Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 131

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Р.Машлай,

шүүгдэгч Ч.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Эрхэт овогт Чулууны Эрдэнэбатад холбогдох эрүүгийн 1807002820118 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, экскаваторын операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 02 дугаар хороо, Нарлагийн 07 дугаар гудамжны 06 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 07 дугаар хороо, Бадралын 12 дугаар гудамжны 19 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн УЕ75062950 дугаартай, Эрхэт овогт Чулууны Эрдэнэбат.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Ч.Эрдэнэбат нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 12-19 тоот хашаа байшинд хамт архи ууж байсан Т.Элбэгсайханыг унтаад боссонгүй гэж мах хэрчих гэж байсан хутгаар баруун нуруун тус газар нь хутгалж хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ч.Эрдэнэбат эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Эрдэнэбат нь согтуурсан үедээ 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 12-19 тоотод байрлах өөрийн байшиндаа Т.Элбэгсайханыг “унтаад боссонгүй” гэх шалтгаанаар баруун нуруун тус газар нь мах хэрчих гэж байсан хутгаараа хутгалж түүний биед нуруунд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Эрдэнэбатын өгсөн: “Би найзыгаа хутгалсан гэм буруутайгаа ойлгосон учир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч.Эрдэнэбатын яллагдагчаар өгсөн “ 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Элбэгсайхантай гадуур архи ууж явж байгаад орой цуг гэртээ ирээд архи уусан юм. Тэгээд Элбэгээ “унтлаа” гээд орон дээр унтаад өгсөн, би хоол хийх санаатай мах гаргаж хэрчих гээд хутга барьж яваад гэнэт ээжийн ирэх болсныг санаад Элбэгээг “ээж ирэх гэж байна босоорой” гэж дуудсан боловч босохгүй байхаар нь очоод сэрээх гээд хутгаараа ар нуруу хэсэгт нь хүрэхэд цус гарахад нь айж сандраад гарч гүйсэн. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна” гэх мэдүүлэг,

/хх-ийн 45-48 дугаар тал/

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Элбэгсайханы өгсөн “...2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн өглөө Петровисын бензин колонкийн орчим явж байгаад Эрдэнэбаттай тааралдсан. Тэгэхэд би жаахан халамцуу явж байсан, Эрдэнэбатад нэг шил архины мөнгө байсан учир “хамт ууя” гээд Эрдэнэбатын гэрт архи аваад бид 2 очихоор явж байгаад гудамжинд Отгонбаатар гэдэг танилтайгаа тааралдаад 7 дугаар хороо Бадралын 12-19 тоотод Эрдэнэбатын гэрт очоод архиа уусан. Отгонбаатар дахиад 1 шил архи аваад уугаад “би явлаа” гээд түрүүлээд явсан. Би том өрөөнд нь орон дээр нь унтчихсан байсан. Унтаж байхад нуруугаар бүлээн оргиод байхаар нь нуруугаа бариад гараа хартал гар цус болчихсон байсан. Эргээд хартал Эрдэнэбат гартаа хутга барьчихсан, гуйвчихсан зогсож байсан. Би “яаж байгаа юм бэ чи намайг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлтэл “одоо ээж ирэх гээд байна” гэж хэлэхээр нь би гартал Ганаа гэдэг эгч тааралдаад “миний дүү яасан юм бэ” гэхээр нь “хутгалуулчихлаа” гэж хэлтэл Ганаа эгч харснаа “цус алдаад байх шиг байна, чи ороод байж бай эгч нь түргэн дуудая” гэхээр нь гэрт буцаж ороод байж байтал удалгүй түргэн ирсэн.

...Надад гомдол санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг,

/хх-ийн 11-12 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч А.Отгонбаатарын өгсөн “Би 2018 оны 5 дугаар сарын 10-ны өглөө 10 цагийн орчимд Налайх дүүргийн 7 дугаар хороо 10 дугаар гудамжны дэлгүүрийн хажууд явж байтал Элбэгсайхан, Эрдэнэбат 2 халамцуу тааралдаад “ганц шил архи ууя” гэхээр нь зөвшөөрөөд Эрдэнэбатын гэрт очоод би архинаас нь нэг татчихаад гараад явчихсан. Элбэгсайхан, Эрдэнэбат 2 гэрт нь үлдсэн. Би тэрнээс хойш гэртээ очоод гэрээсээ гараагүй өнжсөн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 16 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Ганчимэгийн өгсөн “2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр би Эрдэнэбатын ах Сүхбаатарынхаар байнга орж гардаг учраас орохоор 15 цагийн өнгөрч байхад хашаагаар нь ортол тэдний гэрт хүн байхгүй, хашааных нь урд талд хүн чанга чанга дугараад байхаар нь урд хаалгаар нь гартал Элбэгсайхан нь доошоо хараад хэвтчихсэн нуруу нь тэр чигээрээ цус болчихсон хажууд нь Элбэгсайханы ах Сандагсүрэн, Эрдэнэбат 2 зогсож байхаар нь би “юу болоод байгаа юм бэ, аягүй их цус гоожиж байна шүү дээ” гэж хэлээд би өөрийн утсаар түргэнд дуудлага өгсөн. Түргэний машин удаагүй 20-30 минутын дараа ирэхээр нь би гэр рүүгээ орсон. Би хэн нь хэнийгээ гэмтээснийг мэдээгүй” гэх мэдүүлэг,

/хх-ийн 20 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Баярмаагийн өгсөн “2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр би Налайхын 103-т жижүүрийн эмчээр үүрэг гүйцэтгэж байхад 16 цаг өнгөрч байхад “Бадралд хүн хутгалуулсан байна” гэх дуудлага авч Бадралын 12-19 тоотод очиж Элбэгсайхан гэх хүний биед үзлэг хийхэд баруун далны доор 2 см орчим хатгагдсан шинэ гэмтэл шархтай байсан. Тэгээд би цагдаа руу залгаж “Бадралын 12-19 тоотод хутгалуулсан хүн байна одоо эмнэлэг авч явах гэж байна” гэж хэлсэн. Уг хүний нуруунд боолт хийж машинд суулгаж авч яваад нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 21 дүгээр тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн №265 дугаар:

  1. “Т.Элбэгсайхан-н биед  нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,

/хх-ийн 27 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 52 дугаар тал/

Байнга оршин суугаа хаягын тодорхойлолт,

/хх-ийн 63 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ч.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудад ялтан Ч.Эрдэнэбатын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийн талаар баримт судлаагүй бөгөөд түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тавьсныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд 350 цагийн хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан бинт 1 ширхэгийг устгаж шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Элбэгсайханд хөнгөн хохирол учирсан бөгөөд нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй төдийгүй хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “Надад гомдол санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэснийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Эрдэнэбат нь цагдан хоригдсон хоноггүй ба хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрхэт овогт Чулууны Эрдэнэбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Эрдэнэбатыг 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ч.Эрдэнэбатад мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан бинт 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, Ч.Эрдэнэбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Эрдэнэбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                            

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ