| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/00356/И |
| Дугаар | 306/шш2025/00378 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 306/шш2025/00378
| 2025 оны 10 сарын 30 өдөр | Дугаар 306/ШШ2025/00378 | Говьсүмбэр аймаг |
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүгч П.Цогзолмаа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Барилгачид 4 дүгээр гудамж 116 тоот, Хангай төв-д байрлах, ..ХХК /РД:.., утас:8..1/
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, О... дэлгүүрийн байранд байрлах.. ХХК /РД:.. утас: ../
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 17,007,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч..ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Манай ...ХК нь 2022 онд үүсгэн байгуулагдаж, өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Манай байгууллагын зүгээс 2024 оны 05 дугаар сараас авахуулан хүнсний дэлгүүрийн хөргүүрийг БНСУ-ын Блю инженеринг ХХК-иар дамжуулан Монгол улсад албан ёсны эрхтэйгээр худалдан борлуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 40 гаруй хувь хүн, хуулийн этгээдэд өөрсдийн хөргүүрийг худалдан борлуулж, уг хөргүүрүүд нь өнөөдрийг хүртэл бүгд хэвийн тогтвортой үйл ажиллагаанд ашиглагдсаар байгаа болно.
2024 оны 11 дүгээр сард ....р ХХК-ийн удирдах албан тушаалтнууд болох ... нар нь манай компани дээр ирж уулзан манай компанийн худалдан борлуулж буй хүнсний дэлгүүрийн хөргүүрүүдийг үзэж танилцан Говьсүмбэр аймагт байрлах өөрсдийн Оргил ундраа хүнсний дэлгүүрт хөргөгч хөргүүр худалдаж авах талаар шийдвэрт хүрсэн. Тухайн үед Оргил ундраа дэлгүүрийн хэмжээ, үйл ажиллагааны ачаалал зэрэг үндсэн 3,8 метртэй задгай ханын хөргүүр 3 ширхэг, ус ундааны агуулахтай хөргүүр 4 хаалгатай 2 сет буюу 8 хаалгатай БНСУ-д ашиглагдаж байсан хуучин хөргүүр худалдах, худалдан авахаар талууд тохиролцсон. Дээрх хөргүүрүүдийг нийт 48,450,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар талууд тохиролцсон. /НӨАТ ороогүй үнийн дүн/
Дээрх тохиролцооны дагуу ..ХХК-ийн захирал ... нь 2025.11.22-ны өдөр өөрийн 88880531 дугаарт бүртгэгдсэн Вайбер хаягаас .. ХХК-ийн удирдах албан тушаалтан болох н.Мөнхбатын 99023334 дугаарт бүртгэгдсэн вайбер хаягт үнийн саналыг боловсруулан хүргүүлсэн. Говь чанар ХХК-ийн зүгээр ...ХХК-ийн явуулсан үнийн саналыг болон бусад нөхцөлийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, үнийн саналд заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 14,535,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр М...ХХК-ийн захирал ..ийн Транс банкны 650019009110000001 айбан тоот төгрөгийн дансанд шилжүүлсэн. Дээр дурдсанчлан талууд худалдан авах бараа бүтээгдэхүүн болон үнийн талаар харилцан тохиролцсон тул 2024 оны 12 дугаар сард хөргүүрүүдийг .. ХХК-ийн Оргил ундраа хүнсний дэлгүүрт суурилуулан хүлээлгэн өгсөн билээ.
Талуудын хооронд тохиролцсоны /үнийн саналын/ дагуу ...ХХК-ийн зүгээс эхний ээлжинд худалдах, худалдан авах гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувиар тооцон 14,535,000 төгрөгийг урьдчилгаа төлбөр төлж, үлдэгдэл 33,915,000 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу хариуцагч Говь чанар ХХК-ийн зүгээс сар бүрийн 15-ны өдрийн дотор 5,602,500 төгрөгийг нийт 6 сарын хугацаанд төлж дуусгах үүрэгтэй байсан. Тодруулбал хариуцагчийн зүгээс 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлбөрийг бүрэн төлж дуусгах үүргийг хүлээсэн. Гэвч хариуцагч .. ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ удаа дараа зөрчиж төлбөрийг хожимдуулж төлж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 31,442,500 төгрөгийг төлсөн бөгөөд 17,007,500 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Хариуцагч... ХХК-ийн зүгээс худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг хамгийн сүүлд 2025 оны 04 дүгээр сарын 08-нд төлсөн байдаг билээ. Манай байгууллагын зүгээс үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан бөгөөд хариуцагчийн зүгээс сүүлдээ утсаа авахгүй, төлбөрийг барагдуулахгүй өнөөдрийг хүрээд байх тул ийнхүү шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Иймд, нэхэмжлэлийг хүлээн авч, хариуцагч Г..ас худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 17,007,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
2.1. Нэг талаас: ... ХХК /РД:..ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч ..ж, нөгөө талаас: ..ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч ...нар дор дурдсан нөхцлийг харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрч, энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна.
Үүнд: Хариуцагч Говь чанар ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,007,500 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч .ХХК-д бүрэн төлж барагдуулна.
Хариуцагчийн зүгээс энэхүү гэрээний 2.1.1 дэх хэсэгт заасан төлбөрийг бүрэн төлсний дараа нэхэмжлэгч нь 4 ширхэг хөргөгчний алдааг засварлаж, үйл ажиллагаанд оруулж өгнө.
Хариуцагч нь төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч..ХХК-ийн Голомт банк ХХК дахь 360015001205248787 тоот төгрөгийн айбан дансанд төлнө гэж харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардэх эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 17,007,500 төгрөгийг хариуцагч ... ХХК-иас гаргуулна гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага 17,007,500 төгрөгийг хариуцагч ...р ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгч Мега ...ХК-ийн Голомт банк ХХК дахь 360015001205248787 тоот төгрөгийн айбан дансанд төлнө.
Төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа нэхэмжлэгч ..ХХК нь 4 ширхэг хөргөгчний алдааг засварлаж, үйл ажиллагаанд оруулж өгөхөөр тус тус тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,000 төгрөгийн тавин хувь болох 121,500 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 121,500 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 121,500 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .. нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага 17,007,500 төгрөгийг хариуцагч ... ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгч Мега ..ХХК-ийн Голомт банк ХХК дахь 360015001205248787 тоот төгрөгийн айбан дансанд төлнө.
Төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа нэхэмжлэгч ..ХХК нь 4 ширхэг хөргөгчний алдааг засварлаж, үйл ажиллагаанд оруулж өгөхөөр тус тус тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,000 төгрөгийн тавин хувь болох 121,500 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 121,500 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч .. ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 121,500 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ..молл ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА