| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0123/Э |
| Дугаар | 127 |
| Огноо | 2018-06-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн,
улсын яллагч Б.Батбаяр,
шүүгдэгч М.Жаргалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Маахарын Жаргаланд холбогдох эрүүгийн 1807002690115 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Налайх дүүргийн 2 дугаар хороо 36 дугаар байр 65 тоотод оршин суух,
урьд Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 10,200,000 /арван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дүгээр зүйлд зааснаар түүнд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 10,200,000 /арван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, регистрийн УЕ76102551 дугаартай, Боржигон овогт Маахарын Жаргалан.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч М.Жаргалан нь 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар 36 дугаар байрны 65 тоотод эхнэр А.Уранчимэгтэй маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч М.Жаргаланд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Жаргалан нь 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо 36 дугаар байр 65 тоот гэртээ эхнэр А.Уранчимэгийг “чи дандаа хамаатан нарыгаа өмөөрдөг” гэж маргалдан түүнийг гутлын өсгийвчөөр цохих, өшиглөх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Жаргалангийн өгсөн: “2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би найзтайгаа архи уусан. Тэр өдөр би гэртээ согтуу ороод эхнэртэйгээ маргалдаж, түүнээс болж орон дээр байсан зурагтны удирдлага аваад тогой руу нь шидсэн. Тэгээд хохирогч А.Уранчимэг орны хажууд хэвтэж байхад нь нурууруу нь хоёр удаа цохисон. Маргааш өглөө нь намайг зайлаад өг гэхээр нь би гэрээсээ гараад явсан. Ийм зүйл болсон” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч А.Уранчимэгийн өгсөн “...2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Жаргалан гэрт байж байгаад орой 18 цаг өнгөрч байхад “хүн утсаар яриад дуудаад байна, би хүнтэй уулзаад ирье” гэж хэлээд гараад шөнө 00 цаг өнгөрч байхад Жаргалан гаднаас согтуу орж ирсэн. Би хоолыг нь халааж өгчихөөд байж байсан чинь танай тэр энэ ах дүү нар гээд ах дүү нарыг минь муулаад агсараад яриад байхаар нь би “тэр хүмүүсийн амьдрал бид нарт ямар хамаатай юм бэ” гэж хэлтэл миний өөдөөс уурлаад маргалдаад “чи дандаа тэд нарыгаа өмөөрдөг” гэж хэлээд бид 2 муудалцаж байтал миний толгойн баруун зүүн хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохиж байгаал больчихоор нь би газар ор засаад 2 цаг орчим унтчихсан байсан. Нэг мэдэхэд нэг хүн “босооч” гээд дуудаад байхаар нь бостол “цай аваад өг” гэхээр нь “чадахгүй өөрөө ав” гэж хэлтэл “чи дандаа ингэж хэрүүл хийдэг” гээд гутал өмсөхөд хэрэглэдэг өсгийвчөөр миний зүүн гарын бугалга руу 2-3 удаа зохиод, хөл рүү өшиглөөд, газар хөнжил дотор хэвтэж байтал хөнжилний гаднаас миний хоолойн дээр дараад байх шиг байсан. Тэгээд цаг харахад 05 цаг өнгөрч байсан. Жаргалан өөрөө газар хэвтэж байгаад унтчихсан. Өглөө 08 цагийн үед Жаргалан гараад явсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 05-06 дугаар тал/
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Ж.Билгүдэйгийн өгсөн “2018 оны 5 дугаар сарын 03-ны шөнө би унтчихсан байсан. Унтаж байхад аав шөнө ирж байх шиг байхаар нь сэрээд хартал жоохон архи уучихсан байх шиг байсан. Би ахтайгаа хойд өрөөнд унтаж байсан, жоохон сонсоод буцаад унтчихсан. Өглөө 07 цагт босоход ээжийн 2 нүднийх нь доод талд хөхөрчихсөн, дух нь хавдаад сонин болчихсон байсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 11 дүгээр тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №08шэ/253 дугаар:
/хх-ийн 18 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 76 дугаар тал/
Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 77 дугаар тал/
Аюулын зэргийн үнэлгээ,
/хх-ийн 32 дугаар тал/
Оршин суугаа хаягийн тодорхойлолт,
/хх-ийн 38 дугаар тал/
Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
/хх-ийн 37 дугаар тал/
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,
/хх-ийн 84-92 дугаар тал/
Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 94-99 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас М.Жаргаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Уранчимэгт хөнгөн хохирол учирсан бөгөөд нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй төдийгүй “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлснийг харгалзан шүүгдэгч М.Жаргаланг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас М.Жаргаланш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч А.Уранчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналыг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч М.Жаргалан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Маахарын Жаргаланд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Жаргаланг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Жаргаланд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан М.Жаргаланд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.Жаргалан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Жаргаланд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ