2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/06906

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 18 191/ШШ2025/06906

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******ын ******* /РД: *******/-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,245,142.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.

/Хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******ын ******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ******* тоот Цахим зээлийн гэрээ байгуулж 23,160,000 төгрөгийг сарын 1.85%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээл авсан. Зээлдэгч нь Цахим зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 109 хоногийн хугацаа хэтрүүлсэн байдалтай байгаа. Зээлдэгчдийн байгуулсан цахим зээлийн гэрээний хугацаанд 2027 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр дуусахаар байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчилтэй явж байгаа. Иргэний хуулийн 225.1, 225.2, 226.1 болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь Цахим зээлийн гэрээний хугацаанаас өмнө гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ******* тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 20,823,198.7 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,382,775.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 22,197.87 төгрөг, нотариатын зардалд 17,000 төгрөг, нийт 22,245,142.21 төгрөгийг зээлдэгч *******ын *******аас гаргуулж өгнө үү. гэв.

 

2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

2.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2-3/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-4/, 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01/2745 тоот Итгэмжлэл /хх-5/, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 29 дугаартай Банкны зөвшөөрлийн гэрчилгээ /хх-6/, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн МО0075063 дугаартай Хувь хүнд банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ /хх-8-10/, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн LO04 дүгээр сарын 07-ны өдрийн LO0045599 дугаартай Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ /хх-11-12/, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай Цахим зээлийн гэрээ /хх-13-15/, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/4745 тоот Итгэмжлэл /хх-21/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК-аас хариуцагч Э.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,245,142.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

1. Хариуцагчид өдөр нэхэмжлэлийн хувийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны гардуулсан байна /х.х-ийн 28 дугаар тал/.

 

Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр товлон зарласан боловч хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр товлож, энэ талаар хариуцагчид мэдэгдэхэд тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

2. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ гэж заажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч ******* ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа .............. гэж бүртгэсэн байх тул нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, мөн Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д тус тус зааснаар банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна /х.х-ийн 5, 6 дугаар тал/.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ........ гэж, 189 дүгээр зүйлийн 189.2-т Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно гэж тус тус заасны дагуу талууд энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг төрийн эрх бүхий байгууллагаас банкны үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна.

 

3. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч ******* ХК нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Э.*******тай зээлийн гэрээ байгуулж 23,160,000.00 төгрөгийг 1 /нэг/ сарын 1,85 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон байна /х.х-ийн 13-16 дугаар тал/.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Хэрэгт авагдсан ******* тоот дансанд суурилсан зээл, зээлийн хүүгийн тооцооллоос үзвэл нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Э.*******т 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 23,160,000.00 төгрөгийг олгосон нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж зээл олгоно гэсэнтэй нийцсэн байна /х.х-ийн 5, 16 дугаар тал/.

 

4. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Гэтэл хариуцагч Э.******* нь үндсэн зээлээс 2,336,801.00 төгрөг, зээлийн хүү 1,257,517.00 төгрөгийг тус тус төлсөн боловч зээлийн үлдэгдэл 20,823,199.00 төгрөг, зээлийн хүү 1,382,775.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,167.87 төгрөг, нотариатын зардалд 17,000.00 төгрөг нийт 22,245,142.00 төгрөгийг төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээний үүргийг бүхэлд нь нэхэмжилсэн.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар гэрээг байгуулах нь талуудын эрх боловч нэгэнт байгуулагдсан гэрээнээс татгалзах, цуцлах тохиолдолд нөгөө талын хүсэл зоригийг харгалзах журамтай гэдгийг тус хуулийн 204, 205, 221, 225, 227 дугаар зүйлд тус тус зохицуулсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

Гэтэл хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн хувийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг өгөөгүй ба шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

 

Тодруулбал, энэ тохиолдолд хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзээд 2024 оны 08 дугаар сарын 28-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид 22,228,142.00 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэв.

 

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахтай холбогдох нотариатын зардал 17,000.00 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар гаргуулах нь зүйтэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,175.71 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас 269,175.71 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-нд олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Э.*******аас 22,245,142.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-нд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,175.71 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 269,175.71 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА