Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 137

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгч Б.Эрдэнэбулган нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Саамаа овогт Батбаярын Эрдэнэбулганд холбогдох эрүүгийн 1807000000134 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн оюутан, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамтаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамирын 7 дугаар гудамж, 713 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо  Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бичил хорооллын 34 дүгээр байр, 74 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ИГ99061915 дугаартай, Саамаа овогт Батбаярын Эрдэнэбулган.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.Эрдэнэбулган нь 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо “Горхийн баруун салаа” гэх газарт өсвөр насны С.Ганбаттай маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Эрдэнэбулганд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Эрдэнэбулган нь 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо “Горхийн баруун салаа” гэх газарт өсвөр насны С.Ганбаттай маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эрдэнэбулганы өгсөн: “Манай сургуулийн оюутнууд Тэрэлжид байдаг шинжлэх ухаан технологийн  их сургуулийн сургалтын төвд дадлага хийхээр 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ирсэн юм. Тэгээд 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр оройн 21 цагийн үед гадаа хүүхдүүд шуугилдаад байхаар нь манай ангийн Н.Бат-Эрдэнэ бид хоёр гарч очиход хоёр эрэгтэй хүүхэд зодолдоод байхаар нь салгахад “холдож бай ална” гээд дайраад байхаар нь би түлхээд баруун гараараа савтал нүүр хавьд нь цохисон” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад өсвөр насны хохирогч С.Ганбатын өгсөн “...2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Тэрэлжийн баруун салаанд байдаг манай сургуулийн сургалтын төвд вакумжуулсан сургалтанд ирсэн юм. 2018 оны 6 дугаар сарын 21-ний орой байрлаж байсан байшингийнхаа урд нь манай ангийнхан юм яриад сууж байхад манай ангийн Эрхэмбаяр гэдэг хүүхэд ирээд “та нар ямар арчаагүй юм бэ” гэхээр нь би уурлаад Эрхэмбаярын хацар шанаа хавьд нь нэг удаа цохиж бага зэрэг маргалдсан юм. Тэгтэл ШУТИС-ийн оюутан болох сургалтын төвд дадлага хийж байсан Эрдэнэбулган гэдэг ах над руу ирээд “яагаад давраад байгаа юм ална шүү” гээд миний нүүрэн тус газар цохиход хамраас цус гарсан юм.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 05-06 дугаар тал/

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Алтанбаганы өгсөн “...намайг харж байхад Эрхэмбаярыг Ганбат гараараа зүүн шанаа орчимд цохиж унагаад дээрээс нь цохих гэхэд Эрхэмбаяр гараараа хаасан. Тэр үед манай ангийн Э.Ууганбаяр гэдэг хүүхэд Ганбатыг салгаж аваад цагаан байшингийн чигтэй аваад явж байхад оюутнууд байрладаг байрнаас 3 ах гарч ирээд нэг ах нь “чи ямар даварчисан баньд вэ ална шүү” гээд хамар руу нь гараараа цохиход Ганбатын хамарнаас цус гарч гоожсон” гэх мэдүүлэг,

/хх-ийн 10 дугаар тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №318 дугаар:

  1. “Ганбатын биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,

/хх-ийн 18 дугаар тал/

Хохирлыг баримт,

/хх-ийн 34-43 дугаар тал/

Нас тоолох ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл,

/хх-ийн 45 дугаар тал/

Хохирол төлсөн баримт,

/хх-ийн 64 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 48 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 50 дугаар тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 51 дүгээр тал/

Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 52 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Эрдэнэбулганыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч С.Ганбатад хөнгөн хохирол учирсан бөгөөд нотлох баримт бүхий хохиролд 900,000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан бөгөөд түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Содбилэг нь гомдол, санал, хүсэлт, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст бичгээр гаргасан хүсэлтээр /хх-64/ тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Эрдэнэбулганыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Эрдэнэбулганыг насанд хүрээгүй хохирогч С.Ганбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналыг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Эрдэнэбулган нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Саамаа овогт Батбаярын Эрдэнэбулганыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эрдэнэбулганыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Эрдэнэбулганд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Эрдэнэбулганд мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Эрдэнэбулган нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эрдэнэбулганд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ