2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/08322

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 03

191/ШШ2025/08322

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б тоотод байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б тоотод байрлах ******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Бараа материал худалдах, худалдан авах гэрээний арматурын төлбөрт нийт 137,566,788 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

/Хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ******* ХХК-д холбогдуулан бараа материал худалдах, худалдан авах гэрээний арматурын төлбөрт 137,566,788 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 24/06 дугаартай Бараа материал худалдах, худалдан авах гэрээний арматурын төлбөрт 101,152,050 төгрөг, алданги 36,414,738 төгрөг нийт 137,566,788 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. 2024 оны 09 дугаар сарын 06-ны өдөр ******* ******* ХХК-ийн захирал , нягтлан бодогч нар нь манай компанитай Бараа материал худалдах, худалдан авах 24/02 дугаартай гэрээг байгуулж энэ гэрээгээр ф8 маркийн катанга 2 тонн, ф12, ф14, ф16 размерын арматур төмөр 41 тонн 661 кг, Л40 булан төмөр 210 метр, лист төмөр 36 м2, 25 хар квадрат 36 метр зэрэг 101,152,050 төгрөгийн төмрийг авсан бөгөөд төлбөрийг 2024 оны 09 сард 5,000,000 төгрөг, 2024 оны 10 сард 10,000,000 төгрөг, 2024 оны 12 сард 86,152,050 төгрөгийг тус тус төлж гэрээний үүрэг биелэгдэх байсан юм. Гэвч тус компани өнөөдрийг хүртэл хугацаанд гэрээнд заасан үүргээ эс биелүүлж төлбөрөө төлөөгүй байгаа тул гэрээний 3.3 дахь хэсэгт заасан хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөрийн үндсэн үлдэгдлээс 0.3 хувь алданги тооцоход нэг сарын 9,103,685 төгрөг, нийт 36,414,738 төгрөг болж байна. Иймд ******* ******* ХХК-иас 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 24/02 дугаартай Бараа материал худалдах, худалдан авах гэрээний арматурын төлбөрийн үлдэгдэл 101,152,050 төгрөг, алданги 36,414,738 төгрөг нийт 137,566,788 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж ******* ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* ХХК-иас д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад, дараах хариу тайлбар гаргаж байна. Миний үйлчлүүлэгч ******* ******* ХХК-д өнөөдрийн байдлаар тийм ня-бо ажилтан байхгүй бөгөөд гэдэг хүн нягтлан бодогчоор ажилладаг. Иймд ИХШХШ тухай хуулийн 25, 26, 28 дугаар зүйлүүдэд заасны дагуу хариуцагчаа зөв тодорхойлон, асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/,

3.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх4/,

3.3. Итгэмжлэл /хх 5/,

3.4. 2024.09.16-ны өдрийн №24/02 дугаар Бараа материал худалдах, худалдан авах гэрээ /хх 7-9/,

3.5. Тооцооны акт, зарлагын баримт /хх 10/,

3.6. Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх 11/

3.7. Нэхэмжлэх /хх 13/.

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар гаргасан. / хх 15, 22/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Манай компани хариуцагч ******* ******* ХХК 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 24/02 дугаар Бараа материал худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээ байгуулсан өдрөө нийт 101,152,050 төгрөгийн үнэ бүхий арматур төмөр, бусад төмрийг нийлүүлсэн. Хариуцагч нь төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлөх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ огт биелүүлээгүй тул тус төлбөр болон гэрээнд заасны дагуу алданги шаардах эрхтэй гэнэ.

 

3. Хариуцагч ******* ******* ХХК нь мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

 

Иймд нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

4. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

4.1. Зохигчид Бараа материал худалдах худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч ******* ХХК нь худалдан авагч ******* ******* ХХК-д ф8 катанга, ф12, ф14, ф16, ф25, L40, лист зэрэг размерын биет байдлын болон эрхийн доголдолгүй бараа, материал /арматур төмөр, бусад/-ыг нийлүүлэх, хариуцагч ******* ******* ХХК нь хүлээн авсан бүтээгдэхүүний үнийг 2024.09 дүгээр сард 5,000,000 төгрөг, 2024.10 дугаар сард 10,000,000 төгрөг, 2024.12.15-ны өдрийн дотор 86,152,050 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байсан.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд хариуцагч ******* ******* ХХК-д гэрээний дагуу 101,152,050 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг нийлүүлж, үүргээ биелүүлсэн, хариуцагч нь төлбөрийг огт төлөөгүй гэх тайлбар гаргаж, тооцоо нийлсэн акт зарлагын баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэх зэргийг баримтаар гаргасныг хариуцагч нь няцаан үгүйсгээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасны дагуу тогтоогдсон гэж үзнэ. 

 

Хэдийгээр хариуцагчийн өмгөөлөгч нь хариуцагч биш гэх агуулга бүхий тайлбарыг бичгээр гаргасан ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025.09.02-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх талаар хүсэл зоригийг илэрхийлсэн буюу өмгөөлөгчийн тайлбарыг дэмжээгүй, гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй тул хариуцагч ******* ******* ХХК-иас гэрээний дагуу нийлүүлсэн арматур төмөр барааны үнэ 101,152,050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

4.2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж хуульчилсан.

 

Талуудын гэрээний 3.3 дугаар зүйлд худалдан авагч бараа материал /арматур төмөр, бусад/-ын төлбөрийг гэрээнд заасан тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөрийн үндсэн үлдэгдлээс 0.3% алданги тооцно гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс алдангийг хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 101,152,050 төгрөгөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл алданги тооцсон  гэж тайлбарласан бөгөөд энэ нь хуульд зөрчөөгүй, талуудын гэрээний 3.2 дугаар заалтад нийцсэн, анзын хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй байх тул хариуцагч нь алдангид 36,414,738 төгрөг төлөх ёстой байна.

 

Дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчаар нөхөн төлүүлэхээр зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 845,785 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 845,785 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас 137,566,788 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 845,785 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 845,785 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА