Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/1344

 

З.Х-од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг,

шүүгдэгч З.Х-ын өмгөөлөгч И.Эрдэнэцэцэг

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/1124 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Х-, түүний өмгөөлөгч И.Эрдэнэцэцэг нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн З.Х-д холбогдох 2406 00000 1863 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Н овогт З-ын Х-, **** оны * дугаар сарын **-ны өдөр ***** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, *****, ***** аймгийн ***** сумын * дугаар багийн *****ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ***** аймгийн ***** сумын 2 дугаар багийн ***** оршин суух үндсэн бүртгэлтэй боловч ***** дүүргийн * дугаар хороо, ***** өргөө хорооллын *****тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:********/,

З.Х- нь 2024 оны 7 дугаар сарын 7-ны өдөр өөрийн гэртээ буюу ***** дүүргийн 8 дугаар хороо, ***** өргөө хороолол ***** тоотод эхнэр Э.Э-тэй хэрүүл маргаан хийж, улмаар түүний нүүрэн болон бие хэсэгт нь гараараа цохиж биед халдаж, эрүүл мэндэд зүүн нүдний дээд зовхины цус хуралт, 2 жавьжны язрал, 2 бугалга, суга, мөр, цээж, баруун гуя, шилбэний цус хуралт, баруун дунд хуруу, нурууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

***** дүүргийн прокурорын газар: З.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 ***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Н овогт З-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.Х-од 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.Х- нь эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд ***** аймгийн ***** сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг ***** аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3. Х- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж...” шийдвэрлэжээ.

   Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Эрдэнэцэцэг давж заалдах болон тус шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: “...хохирогч Э.Э- нь итгэл эвдэн гэр бүлээс гадуур зүй бус харилцаа үүсгэсэн, энэ нь нэг бус удаа баримттайгаар илчлэгдсэнтэй холбоотойгоор зөрчил маргаан үүсэж, биед нь гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогддог. Гэр бүлээс гадуур зүй бус харилцаанд удаа дараа орсон хүн нь хохирогч өөрөө байсан гэдэг нь хх 5-р талд байгаа хохирогч Э.Э-ийн мэдүүлэг, 6-р талд сэжигтнээр 3. Х-ын мэдүүлэг, 35-р талд байгаа хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хохирогчийн гаргасан хүсэлт, шүүх хуралдааны явцад хохирогчийн өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т заасан "хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн" гэсэн үндэслэлд шууд хамаарах нөхцөл байдал мөн атал үүнийг харгалзан үзээгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж буруу дүгнэж, хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй. З.Х- нь өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй, гэнэтийн шинжтэй нөхцөл байдлаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч болох талтай. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад тухайн зүйлд заасан хамгийн хүнд төрлийн ялыг хамгийн урт хугацаагаар оногдуулсанд гомдолтой. Анхан шатны шүүх 3.Х-од холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын 7-р нүүр, доороосоо 8-9-р мөрөнд "Шүүгдэгч З.Х-од Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно" гэж дүгнэсэн. Шүүх хуралдаанд прокурорын зүгээс 1500 нэгжээр торгох ялын санал гаргасан. 3.Х-ын хувийн байдлыг тодруулахад чиглэсэн ажиллагаа бараг хийгдээгүй. Тэрээр 3-17 насны дөрвөн хүүхэдтэй бөгөөд өөрөө ажил амьдралын шаардлагаар ***** аймгийн ***** сумын ***** багийн *****хийдэг, харин эхнэр хүүхдүүд нь Улаанбаатар хотын ***** дүүрэгт байнга оршин суудаг. Тэрээр өөрийн цаг боломж гарах бүрийд бага, өсвөр насны хүүхдүүдтэйгээ ирж Улаанбаатарт ирж уулздаг. Шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтаар зорчих эрхийг хязгаарлах хязгаарлалтын бүсийг ***** аймгийн ***** сумын нутаг дэвсгэрээр тогтоосон нь 3.Х-ын гэр бүл, үр хүүхдүүдэд ихээхэн хүндрэл, үр дагавар үүсгэхээр байгааг харгалзан үзэж, торгуулийн ялыг сонгон хэрэглэж өгнө үү. 3.Х-ын ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс сонгон хэрэглэх боломжтой бөгөөд дээр дурдсан бүхий л нөхцөл байдлууд, тодруулбал гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн зэргийг харгалзан үзэж түүнд торгох ялыг сонгон хэрэглэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

            Шүүгдэгч З.Х- давж заалдах шатны шүүхэд гомдолдоо: “...би 2019 оноос эхлэн ***** аймгийн ***** багийн засаг даргаар ажиллаж байна. Эхнэр Э.Э-тэйгээ 2009 онд гэр бүлээ батлуулж 5-17 насны 4 хүүхэдтэй. Эхнэр Э- нь гэр бүлээс гадуур харилцаатай болсныг мэдээд үнэндээ тэвчээр алдсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүхээс зорчих эрх хязгаарлах ял оногдуулсанд гомдолтой байна. ***** баг нь ***** сумын хамгийн их газар нутагтай бөгөөд сүлжээгүй газар нутаг ихтэй. Би ажлын шаардлагаар хөдөө айлуудаар 3-5 хоногоор явах, мал тооллогоор 10 хүртэл хоногоор явах ажлын шаардлага байнга үүсэж байдаг. Мөн байгалийн гамшиг буюу зуд, осол дуудлага бүрд явах ажил их гардаг. Иймд зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх хуралдаанаар З.Х-од холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

          Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч З.Х- нь 2024 оны 7 дугаар сарын 7-ны өдөр өөрийн гэртээ буюу ***** дүүргийн *дугаар хороо, ***** өргөө хороолол *****тоотод эхнэр Э.Э-тэй харилцан маргалдаж, улмаар түүний нүүрэн болон бие хэсэгт нь гараараа цохиж биед нь халдан, эрүүл мэндэд зүүн нүдний дээд зовхины цус хуралт, хоёр жавжны язрал, хоёр бугалга, суга, мөр, цээж, баруун гуя, шилбэний цус хуралт, баруун дунд хуруу, нурууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Хохирогч Э.Э-ийн: “...Нөхөр маань 2024 оны 7 дугаар сарны 7-ны орой 18 цагийн орчим миний гар утсыг шалгаад хүнтэй бичсэн чат уншаад “Гичий, янхан” гэж хэлээд зүүн нүд рүү гараараа нэг удаа, буйл руу 3-4 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх 5/,

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн ***** дугаартай “...Э.Э-ийн биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт, 2 жавьжны язрал, 2 бугалга, суга, мөр, цээж, баруун гуя, шилбэний цус хуралт, баруун дунд хуруу, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.  Учирсан гэмтэл нь тухайн үед үүссэн шинэ гэмтэл байна ...” /хх 10-11/

            З.Х-ын яллагдагчаар өгсөн: “...2024 оны 7 дугаар сарны 7-ны орой эхнэр Э.Э-ийн нүүр хэсэгт 2-3 удаа алгадсан...” /хх 7-8/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогджээ.

            Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

                    Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалт болон 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгээр хязгаарлан тайлбарлаж Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй тайлбарлан хэрэглэжээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг үйлдсэнийг “Гэр бүлийн хүчирхийлэл” гэх хүндрүүлэх шинжээр зүйлчлэх гол үндэслэл болгож болохгүй юм.

            Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 11 дэх хэсэгт “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;” гэж гэрлэгчид болон гэр бүлийн гишүүдийн тэгш эрхийг баталгаажуулж, зөрчигдсөн тохиолдолд төрийн оролцоогоор тэдний ашиг сонирхлыг хамгаалах үүргийг төрд хүлээлгэсэн бөгөөд үүний нэг илрэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийллээр үйлдсэнийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл юм.

            Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнд тооцоход гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодод халдсан үйлдэл нь харгис хэрцгий, догшин авирласан, тарчлаасан шинжтэй байх ба үүний үр дүнд гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн тэгш эрхийн зарчим зөрчигдөж, нэгнийхээ эрхшээлд автаж, дарамтад орсон шинжтэй байхыг ойлгоно.

            Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч З.Х-, хохирогч Э.Э- нарын гэр бүлийн харилцаанд хүчирхийллийн шинж тогтоогдоогүй, харин тодорхой маргаан/гэр бүлээс гадуурх харилцаа/-ы улмаас тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаар гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж, шүүгдэгч З.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хэргийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Шүүгдэгч З.Х-ын гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэж, энэ тухай анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. ***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/1124 дугаартай шийтгэх тогтоолын: 

            тогтоох хэсэгт “Шүүгдэгч Н овогт З-ын Х-од холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,

            тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Н овогт З-ын Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

            тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж,

            тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

  

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ШИНЭБАЯР

                        ШҮҮГЧ                                                                  Н.БАТСАЙХАН

                            ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ