбаярыг "бусдын эд хөрөнгийг авах зорилгоор” амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон" гэж дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд амь биед нь аюултай аргаар довтолсон буюу заналхийлсэн болох нь нотлох баримтуудаар нотлогдохгүй байнa. Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Ялтан Б.Дашбалын өмгөөлөгч Ц.Мандал гаргасан давж заалдах гомдолдоо: “...Мөрдөн байцаалтын ажиллагааг хэт нэг талыг барьж явуулсан бөгөөд хохирогчийн эргэлзээ бүхий мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Хохирогч Эрхэс нь өөрийг нь дээрэмдсэн гэх хүмүүсийг нэг бүрчлэн царай зүс, өмссөн хувцасаар нь зүсэлж хэлсэн, мөн дээрэмдэх явцад хэн нь ямар үйлдэл хийснийг хэлдэг. Гэтэл шүүгдэгч нар болон гэрч Сэргэлэнбат нь орц харанхуй байснаас хүмүүсийн царай зүс тод харагдахгүй байсан талаар мэдүүлж байгаа нь хохирогчийн мэдүүлэг үнэн бодитой гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Манай үйлчлүүлэгч Дашбал хохирогч Эрхэстэй цуг дэлгүүр орж, хохирогч нь архи, ундаа авахдаа ATM мөнгөний машинаас карт уншуулж бэлэн мөнгө авсан байдаг. Гэтэл хохирогч бэлэн мөнгөтэй явж байсан талаар хэлж байгаа нь эргэлзээтэй бөгөөд дээрх нөхцөл байдлыг шалган тогтоох нь зүйтэй юм. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд Дашбал нь шорлог зардаг Уянгасайхан болон түүнтэй хамт явж байсан Хандаа гэх эмэгтэйн хамт хоол идэж цуг явсан талаар мэдүүлдэг ба дээрх гэрчүүдээс энэ байдлыг тодруулах, мөн алдагдсан гэх “I-Phone5” загварын гap утсыг шалгаж тодруулах зэрэг нэмэлт ажиллагаа хийх үүднээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

 

Ялтан Ц.Отгонбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ хэргийг дахин шалгуулмаар байна. Өөр хэлэх зүйл байхгүй. Үнэн зөвийг олуулах хүсэлтэй байна. Би Ц.Эрхэсийн юмыг аваагүй” гэв.

 

Ялтан Ц.Отгонбаярын өмгөөлөгч А.Мөнхсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Ариубаяр өмгөөлөгчийн гаргасан гомдлыг илтгэгч шүүгчээс уншсан. Үүнтэй холбогдуулан нэмэлт тайлбар хийе. Энэ хэрэгт давж заалдах шатнаас оролцож байна. Анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй. Хохирогчид хууль сануулж мэдүүлэг авдаг боловч хохирогчийн мэдүүлэг туйлын үнэн гэж үзэж, хэргийн бодит байдлыг нотлон тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэрч Наранбаатарын мэдүүлгээр хохирогч Ц.Эрхэсийн мэдүүлэг няцаагдаж байгаа. Энэ 2 хүний аль нь үнэн яриад байгааг нүүрэлдүүлэн байцаах замаар мөрдөн байцаалтын шатанд ажиллагаа хийх боломж байсан. Энэ ажиллагаа хийгдээгүй. Бусад өмгөөлөгч нар ч энэ талаар ярьж байна. Таньж олуулах ажиллагаа нь таньж олуулах ажиллагаа хийх журмын дагуу хийгдээгүй. Эрүүгийн байцаан шийтэх хуулийн 151 дүгээр зүйлд заасан журмын дагуу энэ ажиллагаа хийгдсэн үү гэвэл хийгдээгүй. Хохирогчийн хувьд 13-ны шөнө үүрээр анхны мэдүүлэг өгсөн. Түүнээс өмнө гомдол гаргасан. Үүнд 5-6 хүнд дээрэмдүүлсэн талаар өөрийн гараар бичиж өгсөн гомдлыг энэ хэрэгт хавсаргасан байдаг. Дараа нь мөрдөн байцаагчид мэдүүлэг өгөхдөө анхны өгсөн гомдлоосоо зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Мөн маргааш өглөө нь Наранбаатартай уулзаад шүүгдэгч нарыг олуулж ирээд байцаалтаа өгөөд гарахдаа 3 шүүгдэгчийн зүс, царай, бүх зүйлийг харсан байдаг. Дараа нь таньж олуулах ажиллагаа гэрэл зургаар хийгдсэн. Тус ажиллагаан дээр ижил төстэй хүн байдаггүй. Жишээлбэл, миний үйлчлүүлэгч Ц.Отгонбаярын хувьд мурий Отгоо гэдэг хочтой. Хамар нь мурий. Гэтэл гэрэл зургаар таньж олуулах ажиллагаан дээр мурий хамартай, Ц.Отгонбаяртай адил зүстэй хүмүүсийг оролцуулаагүй. Адил төстэй хүмүүсийг оролцуулах шаардлагатай байсан. Энэ ажиллагаа хийгдээгүй зэрэг нөхцөл байдал байгаа. Ц.Ариунбаяр өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийг бүрэн дүүрэн нотолж чадаагүй. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хохирогч Ц.Эрхэс тус шүүхэд гаргасан тайлбартаа: “Дээрмийн гэмт хэрэг болоход надад гар утас, 80.000 төгрөг байсан. Энэ хүмүүс авсан. Яаж таньж байна вэ гэж байна. 10-15 минутын хугацаанд өөд өөдөөсөө хараад сууж байсан болохоор маргааш нь таних нь тодорхой. Хавтаст хэрэгт шар Мөөгий гэж хүн мэдүүлэг өгсөн байдаг. Шар Мөөгийтэй би Хөдөө аж ахуйн автобусны буудал дээр буугаад тамхи асуугаад таарсан. Энэ хүмүүс шар Мөөгийтэй хамт явж байсан боловч орцонд шар Мөөгий байгаагүй. Автобусны буудал дээр би шар Мөөгийтэй 20-30 секундын хооронд тамхи татаад салсан. Дээрэм болсны дараа би Наранбаатарыг барьчихаад автобусны буудал дээгүүр нэг тойръё гээд Хөдөө аж ахуйн буудал дээр ирэхэд шар Мөөгий явж байхаар нь таниад тэр хүмүүсийг мэдэж магадгүй, гэрийг нь зааж магадгүй гээд уулзсан. Хальт харсан шар Мөөгий гэх хүнийг би ингэж таньж байгаа юм чинь 10-15 минут хамт байсан хүмүүсийг таних нь тодорхой. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн  үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

 

Хохирогч Ц.Эрхэсийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 7 дугаар сарын 22-ны  өдрийн 66 дугаартай анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ гэмт хэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэж ярьж байна. Энд дутуу хийгдсэн зүйл огт байхгүй. Тухайн үед хохирогчийг 80.000 төгрөгтэй явж байсан гэдгийг эхнэр Наранцацрал нь маш тодорхой хэлдэг. Өглөө байрны мөнгөө өгөх гээд 80.000 төгрөг аваад гарсан. Тэрнээс гадна хохирогч өөрөө мөнгөтэй явж байсан гэдгээ хэлдэг. Дээрмийн үед цагдаад тухайн байрны Лхагвагарав гэж хүн “... хаалга маш хүчтэй нүдэж, намайг дээрэмдчихлээ, цагдаа дуудаарай...” гэж хэлээд маш хүчтэй нүдсэн гэж дуудлага өгсөн байдаг. Мөн хохирогчид хууль сануулж мэдүүлэг авсан. Тэрээр болсон үйл явдлыг маш дэлгэрэнгүй ярьсан байдаг. Тухайн үед гэрэл муутай байсан боловч хохирогч өнгө зүсээр нь сайн таниад байна гэж шүүгдэгч нарын өмгөөлөгч нар ярьж байна. 15-20 минут энэ хүмүүс хамт архи уусан. Дэлгүүр явж архи авсан, гэрэлтэй үед хамт явсан баримт хавтаст хэрэгт байгаа. Биедээ авч явсан хаан банкны картыг нь хугалсан. Өмсч явсан өмдийг нь урсан нөхцөл байдал хэргийн материалд авагдсан. Тэгэхээр яах аргагүй хүч хэрэглэж, дээрмийн гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг нь тодорхой нотлогдож байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор Э.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэж үзэж байна. Давж заалдах гомдлуудын хүрээнд ярихад ялтан Ц.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдол дээр хохирогч хэл амаар доромжилсон учраас цохисон гэж бичсэн байна. Гэрч нарын мэдүүлгээр харин ч Ц.Отгонбаяр өөрөө согтуурхан тэнд байсан хүмүүс рүү дайраад байсан. Тэгээд хохирогчид халдаж, улмаар эд зүйлийг авсан тухай хэлдэг. Мөн ялтан Б.Дашбалын гаргасан гомдол дээр Хандаа, Уянга гэх хүмүүс намайг гэрчилнэ гэсэн байгаа. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн дээрх гэрч нарын мэдүүлэг дээр Б.Дашбалтай хамт гэр рүү нь явсан тухай огт ярьдаггүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр ч мөн энэ талаар ярьдаг боловч хамт яваагүй гэсэн мэдүүлгээр няцаагддаг. Мөн өмгөөлөгч Ц.Мандалын давж заалдах гомдол дээр хэдэн тайлбар байна. Б.Дашбал гараад явчихсан. Хэрэг болох үед байгаагүй гэдэг. Гэрч нарын мэдүүлэгт хохирогчоос гадна 6 хүн байсан гэдэг. Энэ 6 хүнээс 3 нь гараад явчихсан. Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нар үлдсэн гэдэг. Өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл 10 гаруй хүн гэж хэлдэг боловч хэн хэн байсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт байхгүй тул үндэслэлгүй байна гэж үзэж байна. Орц гэрэлтүүлэггүй, хүн хараад танихааргүй байсан гэж байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нар орцны гэрэл тодорхой хэмжээний байсан, тас харанхуй орц байгаагүй гэж хэлсэн байдаг. Утас байсан эсэх нь тодорхойгүй байна гэж байна. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр хохирогч утсыг 2014 оны 12 дугаар сард худалдаж авсан. Энэ гэмт хэрэг 2016 оны 3 дугаар сард үйлдэгдсэн байдаг. Гэтэл хохирогчийг гар утас худалдаж авсан баримтаа хадгалсангүй. Утасны хайрцаг дээрх код арилгаснаас болоод энэ утас мөн эсэх нь тодорхойгүй, баталгаат хуудсыг хадгалаагүй гэсэн зүйл ярьдаг. Гэтэл хохирогч баталгаат хугацаа нь дууссан бичиг баримтыг хадгалаад байх шаардлага байхгүй. Карт хугалсан, хувцас урсан асуудал мөн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан материалд хохирогчийн өмсч явсан өмдний халаас урагдсан. Халаасанд байсан виза карт хугарсан нь нотлох баримтаар авагдсан байгаа. Л.Түвшинцэнгэл өмгөөлөгч 80.000 төгрөг байсан нь тодорхойгүй гэж хэлж байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар эхнэр нь 80.000 төгрөгтэй гарсан. Байрны мөнгөө төлөх байсан гэж мэдүүлдэг. Мөн картнаас мөнгө авсан нь шүүгдэгч Б.Дашбалын мэдүүлгээр нотлогддог. Гэрч, хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй байна гэдэг. Гэтэл тухайн өдөр хамт байсан гэрч нар нь өөр бусадтай согтууруулах ундаа хэрэглэсэн. Согтолт ихтэй байсан, бараг тасарсан байсан учраас юмаа тодорхой санахгүй байна гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Тийм учраас заавал хохирогчтой нүүрэлдүүлэн байцааж, үнэн зөвийг шалгах шаардлагагүй. Энэ хүмүүс маш их согтолттой байсан учраас үнэн зөв мэдүүлэг өгөх эсэх нь эргэлзээтэй. Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Б.Дашбал яллагдагчаар “...Би өмгөөлөгчөөр хангагдах эрхтэйгээ мэдлээ. Миний бие төлбөрийн чадваргүй тул улсын өмгөөлөгч авахыг хүсэж байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...”/1 дүгээр хавтас, хуудас 126/,

            Мөн Ц.Отгонбаяр яллагдагчаар “...Би өмгөөлөгч авах эрхтэйгээ мэдлээ. Би өөрөө бол албан ёсоор өмгөөлөгч аваагүй. Гэвч манай эхнэр болох Туяа Сүхээ гэж хүнийг миний өмгөөлөгчөөр авсан байна лээ. Тиймээс би уг өмгөөлөгчтэйгээ цугтаа байцаалт өгөх болно...” /1 дүгээр хавтас, хуудас 120/,

            Мөн Б.Наранбат яллагдагчаар “...Би өмгөөлөгч авах эрхтэйгээ мэдлээ. Миний бие төлбөрийн чадваргүй тул улсын өмгөөлөгч авахыг хүсч байна. ...” /1 дүгээр хавтас, хуудас 136/ гэж тус тус мэдүүлснээс үзэхэд Б.Дашбал, Ц.Отгонбаяр, Б.Наранбат нар нь өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй байцаалт өгөх хүсэлт гаргасаар байхад мөрдөн байцаалтын шатанд тэднээс мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй байна.

 

            Мөрдөн байцаалтын шатанд Б.Дашбал, Ц.Отгонбаяр, Б.Наранбат нар нь өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй байцаалт өгөх хүсэлт гаргасаар байхад өмгөөлөгчгүй байцаалт авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “энэ хуулийн 40.1 … /төлбөрийн чадваргүй этгээд өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан/-д заасан тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн, түүнчлэн түүний хүссэнээр буюу зөвшөөрснөөр бусад этгээд өмгөөлөгч сонгон аваагүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч уг хэрэгт өмгөөлөгч оролцуулах явдлыг хангах үүрэгтэй” гэж заасныг зөрчжээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нарын хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, байцаан шийтгэх ажиллагаа явуулсныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр мөн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж, Б.Дашбал, Ц.Отгонбаяр, Б.Наранбат нарын Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг нь эдлүүлж, байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Б.Дашбалыг яллагдагчаар татах тогтоол 1 дүгээр хавтас хэргийн 124 дүгээр талд авагдсан байх бөгөөд уг тогтоолд тэрээр гарын үсэг зураагүй байна. Ямар шалтгааны улмаас гарын үсэг зураагүй нь тодорхой биш байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар тэмдэглэл үйлдвэл зохино.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт Б.Дашбал, Ц.Отгонбаяр нарын ялтай байдлыг өршөөн хэлтрүүлэхээр дүгнэлт хийж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь буруу байгааг дурдаж байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар эцэслэн дүгнэлт хийгээгүй тул ялтан Ц.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Б.Ариунбаяр, ялтан Б.Дашбал, түүний өмгөөлөгч Ц.Мандал, ялтан Б.Наранбат, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг, Л.Түвшинцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцэхгүй орхив.

Өмгөөлөгч нар нь давж заалдах гомдолд дурдсан мөрдөн байцаалтын ажиллагаатай холбоотой санал, хүсэлтээ мөрдөн байцаалтын шатанд гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Отгонбаяр, Б.Наранбат, Б.Дашбал нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Ц.Отгонбаяр, Б.Наранбат, Б.Дашбал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧИД                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                Т.ӨСӨХБАЯР