Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 135

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Цэрэндалай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Э.Баатардорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэ-Очирын Баатардоржид холбогдох эрүүгийн 1807003110126 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл3, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Налайх дүүргийн 3 дугаар хороо, Нарангийн 29 дүгээр гудамж 07 тоотод оршин суух,

урьд Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жил 2 сар хорих ял шийтгүүлж, Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 55 дугаар захирамжаар, эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

мөн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сар баривчлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 27 хоног хорих ялын зарим хэсэг болох 3 сар хорих ялыг нэмж нэгтгэн, бүгд биечлэн эдлэх ялыг 4 сарын хугацаагаар тогтоосон, регистрийн НЧ86063012 дугаартай, Боржигон овогт Эрдэнэ-Очирын Баатардорж.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Э.Баатардорж нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Нарангийн 27 дугаар гудамжинд Э.Хүрэлтогоогийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Э.Баатардоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Баатардорж нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Нарангийн 27 дугаар гудамжинд Э.Хүрэлтогоогийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Баатардоржийн өгсөн: “Тухайн өдөр би гэртээ найзын хамт пиво уугаад сууж байхад аав гаднаас цус гойжуулсан байдалтай “хүнд зодуулчихлаа” гээд орж ирсэн. Би худаг руу явж очиход 3 залуу сууж байхаар нь “миний аавыг хэн зодсон бэ” гэж хэлэхэд  Хүрэлтогоо “юу” гээд босоод ирэхээр нь би очоод зүүн хөмсөгт цохисон. Хүрэлтогоо “би танай аавыг зодсон хүн биш” гэхээр нь манай гэр лүү хамт очиж аавтай уулзаад цохисон хүн нь биш гэдгийг мэдээд уулзаад зогсож байхад цагдаа ирж намайг авч явсан.

...Би эмчилгээний зардалд Э.Баатардоржоос 60,000 төгрөг авсан тул одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Хүрэлтогоогийн өгсөн “...Би 2018 оны 5 дугаар сарын 14-ны орой 20 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хороо Нарангийн 27 дугаар гудамжинд байрлах худгийн гадаа найз Мөнхбаяр, Цогоо нарын хамтаар сууж байтал хойд талын гудамжнаас мотоциклтой 30 гаран насны 2 залуу гарч ирсэн юм. Гэтэл нөгөө залуучууд бид нар дээр ирээд мотоцикль жолоодож явсан цагаан өнгийн майк өмссөн залуу бууж ирээд намайг заамдаж аваад “чи миний аавыг зодсон байна” гэж хэлээд шууд миний зүүн талын хөмсөг орчимд гараараа нэг удаа цохиж, миний хөмсөг орчмоос их цус гарч байсан юм.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 09-11 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Д.Эрдэнэ-Очирын өгсөн “...Би 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гэртээ ганцаараа архи ууж байгаад орой гэрээсээ гарсан юм. Ингээд гэртээ унтаж байхад хашааны гадаа хүмүүс орилоод байхаар нь гараад ирсэн чинь манай хүүхэд Э.Баатардорж хүмүүстэй зууралдсан байдалтай зогсож байхаар нь “намайг зодсон хүн биш байна, яагаад өөр хүмүүстэй маргалдаад байна” гэж хэлээд зогсож байтал цагдаагийн машинтай хүмүүс ирээд Баатардоржийг аваад явсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14-16 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Д.Мөнхбаярын өгсөн “...мотоцикльтай 2 залуу ирээд мотоцикль жолоодож явсан цагаан майк цэнхэр жинсэн өмдтэй өндөр туранхай залуу нь бууж ирээд Хүрэлтогоог “чи миний аавыг зоддог хэн бэ” гэж заамдаж аваад Хүрэлтогоогийн нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохисон, энэ үед би дундуур нь ороод  салгасан юм” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17-19 дүгээр тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №290 дүгээр:

  1. “Хүрэлтогоо-н биед зүүн хөмсөгний шарх бүхий гэмтэл учирчээ.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 24 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 38 дугаар тал/

Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүргэл,

/хх-ийн 39-40 дүгээр тал/

Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 45-47 дугаар тал/

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 48-50 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 51 дүгээр тал/

Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 60 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Э.Баатардоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудад ялтан Э.Баатардоржийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийн талаар баримт судлаагүй учир түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тавьсныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд 250 цагийн хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх нь зүйтэй гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Хүрэлтогоод хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн байцаалтад “надад гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийн үндэслэн шүүгдэгч Э.Баатардоржийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Э.Баатардорж нь цагдан хоригдсон хоноггүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Эрдэнэ-Очирын Баатардоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Баатардоржийг 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Э.Баатардоржид мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Э.Баатардорж нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Баатардоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                            

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ