| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2026/0358/З |
| Дугаар | 128/ШШ2026/0616 |
| Огноо | 2026-06-22 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2026/0616
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “У*******” ХХК
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын улсын байцаагч Д.Х*******, Х.А*******
Маргааны төрөл: “Манай компанид 386,768,679.38 төгрөгийн нөхөн татвар, 154,780,903.32 төгрөгийн торгууль, 72,768,679.38 төгрөгийн алданги, нийт 614,501,841 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн татварын улсын байцаагч Д.Х*******, Х.А******* нарын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч Д.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “У*******” ХХК-иас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг. Татварын улсын байцаагч нар нь шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн тухайд:
“У*******” ХХК-ийн 2019-2021 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын улсын байцаагч Д.Х*******, Х.А******* нар нь 2023 онд татварын хяналт шалгалт хийж, Татварын ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйл болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13, (2019 оны) 16 дугаар зүйлийг зөрчиж, татвар ногдуулах орлогыг бууруулсан гэж үзэж 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн № дугаартай нөхөн ногдуулалтын актаар 614,501,841 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Манай компанийн зүгээс уг актыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн бөгөөд тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 0387 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Уг шүүхийн шийдвэрийг хариуцагч нарын зүгээс эс зөвшөөрөн давж заалдах гомдол гаргаж актыг үндэслэлтэй гэж үзэн маргасан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0605 дугаартай магадлалаар хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхиж, харин анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж “...хариуцагч татварын улсын байцаагч нар нь татварын хяналт шалгалт явуулахдаа хэрэгт нотлох баримтаар авагдсан санхүүгийн анхан шатны баримтуудыг хянаж шалгахгүйгээр актыг тогтоосон...энэ нь татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан тодорхой байх, 5.1.3-т заасан шударга байх зарчимд нийцээгүй гэж дүгнэж, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг дахин үнэлж, 3 сарын хугацаанд дахин акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн байдаг ба зөвхөн төлбөрийн баримтаар хасагдах зардлыг тодорхойлж, бүхэлд нь нөхөн ногдуулалтын акт ногдуулсан нь үндэслэлгүй байна...” гэж дүгнэсэн болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт иргэн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц... хууль зүйн... баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасны дагуу иргэдийн хөндөгдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалахын тулд иргэний болон эрүүгийн, захиргааны, зөрчлийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрийг зайлшгүй биелүүлэх зарчимтай байдаг.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ.” гэж заасан бөгөөд зөвхөн Улсын дээд шүүх бус бүх шатны шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг заавал биелүүлэх зарчмыг тодотгож заасан.
Гэтэл Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Татварын улсын байцаагч Д.Х*******, Х.А******* нар нь маргаан бүхий харилцааны явцад гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлсэн мэт байдал үүсгэж, захиргааны акт хүчингүй болох хугацаанд дахин акт гаргасан мэт дүр үзүүлэн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр томилолт бичүүлэн, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс шалгалтын ажлыг дахин цахимаар явуулан 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг гаргасан байна.
Уг нөхөн ногдуулалтын актыг гаргахдаа захиргааны шүүхэд хэлэлцэгдсэн баримт материал, төрийн байгууллагад байгаа мэдээллийг татаж үзэлгүйгээр буюу шүүхийн шийдвэрийг үл биелүүлэн цахим байдлаар шалгалтыг явуулсан гэж тайлбарлаж, өмнөх хүчингүй болсон актыг тэр хэвээр нь дахин гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.” гэж заасныг зөрчсөн тул бүхэлдээ хүчин төгөлдөр бус акт болох юм.
Татварын улсын байцаагч нар нь нөхөн ногдуулалтын актыг дахин гаргахдаа 2020 онд 1,128,080,409 төгрөгийн, 2021 онд 2,741,442,174 төгрөгийн, нийт 3,869,522,583 төгрөгийн төлбөрийн баримтаар нотлогдоогүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тусгаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан гэж үзэхдээ шүүхийн шийдвэрийг үл биелүүлэн манай компанийн дээрх онуудын “Борлуулсан бүтээгдэхүүний өртөг”-ийг бүхэлд үгүйсгэж, ямар ч өртөггүй, зардалгүй орлого олсон гэж үзсэн байгаа болохыг анхаарч үзнэ үү.
Манай компани нь МАА-н гаралтай түүхий эд буюу хонины ноосыг малчдаас худалдан авсан ба бэлтгэн нийлүүлж байгаа ноосны хэмжээ /кг, жин/ нь МУ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамнаас баталсан малчин, мал бүхий этгээдийн “Мал тооллогын А дансны бүртгэл”, “Хонины ноос бэлтгэлийн орлогын падаан”-аар баталгаажсан ба холбогдох төрийн байгууллагаас Захиргааны хэргийн шүүхэд ирүүлсэн баримтаар баталгаажсан. Шүүхээс энэ баримтыг үнэлж, дахин акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн болно.
Гэтэл энэ баримтуудыг огтхон үнэлэлгүйгээр дахин хууль бус акт гаргасан байна.
Хоёр. 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ******* дугаартай нөхөн ногдуулалтын акт хууль зүйн үндэслэлгүй тухайд:
Манай компани нь үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд 2020 онд 7971 худалдан авалтаар 1,128,080,409.00 төгрөгийн үнэ бүхий ноос, 2021 онд 7845 худалдан авалтаар 3,869,522,583.00 төгрөгийн үнэ бүхий ноосыг иргэдээс худалдан авсан.
Уг худалдан авалтын үйл ажиллагааг Монгол Улсын засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 343 дугаар тогтоолоор батлагдсан “Хонь тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-д заасан нөхцөлийн дагуу явуулсан ба худалдан авалт бүрийг МУ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамнаас баталсан малчин, мал бүхий этгээдийн “Мал тооллогын А дансны бүртгэл”, “Хонины ноос бэлтгэлийн орлогын падаан”-аар баталгаажуулсан бөгөөд манай компанид борлуулалт хийсэн иргэд өөрсдийн ноосны борлуулалтыг ХХААХҮЯ-ны “цахим бүртгэлийн системд баталгаажуулж, эрх бүхий байгууллагаас хянаж үзсэний үндсэн дээр тухайн мал бүхий иргэдэд борлуулсан ноосны урамшууллыг нь олгож байсан.
Гэтэл татварын улсын байцаагчийн зүгээс нөхөн ногдуулалтын актыг үйлдэхдээ шүүхэд хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан байгаа “У*******” ХХК-ийн татварын тайланд хавсаргасан МУ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамнаас баталсан малчин, мал бүхий этгээдийн “Мал тооллогын А дансны бүртгэл”, “Хонины ноос бэлтгэлийн орлогын падаан”-ыг үзээгүй, бодит дүгнэлт хийгээгүй ба тухайн худалдан авалтуудыг зөвхөн Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажсан байх шаардлагыг хангаагүй тул хууль бус гэж үзэж нөхөн ногдуулалтын актыг үндэслэлгүйгээр тавьсан.
Ингэж акт тавьснаар татварын улсын байцаагчид манай компанийн дээрх онуудын “Борлуулсан бүтээгдэхүүний өртөг”-ийг бүхэлд нь үгүйсгэж, ямар ч өртөггүй, зардалгүй орлого олсон гэж үзсэн нь Татварын Ерөнхий хуулийн 5.1.2-т заасан тодорхой байх; 5.1.3-т шударга байх, зарчмыг зөрчсөн байна.
Манай компанийн 2020, 2021 оны хасагдах зардал нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хасагдах зардалд тавигдах шаардлагыг бүрэн хангасан болно.
Уг баримт нь нэхэмжлэлд тодорхой дурдсанчлан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хасагдах зардалд тавигдах шаардлагыг бүрэн хангасан баримт юм.
Тухайлбал: “У*******” ХХК нь компани малын гаралтай түүхий эд буюу ноосыг угаах, боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд хонины ноос нь үйл ажиллагааны үндсэн түүхий эд. Тус компанийн хувьд мал аж ахуй эрхэлдэггүй, ноос нь зөвхөн мал аж ахуй эрхэлдэг иргэн хуулийн этгээдээс бэлтгэгдэг. Иймд ноос худалдан авахад гарсан зардал нь тухайн он тус бүрийн татвар ногдох орлого олохтой холбогдон гарсан зардал тул:
Нэхэмжлэгчийн хувьд энэхүү хуульд заасан баримт бүрдүүлэх үүргийг бүрэн биелүүлсэн бөгөөд худалдан авсан ноосны үнийг зохих журмын дагуу төлж малчдаас авсан нь дээрх анхан шатны дээрх баримтаар нотлогдсон байгаа болно.
Харин “...бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажсан байх...” гэж заасныг хангаагүй гэж байгаа нөхцөл нь “У*******” ХХК-ийн үйл ажиллагаанаас хамаарахгүй шаардлага байгаа ба энэхүү шаардлагыг хангуулах үүрэг нь Татварын байгууллагын чиг үүрэгт хамаарч байгаа зохицуулалт болно.
Учир нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “...Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө...” 28.2.Татвар төлөгч ногдуулалт хийхдээ энэ хуульд заасан нийтлэг журмыг баримтлах бөгөөд холбогдох хуульд заасны дагуу орлого, зарлагын гүйлгээг бүртгэх, баримтжуулах, цахим төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, илгээх, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл дамжуулах зориулалт бүхий, нэгдсэн системд холбогдсон, стандартын шаардлага хангасан кассын машин, төхөөрөмж, компьютер, бусад дагалдах хэрэгслийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж, борлуулалтын мэдээллийг 14 хоногт багтаан татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд илгээж, бүртгүүлнэ...” гэж заасны дагуу дээрх журмын дагуу борлуулалт хийсэн малчин мал бүхий этгээдүүд өөрсдийн орлогыг үнэн зөвөөр тайлагнаж, төлбөрийн баримтыг үйлдэх үүрэгтэй болно.
“У*******” ХХК нь дээрх онуудын төлбөрийн цаасан баримтыг тухай бүртээ авч чадахгүй байсан нь малчдын мал маллах, оршин амьдрах нөхцөл нь төв суурин газраас алслагдсан, цахилгаан эрчим хүчний эх үүсвэргүй, харилцаа холбооны сүлжээний хомсдолтой, шинэ үеийн, шинэ технологийн гар утасны хэрэглээ байхгүй, кассын машин, төхөөрөмж, компьютер, бусад дагалдах хэрэгсэл ашиглах боломжгүй байсантай холбоотой, мөн дээрх шаардлага 2020 оноос хэрэгжих эхэлсэнтэй холбоотойгоор татварын албанаас уг хэрэгжилтийг бүрэн зохион байгуулаагүйтэй холбоотой болно.
Хэдийгээр тус компани төлбөрийн цаасан баримтыг авч чадаагүй боловч тухайн борлуулалт хийсэн иргэд хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, төлбөрийн баримтыг цахимаар илгээж, өөрсдийн олсон орлогыг үнэн зөвөөр тайлагнах үүрэгтэй болно. Нэхэмжлэгчийн хувьд дээрх баримтыг цахим системд илгээгдэнэ гэж итгэж өнөөдрийг хүрсэн.
Гэтэл тухайн иргэд 2020, 2021 онд хийсэн борлуулалтаа бүрэн тайлагнаагүй, холбогдох татварын тайланг илгээгүй, тайлан илгээхтэй холбоотойгоор төлбөрийн баримтыг зохих журмын дагуу үйлдээгүй байгаад улсын байцаагч нар дүгнэлт хийлгүй, тус борлуулалт хийсэн иргэдийн татварын нөхөн ногдуулалтыг шалгалгүйгээр “У*******” ХХК-д тус иргэдийн өмнөөс татварын хариуцлага тооцож, орлого олсон иргэдийг татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгож байна гэж үзэхээр байна.
Татварын Ерөнхий хуулийн 74.1-д “Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн...” 75.1.1-д татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах, 75.1.22т татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй гэж заасны дагуу уг төлбөрийн баримтыг шивүүлэх, орлогын албан татварын тайланг зохих журмын дагуу илгээх үүргийг татварын алба хүлээсэн.
Тухайн цаг хугацаанд дээрх нөхцөл үүсэж болзошгүй байсан тул Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 343 дугаар тогтоолоор батлагдсан “Хонь тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-д заасны дагуу “Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”-оос Татварын Ерөнхий газрын дарга, ХХААХҮЯаманд удаа дараа хандаж, хүсэлт гаргаж байсан боловч шийдвэрлээгүй болно.
Гомдолд дурдсанчлан малчид, мал бүхий иргэдээс цахим төлбөрийн баримтыг зохих журмын дагуу илгээлгэх, орлогын албан татварын тайланг илгээлгэх үүргийг татварын байгууллага 2020 оноос шууд хэрэгжүүлэн ажиллагаагүй ба 2021 оны 09 дүгээр сард ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газар, ТЕГ-ын Татвар Төлөгчдөд Үйлчлэх Газар, НӨАТ-ын хэлтэс хамтарсан уулзалт зохион байгуулснаар “Qpay malchin”, “Qagent” вэб системийн, EBarimt системд “Бие төлөөлөгч бүртгэх” хэсэгт тус тус алдаа зааж байсныг хөгжүүлэлт хийж, 2022 оноос хэрэгжиж эхэлсэн.
“У*******” ХХК-ийн 2020, 2021 онд худалдан авалт хийсэн малчин болон мал бүхий иргэдийн мэдээлэл, орлогын хэмжээ 2020, 2021 оны татварын тайланд бүрэн тусгагдсан ба ХХААХҮЯ-нд тус иргэдийн борлуулалт хийж, урамшуулал авсан мэдээлэл нь бүрэн илгээгдсэн байдаг боловч тухайн аймаг сумын татварын байгууллага хуульд заасан татвар төлөлтийг шалгах, төлбөрийн баримтыг зохих журмын дагуу үйлдэж байгаа эсэхийг хянах, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүргээ биелүүлээгүйгээс борлуулалт хийсэн малчид татварын тайлангаа илгээгээгүй байх ба татвар төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдэд энэхүү нөхөн ногдуулалтын акт үндэслэлгүйгээр тавигдаад байна.
Гурав. Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн шийдвэрийн тухайд:
Нэхэмжлэгчийн зүгээс дээрх актыг эс зөвшөөрч, Нийслэлийн маргаан таслах зөвлөлд хандсан бөгөөд тус газрын 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор маргааныг хянан шийдвэрлэж, уг актыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн болно” гэжээ.
Хариуцагч Д.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2024/0605 дугаартай магадлалаар дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлэх, шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гараагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохыг дурдсан. 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр олгогдсон ******* тоот томилолтын дагуу Татварын улсын байцаагчид “У*******” ХХК-ийн захирал Д.Б******* болон түүний гэр бүлийн хүнтэй утсаар холбогдон удаа дараа Татварын хяналт шалгалтад хамрагдахыг мэдэгдсэн бөгөөд ямар нэг шалтгаан болон удахгүй очно, өмгөөлөгчгүй очихгүй, өмгөөлөгч битгий оч гэсэн байдлаар хандсаар шүүхээс өгсөн хугацааг дуусгасан тул 2024 оны 12 дугаар сарын 17-нд ******* тоот актыг гаргасан. Шүүхэд хэлэлцэгдсэн баримт материалыг ирүүлэхийг хүссэн боловч “манай баримт шүүх дээр байгаа. Өмгөөлөгчөө ирэхээр авч очно” гэж мэдэгдсэн бөгөөд удаа дараа холбогдоход ямар нэг шалтаг хэлсээр өгөгдсөн хугацааг дуусгасан болно. Энэ нь Татварын улсын байцаагчийн өдөр тутмын тэмдэглэл хэсэгт бүртгэгдэн үлдсэн бөгөөд Татварын ерөнхий хуулийн 41.12.3-т “татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах...” гэж заасны дагуу үүргээ огт биелүүлээгүй, шүүхийн шийдвэрийг үл тоомсорлосон үйлдэл гаргасан. Иймд татвар төлөгчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.” гэж заасны дагуу “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 2.12. дах заалтыг баримтлан ажилласан болно.
Татварын улсын байцаагчид тус компанийн дээрх онуудын “Борлуулсан бүтээгдэхүүний өртөг”-ийг бүхэлд үгүйсгэж, ямар ч өртөггүй, зардалгүй орлого олсон гэж үзээгүй хасаж байгаа зардлын тоон үзүүлэлт төлбөрийн баримтаар нотлогдохгүй байна гэж үзсэн. Үүнд 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдөж байгаа Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл. 13.1, 13.1.4 дэх заалтуудыг мөрдөж ажилласан гэдгийг хэлэх нь зүйтэй.
Хоёр. 1. Тус компани нь МАА-н гаралтай түүхий эд буюу хонины ноосыг Монгол орны 21 аймгийн 330 сумдын нутгаар явж, 7000 малчдаас худалдан авалт хийсэн... гэсэн нь бодит үнэнтэй нийцэхгүй байна. Тус компанийн шатахууны зардал нь 2020 онд 2 332.680.07 төгрөг, 2021 онд 6,884.415.70 төгрөг байгаа нь орон нутгаар явж түүхий эд цуглуулж тээвэрлэлт хийхэд хүрэлцэх боломжгүй. Баримтыг 7000 малчин бичиж өгсөн юм бол 7000 өөр бичилт байх мөн 7000 малчны данс руу “У*******” ХХК-ийн данснаас шилжүүлсэн гүйлгээ эсвэл бэлнээр олгосон баримт байх ёстой. Мөн түүнчлэн захирал Б.Б******* өөрийн өгсөн ярилцлагадаа түүхий эдээ Эмээлтийн зах дээрээс түүхий эдийн худалдаа эрхлэгчдээс /ченж/ авдаг гэдгээ мэдүүлсэн байдаг.
Малчдаас бэлтгэн нийлүүлж байгаа ноосны хэмжээ /кг. жин/ нь МУ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн яамнаас баталсан малчин, мал бүхий этгээдийн мал тооллогын А дансны бүртгэл “Хонины ноос бэлтгэлийн орлогын падаан”-аар баталгааждаг...гэсэн нь 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу зардал хэсэгт орж хасагддаг байсан. Харин 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шинэчилсэн хуулиар албан татвар ногдох орлогоос хасагдах зардал нь төлбөрийн баримтаар баталгаажсан байхаар хуульчилсан.
2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 4.1.14-т “төлберийн баримт” гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлогч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг; татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг;” гэж заасан нь Хүнс, Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн яамнаас баталсан “Мал тооллогын А дансны бүртгэл”, “Хонины ноос бэлтгэлийн орлогын падаан” зэрэг нь хуулийн заалттай нийцэхгүй байна.
Татвар төлөгчийг татварын тайлан гаргаж тушаахдаа Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйл. Татварын тайлан үйлдэх, тушаах 29.1.1-д “анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх...;” гэж үүрэгжүүлж өгсөн.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2-т “Татвар төлөгч хүн, хуулийн этгээд:”, 2.5-д санхүүгийн тайлан, бүртгэлийг Татварын ерөнхий хуульд заасан журмын дагуу хөтлөх;.... үүрэгтэйг зааж өгсөн байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй:”, 16.1.1-д “энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл хязгаарыг хангаагүй зардал;”, 13 дугаар зүйлийн 13.1-д Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно... 13.1.4 доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт төлбөрийн баримт импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх ... гэсэн заалтуудыг баримтлан нөхөн ногдуулалтын акт тавигдсан.
Гурав: Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн шийдвэрийн тухайд.
2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаар тогтоолоор “татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэж зөвлөлийн бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.
2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар тогтоолоор “******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж, дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцаасугай” гэж шийдвэрлэсний дагуу Нийслэлийн Татварын газрын Татварын улсын байцаагч А.Б*******, Л.М******* нар 2025 оны 05 дугаар сарын 06-ний өдрийн 2225501286 тоот томилолтын дагуу шалгалтыг гүйцэтгэн “Татварын улсын байцаагч нарын гаргасан нөхөн ногдуулалтын акт үндэслэлтэй байна” гэж үзсэн.
2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар тогтоолоор “Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4, 16.1, 16.1.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.7, 14 дүгээр зүйлийн 14.3.1 дэх хэсгийг баримтлан татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дүгээр нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсүгэй.” гэж шийдвэрлэсэн болно.
Татварын улсын байцаагчид Монгол улсад мөрдөгдөж байгаа хүчин төгөлдөр хууль тогтоомжийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “У*******” ХХК нь “Манай компанид 386,768,679.38 төгрөгийн нөхөн татвар, 154,780,903.32 төгрөгийн торгууль, 72,768,679.38 төгрөгийн алданги, нийт 614,501,841 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн татварын улсын байцаагч Д.Х*******, Х.А******* нарын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
1. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х*******, Х.А******* нарын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* тоот “Нөхөн ногдуулалтын акт”-аар Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн 386,952,258.3 төгрөгийн нөхөн татвар, 154,780,903.32 төгрөгийн торгууль, 72,768,679.55 төгрөгийн алданги, нийт 614,501,841.17 төгрөгийн төлбөрийг “У*******” ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
2. Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар тогтоолоор дээрх ******* тоот “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан байна.
4. Шүүх дээрх заалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, захиргааны байгууллагаас буюу татварын улсын байцаагчаас дахин шинэ акт гарах хүртэл Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х*******, Х.А******* нарын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* тоот “Нөхөн ногдуулалтын акт”-ыг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ. Үндэслэлийг тайлбарлавал:
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...ноос худалдан борлуулалт хийсэн малчин, мал бүхий этгээдүүд өөрсдийн орлогыг үнэн зөвөөр тайлагнаж, цахим төлбөрийн баримтыг үйлдэж цахим системээр илгээх үүрэгтэй, тухайн иргэд 2020, 2021 онд хийсэн борлуулалтаа тайлагнаагүй, татварын тайлан илгээгүй, ...төлбөрийн баримтыг зохих журмын дагуу үйлдээгүй, энэ үйлдлийг хянах, биелэлтийг хангуулах, түүнчлэн татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчдийг мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах үүргээ Татварын ерөнхий газар биелүүлээгүй, манай компанид тус иргэдийн өмнөөс татварын хариуцлага тооцож, орлого олсон иргэдийг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон, ...хасагдах зардалд орох худалдан авалт хийсэн нь санхүүгийн анхан шатны баримт, төрийн захиргааны байгууллагын албан бичгээр нотлогдож байхад анхаарч үзээгүй, ...татварын хяналт шалгалтыг хуульд заасан томилолт үндсэн дээр явуулах журмыг зөрчсөн, ...татварын төлөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх боломж олгоогүй, татварын хяналт шалгалт хийх хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж, хариуцагч талаас хуульд заасны дагуу хасагдах зардал нь дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажсан байх шаардлагыг хангаагүй тул нөхөн ногдуулалтын акт тавьсан нь үндэслэлтэй, ноос худалдан авагч “У*******” ХХК худалдан борлуулагч малчин, мал бүхий этгээдээс төлбөрийн баримтыг нэхэж авах үүрэгтэй, ...2020, 2021 онд цахим төлбөрийн системд хэрэглээнд нэвтэрсэн байсан, ...төлбөрийн баримтыг нөхөн бүрдүүлэх 1 жилийн хугацаа байсан, ...татварын хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу явуулсан” гэж тус тус тайлбарлан маргаж байгаа бөгөөд талууд актын тооцоолол дээр маргаагүй болно.
6. Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Татвар төлөгчийн татварын ногдлыг үнэн зөв тодорхойлох боломжгүй тохиолдолд татварын алба татвар төлөгчийн татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолж, нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ”, 36.2.1-д “татвар төлөгч хуульд заасны дагуу тайлан, бүртгэл хөтлөөгүй”, 36.2.5-д “татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдоогүй” гэж тус тус заасан байна.
7. Дээрх хуулийн зохицуулалтуудыг маргааны үйл баримтад тохируулан авч үзвэл, малчин иргэд тайлан, бүртгэл хөтлөөгүй, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдоогүйн улмаас нэхэмжлэгч “У*******” ХХК-д дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
8. Энэ маргаанд нотлох шаардлагагүй, лавтай илэрхий тогтоогдож байгаа нэг үйл баримт бол нэхэмжлэгч “У*******” ХХК нь малчин иргэдээс хонь, тэмээний ноосыг тодорхой үнэ төлж /үнэ төлбөргүйгээр биш/ худалдан авсан болох нь бодитой ба өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тодорхой зардал гаргасны үндсэн дээр ноос худалдан авсан нь бодитой юм.
9. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...манай компани малчин иргэдээс ноос худалдан авсан зардлаа хасуулсны үндсэн дээр татвар ногдох орлогоо тодорхойлуулах ёстой” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлтэй юм.
10. Нэхэмжлэгч “У*******” ХХК нь 2020 онд 7,629 малчин, мал бүхий этгээдээс 85,736 тонн тэмээний ноос, 1,551,188.50 тонн хонины ноос, 2021 онд 6,844 малчин, мал бүхий этгээдээс 53,160.4 тонн тэмээний ноос, 1,486,733.6 тонн хонины ноос худалдан авч, тухайн малчдад 2020 онд 2,658,423.150.0, 2021 онд 2,339,621,700.0 төгрөгийн урамшууллыг тус тус олгогдсон болох нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/586 дугаартай албан бичиг, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А-272, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А-126, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/373, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/216 дугаар тушаалуудын хавсралт “Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд олгох мөнгөн урамшууллын жагсаалтууд /хүснэгт/-аар тодорхой тогтоогдож байна.
11. Тус хэрэгт Үндэсний статистикийн хорооны 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 05/225 тоот албан бичгийн хавсралтаар тэмээ болон хонины ноосны 1 кг-ын дундаж үнийн мэдээллийг бүс, аймгаар ялган гаргасан мэдээлэл, ноосны жишиг дундаж үнийг тодорхойлоход ашиглаж болохуйц Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 01/586 дугаартай албан бичиг зэрэг баримтууд авагдсан байна.
12. Хариуцагч нь Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 тоот тушаалаар батлагдсан Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмын 2.2-т заасан “мэдээллийн эх үүсвэр”-үүдийг ашиглан нэхэмжлэгчийн татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох боломжтой байна.
13. Дээр тайлбарласан хууль зүйн үндэслэл, үйл баримтуудаас үзэхэд, хариуцагч нь жишиг үнийн аргыг ашиглан нэхэмжлэгчийн татварын ногдлыг тодорхойлох боломжтой байна гэж шүүх үзлээ.
14. Өөрөөр хэлбэл дээрх үйл баримтуудаас үзэхэд, шүүх “У*******” ХХК-ийн татварын ногдлыг тодорхойлох, татварын тооцооллыг хийх боломжгүй бөгөөд татварын ногдлыг тодорхойлж, тооцоолол хийх нь хариуцагч татварын улсын байцаагч нарын эрх хэмжээ юм.
15. Захиргааны акт гаргахын өмнө уг захиргааны акттай холбоотой бодит нөхцөл байдлыг нарийвчлан шалган тогтоох чиг үүрэг нь шүүхийн биш харин хариуцагч захиргааны байгууллагын чиг үүрэг тул нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзнэ.
16. Дээр тайлбарласан нөхцөл байдлуудыг нарийвчлан нягтлан шалгах буюу татварын ногдлыг тодорхойлж, тооцоолол хийх бүрэн эрх татварын улсын байцаагчид хуулиар олгогдсон тул шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн ба захиргааны байгууллагын шалгах үүргээ гүйцэд биелүүлээгүй үйлдлийг хариуцагчаар өөрөөр нь зөвтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
17. Иймд хариуцагч нь Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасны дагуу Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 тоот тушаалаар батлагдсан Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмын 2.2-т заасан “мэдээллийн эх үүсвэр”-үүдийг ашиглан нэхэмжлэгчийн татварын ногдлыг тодорхойлсны үндсэн дээр захиргааны шинэ актыг дахин гаргах нь зүйтэй байх ба энэ арга замаар тус шүүхийн шийдвэрийг биелүүлнэ.
18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж заасан байна.
19. Дээрх зохицуулалтаас үзэхэд, хариуцагч нь шүүхээс тогтоосон 3 хүртэл сарын хугацаанд дээр тайлбарласан нөхцөл байдлыг хянан шалгаж, “У******* ХХК-д татвар ногдуулах асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ акт гаргаагүй бол татварын улсын байцаагчдын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* тоот “Нөхөн ногдуулалтын акт” хүчингүй болно.
20. Дээр тайлбарласан үндэслэлүүдээр татварын улсын байцаагчдын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* тоот “Нөхөн ногдуулалтын акт”-ыг 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2.1, 36.2.5, 36.3-д заасныг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х*******, Х.А******* нарын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* тоот “Нөхөн ногдуулалтын акт”-ыг тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 хүртэлх сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Хариуцагч татварын улсын байцаагчид нь тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17-д заасан нөхцөл байдал, үндэслэлийг шалган үзсэний үндсэн дээр захиргааны шинэ актыг гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчид нь тус шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т заасан захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон 3 хүртэл сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х*******, Х.А******* нарын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* тоот “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ