| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0135/Э |
| Дугаар | 136 |
| Огноо | 2018-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн,
улсын яллагч С.Цэрэндалай,
шүүгдэгч Ш.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дарханчууд овогт Шаравдоржийн Наранбаатарт холбогдох эрүүгийн 1807003410131 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо 13-23 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ЧГ82081436 дугаартай, Дарханчууд овогт Шаравдоржийн Наранбаатар.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Ш.Наранбаатар нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Даваажавтай маргалдаж түүний зүүн чих орчимд гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Ш.Наранбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Наранбаатар нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Даваажавтай маргалдаж түүний биед тархи доргилт, зүүн чих, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Наранбаатарын өгсөн: “2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Б.Зоригт ахын хамт ажилчдын ахуйн хэрэглээний хог машинд ачиж, Налайх дүүргийн 3 дугаар хорооны хогийн цэг дээр хогоо асгах гэтэл уг газрын манаач эмэгтэй Б.Зоригт ах бид хоёрыг “зөвшөөрөлгүй хог асгах гэж байна” гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Тэгээд намайг явах гэж машинд суух гэхэд явуулахгүй зууралдаад байхаар нь би зүүн талын шанаа хэсэг рүү цохисон. Тэгээд тэр эмэгтэйн нөхөр нь гарч ирээд надтай зууралдаж байх зуур Б.Зоригт ах машинаасаа бууж ирээд, намайг салгасан. Тэгэхээр нь бид хоёр хогоо асгалгүй явсан” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч М.Даваажавын өгсөн “...Би 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 13-14 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялагийн хогийн цэг дээр гэртээ байж байх үед 29-63 УНТ улсын дугаартай цагаан өнгийн Бонго маркийн ачааны машин хог аччихсан орж ирсэн юм. Тэгээд би уг машиныг дуудаад “хаанаас хог ачиж ирж байна, зөвшөөрөл байна уу” гэж асуусан чинь “Тэрэлжээс 6 дугаар хорооны хувь айлын хог ачиж ирж байна” гэхээр нь “амралтын хог байна 30,000 төгрөгөө тушаагаад ирээд хогоо асгаж болно” гэж хэлсэн юм. Гэтэл машины хажууд сууж байсан том биетэй тарган залуу бууж ирээд “өчигдөр энд хог асгасан зүгээр л байсан” гэх мэтээр маргалдаж байгаад миний зүүн талын чих рүү нэг удаа гараараа цохиод машиндаа суугаад хогоо асгалгүй явсан учир би цагдаагийн хэлтэс дээр ирж мэдүүлэг өгсөн.
...Би эмчилгээний зардалд Ш.Наранбаатар гэх залуугаас 100,000 төгрөг авсан тул одоо надад санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн 08-09 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч Ч.Батсайханы өгсөн “...Энэ үед би цаана хог буулгаж байсан машиныг шалгах санаатай цаашаа явж байгаад буцаад ирэх үед манай эхнэр зүүн талын чихээ дараад “энэ машины хажууд сууж явсан тарган залуу миний чих рүү алгадсан” гэж хэлээд орилоод байхаар нь би очиж юу болсон талаар асуух үед уг залуу намайг заамдаж аваад бид 2 зууралдаж байх хооронд хамт явсан жолооч ах бид хоёрыг салгаад нөгөө залууг машиндаа суулгаад хогоо асгалгүй явсан юм” гэх мэдүүлэг,
/хх-ийн 11-13 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч М.Чулуунбатын өгсөн “...Тэгээд намайг хараад сууж байсан чинь маргалдаад байсан хоёр залуугийн нэг нь болох нэлээн бүдүүн махлагдуу хар царайтай залуу Дашдаваагийн зүүн хацар руу гараараа 2 удаа цохиод юм.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 14 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч Б.Зоригтын өгсөн “...Ингээд Наранбаатар буугаад нөгөө эмэгтэйтэй маргалдаж байгаад буцаад машиндаа суух гэхэд зуурч аваад суулгахгүй байсан. Гэтэл нөгөө нөхөр болох залуу нь хажуунаас чулуу бариад дайраад байсан юм. Энэ үед Наранбаатар уг эмэгтэйг нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа түлхэж байгаа харагдсан. Тэгээд би салгаж Наранбаатарыг машинд суулгаад машиндаа суугаад явсан юм” гэх мэдүүлэг,
/хх-ийн 15-16 дугаар тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №289 дүгээр:
/хх-ийн 24 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 39 дүгээр тал/
Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт,
/хх-ийн 40 дүгээр тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 42 дугаар тал/
“Хаан” банкны дансны хуулга /хх-ийн 48-63 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ш.Наранбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Даваажавт хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч мөрдөн байцаалтад “одоо надад санал, гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ш.Наранбаатарыг Н.Даваажавын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналыг харгалзан түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ш.Наранбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дарханчууд овогт Шаравдоржийн Наранбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Наранбаатарыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Наранбаатарт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ш.Наранбаатарт мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ш.Наранбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Наранбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ