| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2405005121232 |
| Дугаар | 2025/ДШМ/33 |
| Огноо | 2025-01-02 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Т.Баянмөнх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/33
2025 01 02 2025/ДШМ/33
Б.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Баянмөнх,
шүүгдэгч Б.Бйн өмгөөлөгч Л.Энх-Амгалан,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/875 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бйн өмгөөлөгч Л.Энх-Амгалангийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Бд холбогдох 2405005121232 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэгээ” нэртэй зочид буудлын 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Манго” рестораны гадна тухайн ресторанаар үйлчлүүлээд гарсан иргэн Н.Нын биед хүч хэрэглэн халдан довтолж, улмаар түүний өмчлөлийн 290.000 төгрөгийн үнэ бүхий “Рэдми нөүт 8 про” загварын утсыг хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Бйн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Бйг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан буюу дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бйг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 40.000 /дөчин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Нт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг сиди бичлэг, мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 1 ширхэг сиди бичлэг, нийт 2 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Бйн өмгөөлөгч Л.Энх-Амгалан давж заалдах гомдолдоо: “...2023 оны 12 дугаар сарын 27-ны шөнийн 04 цагийн орчим Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутагт байрлах “Гэгээ” буудлын “Манго” ресторанд үйлчлүүлээд гарсан иргэн Н нь хамт явсан /одоо шар пальтотой эмэгтэй хүн байж гэдгийг мэддэг болсон/ эмэгтэй маргалдаад, зодох гээд байхаар нь эрэгтэйд нь хандаад “болиоч эмэгтэй хүнийг” гэж хэлэхэд тухайн эрэгтэй согтуу “чи хэн бэ чамд ямар хамаатай юм бэ” гээд намайг цохих гэж босоод гудраад түлхсэн. Тухайн үед өвөл байсан учраас Н хальтираад унасан, унахад нь гар утас нь давхар газарт унасан, хамт явсан эмэгтэй нь “Утсаа яасан бэ хүн дуудна” гээд байхаар нь би хүн дуудаж зодоон болохоос сэргийлж газраас гар утасын авч халааслах үед зэрэгцээд гэрч Д.Э гарч ирээд “Чи хүн цохиод унагалаа, бас гар утсыг нь авчихлаа” гэж хэлэхэд шүүгдэгч Б.Б “би одоо гэртээ орлоо, аниа манайх энэ 1 дүгээр орц, маргааш ирээд надаас аваараа” гэж хэлснийг гэрч Д.Э утсаараа бичиж авсан яриа, бичлэгээр нотолдог бөгөөд хохирогч Нт хүч хэрэглэж гар утасын нь дээрэмдэх санаа зорилго байгаагүй, хохирогчийн нүүрэн тус газарт цохиж унагаад халаасанд байсан утасыг авсан гэх баримт нотолгоо хэрэгт авагдаагүй, хохирорч Нын зодох гээд байсан эмэгтэй хүнийг хамгаалсан.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цагдаагийн мөрдөгч гэрч Д.Эийн гэрээс нь очиж авсан гар утасанд үзлэг хийж бэхжүүлж авахдаа шүүгдэгч Б.Бйн хариу хэлсэн, ярьсан үгийг хуульд нийцүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй хасаж, хэргийн 8 дугаар талд “...Гэрт тог тасарсан байсан тул доор байдаг “Манго” ресторанд очиж утсаа цэнэглэж хоол идсэн, 0.33 архи авч уусан, улмаар 01-03 цагийн үед “Гэгээ” зочид буудлаас гарч ирсэн иргэнтэй маргалдаж, миний гар утсыг авч явсан бичлэг, зураг нь байгаа учир миний хохирлыг барагдуулж өнгө үү” гэж хохирогч 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан өргөдөлдөө гар утас авахдаа хүч хэрэглэн дээрэмдэж авч явсан гэж бичээгүй байгаа нь хуульд нийцсэн өргөдөл гэж үзэж байна.
Дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэж байна.
Гар утасны хассан бичлэгт “шүүгдэгч Б “би гэр рүүгээ орлоо аниа, ийшээ манайх, энэ байрны 1 дүгээр орц, за юу, ...тэгвэл тэгээд над дээр аваад ир, өглөө гэрээс ирээд аваарай” гэж ярьсан ярианы бичлэг нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх цаг хугацааны хувьд ч сэдэлт, санаа зорилго байгаагүй гэдгийг тодорхойлсон гэж үзэж байна.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бйг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгэл оногдуулсан үндэслэлийг давж заалдах журмаар хянан үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчилж, 240 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сар хүртлэх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гар утасны үнэлгээ гаргасан тухай баримт болон шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “гэмт хэрэг үйлдээгүй” гэж гэм буруугийн талаар маргаж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Э нь хохирогчийн мэдүүлгийг дэмжсэн агуулгатай мэдүүлэг өгсөн. Түүний мэдүүлэг нь түүний гаргаж өгсөн камерын бичлэгээр нотлогдон тогтоогддог. Хэрэг болох үед шар пальтотой эмэгтэй байсан, хэрүүл маргаан болсон талаар яригддаг. Уг асуудлыг тайлбарлавал, анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч талаас гэрч оролцуулсан ба гэрчийг шүүх хуралдаанд оролцохоос өмнө шүүгдэгч талаас гэрчтэй очиж уулзсан нөхцөл байдал яригдсан. Анхан шатны шүүх хуралдаанд миний бие уг асуудлын талаар “гэрчид нөлөөлсөн байж болохуйц нөхцөл байдал үүссэн байж болзошгүй” гэж тайлбарласан. Уг тайлбар нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Д.Э нь анхан шатны шүүх хуралдаанд оролцох үедээ мэдүүлгээ тодорхой хэмжээнд өөрчлөх гэсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээсээ буцаагүй. Гэхдээ эмэгтэй хүнтэй маргалдсан гэх асуудлыг ярьсан. Уг асуудал нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яригдаагүй. Хохирогч “гарах үед намайг үл таних хүн цохиж унагаасан. Миний гар утсыг аваад явсан” гэж мэдүүлсэн. Түүний уг мэдүүлгийг дэмжиж тухайн газрыг ажиллуулж байсан Д.Э гэх хүн мэдүүлсэн. Түүний мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэгтэй нийцдэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч Улсын дээд шүүхийн тайлбар, тогтоолын талаар ярьж байна. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймээс Б.Бйн үйлдлийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан, үндэслэл бүхий байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, түүний хувийн байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн шинжид нийцсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 04 цагийн үед өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэгээ” нэртэй зочид буудлын 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Манго” рестораны гадна тухайн ресторанаар үйлчлүүлээд гарсан иргэн Н.Нын биед хүч хэрэглэн халдан довтолж, улмаар түүний өмчлөлийн 290.000 төгрөгийн үнэ бүхий “Рэдми нөүт 8 про” загварын утсыг хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Н.Нын “...“Гэгээ” нэртэй зочид буудлын 1 дүгээр давхарт байдаг “Манго” нэртэй ресторанд ороод утсаа цэнэглэнгээ 1 ширхэг “Сэнгүр” шар айраг, 0.33 литртэй 1 ширхэг “Хараа” архи авч уусан юм. Тэгээд нэлээд муудаад 12 дугаар сарын 27-ны үүрээр 04 цаг болж байхад миний сууж байсан газар хаах гээд байсан болохоор гарч яг үүдэнд нь нэг үл таних залуу гэнэт намайг цохиж газарт унагаад миний энгэрийн халаасанд байсан гар утсыг минь аваад зугтчихсан. Би согтуу байсан болохоор хойноос нь гүйж чадаагүй. Харин миний үйлчлүүлж байсан “Манго” рестораны зөөгч эгч хойноос нь гүйгээд миний утсыг нэхэхэд өгөхгүй гээд яваад өгсөн гэсэн. ...” /хх 37-39/,
гэрч Д.Эийн “...Би маш тод санаж байна тухайн өдөр дээрэмдүүлсэн болон дээрэмдсэн гэх 2 залуу, хоёулаа манайхаар үйлчлүүлж байгаад гарсан юм. Дээрэмдсэн гэх залуу тухайн үед интернэт банкаар тооцоо хийсэн байсан ба миний дансыг шүүвэл гарч ирнэ. Ресторанаа дөнгөж хаагаад байж байтал гадаа гэнэт 1 залуухан залуу нэг эрэгтэйг нүүр хэсэг рүү нь цохиод халаасанд нь байсан гар утсыг нь аваад явчихаар нь би тэр утсаа алдсан залууг өмөөрч нөгөө залуугийн хойноос өөрийнхөө гар утсаар бичлэг хийж очоод тэр бичлэг нь одоо болтол надад байгаа. Утсыг нь буцааж өг гэхэд аваагүй гэж гүрийж байгаад зугтсан юм. Би өөрийнхөө нүдээр утсыг нь авч байхыг харсан. ...” /хх 42-43/ гэсэн мэдүүлгүүд,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13-15/, “Ашин Билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх45/ “Ашид Билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээ /хх 46-47/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгч Б.Бйг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Б.Б нь хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэмээн давж заалдах гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг нь объектив шинжээрээ буюу үйлдлийн аргаараа ялгагдана.
Тодруулбал, дээрэмдэх гэмт хэргийн хулгайлах гэмт хэргээс ялгагдах үндсэн шинж нь хохирогчийн мэдэлд байгаа эд зүйлсийг ил аргаар бусад хүмүүсийн болон хохирогчийн нүдэн дээр хүч хэрэглэн авч ашиглан шамшигдуулах хэлбэрээр үйлдэл төгсдөг.
Өөрөөр хэлбэл хохирогчид хүч хэрэглэн, ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсан үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулсанд тооцогдоно.
Харин хулгайлах гэмт хэргийн хувьд гэмт хэрэг үйлдэгдэх тухайн цаг үед хохирогч өөрийн эд хөрөнгөө алдаж, хохирол амссан болохоо мэдээгүй байх нууц, далд аргаар үйлдэгддэг онцлогтой.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь хохирогч Н.Ныг ресторанаар үйлчлүүлээд гарах үед цохиж газарт унагаад энгэрийн халаасанд нь байсан гар утсыг нь авч зугтаасан буюу хохирогчид хүч хэрэглэн гар утсыг нь авах үед хохирогч мэдэж, үүнийг рестораны ажилтан харж, араас нь гар утсаар бичлэг хийхэд шүүгдэгч нь зугтан явсан үйл баримт тогтоогдож байгаа нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж үзэв.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Бйн өмгөөлөгч Л.Энх-Амгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/875 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.Бйн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 58 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ