Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ20176/00007

 

Ц.Гаамаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2016/00490 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 1599 дүгээр магадлалтай,

Ц.Гаамаагийн нэхэмжлэлтэй

“Гэгээ мeд” ХХК-д холбогдох,

Эмчилгээний төлбөрт илүү төлсөн 683.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “Гэгээ мед” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бумдарь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, Ж.Ариунтуяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Гаамаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дагвадорж эмч цус цэвэршүүлэх эфферент эмчилгээ хийлгэ зөвлөсний дагуу нөхөр Б.Энхтүвшинг 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Гэгээ мед эмнэлгийн эмч С.Юндэнд үзүүлж хэвтсэн. Миний нөхөр элэгний хатуурал өвчнөөр өвчилсөн байсан ба ногооролтыг цэвэршүүлэх эфферент эмчилгээ буюу аппаратад оруулна гээд 1.350.000 төгрөг авсан. Тус эмнэлэг  2016 оны 4 сарын 05-ны өдрөөс 9-ний өдөр хүртэл ердийн хуурай эм өгч, тариа, дусал хийснээс өөр гоц гойд эмчилгээ хийгээгүй, нарийн шинжилгээ ч аваагүй. Лхагва гарагт 2 л ус, баасан гарагт 4 л ус авсан. Ус авчихаад дусал залгаагүй, уураг нөхөж хийгээгүй, хэдэн хуурай эм өгсөн.  Цус хийх гэтэл маш өтгөн цус нь дуслаар дусахгүй, том шприцээр асган цутган байж хүчээр шахсан. Улмаар үхэх нь ойлгомжтой гэж үзэн шууд морфейн тарьсан. 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр миний нөхөр буруу эмчилгээнээс болж маш их зовж нас барсан. Цус цэвэршүүлэх эфферент эмчилгээ хийгээгүй. Талийгаачийг хөдөөлүүлчихээд Гэгээ мед эмнэлгийн эмч С.Юндэн, захирал гэх Энхтуяа нартай ярьж төлбөрийн зөрүүгээ тооцъё гэхэд төлбөр нь таарчихсан гэсэн. Гэгээ мед эмнэлэг ажлын ямар ч хариуцлагагүй өвчтөнг очсон өдөр нь буюу маргааш нь шинжилгээ авч шинжилгээний хариуны дагуу эмчилгээ хийх байтал 4 хоногийн дараа бие нь муудахад шинжилгээ авч цусны бүлэг тогтоож ажилласан. Шинжилгээний хариуны дагуу эмчилгээний зардал нь гарах байтал шууд их мөнгө нэхэж, хүний өвчинг эдгээх биш мөнгөний хойноос хөөцөлдсөн. Цус цэвэршүүлэх эфферент эмчилгээ нь ердөө л энэ. Эмнэлгийн төлбөр нь өдрийн 60.000 төгрөг, эрчимт эмчилгээтэй хүнд 150.000 төгрөгөөр үйлчилдэг тарифтай юм байна. Энэ эмнэлэгт 5 хоногт эрчимт эмчилгээ хийгдээгүй. Иймд 5 хоногийн мөнгийг 60.000 төгрөгөөр бодож 300.000 төгрөгийг, цусны шинжилгээний төлбөр 56.500 төгрөг, зүрхний бичлэг 10.000 төгрөг, нийт 666.500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин илүү төлсөн 683.500 төгрөгийг “Гэгээ мед” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Гэгээ мед” эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Гаамаагийн  нөхөр, талийгаач Б.Энхтүвшин нь тус компанийн эмнэлэгт 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хэвтэж эмчлүүлж байгаад нас барсан. Тэрээр элэгний хатуурал өвчний хүнд шатанд орсон, эдгэх найдваргүй болоод Чингэлтэй дүүргийн эмнэлгээс гэртээ гарсан байдаг. Манай эмнэлэгт ирж хэвтэхдээ маш хүнд байсан  бөгөөд гэдэсний усжилт ихтэй комын шинжтэй ирсэн. Өвчтөнийг өөрийн эмнэлгийн дотоод журамд заасны дагуу хүлээн авч эмчилсэн ба ямар нэг байдлаар эдгээнэ гэж амлаагүй. Анх эмнэлэгт хэвтэхэд нь эмчилгээ болон эмнэлгийн төлбөрийг ар гэрийнхэнд нь сайн танилцуулсан. Бид эмнэлгийн дотоод журам болон эмчийн ёс зүйг чанд баримтлан эмчилгээ хийсэн. Иймд Ц.Гаамаагийн нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2016/00490 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 367 дугаар зүйлийн 367.3-т заасныг баримтлан “Гэгээ мед” ХХК-иас 600.000 төгрөг гаргуулан Ц.Гаамаад олгож, нэхэмжлэлээс 83.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гэгээ мед ХХК-иас 18.650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гаамаад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 1599 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2016/00490 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.650 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Гэгээ мед” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт: “Талууд цус цэвэршүүлэх эмчилгээг хийлгэхээр тохиролцож төлбөрт 2.500.000 төгрөг төлөхөөр тохиролцож, урьдчилгаанд 1.350.000 төгрөг төлсөн, цус цэвэршүүлэх эмчилгээ хийгдээгүй талаар маргахгүй байна...” гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч цус цэвэршүүлэх эмчилгээ хийлгэнэ гэж төлбөр төлөөгүй. Эмчилгээ, оношилгоо бүгд ороод 10 хоногт 2.500.000 төгрөг гэж талууд тохиролцсон. “Гэгээ мед” эмнэлэгт 10 хоногт хэвтэж эмчлүүлэх нийт үнийн дүн 2.500.000 төгрөгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч урьдчилгаа болгон 1.350.000 төгрөг төлсөн. Үнийн дүн дээр харин талууд маргадаггүй.

“Хариуцагч байгууллага эмнэлгийн үйлчилгээний төлбөрт 1.350.000 төгрөг урьдчилгаанд авсан боловч өвчтөн эмчилгээний явцад нас барж гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээ цуцлах хүртэлх хугацаанд гүйцэтгээгүй эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн зөрүүг буцаан шаардах эрхтэй.” гэжээ. Үнэн хэрэгтээ урьдчилгаанд өгсөн 1.350.000 төгрөгийн хөлс нь цус цэвэршүүлэх эмчилгээний хөлс гэж төлөгдөөгүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эмчилгээний урьдчилгаа гэж төлөгдсөн төлбөр. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхүүд Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Гэрээний талаар анхан шатны шүүх ҮНДЭСЛЭХ хэсэгтээ “...хөлсөөр ажиллах, худалдах-худалдан авах, эд хөрөнгө хөлслөх зэрэг гэрээнүүдийн шинжийг агуулсан холимог төрлийн гэрээ байгуулагдсан..” гэж зөв дүгнэсэн. Хавтаст хэргийн 70-р хуудсанд байгаа өвчтөнд хийсэн эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн үнийг тооцоолж гаргасан /1.383.200 төгрөг/ дүн, нэхэмжлэгчийн урьдчилгаанд тушаасан 1.350.000 төгрөгт тохирсон хангалттай эмчилгээг өвчтөнд хийсэн байгаа нь нотлогддог. Энэ бүх эмчилгээг хийсэн талаар өвчтөний эгч ч гэрчилдэг. "...Хариуцагч “Гэгээ мед” ХХК-ийн эмнэлэг нь нийтэд хандан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ нөгөө талдаа үйлчилгээний тарифыг санал болгосныг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан гэрээний стандарт нөхцөл гэж үзнэ.

Шүүх Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг хэрэглэгчид ашигтай байдлаар тайлбарлана гэснийг зөв тайлбарлан хэрэглэсэн...” гэж дүгнэсэн.

Өвчтөн болгон адилгүй хүнд, хөнгөн янз бүрийн хэлбэрээр өвдөж ирдэг. Талийгаач Б.Энхтүвшин нь элэгний хатуурлын эцсийн шатны оноштой, шокийн байдалтай ирсэн. “...“Элэг” эмнэлгийн доктор, профессор, хүний гавьяат эмч Дагвадорж гуайд үзүүлж зөвлөгөө авсан, тэр хүн “Гэгээ мед” эмнэлэгт очиж цус цэвэршүүлэх эмчилгээ хийлгэ гэсэн...” гэж нэхэмжлэлдээ бичсэн байдаг.

Иймд Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, 201 дүгээр зүйлийн 201.1, 367 дугаар зүйлийн 367.3 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 184/ШШ2016/00490 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1599 дугаар магадлалыг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн ба  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Ц.Гаамаа нь хариуцагч “Гэгээ мед” ХХК-с эмчилгээний зардалд илүү төлсөн 683.500 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэхдээ  шаардлагын үндэслэлийг “...тохиролцсон цус цэвэршүүлэх эфферент эмчилгээ хийгээгүй ...” гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...элэгний хатуурал өвчтэй хүнд хийгдэх эмчилгээг хийсэн...” гэсэн тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч нь Б.Энхтүвшинд цус цэвэршүүлэх эфферент эмчилгээ хийлгэхээр “Гэгээ мед” ХХК-ийн эмнэлэгт 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хэвтүүлж, эмчилгээний зардалд 1.350.000 төгрөг төлжээ. Өвчтний биеийн байдлаас хамаарч дээрх эмчилгээг хийгээгүйг хариуцагч үгүйсгээгүй байна. Харин 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд элэгний хатуурал өвчний үед хийх шаардлагатай эмчилгээг тухайлбал уураг, цус, цусан бүтээгдэхүүн, өвчин намдаах зэрэг эмчилгээг хийсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар харилцан тохиролцсон, зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Нэхэмжлэгч нь 1 хоногийн эмчилгээний төлбөрийг 60.000 төгрөгөөр тооцож нийт 666.500 төгрөг төлнө гэсэн бол хариуцагч нь өвчтөнд 1.383.200 төгрөгийн эмчилгээ хийсэн гэж маргажээ.

Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт нь улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, Засгийн газрын тусгай сан болон аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэний хандив, эрүүл мэндийн байгууллагын төлбөртэй тусламж, үйлчилгээ, бусад үйл ажиллагааны орлого, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ” гэж заасан ба “Гэгээ мед” ХХК нь элэгний хавдар, хатуурлын үеийн элэгний дутагдал комын үеийн эмчилгээний төлбөр, тарифыг 1 хоногт 150.000 төгрөг, 200.000 төгрөг гэж тогтоожээ /хавтаст хэргийн 34 дүгээр тал/.

Хариуцагч нь дээрх  төлбөрийг нийтэд санал болгохдоо ямар өвчний үед аль төлбөрөөр тусламж үйлчилгээ үзүүлэхээ нотолж чадаагүй бөгөөд шүүх 1 хоногийн үйлчилгээний хөлсийг 150.000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлээс 600.000 төгрөгийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, 201 дүгээр зүйлийн 201.1, 367 дугаар зүйлийн 367.3-т заасантай нийцжээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2016/00490 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 1599 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 06-ний өдөр төлсөн 18.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ